Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах саналууд дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубера нар Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хэлэлцээ хийлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар урилга хүлээн авч, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь ноён Ярослав Кубера-д чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Тэрбээр “Энэхүү айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Бид Европын Холбооны гишүүн Чех Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасны дагуу Чех Улсыг гуравдагч хөршөө гэж үздэг. Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай орны хувьд ЗХУ-ын дараа орох томоохон хөрөнгө оруулагч, худалдаа, эдийн засгийн түнш байсан. Тиймээс бид уламжлалт энэхүү харилцаагаа бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэлээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубера Монгол оронд ирж, нисэх онгоцны буудалд буусан мөчөөс эхлэн анд нөхдийн элэгсэг дотно, найрсаг хандлагыг бид мэдэрч байна гээд,
-Наашаа ирэхээсээ хэд хоногийн өмнө би Чехэд байгаа Азийн орнуудын Элчин сайд нартай уулзсан. Тэд манай улсыг БНХАУ-тай харилцах харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, бусад орнуудад анхаарал сул тавьж байна гэсэн. Энэ байдлыг засах шаардлагатай. Тиймээс Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал уламжлалт харилцаагаа илүү өндөр, шинэ түвшинд хүргэх зорилттой юм гэлээ.
Тэрбээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй гэдгийг онцлоод, айлчлалын бүрэлдэхүүнд Чехийн биенесийн салбарын өргөн төлөөлөл багтаж байгаа. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өрөгжүүлэхэд тэдний гүйцэтгэх үүрэг чухал гэж бид үзэж байна гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ дахь Монгол, Чехийн парламентын бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг тэмдэглээд, энэ цаг үед Монгол Улсын парламентаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү үйл явц зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлсэн, парламентын төлөөллийн ардчиллыг бэхжүүлсэн, иргэний оролцоо буюу шууд ардчиллыг хангасан улс төрийн томоохон үйл явдал болж байна гэдгийг онцоллоо.
-Бид Монгол, Чехийн хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байна. Үүний тулд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газрын удирдлагын харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, ажилтнуудыг сургах, дадлагажуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байна.
Түүнчлэн Таны айлчлалын бүрэлдэхүүнд Чехийн бизнесийн 20 гаруй томоохон компанийн төлөөлөл явж байгаа гэж сонссон. Маргааш болох Монгол-Чехийн бизнес форум хоёр улсын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад парламентын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Тэрбээр харилцаа, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах сэдвийг хөндөж ярих үеэрээ:
-Монгол Улс дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршдог. ОХУ, БНХАУ-д хүнсний био органик бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Чехийн дэвшилт технологи, ноу-хау, шинжлэх ухааны ололтыг Монголын байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдтэй хослуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүс нутгийн болон олон улсын зах зээлд хамтран гаргах чиглэлээр ажиллах өргөн боломж бий.
Сая Та Азийн улс орнуудтай харилцаагаа идэвхжүүлэхийн төлөө байгаагаа хэлсэн. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс гүүр нь болох боломжтой. Түүнчлэн бага, дунд оврын мах, сүү боловсруулах үйлдвэрийг Монгол Улсад байгуулах чиглэлээр хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах саналтай байна.
Эрчим хүчний салбар бол хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг юм. Эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг хөхиүлэн дэмжих чиглэлд ухаалаг тоолуур бүхий цахилгаан түгээх сүлжээ бий болгох зорилгоор “Улаанбаатарын Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “ZPA” тоолуурын компаниуд хамтарч Монгол Улсад цахилгааны ухаалаг тоолуур угсрах үйлдвэрийг барьж байгуулах асуудлыг урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа бөгөөд энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиож буйг тэмдэглээд, энэ чухал арга хэмжээний өмнө ноён Я.Куберагийн айлчлал болж буйд олзуурхаж байгаагаа илэрхийлэв. Ойн хүрээнд улс орны түүх, соёл, уламжлал, ёс заншлыг харуулсан урлагийн тоглолт, кино өдөрлөг, номын үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн арга хэмжээг соёлын солилцооны хүрээнд харилцан зохион байгуулах сонирхолтой байгаагаа тэмдэглэлээ.
Мөн Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Чех Улсаас Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах талаар яригдсан асуудлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг ноён Я.Куберагаас хүслээ.
Түүнчлэн байгаль орчны хамгаалал болон нэн ховор зүйлийн амьтан хамгаалах чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглээд, Монгол оронд тахь эргэн нутагшуулах ажлыг олон жилийн турш санхүүжүүлэн хэрэгжүүлж, монгол бөхөн, хавтгайг хамгаалах зэргээр энэ салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Европын улсуудын хооронд хийгдэх бараа эргэлт, худалдаа нэмэгдэхийн хэрээр тээвэрлэлтийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгааг онцлоод, энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, худалдааг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Монголын талаас санал болгож буй Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд эцэслэх, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Чех Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх саналыг тавилаа.
Мөн “Чех Улсын Засгийн газраас Монголын оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож ирсэн нь хоёр талын найрсаг харилцааны үндсийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Эдгээр оюутан, залуучууд хоёр орны харилцааны гүүр болж байна. Монгол оюутнуудад жил бүр олгодог тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхээр болсонд талархах ялдамд энэхүү тоо цаашид улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Чехийн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Ева Зажималова багтсанд олзуурхаж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, манай орны хувьд мэдлэгт суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засаг руу шилжих, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлж, технологи-инновацын бизнесийг хөгжүүлсэн туршлага судлах, Монголын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын судалгааны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг сонордуулав.
Ноён Ярослав Кубера “Таны дэвшүүлсэн зорилт, саналуудын зарим нь хэрэгжих шатандаа ороод явж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах асуудлыг өнөөдөр манай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа. Нийгмийн хамгааллын салбарын баримт бичгийг эцэслэх асуудлаар энэ өдрүүдэд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөгчид Чехэд ажиллаж байна. Манай “ZPA” компаниас монгол нөхөдтэйгээ хамтран хэрэгжүүлэх цахилгааны ухаалаг тоолуур угсрах үйлдвэрийн бизнесийн төлөвлөгөө сайшаагдаж, Монгол Улсын Эрчим хүчний яам, холбогдох бусад байгууллагын хариуг хүлээж байна” гэв.
Хоёр парламентын тэргүүн нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, түүний ач холбогдлын талаар санал солилцов. Мөн Чехийн Сенатын гишүүд хоёр орны хамтын ажиллагааны зарим асуудлыг хөндөж, асуулт асууж, хариулт авсан юм.
Тухайлбал, Сенатын танхимын дэд дарга Иржи Оберфалзер 1983 онд манай улсад ирж, геологи хайгуулын салбарт ажиллаж байсан аж. Тиймээс уул уурхай, геологийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйн талаар сонирхлоо. Сенатын гишүүн Иржи Восецкий өөрөө шилний мэргэжилтэн хүн бөгөөд шилний хамтарсан үйлдвэр байгуулах, мэргэжилтэн сургаж бэлтгэх чиглэлээр боломж бийг тэмдэглэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар тэдгээр асуултуудад тодорхой хариулт өгч, уламжлалт найрсаг харилцаатай Чех Улстай эдгээр болон бусад олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий тул дэвшүүлсэн асуудлуудаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөх болно гэлээ.
Хэлэлцээнд Монголын талаас Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Наранбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн ларга Л.Өлзийсайхан, Чехийн талаас БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иржи Бродский, Сенатын танхимын дэд дарга Иржи Оберфалзер, Сенатын гишүүн Алена Шромова, Иржи Восецкий, Карел Кратохвиле, Сенатын танхимын даргын ажлын албаны дарга Петр Костка нарын зэрэг албаны хүмүүс байлцав.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ