Улс төр
Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж, энэ тухайгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ.
Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавих тухай албан бичигт:
“Монгол Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаа боловч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын Хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй байна.
- Нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй, ижил төрлийн 2 холбоо ажиллах нь ямар үр дагаварт хүргэдгийг 2 хуваагдан маргаж, эрх ашгаараа талцан тэмцэлдэх болсон спортын холбоод, тэр дундаа Монголын Үндэсний бөхийн холбоодын жишээнээс бодитойгоор харж болно.
Эдгээр холбоодын маргаан, тэмцэл нь салбар бүрт, тухайн салбарын мэргэжилтэн болоод ажилтан, ажиллагсдын эрхийг тэгш хангаж, хамтран хөгжих бодит боломжийг олгосон “Мэргэжлийн холбоо”-г төр хуулиар байгуулж өгөх шаардлагатай болсныг бүрэн харуулсан гэж хэлж болох бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачилсан салбар бүрт мэргэжлийн нэг холбоо байх үзэл баримтлал бүхий “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо болон гишүүдийн олонх хэлэлцэхээр дэмжсэнийг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.
Салбар бүрт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн нэг холбоо байх эрх зүйн орчинг бүрдүүлж, үйл ажиллагааных нь нөхцөл, баталгааг хуульчилж өгөх нь төрийн оновчтой зөв бодлогын нэг болно. Тухайлбал энэ чиглэлд Монголын Хуульчдын холбоог жишиг болгон харж болохоор байна.
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдсанаар зөвхөн өмгөөлөгчдийн асуудлыг эрхэлж, үр дүн муутай хумигдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагыг төрийн бодлогоор татан буулгаж, “шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн”, өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж бүхий Монголын Хуульчдын холбоог хуулиар байгуулсан бөгөөд энэ холбоо 6 дахь жилдээ ажиллаж байна.
Шинэ бодлогын үр дүнг үзэх, шинэ байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд 6 жил хангалттай хугацаа биш боловч энэ богинохон хугацаанд Монголын Хуульчдын холбоо эрчимтэй ажиллаж, дотооддоо танигдсан, гадаад улс орнуудад үнэлэгдсэн томоохон байгууллага болж чадсан байна.
Тухайлбал Монголын Хуульчдын холбоо олон улсын болон бүс нутгийн хуульчдын нөлөө бүхий холбоодын гишүүн, тэргүүлэгч гишүүнээр тус тус элсэн, дэлхийн 20 гаруй орны ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж, 2020 онд Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 33 дахь удаагийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг тэргүүлэгч гишүүнийхээ хувиар аваад байна.
Аливаа улс орон, тэр дундаа эрх чөлөө, тусгаар тогтнолоо улам бэхжүүлэх мөнхийн шаардлага дунд амьдардаг манайх шиг улсын хувьд нийгмийн бүхий л салбар, түвшиндээ гадаад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, харилцаа, хамтын ажиллагааг тал бүрээр бэхжүүлэх нь нэн чухал бөгөөд миний бие хуульчдын холбооны энэхүү амжилтыг талархан дэмжиж, Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 33 дахь удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.
Дэлхийн 40 гаруй улс орноос 1500-2000 орчим зочид төлөөлөгч ирж оролцох энэхүү олон улсын хуульчдын томоохон арга хэмжээнд Засгийн газар болон холбогдох яамд мөн анхаарлаа хандуулж, Улсын Их Хурлаас Монголын Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулсан, гадаад орчинд эргэлзээтэй, дотооддоо бас нэгэн талцал хуваагдлыг бий болгосон, сөрөг үр дагавар бүхий хуульчдын зэрэгцсэн 2 холбоо байгуулах бодлогоо эргэн харж, дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна.
- Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, онцлог бүхий, манай Хуульчдын холбооных шиг тогтолцоо хэдийгээр түгээмэл биш боловч шүүмжлэн буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Монголын Хуульчдын холбооны урилгаар манай улсад айлчилсан гадаадын зарим улс орны зочид төлөөлөгчдийг миний бие хүлээн авч уулзаж байсан. Энэ үеэр манай Хуульчдын холбооны тогтолцоог бусад улс орнууд ихэд үнэлж, өөрийн улсдаа нэвтрүүлэх сайн туршлага хэмээн үзэж байсныг онцлон тэмдэглэе.
Хэдийгээр улс орны маань өнөөгийн нөхцөл байдал тийм сайнгүй байгаа боловч дэлхийн хөгжлийг тодорхойлж, эрх зүйн соёл, ухамсраараа тэргүүлж явсан их гүрний хувьд өнөөдрийн улс орнуудад жишиг болох сайн бодлогыг нэгээр тогтохгүй гаргаж, хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.
- Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүсэж буй хуульчид тодорхой болзол шалгуур тогтоох, шалгалт авах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон иргэдэд үйлчлэх нөхцөл, журмыг нь боловсронгуй болгох зэрэг хэрэгцээ шаардлага байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ бүхнийг Монголын Хуульчдын холбооноос тусдаа боловч чиг үүрэг нь давхардмал, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх бас нэг холбоо байгуулж, түүгээр гүйцэтгүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байгаа нь нэн ойлгомжгүй байна.
Тодруулбал, Монголын Хуульчдын холбоо нь чиг үүргээ хороодоороо дамжуулан хэрэгжүүлэх хуультай бөгөөд тус холбооны бүтцэд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгч бүрийг нэгтгэн бүртгэсэн Өмгөөлөгчдийн хороо ажилладаг.
Тиймээс нэн шаардлагатай гэж үзвэл Өмгөөллийн тухай хуульд заасан Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагын чиг үүргийг Монголын Хуульчдын холбооны бүтцэд одоо ч ажиллаж байгаа Өмгөөлөгчдийн хороонд хариуцуулах замаар хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэхгүйгээр, мөн түүнчлэн шинээр баталсан Өмгөөллийн тухай хуулийнхаа суурь бүтцийг эвдэхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд Өмгөөллийн тухай хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн уялдуулж, хэрэгжиж байгаа болон шинэ зохицуулалтуудын давхардал, хийдлийг арилгах арга хэмжээг авч, зохих засвар, өөрчлөлтийг хийхэд болохоор байна.
- Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагдаж буй аливаа хууль нь Хууль тогтоомжийн тухай хуулиар тогтоосон шаардлагад бүрнээ нийцсэн байх учиртай.
Гэтэл Өмгөөллийн тухай хуулийн зарим бүлэг, зүйл, хэсэг, заалт нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх”, мөн зүйлийн 29.1.7 дахь заалтын “бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх”, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх” гэсэн шаардлагуудыг хангаагүй байх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэнд нийцэхгүй, зөрчилдөж байна.
- Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүхээс Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өмгөөлөгчдийн холбооны Их Хурлыг зохион байгуулах, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо төрийн бус байгууллагын хөрөнгийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх” зэрэг зохицуулалтыг тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтын “төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг;”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна”, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна” гэсэнд нийцэхгүй, тус тус зөрчилдөж байна.
- Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй аль нэг саналтай огт холбогдолгүй бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид “төсөл” гэх/-ийг дараах үе шаттайгаар хэлэлцэнэ:”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэснийг тус тус зөрчсөн байна.
Иймд Монголын Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургадугаар бүлэг, Долдугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд тус тус бүхэлд нь хориг тавьж байна.
Энэхүү хоригийг хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр11 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр11 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр11 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент1 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ