Нийгэм
Охид олдоогүй л байна
Бага насны хүүхэд, тэр дундаа өсвөр үеийн охид ор сураггүй алга болсон ноцтой хэрэг сүүлийн гурван жилд хэд хэд бүртгэгдлээ. Охид хөл хөдөлгөөнтэй нийслэл хотод бус хөдөө орон нутагт алга болж байгаа нь хачирхалтай.
Монгол орны урд хэсгийн дамжин өнгөрөх томоохон суурин Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2017 оны аравдугаар сарын 2-ны өдөр II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг 12:00 цагийн үед хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураг тасарсан. Охин хамгийн сүүлд 12:30 цагийн орчимд ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг дуусаж ярьж чадаагүй аж.
Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй байсан гэдэг. 16:30 цагийн орчимд Д.Сэржмядагийн эгч Д.Ариунзаяа ээж рүүгээ ярьж “Ээжээ дүү алга болчихсон байна. Сургууль дээрээ очоогүй гэнэ. Гэртээ алга байна” гээд уйлсан байна. Охины ар гэрийнхэн эрэл сурал болж өдрийнхөө 18:00 цагт орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
Цагдаагийн байгууллагаас охиныг алга болдог өдөр Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан иргэдийн судалгааг Хилийн мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудаар гаргуулж, шалгасан ч ямар нэгэн сэжүүр олоогүй. Охин алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Замын-Үүдийн айл бүхний булан тохойг нэгжсэн ч сургийг нь гаргаагүй. Сумын төвөөс 15 км-ийн радиуст самналт хийж үзсэн ч амжилтад хүрээгүй. Одоо улс орон даяар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч сайн мэдээ дуулалгүй хоёр жил орчим болсон байна.
Охиныг эрэн хайх эрлийн багийнхан өнөөдөр ч татан буугдаагүй. Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр татан шалгасан ч сэжүүр олдоогүй юм.
Д.Сэржмядаг охины сураг гараагүй байхад Монгол орны хойд бүсийн дамжин өнгөрөх томоохон суурин газар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин гэрийнхээ хажуугийн тоглоомын талбайд тоглож байгаад алга болсон нь нийгмийг цочроолоо. Алга болсон даруйд эцэг эх нь сумын бүх айлуудаар сураглаж яваад ололгүй 20:00 цагийн орчимд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Хэсгийн төлөөлөгч тухайн өдрийн 00:00 цаг хүртэл эрлийн ажиллагаа явуулаад сумын Засаг даргад мэдэгджээ. Улмаар нийслэл болон аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагааг явуулсан байна. Сумын ойролцоох 10 км-ийн орчимд зургаан удаагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан тухай мэдээллийг сумын цагдаагийн хэлтсээс хийсэн юм.
Дорноговийн Замын-Үүд, Сэлэнгийн Жавхлант гэх газрууд бол урагш, хойш хил гарахаар явж буй хэн бүхний зам дээр байршдаг түм түчигнэж, бум бужигнадаг манай орны томоохон суурингууд. Замын-Үүд сум Улаанбаатар хоттой засмал болон төмөр замаар холбогдож, урд талаараа БНХАУ-тай хил залгадаг. Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Дархан-Уул аймгаас 36 км, засмал замаас зургаан км, төмөр замаас 15 км-ийн зайтай их хөлийн газар юм. Улаанбаатартай төмөр замаар холбогддог суурин. Алтанбулагийн боомт руу зүглэсэн бүхний улаан зам дээр л Жавхлант сум бий.
Охид сураггүй алга болсон суурингууд бол ийм л хөл хөдөлгөөнтэй, ямар ч атгаг хорон санаатан явж байх эрсдэл өндөртэй газар. Охидыг хааш нь ч авч явсан байх боломжтой.
Энэ сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчим насанд хүрээгүй хүүхэд үл таних хүнд хүчирхийлүүлсэн гэмт хэргийн сэжигтнийг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар саатуулжээ. 11 настай охиныг хүчирхийлсэн С.Т гэх этгээд сураг алдраад буй Б.Ундармаа охиныг ууланд аваачиж булсан гэж мэдүүлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад “Охиныг нас барсан талаарх мэдээ батлагдаагүй, тодорхой ирсэн мэдээлэл алга байна. Одоогийн байдлаар охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна” гэж хэлсэн юм. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэнэ.
Алга болсон охидынхоо сургийг гүйцэд гаргаагүй байхад Хөвсгөл аймгийн Рашаант сумын дунд сургуулийн дотуур байранд амьдарч байсан 11 настай охин сураггүй алга болсон гэх бараан мэдээ дахиад л сонсогдох нь тэр.
Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин 11 настай X… сурагчдын дотуур байрнаас дөрөвдүгээр сарын 30 буюу мягмар гаригийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ. Энэ сарын 1-ний өдөр охиныг хайхаар тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар хайсан ч олоогүй байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүч нэмэгдүүлж, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран Рашаант сумын чиглэлд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлжээ.
Харин энэ сарын хоёрны өдөр алга болсон охиныг 16:00 цагийн орчимд олсон сайн мэдээ дуулдлаа. Охин Рашаант сумын Цэнгэл багийн айлд байсныг нутгийн иргэн харж, ар гэрийнхэнд нь хэл дуулгасан байна. Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэг “Охин маань олдчихлоо. Нутгийн эмээгийнд ирсэн байжээ. Тэр айлд байсныг нутгийн иргэн хараад хэлж өглөө” гэж мэдэгджээ.
Сураггүй болсон Б.Ундармаа охиныг ууланд аваачиж булсан гэж мэдүүлж байгаа этгээд ямар ч хэрэг хийсэн байж болзошгүй. Өөр нэг ийм этгээд хоёр жилийн хугацаанд сураг нь гараагүй Д.Сэржмядаг охиныг элсэнд булчихсан ч байж болно. Охидыг хулгайлж эцэг эхийг нь шар махтай нь хатааж байгаа новшнуудад цаазын ял ч шагнал болно. Бузар хэрэг хийсэн этгээдүүд зовохын шаналал мэдрэлгүй орчлонгоос явна гэдэг шударга бус.
Амар амгалан хөдөө сууринд аж төрдөг ч хүүхдээсээ хараагаа хором ч салгалгүй харахгүй бол амьдын тамд унахад ойрхон цаг иржээ. Атгаг санаатан таны хажууд л алхаж явна. Эцэг эх, асран хамгаалагч нь маш анхааралтай байх ёстой болжээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр51 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр52 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм49 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна