Нийгэм
Маргааш цэцэрлэг, сургуулийн хичээл 10.00 цагт орно
Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд маргааш буюу энэ сарын 25-ны өглөө гамшгийн дуут дохиогоор нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийхтэй холбогдуулан ажлын цагийг 10.00 болгож хойшлуулсан. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ өдөр цэцэрлэг, сургууль хичээллэхгүй гэдэг ташаа мэдээлэл түгээж байгаа тул нийслэлийн Боловсролын газраас мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, маргааш цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагаа 10.00 цагт эхлэх бөгөөд өглөөний ээлжийнхний хичээл тардаг цагтаа тарах учраас өдрийн ээлжийнхэн тогтмол хуваарийнхаа дагуу хичээллэх юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай“ А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдлагад дээрх үүрэг чиглэлийг мөн өгчээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.