Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодров. Гэхдээ сонгууль болох уу
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орны гишүүнийг сонгох Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль ирэх сарын 30-ны өдөр болно. Намуудын нэр хүнд, чадамжийг харуулах цаашлаад 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох тус сонгуульд намууд ихээхэн ач холбогдол өгч буй.
Энэ долоо хоногт намууд нэр дэвшигчээ эхнээсээ тодруулж эхэллээ.
– Тодруулбал, өчигдөр МАХН Бага чуулганаа хуралдуулж Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд намын дарга Н.Энхбаярыгаа нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан.
Түүнд ялалт байгуулах магадлал бий. Тэрбээр өнгөрсөн жилээс 42 дугаар тойргийг усалж эхэлсэн. МАХН 2020 оны УИХ-ын сонгуульд хэдэн суудал авах нь Н.Энхбаярын ялах, ялагдахаас шалтгаална.
– Мөн АН-ын Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, Ж.Оюунбаатрыг дэвшүүлэх шийдвэрээ Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах үлдсэн үг. Ж.Оюунбаатарын хувьд Хэнтийд өндөр нэр хүндтэй, бүтээн байгуулалт, хөгжүүлэлтийн олон ажлыг хийсэн хүн юм. Тэгэхээр АН-ыг өнгөлөх гол хүн гэсэн үг.
Ж.Оюунбаатар уг сонгуульд ялалт байгуулбал улс төрийн салхи АН-руу эргэснийг илтгэнэ.
– Одоо МАН нэр дэвшигчээ тодруулах үлдээд байна. Гэхдээ тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр урьдчилсан байдлаар тохирсон гэх мэдээлэл байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Удирдах зөвлөлийн хурал дээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулсан тандалт судалгааныхаа дүнг танилцуулсан.
Энэ судалгаагаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр горьлогсдоос хамгийн өндөр рейтингтэй яваа аж. Тиймээс Удирдах зөвлөлөөс намын Бага хуралд У.Хүрэлсүхийг УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшүүлэх санал оруулна гэх мэдээлэл байна.
Тус нам Бага хурлаа энэ сарын 28 буюу ирэх мягмар гарагт хуралдуулна. Энэ хурлаар УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг эцсийн байдлаар тодорхой болгох юм.
НЭГДҮГЭЭРТ, Намынхан нь түүнийг “Том намын дарга, Ерөнхий сайдын хувиар өөрийн төрсөн нутагтаа нэр дэвшихийг шаардаж байгаа Тиймээс намын даргын хувиар нэр дэвшиж ялалт байгуулвал У.Хүрэлсүхийн нам доторх нэр хүнд өсч, 2020 оны зам нь засагдана. Ер нь маш олон давуу талтай. Харин эсрэгээрээ ялагдвал эрх баригч намын дарга, Ерөнхий сайд нөхөн сонгуульд ялалт байгуулж чадаагүй гэдгээрээ намын болоод өөрийнх нь нэр хүнд нь унахаас гадна албан тушаалаас нь буулгах асуудал хөндөгдөнө. Нам доторх байр, суурь нь ганхах юм.
ХОЁРДУГААРТ, У.Хүрэлсүх саяханы нэг өдөр давхар дээлний талаар мэдээлэл хийхдээ “Засгийн газрын сайд нар ард түмнээс сонгогдсон төлөөлөгч байх ёстой. Японд Засгийн газрын гишүүд нь бүгд иргэдээс сонгогдсон парламентын гишүүд байдаг” гэж ярьсан. Гэвч өөрөө 2016 оны сонгуульд өрсөлдөөгүй, УИХ-ын гишүүн биш. Энэ нь ч уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн бололтой.
ГУРАВДУГААРТ, МАН тус сонгуульд залуу хүн нэр дэвшүүлэхгүй гэж тохирсон байна. Өмнө нь залуу хүн нэр дэвшиж ялалт байгуулсан ч гэмт хэрэгт нэр холбогдож намын нэр хүндийг унагасан учраас энэ удаа өөр сонголт хийхэд хүргэжээ.
Энэ дагуу тэрбээр замаа засч хэдхэн хоногийн өмнө Хэнтийд сайд нарынхаа хамтаар ажиллаад ирсэн.
Хэнтийн нөхөн сонгуульд нийт 14 нам өрсөлдөхөө мэдэгдсэн ч гол өрсөлдөөн дээрх гурван намын дунд болох нь мэдээж.
ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬ БОЛОХ ЭСЭХ НЬ ЦЭЦИЙН ШИЙДВЭРЭЭС ШАЛТГААЛНА
Гэхдээ сонгуулиас өмнө ОЙЛГОМЖГҮЙ НЭГ АСУУДАЛ үүссэн нь Хэнтийн нөхөн сонгууль болох уу гэдэг асуудал.
Ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм. Хэрвээ Үндсэн хуулийг зөрчиж Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн бол Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй.
Эрх баригчид янз бүрийн арга ашиглан Хэнтийн нөхөн сонгуулийг ирэх намар хүртэл хойшлуулчих санаатай байгаа гэх мэдээлэл бий. Хэрвээ ингэж чадвал сонгуулийн жил нөхөн сонгууль явуулахгүй гэх хуулийн заалтаар уг сонгууль болохгүй.
Тэгэхээр уг сонгууль болох эсэх нь Цэцийн шийдвэрээр тодорхой болох юм.
Эргэн сануулахад, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өмнө нь нэг удаа хойшлуулж байсан. Тус сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард явуулахаар тогтсон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас үзсэн. Уг шийдвэрийг гаргахдаа төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгосон байдаг.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав