Бусад
Хог хаягдлаар хүний хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ инженер, эдийн засагч, сэтгүүлч мэргэжилтэй П.Цэнд-Аюушийг урилаа. Тэрбээр хийж бүтээх хүсэл эрмэлзэл бүхий үе тэнгийн бүсгүйчдүүтэйгээ нэгдэж, хаягдал хогийг дахин боловсруулж, хүний амьдрал ахуйд хэрэгтэй олон бүтээлийг хийж эхлээд таван жил болжээ.
“Анх бид интернэтээс бичлэг үзээд, хийж эхэлсэн. Хоорондоо ярилцаж, хамтдаа “Депужик хөгжүүлэгч монголд” нэртэй групп байгуулж, өнөөдрийг хүртэл амжилттай ажиллуулж явна. Олон бүтээл хийснээс онцлох нь хаягдал сонингийн цаасаар ахуйн хэрэглээнд хэрэглэж болохуйц талхны сав, ээмэг бөгж, зүү утасны хайрцаг, нярай хүүхдийн ор, шүүгээ, төрөл бүрийн хэмжээтэй сагс, цүнх, сувинер зэргийг депужик урлалаар чимэглэж хийжээ. Хаягдал болсон сонингийн цаас хаа нэгтээ гудамжинд хөглөрөх нь бий. Үүнийг цуглуулж, зориулалтын будгаар будаж, чимэглэж, урлал болтол нь хөгжүүлж бүтээгдэхүүн болгоно гэдэг өнөө цагт өртөг багатай хэрнээ цаг үеэ мэдэрсэн бизнес.
Сонины цаасыг ашиглахаас гадна шил, лааз, ундааны сав, чулуу, арилгасан ногооны хальс зэргээр хүртэл будаг нь ханхалсан шинэ бүтээл хийдэг байна. Тэрбээр “Гэртээ хүүхдээ харж байхдаа интернэтээс ийм урлал байдаг талаар мэдэж авсан. Бүтээгдэхүүн хийх материал худалдаж аваад бичлэг үзээд өөрийнхөө хэмжээнд олон удаа туршилт хийж, сурсан. Тухайн үед илүү ихийг хийхийн тулд интернэтээр декупаж урлалтын талаарх мэдээллийг уншдаг байлаа. Тэгж яваад Тунгалаг багш сургалт заадаг талаар мэдэж авсан. Тодорхой хэмжээнд хийгээд сурсан ч Тунгалаг багшийн сургалтад хамрагдаж олон зүйлийг хийж сурсан даа” гэв.
Депужик урлал нь Монгол гэлтгүй гаднын олон оронд хөгжиж байгаа гар урлал төдийгүй олон хүн хийж, орлого олдог нэг төрлийн үйлдвэрлэл болоод буй. Урлал болгохын хажуугаар ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн болгон ашиглана. Нэг бүрчлэн гараар хийдэг учир дэлхий дахинд өндөр үнэтэй зарагддаг гэдэг. Харин манайд хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг ч үнэлж чадахгүй хямдхан борлуулдаг байна.
Нөгөөтэйгүүр гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд болон, ахмадын болон хүүхдийн асрамжийн газрынханд зааж өгч орлого олох боломжийг нээж өгдгөөрөө онцлог. Энэ хэрээр цагийг зөв боловсон өнгөрөөж бүтээлч амьдрах сэдлийг өгдөг аж.
Ингээд депужик урлалын Монголд хөгжүүлж яваа П.Цэнд-Аюуштай цөөн хором хөөрөлдсөн юм.
-Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр манай улсад төдийлөн хөгжөөгүй. Энэ үед эмэгтэйчүүд нэгдээд шил, лааз, сонины цаасаар бүтээл хийж байгааг харахад бахархаж байна. Танай гэрээс бараг хог гардаггүй байх даа?
-Тийм ээ, хог гардаггүй. Бид юмханаар юм хийдэг хүмүүс. Хог хаягдлаа хүртэл ашиглаад амьдарч байна. Сонирхол нэгтэй ээжүүд нэгдэж урлантай болж байлаа. Эмэгтэйчүүд ажилдаа явахдаа гоёдог бол бид хэд харин ч эсрэгээрээ шил лааз, ундааны сав зэрэг хэрэглэж болох зүйлсээ уутанд хийгээд чирж ирээд л ажлаа эхэлдэг байсан. Анх урлангаа нээж байхад эмч, орчуулагч, сэтгүүлч, багш, аялал жуулчлалын менежер зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс хамтраад эхлүүлж байсан. Бидний хийж бүтээх хүсэл нэг зүг рүү хөтөлсөн юм. Нас, хүйсийн хувьд ч харилцан адилгүй. 13 настай охиноос 80-тай буурай урланд ирж сургалтад хамрагддаг.
-Анх хэдүүлээ нийлж урлангаа байгуулж байв. Таван жилийн хугацаанд энэ урлалыг хэрхэн хөгжүүлж, хэдэн гишүүнтэй болсон бэ?
-Долуулаа нэгдэж урлан болон фэйсбүүк группээ нээж байсан. Харин одоо хэд дахин өргөжиж, 11 мянган гишүүнтэй болсон. Нэг гишүүн маань бүтээл хийгээд оруулахад бусад нь дагаж хийгээд туршдаг их идэвхтэй групп. Хийж чадахгүй нэгэндээ үргэлж, зааж зөвлөж тусалдаг.
-Таны анхны хийсэн бүтээл юу байсан бэ. Уусан дарсныхаа шилийг хүртэл гоё болгож, дахин хэрэглэх боломжтой юм билээ?
-Миний анхны бүтээл бол талхны сав болон хувцасны сагс байсан. Том, өндөр сандлаар хэв авч байгаад хийж байлаа. Таван жилийн өмнө будаг, лак олдоц муутай, өндөр үнэтэй байсан учраас нэг удаа хөнгөн будалт хийгээд депужик урлалынхаа сальфитика нааж байсан. Одоо ч хэрэглэсээр байгаа. Импортоор орж ирдэг сагснуудаас эдэлгээ сайтай санагдсан. Хагарч, хугарахгүй таван жилийн турш хэрэглэсээр байна. Импортыг орлох бүтээгдэхүүн гээд урлангийнхан маань дэлгүүрүүдэд сагс нийлүүлж, худалддаг. Сонины цаасаар маш олон бүтээгдэхүүн хийж байна. Цэцгийн ваар, төрөл бүрийн сагс,хайрцаг, бичгийн хэрэгсэл, бал, хавтас, дэвтэр, номны тавиур зэрэг олон зүйлийг хийдэг. Сонин гэлтгүй, ном, сэтгүүлийн цаасыг хүртэл ашиглаж байгаа. Гэртээ байгаа шил, савыг будаж, чимэглээд гоё болгох хоббитой байлаа. Зарим хүмүүс гайхдаг л даа. Зүгээр тунгалаг байгаа аягыг заавал будах шаардлага байгаа юм уу гэдэг. Хобби учираас харагдсан бүх зүйлээ гоё болгочих гээд л.
-Өнгөрсөн хугацаанд холбоо хүртлээ өргөжин тэлжээ. Улсдаа төдийгүй гаднын уралдаан, үзэсгэлэнд оролцдог гэсэн. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хоёр жилийн өмнө Эко гар урлалын холбоо байгуулж, амьдрал ахуйд хэрэгтэй зүйлс хийж эхэлсэн. Холбоо нь дотор цаасан урлалынх ч гэж бий. Чимэглэл цаасан урлалын улсын уралдааныг таван жилийн турш зохион байгуулж байгаа. Орон нутгаас тэр дундаа Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас ч хүртэл ирж оролцдог. Бага ангийн багш нар ч оролцдог. Бага зардлаар бүтээлч байж болдгийг сурагчдадаа таниулан сурталчилж, зааж сургана.
-Сонины цаасаар ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хийж байгаа нь зөв жишиг санагдлаа. Төрөл бүрийн бүтээл хийжээ. Хийхэд ажиллагаа ихтэй биз?
-Мод ховордож байгаль сүйдэж байна гэдэг. Модыг огтолж, зүй зохисгүй ашиглаж байгаа энэ үед бид байгальд ээлтэй бүтээл хийгээд байгаа гэж боддог. Тэгэхээр огтолж хаясан модыг дахин боловсруулж байна гэсэн үг. Цаасаа мод болгодог гэж ойлгож болно.
-Будаг лак нь эко бүтээгдэхүүн гэсэн. Жирэмсэн болон бага насны хүүхэд ч хийхэд хоргүй гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. 100 хувь эко бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ямар нэгэн үнэр байдаггүй учир, хүүхэд хөгшин хүн гэлтгүй жирэмсэн эмэгтэй ч ашиглаж, бүтээгдэхүүн хийх бүрэн боломжтой. Өндөгний сагсыг хүртэл ашиглаад хайрцаг хийж болно. Өөрсдийнхөө дуртай өнгөөр чимэглэж, будаж болно. Гарын доорхи бүхий л материалыг ашиглах боломжтой. Үзэг, бал, халбага сэрээний савыг хүртэл лааз ашиглаад хийж байна. Мөн мах, гурилын мод ч хийдэг. Ваар, гахайг төрөл бүрээр нь зурж чимэглэж, боломжийн үнэтэй зарж байна.
-Хийсэн бүтээлүүдээ хэдэн төгрөгөөр зарж, борлуулдаг вэ?
-Хүн бүхэн бүтээлээ харилцан адилгүй үнээр зарж борлуулдаг. Хэр их ажиллагаа, цаг хугацаа орсноос шалтгаална.
-Сонирхсон хүмүүс сургалтад хамрагдах боломжтой гэсэн. Сургалт хэр хугацаанд үргэлжилдэг вэ?
-Манай урлан сургалт зохион байгуулдаг. Тухайн хүн өөрөө суралцах өдрөө сонгох боломжтой. Мөн сард, болон улиралд хичээллэдэг сургалт ч бий. Боломжийн үнэтэй. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ахмадын асрамжийн газар болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулаад үнэ төлбөргүй сургалт зохион байгуулдаг. Тухайн хүмүүсээ сургалтад хамруулаад орхидоггүй. Эргэх холбоотой ажиллахыг эрхэмлэж, хийж бүтээсэн зүйл болон сонин байгаа эсэхийг байнга тодруулдаг. Сонины бэлдэц буюу саваа хийж бэлдэж зардаг ахмадууд бий. 300 ширхэг савааг 5000 төгрөгөөр зарна. Зарим завгүй хүмүүст сагс хийхэд нь их хэрэг болдог.
-Анх хийсэн сагс одоо хүртэл байж байгааг харахад чанар сайтай хийдэг гэж ойлгож болох уу?
-Мэдээж чанарыг эрхэмлэж хийдэг. Тэгэхгүй бол борлуулж байгаа юм чинь асуудал үүснэ шүү дээ. Урлангийнхаа хажууд лангуу ажиллуулж хийсэн бүтээлүүдээ худалддаг. Мөн дэлгүүрүүд мөнгөний гахай болон ваар, сав, сагсийг авч борлуулах боломжтой.Монгол бичгээр үг бичүүлж болно.
-Таван жилийн өмнөх Цэндээг өнөөдөртэй харьцуулахад хэр өндөрлөгт хүрсэн бэ?
-Анх бол хоббигоороо хийдэг байсан. Харин одоо хүрээгээ тэлж, ажиллахыг зорьж явна. Олон хүнийг сургаж, амьдрал ахуйд нь бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийдэг. Нөгөө талаар бол цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой. Түүнчлэн хогны хэрэглээг бууруулдаг. Манай холбооны зүгээс эко урлал хийдэг хүмүүсийн дунд хогны хэрэглээний талаар судалгаа явуулсан байдаг.
-Судалгаа хийсэн гэсэн. Хэр үр дүн гарсан бэ?
-Урлал хийдэг 10 эмэгтэйгээс судалгаа авсан. Судалгаагаар гэрийн нийт хог хаягдлын 70-80 хувийг буцаагаад урлалдаа ашигладаг. Үүнд шил лаазны хаягдал 100, сонин картон 80, хуванцарын 90 хувийг буцааагаад урлалдаа ашигладаг гэсэн. Тэгэхээр хог гэж хаялгүй ашиглах боломжтой л гэсэн үг. Судалгаанд оролцсон айлуудаас сард дунджаар нэг айлаас таван шил, гурван лааз, хоёр хуванцар сав гардаг гэсэн байна лээ.
-Сургалтад багшилдаг хүмүүс мэргэжлийнх үү. Суралцасны давуу тал нь юу вэ?
-Сургалт явуулдаг багш нарын хувьд мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүс хичээл заадаг. Мэдээж олон давуу тал бий. Бүх төрлийн техник орно. Нааж, будна. Зурж, хайчилж, имэрч, мэдэрнэ. Мөн стресс маш сайн тайлагддаг. Сэтгэл засалд хүртэл эерэг нөлөөтэй. Нас хүйс харгалзахгүй сургалтад хамрагдах боломжтой. Хүүхдүүд хүртэл суралцах сонирхолтой. Гарын булчин хөгжүүлэхээс гадна хүүхдийн өнгөний, гоо зүйн мэдрэмж сайжирдаг. Мөн баруун, зүүн тархийг хөгжүүлдгээрээ давуу талтай. Зурж, чимэглэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд хүртэл сургалтад сууж, бүтээл хийх дуртай байдаг. Учир нь стресстэй үедээ цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ер нь бол манай урлан дээр ирээд будаг, лак, чимэглэл ашиглаад нэг өдрийг зөв боловсон өнгөрүүлэх боломжтой. Хүмүүс зөвхөн хаягдал хогийг ашиглаж хийдэг гэсэн буруу ойлголттой байдаг. Заавал хаягдал бүтээгдэхүүн гэхгүй. Арьс, даавуу, мод, чулуу, тэр ч бүү хэл гэртээ байгаа эд хэрэгсэлээ чимж, өнгө зүсийг нь сайжруулаад ашиглаж болно.
С.Ичинхорлоо
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр23 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө