Энтертайнмент
Хөлбөмбөг: Өнөөдөр Монгол-БНАСАУ-ын багтай тоглоно
Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны тоглолтоо өнөөдөр эхлүүлнэ. Тайваны Тайбэй хотод болох энэхүү тэмцээнд БНАСАУ, Хонгконг, Тайвань, Монголын багууд багтсан юм.
Өнөөдөр Монгол-БНАСАУ-ын тоглолт Улаанбаатарын цагаар 14.00-с эхлэх бөгөөд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны eaff.com сайтаар шууд дамжуулах юм байна.
“Талын хөх чононууд” нэртэй шигшээ баг маань хэсгийн хоёр дахь тоглолтоо энэ сарын 13-д Тайваньтай, сүүлийн тоглолтоо 16-ны өдөр Хонгконгтой хийнэ. Хэрвээ манай эрчүүд энэ хэсгээс шалгарч чадвал ирэх онд БНСУ-д болох шигшээ тоглолтод оролцох юм.
Манай эрчүүд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд анх удаа шалгарч байгаа бол БНАСАУ-ын баг 2005, 2015 онд хүрэл, 2008, 2017 онд дөрөвдүгээр байрт оржээ.
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхийг өнгөрөгч есдүгээр сард авсан. Тодруулбал, Улаанбаатарт болсон урьдчилсан шатны тоглолтод Макао (4:1), Умард Марианы Арлуудын багуудыг (9:0) хожиж, Гуамтай тэнцээ (1:1) хийснээр БНАСАУ, Тайвань, Хонгконгийн багуудтай өрсөлдөх эрхтэй болсон юм.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан “Талын хөх чононууд” өнөөдрөөс эхлэн нийт гурван тоглолтыг Тайванд хийх гэж байна. Тоглолтыг SPORT 1, FOX SPORT 3 болон Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны eaff.com сайтаар шууд дамжуулан хүргэх аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.