Улс төр
C.Чинзориг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөвт анх удаа хөрөнгө тусгасан
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГТОЙ ярилцлаа.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Төсөвт иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ?
-Монгол Улсын 2020 оны төсөвт иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой хэд хэдэн чухал зорилтыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Ялангуяа, ирэх онд төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Мөн Төрийн албаны тухай хуулийг шинээр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдлийг олгодог болно. Үүнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэрээс гадна төрийн үйлчилгээний 128 мянган албан хаагчийг хамруулахаар 140 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Энэ бол төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш, эмч нарт шинээр олгож байгаа нэмэгдэл юм. Тодруулбал, цалингийнх нь дунджаар 10 хувийн нэмэгдлийг төрийн үйлчилгээний албан хаагчид олгоно. Түүнчлэн малчид болон эхчүүдтэй холбоотой хэд хэдэн хуулийг шинээр хэрэгжүүлэхээр тусгаад байна. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулахтай холбоотой хуулийг өнгөрсөн, оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 9000 орчим малчин дээрх хуулийн дагуу тэтгэврээ эрт тогтоолгосон байна.Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй олон зуун малчин бий. 250 орчим мянган малчин байгаагаас 20 орчим хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Үлдсэн нь нийгмийн хамгааллын гадна явна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг малчдад олгох хуулийг ирэх жилээс хэрэгжүүлнэ.
-Хуулийг хэрэгжүүлж эхлэхээр нийгмийн даатгалаа нөхөн төлөөд тэтгэвэрт гарах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад төсвийн ачаалал нэмэгдэх байх. Ер нь хэчнээн малчин нийгмийн даатгалаа нөхөн төлөөд тэтгэвэр тогтоолгохоор байна вэ?
-Нийт малчдын 80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас дээрх хуулийг хэрэгжүүлэхээр малчид нэлээд өргөн хүрээтэй хамрагдахаар хандах байх.
Бидний тооцоолсноор хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 200 гаруй тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд ирэх жил орж ирнэ. Үүнээс 40 орчим тэрбум төгрөг эргээд малчдын тэтгэвэр болон гарах юм байна гэсэн тооцоог гаргасан. Тэгэхээр малчдынхаа нийгмийн хамгааллыг шийдвэрлэсэн үр дүнтэй ажил болно.
Манай улс Үндсэн хуульдаа “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалттай хэрнээ сүүлийн 20 гаруй жил малчдаа ч, малаа ч төрийн бодлогын гадна орхисон гэхэд хилсдэхгүй. Малын эрүүл мэнд, үржил селекцийн асуудал төрийн бодлогын гадна хяналтгүй байсаар ирсэн. Тиймээс уг хуулийг гаргаснаар малчдадаа нэг удаа дэмжлэг үзүүлье, малчдын хөдөлмөрийг үнэлье гэж байгаа юм.
ДААТГАЛ ТӨЛДӨГГҮЙ ЭЭЖҮҮДИЙН ШИМТГЭЛИЙН 50 ХУВИЙГ ТӨСВӨӨС ҮЛДСЭНИЙГ НЬ ӨӨРӨӨ ТӨЛДӨГ БОЛНО
-Ирэх онд ээжүүдтэй холбоотой хэд хэдэн арга хэмжээг авахаар байгаа. Ялангуяа, гурав хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд илүү их боломжийг олгож байгаа юм билээ. Үүнээс гадна ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?
-Нийгмийн даатгалын сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоотойгоор эхчүүдтэй холбоотой хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох хуулийг хэрэгжүүлнэ. Мөн сайн дурын болон заавал даатгалд хамрагдсан ээжүүд жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ ялгаатай авдаг.Заавал даатгалд хамрагдсан ээжүүд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувь авдаг. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжүүд цалингийн 70 хувиар бодож авдаг. Тиймээс сайн дурын даатгалд хамрагдсан ээжүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувь авдаг болгох хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Мөн 0-3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдийн нийгмийн даатгал тасалддаг. Үүнтэй холбогдуулан эхчүүд хүүхэд төрүүлэхээр нийгмийн хамгааллын асуудал нь хохирдог. Үүнд нэлээд өөрчлөлтийг оруулсан.
Тодруулбал, хүүхдээ гурван нас хүртэл харж байгаа ээжүүдэд тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөгддөг байх хуулийг ирэх оны эхний өдрөөс хэрэгжүүлнэ. Заавал даатгалд хамрагдсан ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл нь харж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь хариуцан төлдөг. Сайн дурын даатгалд хамрагдсан ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл харж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдсэнийг нь Нийгмийн даатгалын сангийн тэтгэмжийн сангаас төлдөг байхаар, даатгал төлдөггүй бол нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс, талыг нь өөрөө төлдөг байхаар зохицуулсан. Ингэснээр олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг уртасгах, тасалдахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
-УИХ-ын эмэгтэй гишүүд тэтгэвэрт эрт гаргасан эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг төсвийн хүрээнд шийдэх боломжтой юу?
-1991 онд ажлын байр чөлөөлнө гэдэг нэрийдлээр 44 мянган эхийг нас нь болоогүй байхад тэтгэвэрт гаргасан байдаг. 1996 онд тэтгэвэрт гарах эрх үүсээгүй байна гэдэг шалтгаанаар тэдний тэтгэврийг зогсоож нөхөн олговор болгосон.Эдгээр ээж эрт тэтгэвэрт гарснаас улсад ажилласан жил бага учир тэтгэврийг нь бага тогтоосон. Тиймээс Засгийн газраас төсвийн төсөл өргөн барихдаа 1991 онд гарсан хуулиар нас нь болоогүй байхад эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэврийг нэг удаа нэмэгдүүлэх талаар хуулийн төсөл өргөн барьсан. Эдгээр ээжүүдийн тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан юм. Төслийг өргөн барьсны дараа УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх утга, агуулга бүхий хуулийн төслийг хүлээн авч, хэлэлцүүлж байна. Ингэхдээ ээжүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талар Төсвийн тухай хуульд тусгасан учир эмэгтэй гишүүдийн өргөн барьсан хуулийг Төсвийн тухай болон түүнийг дагалдуулан өргөн барьсан хуулиудтай хамтатган хэлэлцэхээр болсон юм. Эдгээр арга хэмжээнд зориулан ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөгийг тусгаад байна. Ер нь нийгмийн даатгалын хууль тогтоомжуудтай холбоотой өөрчлөлт оруулж байгаа учир Нийгмийн даатгалын сангийн зарлага нэмэгдэж байгаа. Нөгөө талаасаа малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж байгаатай холбоотой нийгмийн даатгалын орлого 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ жил гэхэд Нийгмийн даатгалын сан улсаас 600 сая төгрөгийн татаас авч ажиллаж байгаа бол ирэх жил 300 сая төгрөгөөр буурах тооцоог хийж байна.
-Ирэх онд инфляцын түвшинтэй уялдуулан цалин, тэтгэвэр нэмцэ гэж байгаа. Орлого тогтворгүй, бараг ганцхан эх үүсвэртэй байгаа үед тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ гэж жилийн өмнөөс мэдэгдэх нь үнийн хөөрөгдөл үүсгэх эрсдэлтэй биш үү. Ер нь орлого тогтворгүй байхад халамжийн бодлогыг нэмэх нь хэр зөв шийдэл вэ?
-Төр, засаг иргэдийнхээ амьжиргаатай холбоотой асуудлыг ярих нь зүй ёсны хэрэг. Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил боллоо. Зах зээлийн харилцаа эдийн засгийнхаа утга, агуулгаараа төлөвшиж чадаагүйн илрэл. Ер нь үнийн зах зээлд төр оролцдоггүй, үнийг тогтоодоггүй. Эрэлт, нийлүүлэлтийн заагт үнэ тогтдог. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжээд өчнөөн жил болчихоод цалин, тэтгэвэр нэмэх сургаар автоматаар үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид нь бүтээгдэхүүний үнээ нэмээд байна гэдэг зах зээлийн харилцаа төгс төгөлдөр болж чадахгүй байгаатай холбоотой. Цалин, тэтгэврийг инфляцын түвшнээр уялдуулж нэмэх нь хоёр талын ач холбогдолтой. Иргэдийн худалдан авах чадварыг хадгалж байна. Хэрэглээнд гарч байгаа өсөлтийг инфляцын түвшингөөр нөхөж байгаа. Нөгөө талаас цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ гэдэг үнийн хөөрөгдөл гаргахгүй байх эдийн засаг, санхүүгийн гол механизм юм.
-2020 оны төсвийн хөрөнгө оруулалтыг хэт ялгавартай тавьсан гэх шүүмжлэл өрнөж байна. Тухайлбал, Хэнтий аймагт 135 тэрбум төгрөг байхад Дундговь аймагт 1.9 тэрбум төгрөг тавьсанд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ талаар бүлэг дээр ярьсан. Орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалтыг чиглүүлэхээс өөр арга байхгүй. Манай улсын хувьд газар нутаг том, хүн ам цөөнтэй, дээр нь тархуу суурьшсан байдаг ч алслагдсан гээд орон нутагт хөгжилгүй байна байна гэж байхгүй. Тиймээс орон нутагт хөрөнгө оруулалт шаардлагатай. Улаанбаатар хотод нийт хүн амын 48 хувь нь суурьшаад байна. Тиймээс нийслэл рүү чиглэсэн нүүдлийг бууруулъя гэвэл орон нутагт дэд бүтцийн хөгжлийг бий болгох, хаана ч хүмүүсийн ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх нь төр засгийн, үүрэг. Харин Хэнтийд тавьсан хөрөнгө оруулалтын асуудлыг би сайн мэдэхгүй. Засгийн газраас өнгөрсөн жил Хэнтий аймгийг аялал жуулчлалыг хөгжүүлэх гол бүс нутаг болгоно гэж зарласан. Үүнтэй холбогдуулан аялал, жуулчлалыг татах, эзэн Чингис хаантай холбоотой бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр байгаа. Үүний хүрээнд төсөвт ахиу хөрөнгө оруулалт тавьсан байх.
ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧИЙГ 50 ХУВИАР БУУРЖУУЛНА
-Ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлттэй холбоотой санхүүжилтийг хэрхэн тусгасан бэ. Ер нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр салбар яамнаас ямар арга хэмжээ авах вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ирэх онд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авна. Тухайлбал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан гадаадаас авах ажиллах хүчийг 50 хувиар бууруулна гэсэн зорилтоо бүрэн хангана. Ингэснээр дотооддоо ажилгүй байгаа залуусыг ажлын байртай болгох бодлогоо хэрэгжүүлнэ. Мөн ажилгүйдлийг бууруулах гол арга бол Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа залуучуудад дэмжлэг үзүүлэх, сонирхлыг нь хөхиүлэн дэмжих зайлшгүй шаардлага бий.
Ер нь МСҮТ-ийг төгсч байгаа залуусыг ажлын байраар 100 хувь хангах боломжийг бий болгоно. Нэг хэсгийг нь бүтээн байгуулалтыг даган бий болж байгаа ажлын байранд зуучилна. Нөгөө хэсгийг нь өөрт бий болгосон ур чадвар, чадавхад нь тулгуурлан өөртөө болон бусдад ажлын байр бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ингэж чадвал МСҮТ-ийг төгсч байгаа залуучуудыг 100 хувь ажлын байртай болгох боломж бий. Үүний дагуу МСҮТ-д суралцаж байгаа залуусын тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөг болгож байгаа. Нийт 73 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаад байна. Ирэх жилийн төсвийн нэг онцлог нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөрөнгө тусгасан явдал юм. Учир нь, сүүлийн 20 жил Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зориулж хөрөнгө тусгадаггүй байсан. Сайн, муугаар хэлээд байгаа гадаадаас авч байгаа ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг явуулж ирсэн. Тиймээс энэ талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцсаны дүнд 2020 оны улсын төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулж 40 тэрбум төгрөгийг тусгаснаараа онцлог боллоо.
ЕРӨНХИЙ САЙД КАБИНЕТАА БҮРДҮҮЛДЭГ, ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙХ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхийг дэмжлээ. Та сөрөг хүчнийхний тавьж байгаа гурван саналд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжсэн саналуудыг эргэж харах, гуравдугаар хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт оруулах боломж үүслээ гэж үзэж байна. Гэхдээ УАН-ын санал болгбж байгаа гурван саналаас Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилдог байх саналыг шууд хүлээгээд авчих боломжтой гэж харж байгаа. Ер нь энэ санал УИХ-ын 64 гишүүн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны төсөлд байсан. Явцын дунд гишүүдийн байр суурь өөрчлөгдөж, хоёрдугаар хэлэлцүүлэгт уг санал олонхын дэмжлэг авалгүй унасан. Тиймээс парламентын засаглалыг төгөлдөржүүлье гэвэл Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг, хариуцлага тооцдог байх боломжийг нь өгчих ёстой гэсэн бодолтой байдаг. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, сонгуулийн тогтолцоог холимог болгох саналд гишүүдийн дунд маргаан өрнөх болов уу. Миний хувьд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг хүлээж авахад болохгүй зүйл байхгүй.
Монгол Улс сүүлийн 20 жил хөгжихгүй байгаа нь ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч, парламент, Ерөнхий сайд гээд олон толгойтой байгаа учраас асуудлууд хүндрээд байна гэж хардаг. Тиймээс энэ саналыг хүлээгээд авчих нь зөв.Гэхдээ үүнд хоёр болгоомжлол бий. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч нь Ард нийтийн санал асуулгаар “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэдгийг асуулгахаар ярьж байгаа хүн парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог байхыг дэмжихгүй болов уу. Хоёрдугаарт, ард, иргэд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох ёстой гэсэн байр суурьтай байдаг юм билээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн болон ард түмний байр суурийг харгалзан авч үзэх болов уу. АН ч өөрийн намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэйгөө ойлголцож байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
Сонгуулийн холимог тогтолцооны хувьд би жижиг тогтолцоогоор явах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Ер нь иргэд нэр хүнд муутай, элдэв хэрэгт орооцолдсон хүмүүс намын жагсаалтад орж ирдэг гэсэн асуудлаас болоод 2012 оны сонгуулиар холимог тогтолцоо дэмжлэг аваагүй. Тиймээс үүнийг бодох хэрэгтэй. Иргэдийн хувьд нэр дэвшигчийг нэлээд сайн судалж, хэлж ярихыг нь сонсч байж сонголтоо хийнэ гэсэн байр суурьтай байдаг. УИХ-аас гаргаж байгаа шийдвэр бол ард түмний хүсэл, сонирхолд нийцсэн байх учиртай. Ард түмэн сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй байхад бид иргэдийн эсрэг санал гаргаж болохгүй. Эдгээр асуудлыг шийдэхгүй бол АН-ын зөвлөл зөвшилцөлд оролцохгүйгээс гадна гуравдугаар хэлэлцүүлгээр батлахыг дэмжихгүй гэж байгаа. Ингэснээр улс төрийн нөхцөл байдал хүндрэх байна. Дээрх гурван саналыг бүлэг дэмжсэн гэсэн мэдээлэл байна.
-Тухайлбал,сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос мөрдөх санал гарсан гэсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?
-АН-аас тийм санал ирүүлж байгаа. Энэ талаар МАН-ын бүлэг эцэслэн яриагүй. Сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхыг 2025 оноос мөрдөх талаар санал гаргаад байгаа юм билээ. Энэ бол саналуудыг хэрэгжүүлэх хугацаандаа биш, улс төрийн намуудын төлөвшилтэй холбоотой асуудал. Улс төрийн намууд төлөвшсөн, үйл ажиллагаа нь тогтмол, тоглоомын дүрэм нь тодорхой, ядаж олон түмний хүсэн хүлээгээд байгаа хүмүүсийг жагсаалтад оруулж чаддаг чадавхтай болсон нөхцөлд болохгүй зүйл байхгүй. Холимог тогтолцоонд ч давуу тал бий. Улсын томоохон бодлого явуулахад чухал үүрэгтэй. Гэхдээ манай улс шиг газар нутаг томтой, хүн ам сийрэг оршин суудаг нөхцөлд жижиг тойргоор сонгодог байх нь хамгийн зөв шийдэл. Хэрвээ шууд сонгодог тогтолцоо байхгүй болчихвол алслагдсан сум, орон нутгийн хөгжлийн асуудал төрийн бодлогын гадна үлдэнэ гэсэн үг. Хэдий муугаар хэлээд байгаа ч жижиг тойргоор сонгуулийг явуулах нь зөв юм.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм19 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ