Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулан, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч байгаа өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтлах”-аар тусгасан билээ.
2016 онд Засгийн газар байгуулагдах үед эдийн засгийн өсөлт 1.6 хувьд хүрч буурсан, төсвийн нэгдмэл байдал алдагдаж олон зэрэгцээ төсөвтэй болсон, төсвийн алдагдал ДНБ-ий 15.3 хувьд хүрсэн, Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьд хүрсэн зэрэг эдийн засаг, төсвийн бодит бэрхшээл, сорилт тулгараад байсан.
Засгийн газар нэн тэргүүнд эдийн засгийн хүндрэлээс гарахад анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7-8 хувиар өсөх төлөвтэй байна.
Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг арилжааны банкуудаас авдаг байсныг зогсоож, өмнөх зээлүүдийг буцаан төлснөөр хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын төсөвт ирэх хүүгийн дарамтыг бууруулаад байна.
Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлт гарч байгаа нь эдийн засгийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн юм.
Миний бие Ерөнхий сайдаар томилогдохдоо “Төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгах, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална” гэдгээ чуулганы индрээс хэлсэн.
Энэ дагуу төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж, баталсан төсөвт нэмэлт, өөрчлөлт, тодотгол оруулахгүйгээр мөрдүүлэн, Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.
Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарсан үзүүлэлт болсныг Та бүхэн мэдэж байгаа.
Эрдэс баялгийн орлогыг тэнцвэртэй хуваарилах, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг санхүүгийн хөрөнгө болгон ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус санд 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 368.2 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байгаа бөгөөд манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм.
Эрхэм гишүүд ээ,
Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэн мөрдүүлэх, авлига, хээл хахуулийг хязгаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг тусгалаа.
Зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг татварын шинэчлэлийн хүрээнд эхлүүлнэ.
Тухайлбал, ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт хоёр дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн найман хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байна.
Татвар хураалтын хялбаршуулсан горим нэвтрүүлж, бүртгэл, тайлагналт, төлөлтийг бүрэн цахимжуулан, татварын тайлагналтын давтамжийг бууруулахын зэрэгцээ нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг улирал тутам олгодог болно. Мөн иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулна.
Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, нэвтрэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр боомтод зорчигч болон ачаа тээврийн барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ бүхий дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламжийн цогцолборуудыг 2020 онд барьж дуусгах юм.
Гаалийн шинэчлэлийн үр дүнд Замын-Үүд боомтын өдөрт нэвтрүүлэх зорчигчдын тоо дөрөв дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин, Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал гурав дахин, Алтанбулаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэхээр байгаа нь гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх болно.
Түүнчлэн, 2020 онд газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, газрын бүртгэлийг цахимжуулах, ил тод болгох ажил хийнэ. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, сум, дүүргийн орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг сайжруулах зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг харьяалах сум, дүүрэгт хуваарилахаар тооцлоо.
Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх болно.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас сонирхолд тохирсон мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд зохих хөшүүрэг хэрэгтэй байна. Мэргэжлийн боловсролын төвийг төгсөгчид ажлын байртай болох нь их, дээд сургууль төгсөгчдөөс илүү байгаа бөгөөд энэ хэрээр мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ Монгол Улсад өндөр байна. Иймд мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг хоёр дахин нэмж 200 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөлөө.
Сургуулийн өмнөх болон бага боловсролын тогтолцоонд хамрагдсан хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцаж байгаа хэдий ч хоол хүнснээс авбал зохих амин дэм, эрдэс бодисын зохистой норм хангагдаж чадахгүй байна. Иймд эдийн засаг, төсвийн боломжоос шалтгаалан 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай хөтөлбөр” болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлж, зохистой хэмжээнд хүргэхээр тооцлоо.
Төрийн өмчийн эмнэлгүүд болон сумын эрүүл мэндийн төвд олгодог тусламж, үйлчилгээний төлбөрийн тариф нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад олгодог тарифаас ойролцоогоор хоёр дахин өндөр хэдий ч үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувьд хангалтгүй байгаа бөгөөд орон нутагт хувийн хэвшлийн үзүүлсэн үйлчилгээний тоо хэмжээ нь 2.8 дахин их байгаа юм.
Иймд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад давуу боломж олгосон бүх шатлалын тусламж үйлчилгээний тарифыг шинэчлэн тогтоох замаар адил боломж нөхцөл, өрсөлдөөн бүхий иргэнд ээлтэй, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг бий болгох цаг нь болсон байна.
Түүнчлэн, үзлэг оношилгоо, эмийн сан, эмнэлэг хоорондын уялдаа сул байгаагаас шалтгаалж үйлчлүүлэгч эдгээр байгууллагуудын хооронд чирэгдэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс эдгээр үйлчилгээг нэг дороос, бодит өртөг шингэсэн тарифын дагуу санхүүгийн нэмэлт дарамтгүйгээр авах боломжийг бий болгоно.
Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудаа хэрэгжүүлэх болно. Энэ хүрээнд:
Нэг. 2014 оноос хойш нэмээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно.
Гурав. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны 2 дугаар сард баталсан боловч эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан 2 удаа хэрэгжилтийг хойшлуулсан. Иймд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэгэн зэрэг олгохын зэрэгцээ тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн.
Дөрөв. Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, орлогын баталгаат байдлыг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих шийдвэр, зохицуулалтыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, сайн дураар даатгуулсан болон нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг хөнгөлөх зэрэг болно.
Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг байх болно. Сүүлийн гурван жилд уул уурхайн хайгуул, ашиглалтын талбай бүхий 191 суманд байгаль орчны эсрэг гэмт хэргийн 670 тохиолдол бүртгэгдэж, 7.3 тэрбум төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Энэ төрлийн гэмт хэрэг цаашид нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан хяналт, хамгаалалтыг сайжруулж, уул уурхай бүхий газар нутгийн унаган төрхийг сэргээх, хамгаалах зорилгоор Экологийн цагдаагийн алба байгуулахаар төлөвлөлөө.
Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.
Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монгол Улсад жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлж 8.1 тэрбум төгрөгт хүргэнэ.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд төсвөөс олгох дэмжлэг, урамшууллыг оновчтой хуваарилж, салбарын өсөлтийг дэмжихэд олгох хөрөнгийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны төсөвт тусгагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй зарим төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгалаа.
Эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулна.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний өв соёл, урлаг, үзвэрийн барилга байгууламжийг сайжруулах замаар уг салбараас олох орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
Дээр дурдсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсрууллаа.
Төсвийн төслийн хамт Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцлэх, зориулалт, эх үүсвэр, санхүүжилт, зарцуулалтыг нь ил тод, оновчтой, хяналттай болгох, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилго бүхий Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж байна гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
Улс төр
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ.
Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ.
Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.
Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болжээ. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна.
Түүх сөхвөл анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргаж, тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ. Улмаар 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” хэмээн заасан байдаг.
Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.
Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.
Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэн дэлхийн олон орны сонорт хүрсэн түүхтэй. Хэдийгээр тухайн цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө БНХАУ, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм. Анхдугаар Үндсэн хуулинд “… улсын дээд эрхийг жинхэнэ ардад … эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ.
Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм.
Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.
Тиймээс хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр24 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр46 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр45 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр48 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр