Улс төр
Хилэн хувьсгалаас хойших 30 жил
Энэ жилийн арваннэгдүгээр сарын 17-нд бид тэр үеийн Чехословак улсад коммунизм нуран унаж Хилэн хувьсгал болсны 30 жилийг санан дурсах юм. Тухайн үед Прагийн гудамжинд “Буцаад Европ руу” хэмээх уриа аяндаа сонсогдож 1918-1938 онуудад Анхны бүгд найрамдах улсын үед Чехословак улс, хөгжсөн ардчилсан Европт багтаж байсан шигээ түүндээ эргэн очих хүсэл зорилгоо илэрхийлж байлаа.
Бидэнд тэмдэглэх зүйл байгаа юм. БНЧУ ардчилал болон зах зээлийн эдийн засаг руу амжилттай шилжин орж 1999 оноос НАТО-гийн гишүүн орон, 2004 оноос Европын холбооны гишүүнээр тус тус элссэн билээ. Европ дахь хамгийн аюулгүй орны нэг. Түүхэндээ эрх чөлөө, ардчиллыг хамгийн удаан мэдэрч байгаа мөн эдийн засгийн хувьд хамгийн амжилттай үеийг туулж байгаа орон билээ. Словак улстай хамгийн нягт, маш нөхөрсөг харилцаатай байдаг нь хөрш орнуудтайгаа ямархуу харилцаатай байдгийн нэг жишээ юм. Өнгөрсөн 30 жилийн хөгжил шулуун дардан байгаагүй ээ. Гэхдээ улс төрийн өөрчлөлт буюу улс төрийн намуудын чөлөөт өрсөлдөөн рүү шилжилт болон эдийн засгийн шилжилтүүд амжилттай хийгдсэн. Төмөр хөшиг нурснаар манай улс дэлхийд нээлттэй болсон. Австри болон Холбооны бүгд Найрамдах Герман улсуудтай хиллэж байсан хилийн өргөстэй төмрүүдийг устгаж хаясан. Төрөөс зохицуулалт хийхээ больж, татаасыг зогсоож зах зээлийг либералчилсан. 1990 оноос өмнө БНЧУд ганц ч хувийн үсчин болон хүнсний дэлгүүр байдаггүй байсан. Хүмүүс улсаас үнийг нь тогтоож үүнийгээ олон арван жилийн турш дээр нь хэвлэн наасан бүтээгдэхүүнийг авахаар урт дараалалд зогсдог байлаа. МаргаретТетчер жилдээ 3-4 компанийг хувьчилдаг байсан бол Чехословак улсын засгийн газраас цагт 34 компанийг хувьчлах ёстой болж байлаа. Аж үйлдвэрлэл тэр аяараа өөрчлөгдөж бүтцийн өөрчлөлтүүд хийгдсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж түүний үндэс суурь нь хувийн өмч болж ирсэн. Үүний ачаар хүмүүс өөрсдийн өмчдөө анхаарал хандуулж Прага хот болон Чехийн бусад хот, тосгодууд өнгө үзэмжээ сайжруулж эхэлсэн. Барилга байшингуудыг сэргээн засварлаж эхэлсэн. Навсайсан саарал өнгөнүүдийг өнгөт фасадуудаар сольсон. Хувийн компаниуд шинэ технологиудад хөрөнгө оруулалт хийж түүний ачаар хүрээлэн буй орчин мэдэгдэхүйцээр сайжирсан.
1989 оны арваннэгдүгээр сар ба түүнээс хойших жилүүд нь нийгмийн амьдралын бүхий л салбарт бүх нийтийн тайвшралын үе байсан бөгөөд хүмүүст урам зориг, шинэ зүйл эхлүүлэх, бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл, өөрийн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг болсон нь улсын ерөнхийлөгч Вацлав Хавелын дэмжлэгтэйгээр өнгөрсөн коммунизмтай маргаангүй нэгдмэл байдлаар тэмцсэний ач юм. Үүний зэрэгцээ дэлхийн бусад улс орныхон манай улсын талаар онцгой, давтагдашгүй сонирхож байсан ер бусын мөч байсан бөгөөд ВацлавХавел Чех улсын олон улсад эзлэх байр суурийг сэргээх, түүний чөлөөт ертөнцийн институцид нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Түүнээс тийм ч бага бус чухал үүргийг 90ээд оны үеийн сангийн сайд хожуу үеийн Их хурлын дарга, ерөнхийлөгч ВацлавКлаус гүйцэтгэсэн юм. Тэрээр улс төр, эдийн засгийн хөтөлбөрийг боловсруулж системийн өөрчлөлтийг хийсэн бөгөөд тэр болон түүнийг тойрон хүрээлж байсан хүмүүс капитализм, олон ургалч парламентын ардчиллыг (илүү дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн ойн баярт зориулж монгол хэл рүү орчуулан НЭПКО хэвлэлийн газарт хэвлүүлсэн “Бид супермаркетаас ч илүүг хүссэн юм” хэмээх түүний бичсэн номоос авах боломжтой) хүсч байгаагаа ойлгомжтойгоор хэлж байлаа. 1992 онд Словак Улсын их хурлын сонгуульд тусгаар тогтносон Словак улс байхын төлөө хүчин зүтгэж байсан улс төрийн намууд илт ялж Чехословак улсыг салгах хэлэлцээнүүд хийж байхад Чехийн талаас удирдаж оролцож байсан нь бас энэ хүн билээ. Шилжилт болон ардчилсан институтүүд байгуулах, Чехословакийг салгах болон евроатлантын бүтэц рүү явах зам энэ бүгд биднийг ямар ч гадаад зөвлөхүүд, эсвэл олон улсын жуучлагчид төлөөлж чадахгүй гэрийн даалгавар болохыг бид мэдэж байсан. Мөн түүний зэрэгцээ хөгжил цэцэглэлтийн жор нь гадаад худалдаа, түүний либералчлалд анхаарлаа хандуулах нь гадаадаас санхүүгийн буцалтгүй тусламж авахаас илүү гэдгийг ч бид мэдэж байсан билээ.
Манайх төв болон зүүн Европын орнуудаас коммунист намынхаа нэрийг өөрчлөөгүй буюу тус нам нь “зүүний ардчилсан намын жигүүр” болоогүй ганцхан орон болж чадсан юм. Манайд энэхүү бүлэг хүмүүс тамгалагдан үлдсэн учраас өнөөдрийг хүртэл 30 жилийн дараа төрийн өндөр албан тушаалд томилогдохыг санахын ч хэрэггүй байсан юм.
Төв болон зүүн Европт коммунизм задарсан нь Монголд хүртэл нөлөөлсөн давамгай нөлөөтэй байснаараа онцгой юм. 1989 оноос өмнөх манай хоёр орны ойрхон харилцааны ачаар Прагийн их сургуулиудад сурч байсан зарим монгол төгсөгчид арваннэгдүгээр сарын 17ны дараахан санаа, сэдэл болгож Хилэн хувьсгалын тайван үйл явцын тухай бичлэг бүхий (VHS) дүрс бичлэгийн хальсыг авчирч байжээ. Яг Чехословакт болсонтой адилаар Монгол Улсад 12 сарын үйл ажиллагааг өөрсдөө удирдан явуулсан байдаг. Коммунизмын төгсгөл ч энд маш өргөн хүрээнд тулгуурласан удаан хугацаанд хийхээр чиглэгдэж байсан нийтийг хамарсан үзэгдэл болсон байлаа.
Бидний удаан болон богино хугацаанд ч даван туулж ирсэн коммунизмын үе нь хувь хүний эрх чөлөөг хязгаарлах, эрх ямбыг үндэстэн дамнасан түвшинд шилжүүлэх замаар улс орнуудын хараат бус байдлыг булаан авах чиглэлээр хурцалж байсан юм. Бид шүтэн бишрэх кампанит сурталчилгаа, хоосон уриа лоозон, дээрээс төвлөрсөн шийдэл гаргаж зохион байгуулалт хийх болон улс үндэстнүүдийг сулруулах байдлууд дээр эмзэглэх эрхтэй хэмээн үздэг. Бүтэлгүйтдэг таван жилийн төлөвлөгөөг санацгаая. Тийм ч учраас 2050 он хүртэлх зорилтын талаар ярьж байгаа улстөрчдөөс өнөөдрийн байдал түүнчлэн яагаад хөнгөлөлтийн хувь хэмжээний бодлогыг харж үзэхгүй байгаа юм бэ, эсвэл ямар нэгэн хэмжигдэхүүн (жишээлбэл дундаж температур) 2050 он хүртэл өөрчлөгдөх ба бусад бүх зүйл (жишээлбэл: мэдлэг ба технологи) өөрчлөгдөхгүй үлдэнэ гэдгийг хэрхэн урьдчилан харж байгаа юм бэ гэдгийг асуух болж байна.
БНЧУд дийлэнх дүгнэлтүүд арваннэгдүгээр сарын 17ноос хойш “аль хэдийнэ” 30 жил өнгөрлөө гэдэг дээр яригддаг. Коммунизмыг өвлөн авах тал дээр шалтгаалах, эсвэл бидний ардчилал өшөө түүхий (эмзэг) өөрийн гэсэн дутагдалтай (Масарик ерөнхийлөгч тэдгээр дутагдлуудыг даван туулахын төлөө зүтгэхээс ардчиллыг байгаагаар нь даван туулахыг хичээхгүй гэж хэлсэн байдаг). 30 жилийн өмнө бид баруунд байсан шиг улс төрд захирагддаггүй эдийн засгийн чөлөөт харьцаанд хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргасан. Гэвч коммунизм нуран унасны дараа энэ харьцаануудаа барууныхан өөрсдөө соргогоор хамгаалахаа больсон. Төрийн ивээл, төрдөө найдах, татаас авах, халамж, дахин хуваарилалт гэх мэт нэмэгдсээр байна. Компаниудын захиргааны зардал, ачааллыг нэмэгдүүлсэн зах зээлийг хязгаарласан шинэ шинэ зохицуулалтыг хийсээр байна. Улс төр нь эдийн засгийг сая сая хүмүүсийн аяндаа үүсэх харилцаа ба хэрэглэгчийн хувьд тэдгээрийн чөлөөт шийдвэрээс илүүтэйгээр удирдана гэсэн итгэл хүчээ авч байна. Барууны орнуудад хувь хүнгэр бүлтөр хэмээх гурвалжин суларсан. Залуусыг шүтэж настай хүмүүсийг хүндлэх явдал буурч байна. “Шийдвэр гаргалтан дахь хүүхдийн оролцоо” өндөрт тавигдаж гол төлөв хүүхдүүдийг улс төрийн зорилгоор коммунизмын үетэй адилаар буруугаар ашиглаж байна.
Өнөөдөр бид юунд хүрснийгээ мэдэж, тэмдэглэж байна. Гэхдээ бас өнгөрсөн 30 жилдээ дүгнэлт хийж шүүмжийн нүдээр харах хэрэгтэй байх. Арваннэгдүгээр сарын 17-ыг юуны өмнө эрх чөлөөг, үндэсний тусгаар тогтнолыг, ардчиллыг, зах зээлийн эдийн засгийг өмгөөлөхөд чиглүүлэн санан дурсах нь зүйтэй байх. Америкийн нэгэн үеийн ерөнхийлөгч ТомасЖефферсоны хэлснээр үе тус бүрд өөрийн гэсэн хувьсгал шаардлагатай байдаг. Манай үеийнхэн энэхүү Хилэн хувьсгалыг амсаж ирсэнд би баяртай байдаг.
Зохиогч БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ИйржиБродский
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө