Улс төр
Э.Эрдэнэжамъяан: З.Баянсэлэнгэ шиг 1524 иргэнийг орон сууцтай болгосон сайд хаана байна
Барилга, хот байгуулалтын сайд асан З. Баянсэлэнгэ “Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Хорих 461 дүгээр ангид хоригдоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Харин тэрбээр “Надад хийсэн хэрэг байхгүй. Улсаас нэг ч төгрөг аваагүй, улсыг хохироогоогүй. Түрээсийн орон сууц бол улсын мэдлийнх, түрээслэгчдийн мөнгө улсын төсөвт орж, эдийн засагт ашигтайгаар эргэлдэж байгаа. Иймээс би давж заалдах шатны шүүхэд хандана, нэр төрөө сэрээлгэнэ. Засгийн газар бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэсэн тогтоолоор хэрэг үүсгэж, хэн нэгэн сайдад ял үүрүүлдэг жишиг тогтох гэж байгааг эсэргүүцнэ. Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, гаргасан шийдвэрт нэг сайд ял хүлээх ёсгүй”хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг. Яг энэ асуудлаар Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяантай уулзаж, байр суурийг нь сонслоо.
МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө. Түүний биеийн байдал ямаршуухан байгаа бол?
Манай З.Баянсэлэнгэ бол эршүүд зантай, хэр баргийн зүйлд шантраад байх хүн биш. Намын удирдлагууд түүнтэй байнга холбоотой байж, сэтгэл санааг нь дэмжиж байгаа. Тэрбээр охиндоо л маш их санаа нь зовж буй. Өсвөр насандаа яваа учраас эл асуудалд эмзэг хандаж, хичээл номоо таслах вий, гутралд орох вий, анги хамт олон нь буруугаар ойлгож, ганцаардуулах вий гээд л. Энэ бол эх хүний хамгийн түрүүнд бодох зүйл. Бидний хувьд аль болох охинтой нь ойр байж, сэтгэл санаагаар дэмжихийг хичээж байна. Сэлэнгээгийн маань найз бүсгүйчүүд өдөр бүр гэрт нь очиж буй тул бидний сэтгэл зарим талаар жаахан ч болов тайван байгаа гэж хэлж болно.
Түүнийг хорих тухай асуудал нэлээн дээрээс яригдаж байсан?
Хоригдоно гэдгийг нь нуулгүй хэлэхэд, бид сарын өмнөөс мэдсэн. Өөрөө ч мэдэж байсан. Баянсэлэнгэ маань улс төрийн золиос болоод байгаа. Шүүх хурлыг нь даргалсан шүүгч нь гэхэд л Зоригийн дүү. МАН-ын хонгилын эзэн. Ямар ч хүсэлт тавьсан хүлээж авахгүй байгаа. Өөрийгөө цагаатгах хүсэлтийг хүртэл буцаасан байсан. Үүний дараа Сэлэнгээ маань “ Одоо намайг авч явах юм байна” гэхэд нь би “Зоригтой байгаарай” гэж хэлсэн. Зургаан сар сайдаар ажиллахдаа 1524 айлыг түрээсийн орон сууцанд хамруулж чадсан эмэгтэй. Чадалтай улстөрч. Ингэж иргэдийнхээ төлөө ажилласан сайд хэд билээ. Тэднээс 20 нь гай болж МАХН-ын гишүүд байж таарсан. Нийт орон сууцтай болсон 1524 иргэний 500 нь МАН, 300 нь АН, 20 нь МАХН-аас байсан. Тухайн үед У.Хүрэлсүх шадар сайд байсан. Тэгвэл 500 иргэнээ орон сууцтай болгосон түүнд хариуцлага тооцохгүй л байгаа биз дээ. З.Баянсэлэнгэ 1524 айлыг байранд оруулах эхлэлийг тавьж чадсан. Цаашид баян, ядуу нь хамаагүй бүх айл орон сууцанд амьдардаг болно. Энэ хуулиа бид “З.Баянсэлэнгийн хууль” гэж нэрлэнэ. 2020 оноос хойш байранд орох бүх иргэд “З.Баянсэлэнгийн зүрх сэтгэл, эрүүл мэндээ золин байж бий болгосон нөхцөлийн үр дүнд байранд орно. Тэр эхлүүлж чадсан. Тиймээс би охинд нь “Ээж нь ямар ч буруугүй. Монгол Улсынхаа ядарч зүдэрсэн иргэдэд тусалсан баатар эмэгтэй шүү. Ядуу хүмүүсийг байранд оруулах гэж зүтгэсэн, хийсэн, чадсан” гэж хэлсэн. МАХН одоо 20-30 мянган айлыг байранд оруулах нөхцөлийг судалж, иргэдээ бүртгэж эхэлсэн. Хөтөлбөрийг З.Баянсэлэнгэ эхлүүлсэн. Монголын парламент дэх эмэгтэй гишүүд сүүлийн жилүүдэд амжилттай ажиллаж буй. Тухайлбал, Эрдэнэчимэг гишүүн гэхэд л Тамхины хуулийг батлуулсан. Одоо хэрэгжиж байна. З.Баянсэлэнгийг юу ч гэж ярьж болно. Гэхдээ тэр хүн хорооны Засаг даргаас ажлынхаа гарааг эхлүүлсэн. Гэр хорооллын иргэдийн ихэнх нь ядуу аж төрдгийг мэднэ. Тиймээс зүтгэсээр ядуу хүмүүст зориулсан Засгийн газрын хөтөлбөрийг эхлүүлсэн.
Энэ хоёроос өөр том төслийг хийсэн хүн байна уу. Байхгүй. Хэрвээ гаргаад ирвэл сая төгрөгийн бооцоо тавъя.
-Та хавтаст хэрэгтэй танилцав уу?
Нийслэлийн МАХН-ын даргын хувьд хавтаст хэрэгтэй нь танилцахад гурван зүйл л бодогдсон. Хавтаст хэрэгтэй танилцахаас өмнө нийгэмд цацагдаад байсан, түрээслэгчдээс мөнгө авсан байж болзошгүй, тендер зарлаагүй байхад нь зарлаж, Бэрэн гэх барилгын компанийг өөрийн үзэмжээр сонгосон байж болзошгүй гэх зүйлүүд миний сэтгэлийг түгшээж байсан. Гэвч бүх зүйл өөрөөр эргэсэн. Түүнийг нэг ч төгрөг аваагүй гэдгийг гурван шатны шүүх тогтоосон байдаг. Хоёрдугаарт, тендерийн тухайд мөрдөн байцаах үйл ажиллагаа энэ сэдэв рүү төвлөрсөн нь анзаарагдсан. Мөрдөн байгцаагчид, яамдын төлөөлөгчид, Засгийн газрыг төлөөлсөн гэрчийн мэдүүлгүүд бүгд тийшээ чиглэсэн байдаг юм. Үнэхээр хөгийн. Төрийн албан хаагчдын үнэн төрх энд харагдсан. Баянсэлэнгэ гэх хүн ганцаараа тэр яаманд ажиллаагүй. Багаараа ажилласан. Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, газар хэлтсийн дарга нар гээд зөвлөх, чиглүүлэх ёстой төрийн хариуцлагатай албан тушаалтнууд түүнд шадарлаж байсан биз дээ. Тэдний хэн нь ч З.Баянсэлэнгэд нэг ч удаа буруу юм хийж байна гэж хэлээгүй. Тэгсэн мөртөө мөрдөн байцаагчийн өмнө суухдаа “Тэр даргад болохгүй хэлсэн шүү дээ” хэмээн арьсаа хамгаалж үлдсэн байх жишээний. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан эрхэм хүртэл “Тогтоолынх нь доор болохгүй юм биш үү” гэж мэдүүлгээ өгсөн байна лээ. Энэ одоо хайрын захиа юу. Захиа нь З.Баянсэлэнгэд очих уу. Арьсаа хамгаалж үлдэхийн тулд матсан үйлдэл. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг дотор ганцхан ширхэг үнэнийг өгүүлсэн мэдүүлэг байна лээ. Засгийн газар болоод Засгийн газрын гишүүнийг ажлаа зөв,буруу хийж байгаа эсэх, холбогдох хуульд нийцэж буй үгүйг нь хоёр л субъект хянадаг. Тэр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам. Гэтэл Хэрэг эрхлэх газрын дарга, мэргэжилтнүүд бүгд “Бид нар буруу байх гэж бодоод протоколынх нь доор юм бичээд үлдээсэн” гэж мэдүүлсэн байна лээ. Хууль тогтоолыг хэрэгжүүлэх гэж цалин авч байгаа төрийн албан хаагчдын ажлаа хэрхэн хийж ирснийг ганцхан энэ баримт л нотолж буй хэрэг. Хуулийн өмнө хүлээсэн үүргээр бол тэд Баянсэлэнгийг буруу шийдвэр гаргахаас нь өмнө зогсоох учиртай бус уу. Өнөөдөр болохоор протоколынх нь доор буруу гэж бичсэн шүү дээ гээд сууж байгаа нь инээдэмтэй байгаа биз дээ. Түүгээр зогсохгүй дараагийн Засгийн газар нь юуны учир үргэлжлүүлэн хэрэгжүүлэв. Д.Эрдэнэбатын Засгийн газраас У.Хүрэлсүхийн Засгийн газар дамжуулан хэрэгжүүлсэн төсөл биз дээ, үнэнийг хэлэхэд. Буруу гэж үзэцгээж байгаа юм бол шинээр Засгийн газраа байгуулсан даруйд зогсоохгүй яасан юм. Зогсоохгүй байгаа нь хууль зөрчөөгүй байгаагийн илрэл бус уу.
Тендер зарлаагүй гэдэг дээр Баянсэлэнгэ буруудаад байгаа. Эл асуудалд “Бэрэн” групп ямар тайлбар хийсэн байх юм?
-“Бэрэн” гэдэг барилгын компани хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж юм билээ. Тодруулж хэлбэл, Хятад, Монголын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн төсөл. Хятадын Ардын банкаас манай Засгийн газар хөнгөлөлттэй зээл авсныг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Ядуу иргэдээ байранд оруулна гэж. Хятадын Ардын банк “Бэрэн” группийг сонгосон. Энэ нь тэдний эрхийн асуудал. Өөрөөр хэлбэл, тэд сонгосон учраас Бэрэн групп туслан гүйцэтгэгчээр ажилласан хэрэг. Хятадын Засгийн газраас ядуу иргэдээ түрээсийн орон орон сууцаар хангах гэсэн юм, орон сууц бэлэн болохоор Засгийн газар худалдаж авна хэмээн мөнгө гуйж авчихаад төсөл хэрэгжих дээрээ тулахаар тендерт ор гэсэн байгаа юм. Эл процессыг мэргэжилтнүүд нь мэддэггүй. Тэгээд сайд нь буруудаад ирэхээр АТГ-т очоод ам уралдан ховлосон байх жишээний. Мэдүүлгүүдэд “Бэрэнгийн захирлыг сайдын өрөөнд сууж байхад нь нэг удаа харсан” гэх мэтчилэн хөвөрнө. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа том төслийг гардан зохион байгуулах гэж байгаа хүний хувьд З.Баянсэлэнгэ салбарын сайдын хувьд ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийн захирлыг нэг биш өчнөөн олон удаа өрөөндөө дуудаж уулзахгүй гээд яах юм. Тэднийхээр бол Хятадын Ардын банкны захирлыг дуудаж уулзах ёстой байж. Харамсалтай нь энэ асуудлыг ойлгоогүй хүмүүсийн нэг нь Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Магнайсүрэн. Тэрбээр мөн л мэдүүлэгтээ “Би болохгүй гэж бодож байсан. Тэгээд үүнийгээ Болортуяад хэлсэн” гэж мэдүүлсэн байна лээ. Эцэст нь хэлэхэд, анхнаасаа тендер зарлах ёсгүй ажил байсан юм. Ардын банк, Засгийн газар хоорондын хэлэлцээрт ингэж заагдсан зүйл.
-Болортуяа гэж хэн бэ?
-Одоо хэрэгт татагдаад байгаа Барилга,хот байгуулалтын яамны Төрийн Захиргаа удирдлагын газрын дарга. Магнайсүрэнгийн жинхэн үүрэг нь яамны ажлыг хуульд нийцүүлэх явдал. Түүний мэдүүлгээс үзэхэд, болохгүй гэдгийг өөрөө бус өрөөлд хэлчихээд сууж байсан хэрэг. Ийм хүн төрийг төлөөлөөд яаманд сууж байж. Нөгөөтэйгүүр, З.Баянсэлэнгэ л ганцаараа Засгийн газраа дэмжиж, төслийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Бусдын тухайд Хуульзүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамныхан, Төрийн нарийн бичгийн дарга нь ажлаа хийгээгүй,хийхийг ч хүсээгүй бололтой. Надад ийм л сэтгэгдэл төрсөн.
– Та “Мөрдөн байцаах үйл ажиллагаа бүхэлдээ Баянсэлэнгэ рүү чиглэсэн” гэж дээр хэлсэн. Үүнийгээ тайлбарлавал?
-Чиглүүлж байцаасан байгаа юм. Мэдүүлэг өгсөн бүх хүний хэлсэн, ярьсан зүйл нь адилхан. Сайдаа ажлаа өгч буусны дараа биш байхад нь буруу зөвийг нь хэлж, ярих ёстой асуудлууд байсан. Тэр хүмүүс З.Баянсэлэнгийн төлөө биш монгол төрийн төлөө ажлаа хийх ёстой.
– Ах дүү, намынхаа гишүүдийг орон сууцанд оруулсан тухай асуудлыг нь шүүх нотолж уу?
Уг нь бол 1000 айлыг төсөлд хамруулах ёстой байсан юм билээ. Сангийн сайд 50 тэрбум төгрөг хүссэн авч Ардын банк 15 тэрбумын зээл өгсөн. Тэндээс З.Баянсэлэнгэ нэг төгрөг ч идээгүй бас халааслаагүй. Мөн түрээсийн орон сууцанд ах дүүсээ оруулсан гэж хардагдсан. Бодит амьдрал дээр манай Сэлэнгээ мянгаар тогтохгүй дээр нь нэмээд нэг ч болов иргэнээ орон сууцанд оруулж, үнснээс нь салгая гэж л хичээсэн бас хөөцөлдсөн. Сайд, улс төрч хүний боддог л бодол. Хөөцөлдөж явсаар 230 айлыг нэмж орон сууцанд оруулахаар болж улмаар долдугаар сард сугалаанд хамруулсан. Сугалааг ТОСК явуулсан. Энэ хугацаанд Барилга, хот байгуулалтын яамны нэр дээр иргэдээс 170 гаруй өргөдөл иржээ. Гуравдугаар сард явуулсан сугалаанд оролцож чадаагүй хүмүүсийн өргөдөл ирсэн гэсэн үг. Өнөөдөр ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалтын яаманд “Байранд оруулж өгнө үү” гээд өргөдөл ирсээр байгаа. Тэдгээр өргөдлийг сугалаанд хамруулъя гээд ТОСК-д хүсэлт өгөхөд нь “Тэгье” гэсэн байгаа юм. Тэгээд сугалаанд хамруулахаар болсон. Тэр үед манай нам дээр сугалаанд хамруулж өгнө үү гэсэн маш олон өргөдөл ирсэн. Намын удирдлагын зүгээс өргөдлөө өгөөд үз, аз таарвал тэр биз хэмээгээд ТОСК руу явуулсан. Нийт өргөдлөө өгсөн иргэдийн дунд сугалаа явуулахад МАХН-аас өргөдөл өгсөн 20 хүнд аз таарсан байсан. Азтай л байхгүй юу. Тэд бүгд цэвэрлэгч, жолооч. Тийм хүмүүст мэдээж орох орон хэрэгтэй. З.Баянсэлэнгэ нөлөөлөөгүй гэдгийг нотлох нэг зүйл бол нөхрийнх нь дүү сугалаагаар байранд орж чадаагүй. З.Баянсэлэнгэ хамаатандаа түрээсээ төлөөд амьдар. Төр ашиг олж байгаа шүү гэж хэлээд сугалаанд оруулахад нөгөөх нь хасагдсан байсан. Тэгтэл хууль зүйн сайд хүүдээ нөлөөлж, тендер авч өгсөн шүү дээ. Тэгэхээр ямар сайд нь тендер авч өгчихөөд ажлаа хийдэг ямар нь мөрөөрөө ажлаа хийсэн байж шоронд ордог юм бэ.
Товчхон хэлэхэд, ийм л гурван үндэслэлээр шалгагдаж байна. Авилга авсан уу гэхээр нэг ч төгрөг аваагүй. Тендерийн тухай хууль зөрчсөн үү гэхээр зөрчөөгүй. Угаасаа тендер зарлагдах ёсгүй байсан. Монгол Улсын Засгийн газар З.Баянсэлэнгээс өмнө Ардын банктай гэрээ хийсэн байсан. Өөрөө өөрийнхөө хамаатан саданг түрээсийн байранд оруулсан юм уу гэвэл үгүй.
-Тэгвэл З.Баянсэлэнгэдээ бус асуудал өөр зүйлд байгаа юм биш үү. Таны ярьж буйгаас ийм л бодол төрж байна?
-Бид байнга улстөрийн мэдээлэл дунд аж төрдөг. Даргыг чинь хорино шүү, цагдана шүү гэх мэтийн заналхийлэд сүүлийн арван жил амьдарч байна. Үүндээ ч дасчихаж. Өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компаний мэдэлд өгсөн. Бүх мөнгийг Засгийн газраас гаргасан атлаа ард түмэндээ зориулах мөнгө байхгүй гээд сууж байсан. Энэ асуудлаар З.Баянсэлэнгэ тухайн үеийн Ерөнхий сайдтай уулзахад “Барилгын сайдад хамаагүй асуудал. Чи амаа тат” гээд хөөгөөд гарсан байгаа юм.Тэгэхээр нь манай намынхан хэвлэлийн хурал зарлаж, ард түмэндээ үнэнийг хэлж байсныг мартаагүй болов уу. Үүнээс хойш удалгүй элдэв янзын заналхийлэл ирсэн. “Хохино шүү. Хариуг нь амсуулна шүү ” гэх мэтээр. Би хувьдаа үүнийг З.Баянсэлэнгээс авч буй улс төрийн өс хонзон гэж бодож байна.
– Яллах дүгнэлтээ гаргахдаа юуг үндэс болгосон байх юм?
-Яллах дүгнэлтээр байцааж байгаа. Асуултууд нь маш инээдэмтэй. Хэдхэн хүний арьсаа хамгаалж үлдэх гэсэн мэдүүлгийг үндэслэл болгосон байна лээ.
Бэрэнгийнхэн одоо ч гэсэн “ Ардын банкны ажлыг бид хийж гүйцэтгэж байгаа” хэмээн мэдүүлж байгаа юм билээ. Өнөөдөр ийм зан гаргах байсан юм бол ядуу иргэдийнхээ нэрийг барьж яах гэж урд хөршөөс хөнгөлөлттэй зээл авсан юм бэ. Тухайн үед Бэрэнгийн зах зээлд нийлүүлж байсан орон сууц м2 нь 1.880000 төгрөгөөр зарагдаж байж. Гэтэл ТОСК 1.5 саяар айлуудад зарсан. ТОСК бүх асуудлаа төрөөр шийдүүлдэг. “Бэрэн” групп болохоор Долоон буудлын нэг айлын газрыг 2-3 өрөө байраар сольж авч байгаа. Дэд бүтцээ өөрөө шийддэг аж ахуйн нэгж. Дээр нь Ардын банкинд хүү, Монгол Улсад татвараа төлөх учиртай. Тэгэхээр яаж ТОСК-той адилхан үнээр орон сууцаа зарах юм бэ. Одоо тэгсэн чинь үүнийг үнийн зөрүү гэж үзэж буй аж.
Зайсанд л гэхэд м2 нь 1.5 саяар байтугай гурван саяар ч байр олдохгүй шүү дээ. Хувийн компани ашиг олохын тулд ажилладаг биз дээ. Нөхцөл байдал ийм л байна.
Ч.Чулуунцэцэг
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм2 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ