Энтертайнмент
ОУХМ Д.ТҮМЭНЖАРГАЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ арваннэгдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд болж байна. Тамирчид хүчний гурван төрөл буюу суулт, шахалт, таталтаар өрсөлдөж байгаа юм.
Тус тэмцээнд дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор оролцож буй Монголын баг тамирчдаас ОУХМ Д.Түмэнжаргал жиндээ тэргүүлж, дэлхийн аварга болжээ. Тэрбээр эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 105 кг-ын жинд цээжнээс 312.5 кг-ыг шахаж, алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлэв.
ОУХМ Д.Түмэнжаргал хоёр жилийн өмнө Дани улсад болсон хэвтээ шахалтын ДАШТ-ээс энэ жиндээ мөнгөн медаль хүртэж байжээ.
Б.Од
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.