Энтертайнмент
Б.ШИНЭБАЯР: ГЭР БҮЛИЙНХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ ХОРОМ МӨЧ БҮРТ МЭДЭРДЭГ
УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяртай ажил болон хувийн амьдрал, аав болсон мэдрэмжийнх нь тухай ярилцлаа. Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр УДЭТ-ын жүжигчин, уран бүтээлчид оролцож, олон түмэнд баяр хөөр, инээд бэлэглэж байгаа юм.
Яриагаа таны ажлын талаар эхлүүлье. Та яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болсон бэ. Гэр бүлд тань урлагийн хүн байдаг уу?
Манай гэр бүлд урлагийн хүн байдаггүй. Гэхдээ өвөө минь гарын ур дүй сайтай, уран хүн байсан юм. Урлагийн хүн болох хүсэл мөрөөдлийн хувьд бага байхаас минь бий болж, урлаг спортын ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Урлагийн хүн, жүжигчин хүн болно гэж байнга мөрөөддөг байсан. Хүсэл мөрөөдлөө даган Монголдоо ганцхан байдаг СУИС-д жүжигчнээр суралцаж байхдаа зурагтаар гардаг мундаг хүмүүсийг харан үлгэр дууриал авч гэрийнхнээсээ зөрсөөр байгаад л энэхүү мэргэжлийг сонгосондоо.
Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээх тань багассан санагдсан.
Одоогоор драмын театрт ирэх есдүгээр сард тоголж эхлэх МУСТА Чингүүн найруулагчийн “Надтай үлдээч” жүжгийн уншлагад бэлдэж байна. Намар бас нэг өөр жүжигт тоглох төлөвлөгөөтэй байгаа. Тайзны уран бүтээл маш их байгаа учраас дэлгэцийн бүтээлээс хэсэг хугацаанд завсарласан. Гэхдээ саяхныг хүртэл хоёр найруулагчийн дэлгэцийн бүтээлд орсон. Намар гэхэд нээлтээ хийх болов уу гэж бодож байна.
Анхны дүр бүтээсэн дэлгэцийн бүтээл болон анхны драмын жүжгээ нээж байсан үе хоёрын аль нь илүү сэтгэлийг тань догдлуулсан бэ. Тэр үеийнхээ сэтгэл хөдлөлөөс хуваалцаач?
Хоёулаа л их сэтгэл хөдөлгөсөн. Анх 2012 онд дэлгэцнээ гарсан “19” кинондоо Үүрцайх гэдэг залуугийн дүр бүтээж байлаа. Тэр үед оюутан байсан юм. Тавдугаар сард “Тэнгис” кино театрт нээлтээ хийж байх үед үнэхээр их сандарч тэвдэж байлаа. Хамгийн эрхэм хүндтэй үзэгч бол аав ээж хоёр минь гэж би боддог. Анхны киноныхоо нээлтэд тэр хоёрыгоо заавал хажууд минь байгаасай гэж хүссэн. Гэхдээ киноныхоо нээлтийн урилгыг аав ээж хоёртоо авч чадаагүй ч “Хүрээд ир оруулж болох байх” гээд дуудсан. Аав ээж хоёр анхны уран бүтээлийг маань “Тэнгис” кино театрын танхимын дээд талын шатан дээр сууж үзэж байсан. Тэр үеийг би сайн санадаг юм, маш олон хүн ирсэн байсан. Би киноны нээлтийг тийм сүртэй болдог гэж төсөөлөөгүй. Том дэлгэцээр хүн өөрийгөө хараад хамгийн түрүүнд их ичиж, санаа зовдог юм байна лээ. Анхны уран бүтээл учраас би яаж тоглосон бол, хүмүүс намайг яаж хүлээж авах бол гээд л. Гэхдээ үзэгчид, жүжигчид маш гоё халуун дулаан урмын үг хэлсэн болохоор надад маш их урам зориг, эрч хүч өгсөн. Үүний дараа “Аав” уран сайхны киноны нээлт болоход миний сэтгэл дээд цэгтээ тултал хөдөлсөн. Тэнд байсан олон зуун хүний өмнө үг хэлэх боломж олдон хамгийн түрүүнд аав ээж хоёртоо “Өдийг хүртэл намайг өсгөж, хүмүүжүүлэн хүн болгосонд баярлалаа” гэж хэлж байлаа. Аав киноны дараа үзэгчдээс маш олон халуун дулаан сэтгэгдэл ирсэн болохоор анхны киноноос дутахааргүй сайхан мэдрэмж төрсөн. Харин анхны жүжгийн хувьд Улсын Драмын Эрдмийн Театрт тоглогдсон “Ромео Жульетта” байсан. Бас л их сандарч, алганы хөлс гарч байсныг санаж байна. Өмнө нь тэгж айхтар сандарч байгаагүй. Тэр үеийг үгээр хэлэхийн аргагүй. Нэгдүгээр үзэгдэлд гарчихаад дараагийн үзэгдлийн цаг хурдан болоосой, гарах юмсан гэж бодож байсан. Яагаад гэвэл үзэгчид, оюутан ангийнхан, аав ээж, гэр бүлийнхэн гээд миний ойр дотны бүх хүмүүс үзэж байсан болохоор тухайн үедээ хөшиг нээх мөчид энэ миний орон зай надаас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй. Тиймээс заавал чадах ёстой гэж өөрийгөө хурцалж байсныхаа ачаар жүжгээ амжилттай тоглож дуусгасан.
Гэрэл зургийг түүний сошиал хуудсаас авав.
“Жаргаагүй нар” жүжгийн Нацагдоржийн дүр болон “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүр хоёрын аль нь танд дотно, өөриймсөг санагддаг вэ?
“Ромео Жульетта”-гийн хувьд 400 жилийн турш хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон романтик, хайрын түүх шүү дээ. Мэдээж бодит амьдралд хүн хайрлана, шохоорхоно, хайрынхаа төлөө асна. Хамгийн гоё нь юу вэ гэвэл хүн дурлахаараа нэг л өөр болчихдог шүү дээ. Сэтгэл хөнгөрөөд нэг тийм үгээр хэлэмгүй мэдрэмж. “Жаргаагүй нар” жүжгийн хувьд түүхэн дүр учраас бодит амьдралтай уялдаа холбоотой. Бид яг л адилхан амьдарч байгаа хүмүүс инээх үедээ инээж, уурлах үедээ уурлана, бас уйлна.
Та сүүлд тоглосон “Тэрбумын хэрэг” киноны продюсерээр ажилласан шүү дээ. Яагаад жүжигчид эхэндээ кинонд тоглож байгаад дараа нь өөрөө продюсер эсвэл найруулагчаар ажилладаг юм бол?
Хоёр найзтайгаа хамтран кино хийхийг хүссэн. Киноноос гадна цаашдаа олон уран бүтээлийг төлөвлөсөн байгаа. Тэр дунд дуу хийх төлөвлөгөө ч бий. Энэ зундаа багтаад бид цомгоо гаргаж, долоо, наймдугаар сараас бүтээлүүдээ цацаж эхэлнэ. Бидний хамтын бүтээл болох ‘’Тэрбумын хэрэг’’ уран сайхны киногоороо маш олон зүйлийг үзэгчдэд ойлгуулахыг зорьсон. Цаашдаа найруулагч болон жүжигчнээр олон уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй.
Таны тоглосон кинонуудыг ажиглаж байхад чадварлаг, туршлагатай найруулагч болон зохиолчтой ажилласан байдаг. Та тоглох кинондоо цензур өндөр ханддаг уу?
Маш их. Миний хамтран ажиллаж байсан найруулагчдын хувьд Эрдэнэбилэг, Сэнгэдорж, Чингүүн гэх мэт чадварлаг олон хүн бий. Хамгийн эхэнд киноны зохиолыг уншиж үздэг, дараа нь найруулагчтайгаа дүрийн талаар ярилцана. Хэрвээ сэтгэлд хүрэхгүй нэг л зүйл байвал татгалздаг гэж хэлж болно.
Та СУИС-ийг төгссөн шүү дээ. Олон хүүхдүүд хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн энэ сургуульд ордог ч сургуулиа төгсөж чадаагүй, төгссөн ч мэргэжлээрээ ажилладаггүй хүмүүс олон байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
Маш олон хүүхэд жүжигчний мэргэжлээр төгсдөг нь үнэн. Даанч Монголд урлагийнхны ажиллах байр, боломж бололцоо нь цөөхөн. Мэргэжлийн театр гэхэд Монголдоо ганц л байна. Түрүүний миний хэлсэн шиг сошиал хөгжөөд эхлэхээр дагаад “Social Media”-чид их гарч ирдэг. Студи, продакшнууд жилдээ хэдэн удаа элсэлт авдгийг мэдэхгүй байна. Жишээ нь, УДЭТ жилдээ хоёр удаа элсэлт авдаг юм. Мэргэжлийн студи ч жүжигчдийг мөн ажилд авдаг. Үлдсэн нь телевиз рүү явдаг. Хамгийн гол нь жүжигчний мэргэжлээр төгссөн хүмүүс олон төрөлд хөрвөх чадвартай байдаг. Дуучин, жүжигчин, хөтлөгч гэх мэт. Бас найруулагч ч хийж болж байна.
Мэргэжлийн биш мөртлөө та бүхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа уран бүтээлчдийг юу гэж боддог вэ ?
Хөдөлмөрлөж чадаж байна. Ашиг орлого олж эсвэл уналтад орсон байсан ч юм хийж сурч байна. Түүгээрээ дамжуулан нэг бүтээлийн ард гарахад ямар их хүч хөдөлмөр шингэдэг гэдгийг мэдэрдэг болов уу гэж би боддог. Тэр хэмжээгээрээ дараа дараагийнхаа уран бүтээлийг хийж эхэлдэг. Дахиад хийхдээ өмнөхөөсөө илүү мэргэжлийн түвшинд хүрч, чанаржиж эхэлдэг. Зүгээр сууж байгаа хүмүүсийн хажууд хавь илүү шүү дээ. Жишээлбэл, “Тик ток” гэдэг аппликэйшн гарсан байна, “фэйсбүүк”-д богино хэмжээний бичлэгүүд ордог болсон байна. Эдгээрээс харахад залуучууд юм хийж сурч байгаа нь бахархмаар санагддаг.
Та олон төрлийн кинонд тоглосон туршлагатай. Эдгээрээс одоо ч үзэхэд сэтгэлийг тань догдлуулдаг ямар уран бүтээл байдаг вэ?
“Аав’, “Атганд үлдсэн эрдэнэ” хоёрыг үзэхээр одоо ч сэтгэлийг минь догдлуулдаг шүү.
Та аав болоогүй үедээ “Аав” кинонд гол дүр бүтээсэн. Харин одоо амьдрал дээр жинхэнэ аав болсон. Анх аав болоход ямар мэдрэмж төрж байсан бэ?
Энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж. Үр хүүхэдтэй тэр тусмаа сайхан охин үртэй болох мөчид баярлах, инээх, уйлах яг зэрэгцэж байсан л даа. Маш их догдолж байсан ч дөнгөж төрсөн эхнэр, хүүхдээ харангуут л нулимс асгарч, уйлчих гээд эвгүй болж байлаа. Эхнэрийгээ төрөхдөө яаж өвдсөн бол гэж бодохоор айлын охиныг ингэж их зовоож байна даа гээд л дотроо маш их зүйлийг эргэцүүлсэн. Охиноо анх харах үед охины минь тэр нүд, гаргасан царай хэзээ ч мартагдахааргүй. Хамгийн гоё.
Урлагийн хүмүүс цаг завгүй байдгаас болоод эхнэртэйгээ үл ойлголцох үе хэр их гардаг вэ. Урлагаа орхимоор санагдах үе гарч байсан уу?
Шантармаар санагдах үе зөндөө гарч байсан. Гэхдээ ажил болон ар амьдралаа хослуулж байж л хүн амжилтанд хүрдэг гэдгийг ойлгодог болсон.
Та ямар үед гэр бүлийнхээ үнэ цэнийг илүү их мэдэрдэг вэ?
Өөртөө “update” хийх мөчид илүү их мэдэрдэг гэх юм уу даа. Сэтгэл санаа хэцүү эсвэл баяртай, жаргалтай үед гэвэл энэ нь хэтэрхий эрх ашгийн зүйл болчихно. Цаг, хором, мөч бүрт мэдэрдэг. Би өөрийгөө их баян хүн гэж боддог юм. Намайг зэмлэх аав, эрхлүүлэх ээж минь байна. Сайхан эхнэр минь байна. Үргэлжлэл болсон үр минь байна. Энэ бүрэн бүтэн гэр бүлийг сайхан авч явахын тулд үнэ цэнийг нь хором мөч бүрт мэдрэх хэрэгтэй болов уу.
Гэр бүлтэй болохоос өмнөх Шинэбаяр, гэр бүлтэй болсны дараах Шинэбаяр хоёрын хооронд ямар өөрчлөлт гарсан бэ?
Хариуцлагатай, хүлээцтэй, илүү их тэвчээртэй болсон. Одоо би хүний төлөө амьдарч байна шүү дээ. Урьдын Шинэбаяр зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө, өөрөө өөрийгөө борлуулж явдаг байсан бол одоо бүхэл бүтэн гэр бүлийн ноён нуруу, эцэг хүн болсон. Иймээс гэр бүлээ элэг бүтэн авч явах, охиноо илүү сайхнаар өсөж өндийлгөх маш том үүрэг хариуцлага миний өмнө байна. Хүний төлөө амьдарч байгаа юм чинь илүү их зүтгэж, хийж бүтээн тэмцэх болно.
Та охиныхоо эгдүүтэй зургийг цахим хуудастаа үе үе нийтэлдэг шүү дээ. Охин тань ойрын үед хэр их “эморч” байна даа?
Одоо тэгж их “эморхоо” больчихсон байгаа /инээв/. Харин одоо хаалганы ард ордог болчихсон. Жоохон эвгүй болоод ирэхээрээ л хаалганы ард орчихно. “Юу хийж байгаа юм бэ, миний охион” гэхээр түлхээд хаалгаа хаачихдаг болсон /инээв/.
Танд кино, жүжиг хоёрынхоо нэгийг сонгох шаардлага гарвал алийг нь сонгох вэ?
Кино нь илүү үр өгөөжтэй, олон хүнд хүрнэ. Гэхдээ би театр жүжигтээ ч хайртай. Амьд орчноос илүү амьд мэдрэмж мэдэрдэг. Киноны хувьд нээлтээ хийчихээд сар орчим л гардаг шүү дээ.
Дөнгөж ажлын гараагаа эхэлж, хийж бүтээхээр хичээж байгаа залуучуудад зөвлөгөө өгнө үү?
Зарим залуус цагийг үр бүтээлгүй өнгөрөөх нь ихсэж байгаа юм болов уу гэж боддог. Аливаа зүйлийг хийж эхэлсэн л бол заавал эцсийг нь үзэж байж, түүнийхээ үнэ цэнийг илүү их мэдэрдэг л дээ. Тийм учраас залуучууддаа эхэлсэн зүйлээ заавал дуусгаж байгаарай гэж зөвлөмөөр байна.
Залууст заавал үзэх кино санал болговол?
“Life is beautiful”.
Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.