Улс төр
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 17-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9-д “Төсвийн төслийг дараахь 4 үе шаттайгаар хэлэлцэнэ”, 25.9.1-д “нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд төсвийн төслийн талаар нэгдсэн хуралдаанд илтгэл тавина” хэмээн заасан байдаг. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд төслийн төслийн талаар танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд үдээс хойших хуралдаан асуулт, хариултаар үргэлжилсэн.
УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүн, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тайлбар авсан. Засгийн газрууд сүүлийн жилүүдэд макро түвшний олон асуудал шийдвэрлэж ажилласныг гишүүд тэмдэглэж байв. Нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангах бүтээн байгуулалтын монголын талаас гаргах 10 хувийн хөрөнгө оруулалт буюу 70 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан эсэхийг О.Батнасан гишүүн тодруулж, Ч.Хүрэлбаатар сайдаас тайлбар авав. 2016-2019 он эдийн засгийн хүнд сорилтыг туулсан жилүүд байсан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг нэмэх болгох, өрийн дарамтыг бууруулж, төсвийн алдагдлыг багасгах, төсвийн сахилга батыг сайжруулах, ОУВС-тай хамтран ажилласны үр дүнд дампуурлын ирмэг дээр байсныг өнөөдрийн түвшинд хүргэхээр өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан болохыг тэрбээр дурдсан. Өнөөдрийн хэлэлцэж буй төсвийн төслийг ач холбогдлыг тэрбээр чухалчлаад аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийг хэр анхаарсан болохыг лавлаж асуусан. Түүнчлэн гадаад болон дотоод эрсдэл өндөр байгаа учраас төсвийн орлогыг бодитой төлөвлөх, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хангалтгүй байгааг анхаарах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн өртөгт хязгаар тогтоох аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай гэдэг саналыг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. 13.8 их наяд төгрөгийн зарлагатай, 11.7 их наяд төгрөгийн орлоготой, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг хэлэлцэж буйг тэрбээр онцлоод төсвийн алдагдлын талаарх төлөвлөлтийн талаар тодруулсан.
Сангийн сайд, АНУ, БНХАУ-ын хооронд болж буй худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн эрсдэл учруулж байгаа, санхүүгийн зах зээлд хуримтлагдаад буй эмзэг байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн бууралт ирэх оны төсвийн жилийн гадаад эрсдэлд зүй ёсоор тооцогдож байгааг тайлбарлав. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл, “саарал жагсаалт”-тай холбоотойгоор банкуудын активын эх үүсвэрийн шалгалт банкуудтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд, өвөлжилтийн нөхцөл байдал зэрэг дотоод эрсдлүүд бий тул нөхцөл байдлыг бодитоор үнэлсний үндсэн дээр тооцоо, судалгааг хийж төсвийн төслийг боловсруулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Хоёр их наяд төгрөгийн алдагдал нь тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал бөгөөд нийт орлого, тэнцвэржүүлсэн орлого гэдэг ялгаатай ойлголт болохыг тайлбарласан. Тэнцвэржүүлсэн орлогод тогтворжуулалтын болон “Ирээдүй өв сан”-гийн орлогууд тооцогдоогүй болохыг хэлж байв. Эдгээрийг тооцвол нэг их наяд төгрөгийн алдагдал гэж тооцож болох ч гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд төсөвт орлого талд бүртгэлгүй, зөвхөн зардал хэмээн бүртгэгддэг учраас төсвийн алдагдал болж харагддаг гэлээ. Ямар ч тохиолдолд төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл, бондын хүүгээр нөхөхгүй гэдэг зарчмыг баримталжээ. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг л улсын төсвөөс санхүүжүүлэх зарчим баримталж байгааг Сангийн сайд хэлсэн. 100 төгрөг зарцуулаад 48 төгрөг нь л эргэн төлөгдөж, үлдсэн 52 төгрөг нь алдагдал болдог сангууд руу хөрөнгө оруулахын бол үр дүнгүйгээс эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг бууруулна хэмээн үзжээ. Төсвийн төслийг “ил тод, үр ашигтай, цахим” хэмээн тодотгон томъёолсон бөгөөд эдгээрийг хангах, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буйгаа хэлсэн.
Эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд төсвийн хэмнэлтийн хүрээнд батлан хамгаалах салбарын нийгмийн хамгааллыг дордуулсан 4 өөрчлөлтийг эдийн засаг өсөлттэй болж, төсөв ашигтай болох үед зохих ёсоор шийдвэрлэнэ хэмээн Сангийн яам, Засгийн газраас хэлж байсан шийдвэрээ эргэн санахыг Ж.Энхбаяр гишүүн сануулж байв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ядуурлыг бууруулах, баялаг бүтээх, ажлын байр бий болгох, аж ахуйн нэгжээ дэмжих, үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлсон төсөв байх шаардлагын талаар санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн худалдаа нь улсын төсөвт ямар ч орлого, ашиг авчирдаггүйг шүүмжлээд байгалийн баялаг ашиглалтын чиглэлээр төр тусгай бодлого гарган, баялгийн оновчтой, үр ашигтай, хүртээмжтэй менежментийг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун концессын гэрээний өртгийн өсөлтийг шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат аймгуудын төсвийн хуваарилалт илт зөрүүтэй байгааг шүүмжилж байв. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх төсвийг төсөлд тусгасан байгааг онцоллоо. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Эрүүл мэндийн даатгалын сангаас төр-хувийн хэвшлийн эрүүл мэндийн тарифын зардлыг адил олгох тухай хуулийн төслүүдийн хүрээнд олон жил яригдсан асуудлуудыг энэ удаагийн төсвийн төсөлд шийдвэрлэн, засаж залруулан зөв голдиролд оруулах алхамыг хийж, ахиц дэвшил гаргаж буй ач холбогдлыг тэмдэглэн хэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Д.Ганболд, Х.Нямбаатар нар нийслэлийн хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэхтэй холбоотой тайлбар, мэдээлэл, саналыг гаргаж, Засгийн газрын гишүүдээс хариулт, мэдээлэл авсан. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд чухал байр суурь эзэлдэг Өмнөговь, Орхон аймгуудын төсвийн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Содбилэг нар байр сууриа илэрхийлж, Сангийн сайдаас тодруулга хийж хариулт авсан. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн сал барыг төрөөс дэмжих асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагын талаар санал гаргав. УИХ-ын гишүүн М.Энхболд төсвийн төслийн хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, Засаг дарга нарыг оролцуулан байр суурийг сонсох, төсвийн төслийг уялдуулах чиглэлээр тодорхой ажлыг дөрвөн шатны хэлэлцүүлгийн аль нэгд хийх саналыг гаргасан. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.2-т “хоёр дахь хэлэлцүүлгээр бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төсвийн төслийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж гарсан санал, дүгнэлтийг томъёолон Төсвийн байнгын хороонд өгөх ба тус хороо эдгээр болон гишүүдийн гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд нэгдсэн хуралдаан санал тус бүрээр ил санал хураалт явуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, намын бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
Улс төр
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ.
Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ.
Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.
Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болжээ. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна.
Түүх сөхвөл анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргаж, тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ. Улмаар 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” хэмээн заасан байдаг.
Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.
Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.
Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэн дэлхийн олон орны сонорт хүрсэн түүхтэй. Хэдийгээр тухайн цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө БНХАУ, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм. Анхдугаар Үндсэн хуулинд “… улсын дээд эрхийг жинхэнэ ардад … эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ.
Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм.
Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.
Тиймээс хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр34 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр33 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр36 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр