Энтертайнмент
Монгол-Хятадын байгаль орчны яамдын шинжээчдийн уулзалт боллоо
БНМАУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хооронд Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтарч ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 1990 онд байгуулсан.Харин 2012 оны 12 дугаар сард БНХАУ-ын Байгаль орчны дэд сайд Ли Ганже Монгол Улсад айлчилж яам хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын Байгаль орчны яамд хоорондын хамтын ажиллагаа идэвхжсэн.
Үүнээс хойш 2014-2016 онуудад хоёр талын дээд түвшний удирдлагууд харилцан айлчилж, тодорхой асуудлуудаар тохироонд хүрсэн.
Монгол-Хятадын Байгаль орчны яамдын шинжээчдийн уулзалтыг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас байгаль орчинд ээлтэй орчин бүрдүүлэхэд хоёр болоод олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталж байна.
Энэ хүрээнд манай яам ОХУ болон Япон улстай байгаль орчны хамтын ажиллагааны механизмтай бөгөөд жил бүр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдээ бодлогын түвшинд шийдвэрлэж ирсэн уламжлалтай. Энэ жишгээр танай яамтай хамтын ажиллагааны механизм бий болгохыг зорьж байна.
БНХАУ-тай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамгийн их гэрээ хэлэлцээр байгуулсан байдаг. Энэ удаагийн уулзалтаар хоёр талын мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны ойрын, ирээдүйн чиглэлүүдээ оновчтой тодорхойлно гэдэгт найдаж байна гэлээ.
Мөн ирэх 2019 онд тохиох Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 1-2 төслийг бодитоор эхлүүлэх, санаачилга гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Хоёр улсын байгаль орчны шинжээч, мэргэжилтнүүд уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, дэвшилтэд технологи нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ хэлэлцлээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.