Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүний хөлд дарагддаг Үндэсний их баяр наадам айсуй. Баярын өдрүүдээр улаанбаатарчууд нүдээ баясгадаг дээрх газруудад хуушуур, буузнаас авхуулаад хүүхдийн тоглоомын газар зэрэг төрөл бүрийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд нүүж очин, наадамчдад үйлчилдэг уламжлал тогтсон. Үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нийслэлийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газраас жил бүр олгодог билээ.
Гэтэл саяхан нэг танил минь “Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хоёр сая төгрөгөөр зарна” гэв. Ямар учиртайг нь лавлахад “Ном журмаар нь хөөцөлдвөл олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Тиймээс томоохон байгууллага л биш бол олдоход хэцүү. Тэр бүгдийг нь зохицуулаад, зөвшөөрлийг нь олж өгөхөд хоёр сая төгрөг болж байгаа” гэлээ. Учрыг тодруулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэл, дүүргийн ЗДТГ-аас лавлахад “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож эхлээгүй. Өмнөх жилүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээнд хамрагдаж, эрх авсан аж ахуйн нэгжээс 15-20 мянган төгрөг хурааж байсан. Энэ жилийнх тодорхойгүй байгаа. Харин зөвшөөрөл хүссэн өргөдлийг ирэх сарын 3-ны 17.00 цаг хүртэл “Монгол наадам цогцолбор”-ын байранд хүлээн авна” гэлээ.
Гэтэл иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой уг зөвшөөрлийг хэн нэгэн нь дамлан зарах гээд явж байх юм. Хэрвээ уг зөвшөөрөл Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтад тэнцээгүй нэгний гарт очиж, түүнээс нь болж иргэд хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Усны чанар, орчны бохирдол руу “чихээд” өнгөрөх үү. Холбогдох байгууллагынхан үүнд онцгойлон анхаараарай