Улс төр
Саарал жагсаалтад ороход тодорхой үүрэг гүйцэтгэсэн хамаарал бүхий албан тушаалтнуудыг огцруулахыг шаардав
УИХ дахь Ардчилсан Намын Зөвлөлөөс өнөөдөр /2019.10.24/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсыг саарал жагсаалтад ороход тодорхой хэмжээний үүрэг гүйцэгэсэн хамаарал бүхий албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаагаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн юм.
Шаардлагад:
“Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Oлон улсын байгууллага FATF-ын ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо 205 улс, олон улсын байгууллагыг төлөөлсөн 800 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдаж 3 асуудал хэлэлцсэн бөгөөд үүний 2 дахь хэсэгт Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж үзэн “саарал жагсаалт”-д оруулсан. Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсон 4 үндсэн шалтгаан нь:
- Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам\
- Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Хууль сахиулах байгууллагууд\
- Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар,Хууль сахиулах байгууллагууд\
- Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгаа \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар\ зэрэг шалтгаанууд шалгалтаар илэрч, хяналтад орсон APG буюу FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул “Эрчимтэй хяналт”-д орсон билээ.
FATF болон APG-гийн олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсгийн хамтарсан уулзалтаас Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрт Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой 2017 оноос хойш өөрийн хариуцдаг салбаруудад чиглэсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, зохион байгуулалт уялдаа холбоогүй ажилласнаар хугацаа алдаж үр дүн гаргаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Монгол Улсад БНАСАУ-ын 1,500 орчим иргэд ажиллаж байгаа. FATF Монгол Улсад ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэд авсан цалингаа улс руугаа явуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна гэж үзэж “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх” гэх FATF-ын хоригийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон байна.
Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх талаар хангалтгүй байгаа зэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын шууд хамаарах асуудал юм. Тэрээр Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга юм.
Ц.Нямдорж тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд FATF байгууллагын 2017 оны сануулга ч түүнийг сайд болсноос хойш иржээ. Ц.Нямдорж сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм.
Гэтэл Ц.Нямдорж сайд ажлаа хийж чадсангүй, харин бурууг бусдад тохдог зуршлаараа Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруугаа Ардчилсан намруу чиглүүлэн “2015 оны наймдугаар сарын 6-нд Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар өссөн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа” гэж мэдээлсэн.
2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулиар далд эдийн засгийг ил болгох, нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгож цаашид үнэн зөвөөр бүртгэх, татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоож Хууль зүйн сайдын хэлсэнчлэн Монгол улсад нуун дарагдуулсан, татвараас зайлсхийж байсан 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон зэрэг нь эерэг үзүүлэлтээрээ FATF байгууллагын үйл ажиллагаа, хүсэл эрмэлзэлд чухамхүү нийцсэн хууль байсан гэдэг нь одоо маш тод харагдаж байна.
Монгол Улс саарал жагсаалтад орсон үндсэн 4 шалтгаан нь Хууль зүйн, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын ажилдаа хайнга ханддаг, популизмаар ажил хийдэгтэй шууд холбоотой гэдгийг Ардчилсан нам биш Олон улсын байгууллага дүгнэж дэлхий дахинаа дүнгээ зарласан.
Дээрх албан тушаалтнууд нь 2017 оноос хойш Терроризмтэй тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, хууль, санхүүгийн хяналтын байгууллагын уялдаа холбоо, зохион байгуулалт нэн сул байсны улмаас буюу хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа биелүүлээгүйн улмаас Монгол Улс FATF -ын “Саарал жагсаалт”-д орсон. 2017 оноос хойш FATF-ын 15 сарын хугацаатай хяналтын үед Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд 20 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хангалттай ажиллаж чадсангүй.
МАН 2008-2012 онд эрх барьж байхдаа мөн л FATF -ын шалгалтад унаж “саарал жагсаалт”-д оруулж байсан хар үйл явдал дахин давтагдлаа. Эрх баригчид Ардчилсан намруу буруугаа тохох санаархлаа хэрэгжүүлж 2012-2016 оны ажлыг дүгнэсэн мэтээр ард түмний тархи угаах оролдлого хийж байгаа нь амжилт олохгүй.
Эрх баригчид Монгол Улсыг “саарал жагсаалт”-д 2011 оны 6 дугаар сард оруулсныг Ардчилсан нам үр дүнтэй, эрчимтэй ажилласнаар 2014 онд саарал жагсаалтаас гаргаж байсан түүхтэй. FATF-ын энэ удаагийн хурал ч манай улсыг өргөтгөсөн /эрчимтэй/ хяналтад оруулж, хугацаатай үүрэг өгсөн 2017 оны даалгаврын гүйцэтгэлийг хэрхэн биелүүлснийг хэлэлцэж дүнгээ гаргасан юм.
Гэтэл дээрх хариуцлагагүй албан тушаалтнууд алдаа, дутагдлаа засаж, цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярихын оронд хэн нэгэнд буруугаа нялзааж, эсвэл “саарал жагсаалт”-д орсон ч ямар ч сөрөг нөлөөгүй, ямар нэг үр дагаваргүй мэт ярьж, өөрсдөө “уснаас хуурай гарах” оролдлого хийж байгаа нь жигшүүртэй.
Саарал жагсаалтад багтсан улс орнуудын гашуун сургамжаас харахад гадаад улсын банкнууд өндөр шаардлага тавих, зарим тохиолдолд хамтран ажиллахаас татгалзах, Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах, Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох, өндөр өртөгтэй төслүүдийн хөрөнгө оруулалтууд царцах, буцаан татах, хөрөнгө оруулалт шинээр нэмэгдэхгүй болох зэрэг эдийн засгийн хүндрэлүүд үүсэх, цаашлаад саарал жагсаалтад орсон шалтгаануудыг нэн яаралтай залруулах талаар эрчимтэй арга хэмжээ авахгүй бол Европын холбооны хар жагсаалтад ч орох ноцтой эрсдэл бий болдог.
FATF-ын хяналтын жагсаалтад орсон улсуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг харгалзсаны үндсэн дээр Европын холбоо Хар жагсаалтад оруулах асуудлыг шийддэг.
Монгол Улс саарал жагсаалтад орсноор Рио Тинто Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байна гэж “Австралийн санхүүгийн тойм”-оор мэдээлсэн. Одоогоор 5.3 тэрбум ам.долларын гүний уурхайд нэмж 1.2 -1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа ч удаашрах, цаашлаад татрах магадлал байна. Бусад өөр томоохон төслүүдэд ч адил сөрөг нөлөөтэй.
Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нь ажил үүрэгтээ хайнга хандсан, энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулахыг шаардаж байна” гэжээ.
Эх сурвалж: УИХ дахь АН-ын зөвлөлийн хэвлэлийн алба
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм19 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ