Нийгэм
Наадмын хониний үнэ 300 мянган төгрөг

Цаг наашилж цайны сүү ойртсон зуны дэлгэр цаг ирэхэд нийслэлчүүд шинэ шөл уухаар хонины эрэлд гарч, хотыг зорих мал ачсан автомашины цуваа улсын баяр наадам хүртэл тасардаггүй. Улаанбаатарт малыг хөлөөр нь зарах зөвшөөрөлтэй хоёр цэг байдаг. Нэг нь “Эмээлт” зах юм. Улаанбаатарчуудын “хорхог” хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сонирхохоор манай сурвалжлах баг өчигдөр тус захад ажиллалаа.
Энд хүний хөл, төмөр хүлгийн цуваа бага, хашаа нь эл хуль байв. Хүн харуулдсан ченжүүд хашаагаар ормогц өөр бусдаасаа өрсөлдөн “Хонь аваарай” , “Хэдэн төгрөгт хонь сонирхож байна, бага зэрэг үнэ тохироод авч болно шүү”, “Тарган хонь байна шүү” гэх зэргээр “рекламдана”.
Одоогоор хонины үнэ ханш 100-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ бол зөвхөн зургадугаар сарын ханш бөгөөд наадмаар үнэ нь нэмэгдэх магадлалтайг малчид болон ченжүүд хэллээ.
Тус захад төлөг 100-150 мянга, шүдлэн 140-200 мянга, хязаалан 160-230 мянга, нас бие гүйцсэн тарга тэвээрэг сайн эр хонь 220-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил нас бие гүйцсэн эр хонийг 130-180 мянга, шүдлэн 100-120 мянга, хязаалан 120-140 мянга, төлөг 80 мянгаар худалдаалж байсан гэж тооцвол төлөг 20-70 мянга, шүдлэн 40 мянгаас дээш, хязаалан 40- 90 мянга, нас бие гүйцсэн эр хонь 90-120 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.
НААДМЫН ХОНИНЫ ҮНЭ ӨСӨХ НЬ МАЛЧИД ЧЕНЖҮҮДЭЭС ШАЛТГААЛЖ БАЙНА
Тус цэгт олон жил ченжээр ажиллаж буй М /нэрээ хэлэхийг хүсээгүй/
-Мах үнэд орсон учраас хонь худалдан авах хүмүүс ч бага байна. Худалдан авагчид мал үнэтэй байна гэдэг. Бид зохиомлоор хониныхоо үнийг нэмдэг юм биш. Хонины нэг кг мах 10 мянган төгрөгийн үнэтэй байгааг хүмүүс ч мэднэ. Малчид бидэнд өндөр үнээр малаа нийлүүлдэг учраас бөөнд нь авсан үнэнээсээ 10-20 мянган төгрөгөөр л илүү зарж байна. Нэг хонийг 190 мянгаар худалдан авч байна шүү дээ. Үнийн хувьд хонины тарга тэвээргээсээ хамаарч үнэ нь янз бүр. Төлөг 120 мянгатай. Хязаалан, шүдлэн 160-240 мянган төгрөг, тарган эр хонь 300 мянган төгрөг. Худалдаж авахаар бол үнээ тохироод 5-10 мянган төгрөг хямдруулаад өгч болно. Наадмын үеэр үнэ нэмэгдэж магадгүй. Малчдаас л шалтгаална. Орон нутгаас малчид ч бас өөрсдөө малаа борлуулахаар энд хашаа түрээслэх нь нэмэгдэж байна. Ер нь бэлтэй хүмүүст хонины үнэ тийм ч чухал биш. Тарга тэвээрэгтэй тарган сайхан нас бие гүйцсэн эр хонь 300 мянгаар ч худалдан авна. Зарим нь мөнгөндөө тааруулаад л хямд үнэтэй дундаж насны туранхай хонь, эсвэл төлөг авах нь их. Мах үнэтэй учраас малын үнэ нэмэгдэхээс өөр аргагүй.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр9 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм11 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Эдийн засаг11 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо