Бусад
Б.Лхагвасүрэн: Томоохон сорилтууд хүлээгдэж буй энэ цаг үед хариуцлагатай албанд томилогдлоо
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Монголбанкнаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар ярилцлаа. Энэ нь түүний Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараах хэвлэлд өгч буй анхны ярилцлага юм.
Таныг Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт албанд томилогдсонд баяр хүргэе. Та банк, санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай хүн. Та ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?
Баярлалаа. Олон томоохон сорилтууд хүлээгдэж буй энэ цаг үед хариуцлагатай албанд томилогдлоо. Бид өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд эдийн засгийг сэргээх, дархлааг дээшлүүлэх чиглэлд олон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Хэдийгээр тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч цаашид гүйцээн хийх ажил их байна.
Монголбанк ойрын ирээдүйд хүлээгдэж буй томоохон 3 сорилтыг амжилттай даван туулахад тэргүүн ээлжинд анхаарч ажиллана. Нэгд, ирэх оны 5 дугаар сард дуусах Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгоход онцгой анхаарна. Банкны салбар дахь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ удааширснаас хөтөлбөр зогсонги байдалд ороод байна. Иймд активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудад авах арга хэмжээг ОУВС-тай тохирсон төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Хоёрт, Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ байгууллагын “Cаарал жагсаалт”-аас 2020 онд багтан гарах зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлд ч туссан байгаа. Гуравт, Монголбанкны хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг эдийн засагт сөрөг нөлөөгүйгээр шийдвэрлэх гарц, шийдлийг олж хэрэгжүүлнэ. Монголбанк болон Хятадын Ардын банкны хооронд байгуулсан мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцийн хугацаа ирэх оны 7 дугаар сард дуусна. Иймд энэ гадаад өрийг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад төрийн холбогдох байгууллагууд болон олон улсын доноруудын дэмжлэг, туслалцааг авч ажиллахыг ярьж байна.
Үүний зэрэгцээ төв банкны үндсэн чиг үүрэгт заасан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтуудаа үр дүнтэй хэрэгжүүлнэ.
ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэх асуудал тодорхой бус байна. Энэ нь банкны салбарт авч хэрэгжүүлэх ажлуудаас болж байгааг улс төрийн нөлөө бүхий эрхмүүд онцолж байгаа. Энэ асуудал дээр дэлгэрэнгүй тайлбар өгнө үү.
Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр цаашид үргэлжилж, амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана. Монголбанкнаас шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ. Өмнө нь Монголбанкнаас мэдээлж байсанчлан 2017 онд хийсэн активын чанарын үнэлгээгээр зарим банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үр дүн гарсан. Эдгээр банкуудад 2018 оны эцэс гэхэд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай үүрэг даалгавар Монголбанкнаас өгсөн. Татан буугдсан Капитал банкнаас бусад банкууд өөрийн хөрөнгөө тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. ОУВС-ийн зүгээс банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгийн эх үүсвэр нь холбогдох хууль, журамд нийцтэй байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор магадлан баталгаажуулах аудитыг олон улсын хөндлөнгийн компаниар хийлгэх шаардлага тавьсан. ОУВС-гаас энэ аудитыг хийлгэж, үр дүнд суурилан банкууд өөрийн хөрөнгийн дутагдлаа бүрэн нөхөх хүртэл ӨСХ-ийн 6 дахь шатны үнэлгээг хийхгүй гэдгээ мэдэгдсэн. АНУ-ын Duff & Phelps компаниар хийлгэсэн магадлан баталгаажуулах аудитын үр дүн энэ оны 9 дүгээр сард гарсан. Үр дүнгээр банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг хасч тооцохоор болж, банкуудын баланс дээр холбогдох тохируулгыг 10 дугаар сард хийсэн байгаа. Өөрийн хөрөнгийн дутагдлаа бүрэн нөхөөгүй банкуудад энэ оны эцэс хүртэл нэмэгдүүлэх үүрэг өгч, хуульд заасан хяналт шалгалтын арга хэмжээг авч эхэлсэн. Одоо цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг ОУВС-тай хамтран гаргаж байна. Эцэслэсэн төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлснээр ӨСХ эргэн хэвийн төлөвт шилжиж, 6 дахь шатны үнэлгээ хийгдэж, хөтөлбөр амжилттай дуусгавар болно гэж найдаж байна. Энэ ажлын ард амжилттай гарахад бүх талын ойлголцол, дэмжлэг чухал юм. Банкны салбарын бүцтийн өөрчлөлтийг амжилттай хийснээр эдийн засгийн мөчлөгөөс үл хамааран санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, санхүүгийн тогтвортой байдал хадгалагдах суурь тавигдана. Энэ нь дархлаатай эдийн засгийг бий болгох, дунд хугацаанд тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хангах зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал хэсэг юм.
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас 2020 онд багтаан гарах үүрэг даалгавар Засгийн газар, Монголбанкинд ирж байна. Бид юу хийх ёстой вэ?
Энэ оны 10 дугаар сард болсон ФАТФ-ын хурлаар Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны Үр дүнтэй байдлыг сайжруулахаар Шууд хэрэгжилтийн дөрвөн үзүүлэлтийн хүрээнд 6 ажил хийхээр тогтсон. Тодруулбал, Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах; Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах; Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах; Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах; Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах; Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд багтсан.
Жагсаалтаас гарахын тулд дээрх 6 ажлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг Монгол Улс яаралтай авч хэрэгжүүлэх ёстой. Хэдийгээр уг 6 ажилд Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ байхгүй боловч “Саарал жагсаалт”-ын асуудал нь банкны салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд сөрөг дагавартай тул Төв банкнаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилд онцгой анхаарал хандуулж ажилласаар ирсэн. Цаашид бид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба болон Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж, зөвлөлийн гишүүн байгууллагуудтай нягт хамтран ажиллана.
Монгол Улс 2020 онд багтан “Саарал жагсаалт”-аас гарах боломжтой юу?
Нэн тэргүүнд Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлаа яаралтай хийх шаардлагатай. Товчхондоо бол хэдий чинээ хурдан ажиллаж үр дүн гаргана, төдий чинээ хурдан энэ жагсаалтаас гарна.
Процессын хувьд жилд 3 удаа бид хийсэн ажлаа тайлагнах боломжтой. Тодруулбал, Үр дүнтэй байдлын тайланг хэлэлцэх Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн (ФАТФ болон АНДББ) Хамтарсан бүлгийн хурал жилд 3 удаа болдог. Тиймээс бидэнд дээр дурдсан 6 ажлаа хийж гүйцэтгээд, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа хэлэлцүүлэх боломж 2020 онд 3 удаа байгаа гэсэн үг. Гэхдээ энэ бол процессын хамгийн эхний үе шат юм.
Хамтарсан бүлгийн 2020 оны хамгийн эхний хурал 1 дүгээр сард болно. Энэ хурлаар тайлангаа хэлэлцүүлэхээр эхний тайлангаа хүргүүлээд байна. Энэ хурлаар манай тайланг хэлэлцсэний дараа ФАТФ-ын процессын дагуу үнэлгээний баг манай улсад ирж газар дээрх хяналт шалгалтыг хийх дараагийн үе шат байгаа. Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх нөхцөл бүрдэнэ.
Ингэснээр бидний хувьд тайлангаа баталгаажуулан “Саарал жагсаалт”-аас гарах хамгийн эхний боломж 2020 оны 10 дугаар сард болох ФАТФ-ын хурал байх болно.
Монголбанкны зүгээс энэхүү жагсаалтад орсноос үүдэн богино хугацаанд эдийн засагт томоохон сөрөг нөлөө бий болохгүй гэж харж байна. Гэхдээ сөрөг үр дагаварууд илрэхээс өмнө жагсаалтаас гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймд хугацаа алдахгүй байх нь бидний хувьд чухал байгаа тул ФАТФ-тай тохирсон 6 ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран гаргасан.
Манай улс ирэх жилүүдэд томоохон өр төлбөрүүд төлнө. Тэр дундаа Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа ирэх оны 7 дугаар сард дуусна. Тус хэлцлийн хүрээнд авч ашигласан дүнг төлж чадах уу?, хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
Монгол Улс ирэх 4 жилд 14 орчим тэрбум ам.долларын гадаад өрийн үндсэн болон хүүний төлбөр төлөхөөр байгаа. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс 3 дахин давсан дүн юм. Глобал эдийн засагт худалдааны маргаан, геополитикийн тодорхой бус байдал нэмэгдэхийн зэрэгцээ том гүрнүүдийн өсөлт саарч байгаа нь дотоод эдийн засагт экспортын үнэ, эрэлтээр дамжин дунд хугацаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Том дүнтэй гадаад өр төлбөрүүд төлөх хугацаа дотоодын эдийн засгийн уналтын үетэй давхцах ч эрсдэл байна. Бидний хувьд гадаад өр, төлбөрийг шийдвэрлэх арга зам нь валютын ханшид нэмэлт дарамтгүй, эдийн засагт цочроо үүсгэхгүй байхыг чухалчилж байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлагдан хэрэгжиж эхэлсэн. Энэ баримт бичигт ирэх жилүүдэд төлөгдөхөөр хүлээгдэж буй засгийн газрын том дүнтэй бондуудыг дахин санхүүжүүлэхээр тусгасан. Монголбанкны хувьд Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин сунгахаар төлөвлөж байна. ӨСХ-ийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.долларын шийдвэрлэгдэхэд своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан. Өөрөөр хэлбэл, своп хэлцлийн хугацааг 2017 онд 3 жилээр сунгасан нь ӨСХ-ийн хүрээнд давхар шийдвэрлэгдсэн гэж ойлгож болно. Энэ үүднээс ӨСХ-ийг амжилттай хэрэгжүүлэх явдал нь тус хэлцлийн хугацааг сунгахад давхар нөлөөлнө. Төв банкууд хоорондын хамтын ажиллагаанаас гадна төрийн өндөр түвшний айлчлалын хүрээнд энэ асуудлыг ярих нь үр дүнтэй гэж харж байна. Арилжааны банкууд, хувийн секторын гадаад өр, төлбөрийн хувьд мөн л дахин санхүүжүүлэх зүг рүү явах байдал ажиглагдаж байна. Манай эдийн засагт гадаад өрийн жил бүрийн хүүний төлбөрийг гадаад худалдааны ашиг, гадаадын шууд хөрөнгө нь нөхөөд явдаг. Иймд дунд хугацаанд том дүнтэй гадаад өрийн төлбөрүүд хүлээгдэж байгаа боловч эдийн засагт цочроо үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж харж байна.
Гадаад өр, төлбөрүүдийг дахин санхүүжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой гэж Та харж байна вэ?
Хүлээгдэж буй гадаад өрийг амжилттай дахин санхүүжүүлэхэд ӨСХ-ийг амжилттай дуусгах, доноруудын өмнө хүлээсэн амлалтаа бүрэн биелүүлэхээс гадна эдийн засгийн оновчтой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, энэ хүрээнд инфляци, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг хангах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, засаглалыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх нь чухал хэвээр байна. Эдгээр нь зээлжих зэрэглэл үргэлжлэн сайжрахад нөлөөлөхөөс гадна хөрөнгө оруулагчид эдгээрт тулгуурлан Монголын эдийн засгийн ирээдүйн төлөвт үнэлэлт өгнө. 2016 онд гадаад валютын албан нөөц (ГВАН) 1 тэрбум ам.доллар буюу импортын дөнгөж 2.9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч буурсан, засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 80 хувь давсан, эдийн засгийн уналт бий болж байсан үетэй харьцуулахад эдийн засгийн суурь үзүүлэлтүүд илт сайжраад байна. Тухайлбал, одоо ГВАН импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч, засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 50 хувь руу буурсан, эдийн засгийн өсөлт 6 хувийг давсан байгаа зэрэг нь гадаад өрийг амжилттай дахин санхүүжүүлэх, хүү нь буурах дотоод эерэг үзүүлэлт болж байгаа бол глобал зах зээл дээр хүүний ерөнхий түвшин буурч байгаа нь дахин санхүүжилтийн хүү буурахад эерэгээр нөлөөлөхөөр хүлээгдэж байна. Гэхдээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон нь дахин санхүүжилтийн хүү өсөх эрсдэлийг бий болгож байна. Монгол Улс 2020 ондоо багтан тус жагсаалтаас гарвал 2021 оноос хугацаа нь дуусч эхлэх засгийн газрын евро бондуудыг дахин санхүүжүүлэхэд хүү нь бага байх боломжийг бүрдүүлнэ.
Энэ удаад гадаад өрийн хугацааг хойшлуулах нь зайлшгүй сонголт байгаа боловч Монгол Улс гадаад өрийн хүндрэлээс нэг мөр зайлсхийхийн тулд бид байгалийн нөөц, баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, түүнээс олох орлогыг ирээдүйн экспортыг өсгөх чиглэлд хүмүүн капитал, экспортыг дэмжих дэд бүтэц, нөхөн сэргээгдэх эрчин хүч, дижитал секторт хөрөнгө оруулалт хийх асуудал чухал байна. Энэ бодлогын сонголт үр дүнд хүрэхэд цаг хугацаа шаардах хэдий ч хугацааны туршид тогтвортой хэрэгжүүлснээр эдийн засаг олон тулгууртай болж, тогтвортой өсөлтийг бүрдүүлж, гадаад өрийн санхүүжилтийн хэрэгцээг бууруулна.
Эдгээр 3 том сорилтоос гадна ирэх онд сонгууль болох гэж байна. Үүнийг дагаад төсөв ч тэлж, төсвийн алдагдал дараа онд 2.1 их наяд төгрөг байхаар батлагдлаа. Гадаад валютын ханш, үнийн тогтвортой байдлыг хадгалахын тулд Монголбанкнаас ямар бодлого баримтлах вэ?
Улсын төсвийн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц болон нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэдэг. Сүүлийн 3 жилийн эхний 2 жил нь төсөв ерөнхийдөө зардлаа хумьсан талдаа явж ирсэн. Харин эдийн засаг сэргэснээр 2019 оноос төсвөөр дамжуулан хөрөнгө оруулалт, халамжийн асуудлуудыг шийдвэрлэх цаг хугацааны орон зай үүсч байна. Энэ хүрээнд төсөв дээр 2020 онд тэлэлт гарахаар байгаа. 2019 онд төсвийн тэлэлтээс эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдах, импортын томоохон өсөлтийг бий болгож болзошгүй гэж хүлээж байсан боловч зардлын гүйцэтгэл нь төлөвлөлтөөс дутуу явж байгаа нь хүлээгдэж байсан нөлөөг үзүүлсэнгүй. Хэрэв энэ байдал дараа онд хэвээр хадгалагдвал инфляцийг эрэлтийн талаас өдөөх, импортын өсөлтөөр дамжин валютын ханшид ирэх дарамт даруухан байхаар байна. Гэхдээ төсвийн тэлэлт хүлээгдэж байгаа хэдий ч банкны зээлийн өсөлт хурдацтай саарч, глобал эдийн засаг, зах зээлд худалдааны маргааныг дагасан тодорхой бус нэмэгдэж байгаа зэрэг нь харилцан эсрэг чиглэлд үйлчилж, дотоод эдийн засагт эрэлтийн хэт тэлэлт үүсэхгүй байх гэж бид харж байна. Хэрэв зардал нь төлөвлөсний дагуу гарч эдийн засагт эрэлтийн богино хугацааны тэлэлт бий болохоор дүр зураг ажиглагдвал Монголбанкнаас инфляци, ханшид ирэх дарамтыг зөөлрүүлэх зорилгоор мөнгөний болон макро зохистой бодлогын хэрэгслийг хослуулан хариу арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хувьд гаднаас өгөгдсөн зүйлс (түүхий эдийн үнэ, гадаад эрэлт, төсөв гэх мэт)-ийг оруулан эдийн засгийн ирээдүйн төлөвийг тооцсоны үндсэн дээр мөнгөний бодлогын сулрах эсвэл чангарах орон зай байгаа эсэхийг тодорхойлж хэрэгжүүлдэг. Бидэнд одоо байгаа мэдээллээр буюу ирэх оны төсвийн зардлыг оруулан тооцсон тооцоогоор ирэх онд инфляци 8 хувийн зорилтот түвшний орчим тогтворжих, эдийн засгийн өсөлт 5 хувь орчим гарахаар байна. Харин төлбөрийн тэнцлийн хувьд ашигтай эсвэл алдагдалтай гарах эсэх нь ӨСХ-ийн хүрээнд доноруудын санхүүжилт орж ирэх эсэхээс хамаарах болно.
Мөнгөний бодлого, түүний арга хэрэгсэл нь дунд хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдалд чиглэдэг. Энэ хүрээнд инфляцийн зорилтот түвшинг 2021 оноос 6 хувь болгон бууруулж, тухайн түвшинд тогтворжуулах бодлогыг одооноос хэрэгжүүлнэ. Инфляцийг ийнхүү 6 хувийн зорилтот түвшинд хадгалж чадсанаар өрхийн амьжиргаанд эерэг нөлөөтэйн дээр хадгаламж, зээлийн хүүг бууруулахад шууд нөлөөлнө. Үүний тулд ‘инфляцийн зангуу’-г бий болгох, олон нийтийн инфляцийн талаарх хүлээлтийг удирдахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн төлөв, инфляцийн төсөөллийг гаргаж, инфляцийн тайлан болон мөнгөний бодлогын мэдэгдэлээр дамжуулан нийтэд тогтмол мэдээлэх, авсан арга хэмжээний үндэслэл, хүлээгдэж буй үр дүнг тайлбарлах, төв банкны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох чиглэлд онцгой анхаарна. Засгийн газраас нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн нөлөөг бууруулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг үргэлжлүүлэн хангах тохиолдолд инфляцийн 6 хувийн зорилтыг хангах боломжтой.
Ярилцсанд баярлалаа.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө