Улс төр
“Дижитал Монгол” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо
Засгийн газраас Монгол улсын 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж цахим засаглал буюу “Дижитал Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, ЗГ-ын гишүүд, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм. Тус хэлэлцүүлгийг Эстони Улсын Засгийн газар, Е-Засаглалын академитай хамтран зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Тэрбээр Монгол улс дижитал улс болох цаг болсон гэдгийг онцолсон.
Эстони улс нь европ төдийгүй дэлхийд цахим засаглал, төрийн үйлчилгээг Х-road системээр иргэдэд хүргэдэг үзүүлэлтээрээ тэргүүлдэг юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй харилцаа, холбооны салбарынхан саяхан тус улсад ажиллаж, цахим засаглалын туршлагатай газар дээр нь танилцаад ирсэн юм. Харин энэ удаа тус улсын И-Засаглалын академийн дэд захирал Ханнес Асток тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, цахим хөгжлийн явцтай танилцаж байна. Энэхүү хэлэлцүүлэгт урилгаар оролцсон бөгөөд ноён Ханнес Асток, “И-Эстони экосистем ба X-road архитектур”, “Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл”, “Зохицуулалт, хамтын ажиллагааны механизм” сэдвээр илтгэл тавьж оролцогчдоор хэлэлцүүлсэн юм.
Эстони улс анх иргэдийнхээ мэдээллийг цаасан архиваас хэрхэн цахим болгосон, мөн төр, хувийн хэвшил, иргэдийн гурвалсан харилцаа нь гэрлэлт батлуулах, гэрлэлт цуцлах, үл хөдлөх хөрөнгө худалдахаас бусад тохиолдолд аль нэг байгууллага, албан тушаалтан дээр очилгүйгээр гэрээсээ, гар утсаараа төрийн бүх үйлчилгээг авдаг болох хүртлээ ямар сорилтуудыг туулсан, иргэдийнхээ датаг хэрхэн бүрдүүлсэн, цахим үнэмлэхийг ямар үе шаттай нэвтрүүлсэн, кибер аюулгүй байдлаа яаж хангаж байгаа зэрэг Эстони, Монголын цахим хөгжлийн өнөөгийн харьцуулалтын хүрээнд оролцогчид ярилцсан юм.
Эстони улс өнөөдрийн байдлаар төрийн 3000 гаруй үйлчилгээг цахимжуулсан бөгөөд улс төрийн сонгуулиа хүртэл цахимаар явуулдаг бөгөөд цахим засаглалын хөгжлөөрөө Герман улсаас гэхэд 15 жилийн өмнө явж байгаа аж. Ер нь иргэндээ өдөр тутамд хэрэгтэй байгаа автомашин, сургууль, эмнэлэг, орон сууцнаас эхлээд бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, 24 цагийн туршид хаанаас ч үйлчилгээ авч болохуйцаар хөгжүүлжээ. Эстони улс 1,3 сая хүн амтай, газар нутгаараа Сэлэнгэ аймагтай адил бөгөөд өвөл нь цас их унадаг онцлогтой болохоориргэд нь интернэтийн ачаар гэрээсээ гарахгүйгэр төрийн бүх үйлчилгээг цахимаар авч, аз жаргалын индексээр бусад улс орнуудыг тэргүүлж байна. Тус улс 1997 онд “Е-Еstonia” хөтөлбөрийг эхлүүлсэн бол 2000 онд татвар-цахим систем, 2001 онд “Нэгдсэн систем”, 2002 онд “Дижитал ID”, 2005 онд Цахим сонгууль, 2008 онд “Цахим-Эрүүл мэнд”, 2014 онд Цахим иргэншил” хөтөлбөрүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Монгол улсад төрийн байгууллагууд болон банк, үүрэн холбооны операторууд зэрэг хувийн хэвшлийнхэн онлайн орчин бүрдүүлж, цахим үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа ч тус тусдаа байгаа нь учир дутагдалтай байна. Тиймээс иргэдийнхээ датаг аль болох нэгтгэх, үзүүлж буй үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлэх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл монголчууд түүхэндээ олон овог аймгийг нэгтгэж Их Монгол улсыг байгуулж байсан шиг одоо дижитал олон үйлчилгээг нэгтгэх цаг нь болсон гэдгийг ч зарим оролцогчид онцолж байлаа. Эстони улсын Засгийн газрын төлөөлөгчдийн зүгээс Монгол улс цахим засаглалыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тогтвортой байдал, шилжилтийн менежмент, төсөв, санхүү, улс төрийн хүсэл зориг нэн түрүүнд шаардлагатай хэмээн дүгнэв.
Ингээд хэлэлцүүлгийн үр дүнд “Дижитал Монгол” хөтөлбөрийг Эстони улсын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэхийг оролцогчид 100 хувь дэмжсэнээр хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж байгаа тул тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулахаар болсон юм. Мөн “Дижитал Монгол” хөтөлбөрийг аль нэг улс төрийн хүчин, эсвэл Засгийн газрын хийж байгаа ажил биш гэдгийг энэ үеэр үг хэлсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Тэрбээр, “2020 оны 01 дүгээр сарын 01 бол Монгол Улсын хувьд дараагийн шинэ 30 жилийн хөгжлийн эхлэл байх болно. Удахгүй 12 дугаар сарын 10 буюу Ардчиллын 30 жилийн ойн өдөр “Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг ажлын хэсгийнхэн Засгийн газарт өргөн барина. “Би”-гээс “Бид” гэдэг үзэл рүү Монгол улс шилжих цаг болсон. Иргэдэд үзүүлдэг 11,250 орчим үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлснээр иргэд цаг, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига эрс буурна. Энэ хөтөлбөр бол зөвхөн одоогийн Засгийн газрын, эсвэл хэн нэгэн улстөрчөөр овоглох ажил биш. Өмнө нь ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлж байсан Засгийн газруудын үед хэрэгжүүлж эхэлсэн олон ажил байгаа. Тийм учраас тэдэнд ч баяр хүргэх ёстой. Төр бол залгамж чанартай байх ёстой учраас энэ удаа Засгийн газар цахим засаглал, X-road системийг нэвтрүүлэх ажлыг Ерөнхийлөгч, УИХ, төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг гаргана. Аль нэг улстөрийн хүчин сонгуульд ялснаас үл хамаарч уг хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх тал дээр АН, МАН улс төрийн бусад намуудтай зөвшилцөх болно” хэмээлээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр11 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр11 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр11 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент1 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ