Улс төр
Ерөнхийлөгч үнэнийг шударгаар хэлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож хэлсэн үгэндээ “…Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ…” гэж манай улстөрчдийн увайгүй байдал, гутамшигт үнэн нүүр царайг ил цагаанаар хэлчихлээ.
Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан төр, нийгмийн зүтгэлтэнтэй хамгийн сүүлд уулзсан УИХ-ын гишүүн, мөн амиа алдсаныг нь хамгийн түрүүнд харж, тагнуулын байгууллагад мэдэгдсэн УИХ-ын гишүүн хоёулаа их хэмжээний согтуу байсныг цаад утгаараа хэлчихсэн ч юм билүү.
Байдлыг товчхон эргэцүүлье. Дээрх хоёр гишүүн өөрсдийнх нь өгсөн хэвлэлийн хурал, мэдэгдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан баримт, УИХ-ын гишүүд, зөвлөх, туслахууд болон Төрийн ордонд ажилладаг бусад хүмүүсийн яриаг үндэслэн 2019 оны тавдугаар сарын 17-нд болсон үйл явдал (архидалт)-д дүгнэлт хийвээс дараах дүр зураг харагдаж байна.
Үүнд:
УИХ-ын гишүүн Н нь өдрийн хоолноос эхлэн спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) хятад архи ууж эхэлснээ өөрөө хэвлэлийнхээ хурлын үеэр сэтгүүлчдийн өмнө хэлсэн.
Төрийн ордонд ажилладаг УИХ-ын гишүүд, туслахуудын яриагаар УИХ-ын гишүүн Ч-гийн өрөөнд Э, С нарын гишүүд үдийн хоолны дараагаар хэсэг бүлгээрээ архи ууцгаасан бөгөөд гишүүн Н хамгийн их уусан гишүүний нэг байжээ.
Түүний дараагаар хүчний байгууллагын өндөр албан тушаалтан, гишүүн Н-ын өрөөнд ороход тэрбээр архиар дайлж, өөрөө 3 удаа татжээ. Харин уг өндөр албан тушаалтан уугаагүй болохыг Н-ын туслах нь бусад туслахуудад ам алдсан яриа Төрийн ордноор нэг яригдаж байна.
МАН-ын Хяналтын зөвлөлөөр арга хэмжээ авагдсан УИХ-ын хоёр гишүүний улстөрчийн хувь заяаг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар шийдэхийн өмнө хэрхэх талаар С.Бямбацогт гишүүний өрөөнд МАН-ын хэсэг гишүүд ярилцаж суухдаа мөн л согтууруулах ундаа хэрэглэн, сэтгэлээ нээн ярилцахад гишүүн Н ч мөн манлайлан оролцсоныг хамт байсан УИХ-ын гишүүд, туслахууд нь ярьцгаасан байна.
УИХ-ын гишүүн Н талийгаач Б-тэй өрөөндөө ярилцаж суухдаа мөн л архиар дайлж, өөрөө ихээхэн уусныг зөвлөх нь мэдүүлэгтээ хэлсэн болохыг сошиалаар олонтаа мэдээлсэн.
Энэ бүгдээс харахад өдрийн 13:00 цагаас эхэлсэн МАН-ын бүлгийн хуралд ортлоо нийт 6 цагийн турш спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) архи их хэмжээгээр тасралтгүй уусан гишүүн Н өөрийгөө хянаж чадахааргүй, хүнтэй аятайхан ярих ч чадахгүй болтлоо согтох нь хэнд ч ойлгомжтой. Түүний догшин ширүүн, харгис зан авирыг монголчууд бидний түүний сүүлийн арав гаруй жилийн дуулиант хэргүүдээс хэдийнэ мэдэх болсон.
Иймд их хэмжээний согтолттой байсан гишүүн Н бүлгийн хуралдаа оролцох хэмжээний, өөрийнх нь хэлснээр гөлөмцүү болж, сэргэсэн нь түүнд тохиолдсон гэнэтийн сэтгэл санааны цочрол шоконд орсноос үүдэлтэй байх магадлалтай.
Талийгаач Б өөрийн үхлээр үхээгүй болох нь шүүхийн задлан шинжилгээгээр нэгэнт тодорхой болсон бөгөөд толгойн тус газраа хүнд гэмтэл авч улмаар өндрөөс унаснаар амиа алдсан гэдэг нь тогтоогдсон. Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн гэдгээ гишүүн Н өөрөө хэвлэлийн хурал хийж хүлээн зөвшөөрсөн. Уулзахдаа маш их хэмжээний согтолттой байсан гэдэг нь энэхүү уулзалтаас хойш 3-4 минутын дараа бүлгийн хуралдаа ороод согтуурхан, намын дарга Ерөнхий сайдтайгаа хэрүүл уруул хийж, хажууд сууж байсан гишүүд нь танхимаас хүчээр авч гарсан гэж УИХ-ын бүлгийн гишүүд нь олонтаа мэдэгдсэн.
Талийгаачийн цогцсыг анх харж, Төрийн ордны хамгаалалтын албанд мэдэгдсэн гишүүн Б нь их хэмжээний согтолттой байсныг хамгаалалтын албаныхан тодорхойлсон ба туслах нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Төрийн ордон архи далайд живж, хөлчүүрхсэн төрийн түшээдийн ёс бус увайгүй үйлдлүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ” хэмээн мэдэгдсэн нь гэмтнийг УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа гэж шуудхан хэлснийг хууль хүчний байгууллагынхан эрх биш анхааралдаа авна биз ээ.

Улс төр
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд боллоо.
Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.
Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.
Улс төр
Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй уулзаж ярилцлаа.
“Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох“ ажлын зорилго, ажлын үр дүнг танилцуулна уу?
Манай ажлын хэсэг Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд хамааралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зохистой тээвэрлэлт, хадгалалт зэрэгт анхаарал тавьж, шаардлагатай зохицуулалтыг хуульд тусгах үүрэгтэй ажиллаж байна. Ажлын хэсгийн хоёр дэмжих бүлэг хүнс, хүнс түүний аюулгүй байдал, эм, эмийн судалгаа, лавлагааны чиглэлээр судалгаа хийж байна. Татан буугдсан мэргэжлийн хяналтынхантай адил хүнсний аюулгүй байдлаа, эм, эмийн бүтээгдэхүүнээ хянадаг бодлогын тогтолцоо буюу агентлаг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тус агентлагийг “Хүнс, хөдөө аж ахуйн яам”-ны дэргэд байгуулах нь зөв гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Тусдаа агентлаг байгуулахын давуу талыг Та хэрхэн харж байна вэ?
Нэн тэргүүнд бие даасан хөндлөнгийн судалгааны байгууллагаар тусдаа агентлаг байх эсэхээр судалгаа гаргуулна. Өөрөөр хэлбэл, хүнс, эмийн агентлаг ямар зохион байгуулалтай байх хийгээд давуу болон сул талыг тодорхойлох юм. Өнөөдрийн байдлаар нийслэл, дүүрэг, аймгуудад хүнсний хяналт хэвтээ тогтолцоотой ажиллаж байна. Ер нь бол бодлогын хувьд тусдаа бүтэц байх шаардлагатай гэдэгт ажлын хэсэг болон дэмжих баг нэг байр суурьтай байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартыг хангуулахад хэрхэн ажиллаж байна вэ?
Эм, эмийн хэрэглэгдэхүүний шинэчилсэн найруулгын тухай хуульд эм, эмийн чанарыг бүрдүүлэх чухал заалтууд тусгагдсан. Эрүүл мэндийн яамнаас хуулийн дагуу 30 гаруй стандартыг гаргасан байх ёстой. Монгол Улсын хилээр орж ирж байгаа эмийг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах зэрэг тээвэрлэлтийн стандарт дутагдалтай байна. Мөн лавлагаа шатлалын лабораториуд зах зээлд байгаа эмүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дугаар, эмийн найрлага дахь агууламж зэргийг нарийн шинжлэх шаардлагатай байна. Ийм түүврийн шинжилгээ хийхэд 1.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай атал дөнгөж 20 хувь буюу 220 сая төгрөгийг төсөвлөсөн. Үүний ард Эрүүл мэндийн яам эмийн өрсөлдөөн, чанарыг сайжруулах хүсэл эрмэлзэлгүй байна хэмээн хардахаас өөр аргагүй. Манай ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал хаврын чуулганаар үр дүнгээ УИХ-д танилцуулж, эрх зүйн өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Улс төр
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг хойшлуусан.
Иймд энэ өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо