Нийгэм
Цагаан тахалын цуваа тасрахгүй нь…

УИХ 2017 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн этгээдэд оноох ялыг зөөлрүүлсэн нь цагаан тахлаар ашиг хонжоо хайгчдын толгойг илж, золиос нь болсон хүний тоог ихэсгэв үү гэмээр статистик мэдээ хөврөх боллоо.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас гаргасан мэдээгээр, өнгөрсөн жил энэ төрлийн 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагджээ. Тэдний 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй юм байна. Насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд юм. Ихэнх тохиолдол нь тэд хохирогчид. Бусдын нөлөөнд автаж, хэрэглэж үзээд, алсдаа донтогч болсон тохиолдлууд бишгүй.
Хил гааль нь технологио шинэчлэн дээрх төрлийн бодисыг юунд ч нуусан илрүүлэх боломжтой болсон ч хар тамхи тээвэрлэгчид, борлуулагчид ямар арга ашиглан нэвтрүүлдэг юм, уг бодисыг оруулаад ирснийх нь дараа хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан, борлуулахыг завдаад гардуулсан хэргүүд шилээ даран гарч байна.
Тэр бүү хэл гадаадын хууль хүчний байгууллагатай хамтран ажилласнаар удаа дараа хууль зөрчин хилээр мансууруулах төрлийн бодис оруулж ирдэг байсан гэх этгээдийг баривчилсан ч өнөөх нь батлан даалтад гарсан тохиолдол ч гарчээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба энэ сарын эхээр БНХАУ-ын тусгай албадтай хамтарснаар их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн гэх үндэслэлээр Монгол Улсын иргэн Э.Энхбат нарын гурван иргэнийг баривчлан саатуулсан ч шалгагдаж байгаад батлан даалтад гарчээ.
Баривчилгааг явуулахын өмнө Хар тамхитай тэмцэх газрынхан БНХАУ-аас Монгол Улс руу удаа дараа хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар нэвтрүүлсэн бүлэг этгээдүүдийн судалгааг хийж, хоёр жилийн турш тандалт судалгааг явуулж, түүнд үндэслэн Э.Энхбат нарыг саатуулсан байдаг.
Үүнээс гадна тээвэрлэхээс бусад тохиолдолд оногдуулдаг ялын зүйчлэлүүд ч УИХ-аас 2017 онд баталсан Эрүүгийн хуулийн хүрээнд зөөлрөөд буй. Тодруулбал, Эрүүгийн шинэ хуулийн 20.7.2-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.7.3-т “Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Харин УИХ-аас баталсан байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 192.2-т “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол 5-аас дээш 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
192.3-т “Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг онц их хэмжээгээр, насанд хүрээгүй хүн оролцуулж, онц аюултай гэмт хэрэгтэн, давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байжээ.
Нэг үгээр хэлбэл, 5-8 жилийн ял оноодог байсныг 2-8 жил, 10-15 жилийн ял оноодог байсныг 5-12 жил болгон хөнгөрүүлсэн байгаа нь эндээс харагдана.
Хууль хяналтын байгууллагынхан нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос уу, эсвэл улстөрчдийн хүүхэд хүртэл холбогдсон нь хэргийн зүйлчлэлийг зөөлрүүлэх шалтгаан болсон уу, бүү мэд.
Гэтэл хоёр хөрш болох Хятад, Орост хар тамхитай холбоотой хэрэгт оногдуулах ял чанга хэвээр байна. Тухайлбал, Хятад улсад 50 граммаас дээш хар тамхи тээвэрлэсэн бол цаазаар авах хүртэл ял ногдуулдаг бол ОХУ 20 жил хорих ял оногдуулдаг. Харин Монголд энэ тохиолдолд дээд тал нь 8 жилийн ял сонсоно. Ялын бодлого сул байдаг нь үндэстэн дамнасан хар тамхи, мансууруулах төрлийн бодис зарж борлуулан ашиг олдог гэмт бүлэглэлийнхэнд “олз” болдог байхыг ч үгүйсгэхгүй.
Зарим хуульчид ч энэ талаар байр сууриа илэрхийлэх болсон бөгөөд ялын бодлогыг чангаруулахгүй л бол цагаан тахалтай тэмцэх ажилд ахиц гарахгүй гэдгийг ч онцолж байна.
Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хууль бус хэрэгт хамаарах заалтуудаа чангаруулахад анхаарахгүй бол цаг алдах тусам Монголын удмын санд аюул нүүрлэж эхэллээ.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр9 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм11 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Эдийн засаг11 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо