Улс төр
“Цахим засаглал” буюу шавхагдашгүй баялгаа монголчууд ашиглаж эхэлнэ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт туссан“E-Mongolia” буюу төрийн цахим үйлчилгээний шилжилтийн ажлын хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулсан.
Монголчуудын хувьд хамгийн их цаг зарцуулдаг, хүнд сурталтай хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн төрийн үйлчилгээнд бухимдал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй, цахим болгоход энэхүү“Цахим засаглал”-ийн гол зорилго чиглэгдэж буй бөгөөд ирэх 11 дүгээр сараас орон даяар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн бас нэг үр дүн ньтөрийн үйлчилгээтэй холбоотой авлигын асуудлыг нэг мөрцэгцлэх явдал хэмээн Засгийн газар тодорхойлж байгаа юм.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шат дамжлагыг халж, бүрэн цахимжуулан амжилттай үр дүнд хүрсэн цөөн орны нэг бол Эстони. Ялангуяа цахим засаглалыг хөгжүүлэх, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг ард иргэддээ өдөр тутамд шуурхай, үр дүнтэй хүргэх, авлигыг арилгах, цахим засаглалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог тэгш хангах тал дээр эдүгээ дэлхийд тэргүүлж байгаа улс юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Цахим засаглал”-ын ажлын хэсгийнхэн 2019 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийлээ. УИХ-ын Цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнд багтсан юм.
Айлчлалын хүрээндажлын хэсгийнхэн Бүгд Найрамдах Эстони Улсын Монгол, Эстонийн парламентын бүлэг, ЗГХЭГ, Гадаад харилцааны яам, Цахим засаглалын академи, Бүртгэл, мэдээллийн төв, “Цахим- Эстони” мэдээллийн төвийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж, цаашид туршлага солилцох, хүний нөөцийг чадавхижуулах, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов. Үүнээс гадна манай үе, үеийн Засгийн газрын боловсруулсан цахим шилжилтийн бүх төслүүдийг нэгтгэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх аргачлалд тус ажлын хэсгийнхэн Эстони улстай түншлэхээр болсон.
1,3-хан сая буюу Улаанбаатарчуудтай адил тооны хүн амтай, 1990 онд ЗХУ задрахад бусдаасаа онцгойрох зүйлгүй байсан Эстони улс IT буюу интернэт технологийг хөгжүүлэх “Дижитал Эстони-2020” хөтөлбөрийг анх зарласан 1997 оноос хойшхи 20-иодхон жилийн дотор Европын холбооны старт ап компаниудын гол төв болж чаджээ. Улаанбаатар хот саяхнаас автобусны мөнгөө цахимаар төлж эхэлсэн. Тэгвэл Эстонид аль 10 жилийн өмнө л нийтийн тээврийн тасалбар, ресторанд хоол идсэн төлбөрөө гар утсаараа хийдэг байж. Одоо бүр сайхан болсон. Автомашины зогсоол, авто замын хяналт, байрны төлбөр гээд бараг бүх үйлчилгээг цахимжуулжээ.
Газар доороо баялаггүй, уул уурхайгүй ч гэсэн IT-цахим хөгжил, интернэт, программ хангамж зэрэгт тулгуурлан хэрхэн богино хугацаанд хөгжиж болдогийн тод томруун жишээ нь Эстони Улс гэж дүгнэхэд болно. Эстоничуудын хүртдэг төрийн бүх үйлчилгээ урдаа “е” үсэгтэй. Энэ нь тэдгээр үйлчилгээнүүдийг бүгдийг цахимаар авч болно гэсэн утгатай. Өдөртөө бараг 2000 төрлийн е-үйлчилгээг эстоничууд тогтмол хэрэглэдэг байна.
Засгийн газар нь E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд нь холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээж болдог. E-Tax Board системийг мөн 2000 онд танилцуулж, хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болжээ. Одоо тус улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, хүмүүс татвараа 5 минутанд мэдүүлж, татварын буцаалтаа 5 хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн албан ёсны имэйлтэй болжээ. Энэ имэйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2005 онд л гэхэд иргэд нь сонгуулиа цахимаар өгсөн дэлхийн анхны орон болсон. Энэ нь манайд хэрэглэдэг “хар машин”-тай харьцуулахааргүй бөгөөд технологийн дэвшил төдийгүй төсөв хэмнэсэн, системийн хувьд дээд зэргээр хамгаалагдсан, тус улсын иргэд дэлхийн хаанаас ч саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн байна. Дэлхий нийт мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа нь Эстони Улсад улам их боломж олгож байгаа төдийгүй иргэд нь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигагүй хүртэж хэвшсэн нь хамгийн чухал юм. Учир нь тэдний баялаг оюун ухаандаа байдаг. Баялгийн энэ“уурхай” шавхагдашгүйаж.
Тиймээс Эстони Улсын энэхүү “Цахим засаглал” буюу “шавхагдашгүй баялаг”-ийн төлөвлөлтийг нарийн судалж, Монголд нутагшуулан төрийн бодлого болгох хойшлуулшгүй шаардлага байна. Ингэвэл уул уурхай, байгалийн баялгаас илүү оюуны “шавхагдашгүй уурхай”-гаа ашиглах бас нэг боломж буюу хөгжлийн өөр нэгэн гарц ирээдүйн 25 жилд Монголд бий болно гэсэн үг юм.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ