Энтертайнмент
Б.Төмөрхуяг: Тайз ч бас жүжигчин
-Эхлээд танаас PQ гэж юу болох талаар асуумаар байна?
-PQ буюу Прагийн Куадрениал нь 1959 оноос хойш ЮНЕСКО, Европын холбооны дэмжлэгтэйгээр Чех улсын Соёлын Яам, Прага хотын захиргаа, Чех улсын Театрын дээд сургуультай хамтран 4 жил тутамд 1 удаа зохион байгуулагдаж, 80 -аад орны 2.000 гаруй шилдэг уран бүтээлчид оролцдог театрын уран бүтээлчдийн дэлхийн хамгийн том их наадам юм. 10 хоногийн турш үргэлжилж орчин үеийн театрын чиг хандлага, техник технологиудыг танилцуулж, уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолт, мастер класс, концерт, лекц, илтгэл, хэлэлцүүлэг, уран бүтээлийн дуудлага худалдаа, номын худалдаа зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.
Өнгөрсөн 2015 оны их наадамд 78 улсын 600 гаруй үзэсгэлэн үзүүлбэр, 150 илтгэл, 60 амьд тоглолтыг үзүүлж 180.000 гаруй үзэгч үзэж сонирхсоноор, өндөр зэрэглэлийн мэргэжлийн 6.000 уран бүтээлч, 1.300 оюутан залуус олон нийтэд уран бүтээлээ толилуулсан амжилтаараа Европын “EFFE Awards”- ийн 2015 оны тренд фестивалиудын нэгээр эрэмбэлэгдсэн юм.
PQ наадамд театрын тайз болон хувцасны шилдэг ажлуудаас гадна орчин үеийн театрын шилдэг уран барилгын проектууд, театрын шинэ техник технологиуд танилцуулагддаг юм. Энэ удаагийн PQ-19 их наадамд Монгол улсын уран бүтээлчид
- Фрагментс буюу сценографийн урлагт гавьяа байгуулсан ахмад зураачдыг дурсан алдаршуулах үзүүлбэр.
- Метаморфози буюу улс орнуудын ид бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийн сүүлийн 3 жилд хийсэн сценографийн ажлын үзэсгэлэн
- Оюутан залуусын буюу туршлагажиж буй зах хязгааргүй сэтгэгч залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн
- Мөн гудамжны чөлөөт үзүүлбэрийн төрөлд оролцохоор бэлдэж байна.
“Фрагментс” буюу ахмад уран бүтээлчийн тухай өгүүлэх “Төмөрийн бодол” бүтээлийн санаа нь Ленинградын Театр урлагийн сургуулийг профессор Акимовын урланд амжилттай суралцан төгсөөд Монгол улсын орчин үеийн театрын сценографийн суурийг тавьсан Монголын тайзны урлагийн ахмад зураач Б.Төмөрхуягийн /1945-2001/ тухай дурсан толилуулах юм. Б.Төмөрхуяг нь 1970 аад оны дундаас 2000-д он хүртэл олон арван дуурь, жүжиг, хүүхдийн жүжгийн тайзны ажлуудыг өвөрмөц содон шийдлээр үзүүлж, тухайн цаг үеэсээ түрүүлж явсан шилдэг уран бүтээлч байсан.
Бүтээлийн тухайд “ТАЙЗ Ч БАС ЖҮЖИГЧИН” гэж түүний хэлсэн үгнээс санаа аван залуу уран бүтээлч Ц.Түвшинжаргал, С.Батсайхан нар Монголчуудын үндэсний оюун ухааны тоглоом наадгайн нэг оньсон тоглоомын хэлбэрээр маш сонирхолтой байдлаар үзүүлэхээр бэлтгэлээ хийгээд байна.
Метаморфози буюу улс орнуудын хэсгийн үзэсгэлэнд манай улсын орчин үеийн сценографийн шилдэг ажлууд болох нийт 12 жүжгийн макетыг өрөг урлагийн хэлбэрээр байрлуулах бөгөөд ерөнхий үзэсгэлэнгийн санаа нь Монголын нүүдэлчдийн театрын тухай өгүүлэх болно. Энэ хэсэгт манай нийт баг бүрэлдэхүүн буюу 12 уран бүтээлч оролцож урлан бүтээсэн юм.
Оюутан залуусын хэсэгт оролцох залуу уран бүтээлчдийн төрөлд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ болон туслан гүйцэтгэгч СУИС-ийн оюутан А.Цэгц, М.Оюуномин нарын бүтээл болох Мөнхийн хайрын тухай буюу Ро Жу /Ромео Жулетта/ хоёрын сэтгэлийг Залуу сценографичид байгалиас, модноос, өвснөөс нээж олсон юм. Ро Жу хоёр гэрлээр, дуу авиагаар сэтгэлээ илэрхийлдэг болсон тухай илэрхийлсэн үзүүлбэр байх юм.
Энэ удаагийн PQ-19 наадамд манай Монгол улсын БСШУСЯ, Монгол улсын Соёл урлагийн хэрэгжүүлэгч агентлаг, Засгийн газар Ерөнхий сайдын ажлын алба, Монгол улсын ГХЯ, МИАТ компани, Монголын урлагийн зөвлөл, Дуурь Бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Монголын урлагийн ажилтны холбоо болон хувь хүн, уран бүтээлчид, зураач урчууд, дуучид, жүжигчид, бүжигчид, хөгжимчид дэмжин оролцож нэмэр хандив өргөж байгаа нь талархууштай бөгөөд энэ нь PQ-19 их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох уран бүтээлчдэд их дэмжлэг болж эх орноо сурталчлахад маш их нөлөөлнө гэж би хувьдаа баяртай байгаа. Цаашид ч үлдэж байгаа хугацаанд өөр олон байгууллага хамт олон дэмжинэ байхаа гэж найдаж байна.
-Орчин үеийн сценографи гэж юуг хэлнэ вэ?
-Орчин үеийн сценографи нь товчоор ойлговол жүжгийн зохиол, хөгжим, бүжиг, тайз, хувцсыг бүтээн туурвихдаа хаана хэзээ болж байгаа зэрэг ахуй орчноос илүүтэйгээр зохиолын агуулгад тохирсон ертөнцийг урлаж бүтээхийг хэлдэг.
Идейны условный постановк буюу агуулгыг голчилсон нөхцөлт тавил гэж онолын хүмүүс хэлэлцдэг.
Энэ арга барилыг хэрэглэснээр жүжгийн агуулга тодорч идэвхтэй нөхцөлүүд үүсч жүжигчний тоглолт үхмэл биш үйлдэлд орж үнэмшилтэй болж худлаа орилох зэрэг технологийн алдаагүй найруулгад хөгжим болон перформансе үйлдлүүд уран сэтгэмж орон зайн боломжууд өгөгдлүүдийг бий болгож өгдөг.
Одоо цагт сценографи гэдэг нэр томьёо нь театрт байдаг хөгжим дуу, тайз, хувцас, найруулга, гэрэл, бүжиг зэрэг бүхий л зүйлд хэрэглэгдэх болсноор эдгээр мэргэжлүүдэд агуулгыг ойлгож илэрхийлэх тухай өндөр шаардлага тавигдах болжээ. Чухамдаа нэг агуулга концепцоор нийт театрыг зангидах болсон нь орчин үеийн театрын шинэ менежмент үүсэж байна уу гэлтэй.
Манай улсад 1980 аад оноос орчин үеийн театрын сценографийг нэвтрүүлж хийж байсан нь талархууштай ч одоогоор бүдгэрч байгаа нь харуусмаар. Монгол улсын Драмын Эрдмийн театр болон Хүүхэд Залуучуудын театрт анхлан найруулагч Г.Доржсамбуу, И.Нямгаваа зураач Б.Төмөрхуяг, УГЗ Доржпалам, Мягмар нар шинэ сонин содон уран бүтээлүүдийг амжилттай сайхан бүтээж урлаг болон театр судлаачдын анхааралд өртөж олон шүүмж нийтлэлүүд гарч байсан төдийгүй үзэгчдийн таашаалд ихээр нийцэж байсан.
Бид 1990 оноос хойш уран бүтээлийн эрх чөлөөг олж авсан боловч амарчлах, хялбарчлах, мөнгөнд дурлах, гавьяа горилох, авьяасгүйн зовлон зэрэг урлагт харш үзлээс болж зах зээлд хэт автан буурлуудын үлдээж өгсөн өв соёлоос хазайсан. Арга ядсан реалист, натуралист, иллюстраци, хэвлэмэл хуулмал тайз хувцас найруулгаар голоо зогоож уран бүтээлч чанараа гээсэн. Урлаг судлаачид нь идэвхгүй болж ая тал засаж магтаал тавьж уран сайханч хэлбэр лүү шилжсэн. Сайн шүүмж бичсэн хүнд төлөх мөнгө байхгүй болсон. Мэргэжилдээ анхаарч санаа тавьж үг хэлсэн бүтээлчид шахагдаж гадуурхагдах болсон.
-Та сценографийн сургалт болон мэргэжлийн тухай юу гэж бодож байна?
-Хуучин ДУДСургууль гэж байх үеэс Театрын зураач буюу сценографийн мэргэжлээр бэлдэж ирсэн. Дараа нь уг сургууль СУИС-ийн харьяа ДУДСургууль болж юутай ч энэ мэргэжлээр оюутнуудыг бэлдэж байгаа.
1978-оноос хойш миний бүдүүвч тооцоогоор 200-гаад зураач бэлтгэгдсэн. Хуучнаар ЗХУ-д бэлтгэгдсэн хэдэн хүмүүс ч байдаг. Гэтэл эдгээр мэргэжилтнүүд театрт ажиллаж байгаа нь ховор. Үе үед сайн багш нар мэргэжилтнүүд байсан Б.Төмөрхуяг, Я.Санжаасүрэн,Ц. Доржпалам, Л.Гунгаасүх, Гансүх, Л.Батбаатар, Цацрал гээд оюутнууд ч сайн бэлтгэгдэж гарч байсан цаг үеүд байдаг. Зах зээлийн хаялгаар сценографийн сайн зураачид гадаадад явж ажиллах болсон энэ мэргэжил нь хөрвөх чадвар их сайтай архитектур, интерьер, экстерьер дизайн, хувцас дизайн, баримал гээд дүрслэх урлагийн бүх чиглэлээр ажилласаар байдаг. сайн зураачид театрын гадуур байгаад байдгийн учир нь театрт орчин ахуй урлан хүрэлцээгүй байхаас гадна найруулагч болон зураачдын сургалт онол зөрөөтэй байх сценографийн хөлс бага зэрэг асуудлаас болдог байх гэж би боддог.
-PQ наадамд оролцсоны үр дүн юу вэ. Ямар нөлөөлөл байх вэ?
-Миний бодоход Монгол улсын Соёл урлаг нь эдийн засаг болон бусад зүйлээ чирч явдаг гэж боддог. Бид жижиг орны иргэд одоогоор бидэнд дэлхийд гарсан брэнд болон бүтээгдэхүүний үйлдвэрлэл алга. Гэхдээ оюун ухаан, спорт, соёл урлагийн чиглэлээр бол дэлхийд нэрээ дурсгаж олон уралдаан тэмцээнд амжилт гаргаж чаддаг. Манай театрын урлагт орчин цагийн сценограф нэвтэрч биеллээ олбол бид жүжгийн болон тайзны урлагаар гайхуулж дотоод гадаадын зах зээлийг эзэгнэх чадвартай чадалтай улс.
PQ наадмын концепцийг бид ойлгохдоо дэлхийн урлагийн ирээдүйг тодорхойлдог наадам гэж ойлгож байгаа. Энэ наадмаас бид дэлхийн тайзны урлагийн чиг хандлагыг, зүг чигийг лавтайяа тодорхой мэдэж чадна.
Өмнө оролцсон оролцооноос бид тодорхой нөлөөллийг эх орондоо хийж чадсан тийм ч учраас олон албан байгууллага хамт олон сценограф хэрэгтэй хэмээн дэмжин тусалж байгаад талархаж байна. Мөн энэ наадамд оролцогсод болон зохион байгуулагчид нь Монгол улс болон Монголын театр, түүний нүүдлийн хэв шинжтэй театрын тухай маш их сонирхож үнэлж дэмжиж Монголд ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж өвөрмөц гэсэн дүгнэлтийг өгч байсан. Тиймээс миний хувьд болон бусад уран бүтээлчдийн хувьд олимпын энтэй 4 жил тутамд зохион байгуулагддаг энэ их наадамд оролцож шилдэг уран бүтээлийн шагнал болон “ Golden triga” буюу Алтан гурвал шагналыг хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ шагнал Монголд ирэх болно.
-PQ наадамд урьд нь ямар улс гүрний зураачид амжилттай оролцож байсан бэ?
-PQ наадмын 50 жилийн үйл ажиллагааны үр дүнд 13 удаагийн шалгаруулалт болж өнгөрснөөс ихэнх шагнал номинацийг Европын зураачид хүртсэн байдаг. Их Британи, Герман, Чех, Австри, ЗХУ зэрэг улсууд удаа дараа шилдэг уран бүтээлээр шалгарч байсан. 1980–аад оноос анх Азиас Япон улс түрж орж ирэн Азийн анхны шагналыг хүртэж байсан бол 2015 онд БНХАУ-ын уран бүтээлчид хүртсэн. 2015 онд хачирхалтай гэмээр нэг зүйл болсон нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Латви, Литва, Эстони, ОХУ зэрэг улсууд амжилттай оролцож шагналт номинацийг авсан нь бидэнд тун ойр сэтгэгдэл төрүүлсэн учир нь эдгээр улсын сургалт болон ерөнхий концепци нь манай улстай их төстэй санагдсан. Монгол улсын “5+” гэдэг нүүдлийн соёлтой холбоотой үзэсгэлэн зохион байгуулагчдын анхаарлыг татаж шилдэг сайн ажлуудын тоонд багтсан юм.
-Та гудамжны үзүүлбэр гээд түрүүн ярьсан энэ ямар ач холбогдолтой байдаг юм бэ?
-Энэ наадмын нэг ач холбогдолтой зүйл нь гудамжны үзүүлбэр байдаг. Өөрийн гэсэн онцлогтой улс орноо төлөөлсөн ферпормансе бүтээлийг олон нийтэд танилцуулж улс орноо болон өөрсдийн уран бүтээлийг сурталчилдаг PQ наадмын уламжлал болсон үзүүлбэр юм. Бид энэ удаад “Этүгэн эх” гэсэн үзүүлбэрийг үзүүлэхээр бэлдсэн. СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимийн багш СТА М.Мөнгөнцэцэг энэхүү уран бүтээлийг дэглэж байгаа бөгөөд энэ нь Нүүдэлчдийн эртний соёл, ахуй, байгаль орчин, эх хүн, эрхэмсэг байдал гэсэн их олон зүйлийг агуулсан байх ба өөрийн орны гаргасан 3 үзэсгэлэнгийн талбайн ойр орчим болон эргэн тойрны гудамж Прага хотын төв гудамжаар үзүүлбэрээ үзүүлж Монгол орноо сурталчлах бас нэгэн содон үзүүлбэр байх болно.
Мөн бид энэ удаад тусгай өөрийн улсын Урлаг судлаачтайгаар оролцоно. СУИС-ийн ДДУС-ийн онолын багш, театр киноны судлаач П.Батжав оролцож уран бүтээлийн оролцоо чиг хандлага нөлөөллийн талаар судалгаа хийж байгаа нь бидэнд болон урлаг судлаачдад том амжилтыг авчирна гэж найдаж байна. Мөн уран бүтээлчдээ дэмжин туршлагатай дипломатч НҮБ-ийн боловсон хүчний ажилтан Н.Нарантуяа оролцож гадаад харилцаа хамтын ажиллагааны тал дээр ажиллаж байгаа нь ихээхэн түшиг болж байна.
-Гадаадад болдог олон наадмууд улс төрийн шинж чанартай гэж ярилцах юм. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-PQ наадмын хувьд урлагийг тэр дундаа театрын хөгжил, шинэ санаа, шинэ технологийг голчилсон үзэл баримтлалаа болгож байгаа нь харагддаг. 2015 оны наадамд хуучин коммунист улс байсан Латви, Литва, Эстони, Хорват зэрэг улсууд амжилттай оролцсон явдал нь Берлиний хана нурснаас хойш төв болон зүүн Европт эрх чөлөө хөгжиж оюун санааны тэсрэлт болсонтой холбоотой эдгээр улсуудад театрын шинэ хөгжил ирсэн л дээ. Ер нь PQ-ийн үеэр болдог олон хурал зөвлөгөөнүүд дээр урлаг улс төрөөс шалтгаалахгүй байх урлагийн зүтгэлтнүүдийг улс төр болон зах зээлийн боолчлолоос хамгаалах харин ч эсрэгээр урлаг бол улс төр эдийн засаг бусад салбарын манлайлагч болох талаар маш олон хэлэлцүүлэг болдог. Нэг сонирхолтой хэлэлцүүлгийн үеэр Украйны уран бүтээлчид ярьж байсан Киев хотын хуучин дүүрэг Подоль гэдэг газарт Европын холбооны санхүүжилтээр шинээр театр барихдаа сонгодог загварыг нь өөрчлөөд зүгээр л орчин үеийн тэг дөрвөлжин байшин барьсанд Киев хотын иргэд уран бүтээлчид ихэд дургүйцэж эсэргүүцэж байгаа тухай учир нь энэ хайрцаг шиг барилга энэ дүүргийн уран барилгын хэв шинжийг эвдэж байна, эрх баригчид Прошенко болон түүний бүлгийнхэн Европын холбооноос өгсөн мөнгийг идэхийн тулд энэхүү эвгүй зохиомжтой загварыг сонгож байна гээд л авч өгсөн гэтэл дараа нь үнэхээр Украйн болон зүүн Европ даяар энэ явдал шуугиан тарьсан энэ нь ч Прошенкогийн сонгуулийн дүнд зохих ёсоор нөлөөлсөн л байдаг байх даа.
-PQ наадмын агуулга хэлбэрийг харахад их л орчин үеийн хөгжингүй зүйл харагдах юм. Манай театруудад, сонгодог урлагт хэр зохимжтой юм бол?
-PQ наадамд дэлхийн 80 гаруй орны театрууд болон театрын урлагийн сургуулиуд оролцож уралдахаас гадна бие биеэсээ туршлага солилцож суралцаж байдгаараа бусад наадмаас илүү давуу талуудтай байдаг. Хөгжиж буй хөгжилтэй хөгжингүй гэдэг ойлголтоосоо үл хамааран бие биеэсээ суралцдаг. Энд ганц театр ч бус орчин үеийн болон сонгодог урлагийн уран бүтээлчид цуглаж чуулдаг ертөнц юм. Олонх театрын мэргэжилтнүүдийн үздэгээр театр бол мөнхийн уран бүтээлийн асуудал, театр тайван хөдөлгөөнгүй байж болдоггүй ертөнц юм. 20-р зууны тархины их тэсрэлтүүд бүгд театраас гаралтай мухардалд орсон уран бүтээлчид театраас шинийг олж харж шинэ урсгалууд театраас сэдэл авч үүсэж хөгжсөн түүхтэй.
Сонгодог урлагийн хувьд хөгжмийн урлаг нь өөрөө тоглогдохдоо шинэ хурд эрчимтэй хэмнэл ритм урагшилсан үүнийг дагаад дэлхийн театрууд бүгд идэвхтэй урагш алхаж байна. Бид сонгодог урлагийг байрандаа мөнхөд зогсож байдаг гэж ойлгож болохгүй л дээ. Би ч өөрөө урлагийн академи төгссөн хүн биднийг өдөр болгон байнга зурж өдөр бүрээс л байнга өсөн дэвжихийг л сургадаг байсан. Дэлхий маань нэг л хэмнэлээр эргэдэг ч өдөр бүр л урагшилсаар байгаа шүү дээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.