Бусад
С.Мандахбат: Үндсэн хуулийн 6.2-т орох нэмэлт, өөрчлөлт батлагдвал Монгол уул уурхайн салбаргүй болно
Хуульч , өмгөөлөгч С.Мандахбаттай ярилцлаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг УИХ хууль зөрчин явуулж байна гэж та үзэж байгаа бололтой. Ямар үндэслэлээр тэгж үзэх болов?
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах, санал авах, хэлэлцэх үйл ажиллагаа бүхэлдээ маш олон хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон. Хэрэв гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлвэл Үндсэн хуулийн цэцэд олон хуульч, иргэд мэдээлэл, өргөдөл гаргах л болох байх даа.
Нөгөө талаар, уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдвал уул уурхай салбар Монголд байхгүй болно. Та энэ зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлт хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарсан уу?
Үгүй юм байна. Байгалийн баялаг төрийн өмч үү, нийтийн өмч үү, төрийн нийтийн өмч үү гэсэн маргаан л их яваад байх шиг байсан. Хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөн бэ?
УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ганц өгүүлбэр нэмэхээр л байсан нь “Байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална.” гэсэн өгүүлбэр.
Харин Ерөнхийлөгчийн саналд энэ 6.2 дахь хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал орсон. Хуулийн төсөл боловсруулах нь нарийн арга техник, өндөр ур чадвар шаарддаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 4.1.2-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл” гэж хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг хэлнэ” гэж заасан байдаг. Өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулах ёстой төсөл нь мэргэжлийн бус хүн битгий хэл тусгайлан мэргэшсэн хуульчид ч ойлгохооргүй нэг заалт дотор 8 өгүүбэр оруулсан дур зоргоор бичигдсэн байсан л даа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Засгийн газраас саналыг нь заавал авах ёстой. 2017 оны дундуур өмнөх Ерөнхийлөгчийн (Ц.Элбэгдоржийн) Тамгын газрын даргын төсөлд өгсөн саналыг УИХ-ын цахим хуудсанд оруулсан байсан. 2019 оны зун төслийг өргөн мэдүүлэхийн өмнө нэр бүхий 62 гишүүн нь 2017 оны 7 дугаар сард сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг авалгүйгээр өргөн мэдүүлсэн нь энэ бүх бантангийн эхлэлийг тавьсан. Ингээд УИХ нь Ерөнхийлөгчөөс аваагүй саналаа нөхөж авах гэж оролдсоноос анх өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлал, зарчим бүрэн алдагдсан.
Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэг нь Ерөнхийлөгчийн санал орж ирсэнээр хэрхэн өөрчлөгдсөн юм бол?
Өргөн мэдүүлсэн төсөлд байгалийн баялаг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримталья л гэж байсан. Харин Ерөнхийлөгч 8 өгүүлбэрээрээ зарчмын цоо шинэ хэд хэдэн саналыг нэг заалт дотор тусгахаар оруулж ирсэн:
Нэгдүгээрт, байгалийн баялаг бол нийтийн өмч мөн,
хоёрдугаарт, онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялаг гэх ойлголт, гуравдугаарт, орд ашиглах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах,
дөрөвдүгээрт, татварын дараах ашгийн тавин нэгээс доошгүй хувь нь төрд ногдох,
тавдугаарт, баялагийн сан.Энэ саналууды Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бол хэлэлцэх ёсгүй байсан юм. Хэрэв хууль баримталсан бол байгалийн баялагийг ашиглахдаа хууль санаачлагчийн санал болгосон 4 зарчмаас хасах, өөрчлөх, эсхүл шинээр зарчим нэмэх эсэх гэсэн асуудлыг л хэлэлцэж болох байлаа. УИХ дээр Ерөнхийлөгчийн гаргасан санал болон зарим поп улс төрч гишүүдийн энэ мэт саналыг хэлэлцээд 6.2 дахь хэсэг маань тэс өөр агуулгатай болсон. Ерөнхийлөгч долдугаар сард өргөн мэдүүслэн санал, төслөө хоёрдугаар хэлэлцүүлэг хийгдсэний дараа 2019 оны есдүгээр сард өөрийн гаргасан бүх саналаа татлаа гэсэн албан бичиг УИХ-д өгсөн тул Ерөнхийлөгчийн гаргасан санал гэж одоо бол хэлж болохооргүй болсон. Гэхдээ энэ санал хэлэлцүүлгийг нэлээд өөр чиглэлд хандуулчихсан.
Байнгын хороо, УИХ-ын чуулган дээр хэлэлцээд энэ заалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Байгалийн баялаг ”төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” болгож өөрчлөх, газрын хэвлийн баялагийн үр өгөөжийг баялагийн санд төвлөрүүлэх, газрын хэвлийн баялагийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэн мэдэх эрх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох гэсэн дөрвөн өгүүлбэр нэг заалт дотор байгаа.
Эндээс гурван зүйл нь шинэ биш зүйл л дээ. Байгалийн баялаг төрийн өмч, эсхүл нийтийн өмч, эсхүл төрийн нийтийн өмч гэсэн маргаан хангалттай явсан. Баялагийн сангийн хувьд “Хүний хөгжлийн сан” гэж байгаад 2016 оноос “Ирээдүйн өв сан” гэдэг нэртэй болсон бие даасан хуультай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 1998, 2012 гээд онуудад батлагдсан иргэд энэ үнэлгээг угаасаа үзэх бүрэн эрхтэй, цахим хуудсанд тавиад одоо ч нээлттэй үзүүлэх боломжтой, шаардлагатай.
Харин хамгийн сүүлийн үр өгөөжийн дийлэнх гэсэн өгүүлбэр нь Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь чирж унагах аюултай заалт болоод байгаа юм.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн өгүүлбэр Монгол Улсын Үндсэн хуульд орсоноор ямар үр дагавар гарна гэж та бодож байгаа юм?
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн санааг анх Б.Чимид гуай гаргаж байсан байдаг юм. Яагаад гэвэл уул уурхайн салбараас орж байгаа асар их баялагийн төлөөх дайн, их мөнгөтэй холбоотойгоор Үндсэн хуулийг дур зоргоороо өөрчлөх гэсэн хандлага их гарах болсон. Ингээд Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиас тусдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай гэдэг тусгайлсан хуулийг УИХ-ын гишүүд санаачлан боловсруулж баталсан. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан, өргөн мэдүүлсэн, хэлэлцсэн процесс нь бүхэлдээ энэ хуулийг хэд хэдэн удаа ноцтой зөрчсөн гэж би үзэж байгаа.
Дээр дурдсан заалтын хувьд энэ ямар холбоотойг одоо тайлбарлая. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд төсөлд тавих нийтлэг шаардлагыг заасан. Энэ тавьсан хэд хэдэн шаардлагыг 6.2 дахь хэсэгт орсон заалтууд хангахгүй байгаа. Тухайлбал,
1) Монгол Улсын Олон Улсын гэрээнд харшлаагүй тухай болон хэрэв Монгол Улсын олон улсын гэрээтэй зөрчилдөхөөр байвал түүнээс гарах арга замыг тус тус тодорхойлсон байх;
2) Төслийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын санал авсан байх.
Нэгдүгээрт, стратегийн ач холбогдол бүхий цөөнгүй ордод гадаадын хөрөнгө оруулалт орсон байгаа, эдгээр хөрөнгө оруулагчийн байрладаг улс орнууд Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай болон бусад хэд хэдэн гэрээ байгуулсан. Энэ заалт анхнаасаа төсөлд өргөн мэдүүлээгүй байсан тул олон улсын гэрээтэй нийцэх эсэх дүгнэлт хийгээгүй;
Хоёрдугаарт, улс орны эдийн засаг, улс төрийн өндөр ач холбогдол бүхий ийм өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын саналыг авалгүйгээр баталж болохгүй. Ер нь бол салбарынхан, ард иргэд, олон нийтийн саналыг авах ёстой.
Та ордын үр өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдохыг эсэргүүцээд байгаа юм уу?
Мэдээж үгүй. Гэхдээ юм ойлгомжтой, тодорхой, бас хэрэгжүүлж болохуйц байх ёстой. Энэ заалт батлагдсан тохиолдолд ямар ч байсан нарийвчилсан зохицуулалтыг тодорхойлсон бие даасан хууль батлагдахаар байна. Энэ хууль ямар байх нь маш ойлгомжгүй, олон эргэлзээтэй зүйлийг бий болгоно.
Дийлэнх гэж яг хэдэн хувь бэ? 50+1, эсхүл 2/3, эсхүл 75% гэсэн эхний маргаан үүснэ. “Үр өгөөж” гэдэг нь өөрөө хувьцааны хувь, ногдол ашиг, татварын хувь гэдэг шиг тогтчихсон, нэгдсэн ойлголт болоогүй. Үүнийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй. Үр өгөөж нь дийлэнх болохгүй байна гээд өөрийгөө эдийн засагч гэсэн хүн бүр Үндсэн Хуулийн Цэцэд маргаан үүсгэх боломж гарч болзошгүй. Цэц тэгээд тооцоо хийгээд сууж байх уу.
“Стратегийн ач холбогдол бүхий орд” гэдэг ойлголт Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд байгаа ойлголтоо тодорхойлох уу. Монгол Улсын Үндсэн хуульд орсон анхны гадаад нэр томьёо энэ болох гээд байна.
Үр өгөөжийг ямар хугацаагаар тооцох вэ? Томоохон ордуудын ашиглалт өөрөө 30-аас дээш жил байдаг. Ордын техник, эдийн засгийн тооцоолол бол урт хугацаанд хийсэн цэвэр таамаг, Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ яаж ч өөрчлөгдөж болно, техник технологийн өөрчлөлт ч байнга хийгдэж байна. Энэ өөрчлөлтийг дагаад үр өгөөж байнга л өөрчлөгдөнө. Уул уурхай өөрөө эхний 10-15 жил маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаад үр өгөөжөө өгч эхлэх буюу хөрөнгө оруулалтаа нөхөж эхэлдэг. Үр өгөөж бол цэвэр таамаг төдий зүйл бөгөөд уурхай бүр хаагдсаны дараа л үр өгөөжийг бодитой тооцоолох боломжтой болно шүү дээ.
Энэ ойлгомжгүй заалт Монгол Улсын Үндсэн хуульд орох юм бол гадаадын төдийгүй дотоодын ч бүх хөрөнгө оруулагчид уул уурхайн салбараас бүрэн гарч явна. Гадаадын хөрөнгө оруулагчид нь нэгэнт оруулсан хөрөнгөө олж авахаар Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу Олон улсын арбитр, шүүхийн байгууллагад хандаад оруулсан хөрөнгөө нөхөн төлбөр хэлбэрээр авчихна.Үр дагаварт нь уул уурхайн салбар бүрэн зогсоно, манай эдийн засаг дийлэхийн аргагүй олон жил үргэлжилсэн хямралд орно л гэж би харж байна.
Танд баярлалаа.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө