Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 6.9 мянган тонн түлш хадгалах битүү долоо, задгай 108 агуулах болон борлуулах 533 цэг байгаа юм байна. Эдгээр борлуулагч болон борлуулалтын хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан үүсгэжээ. Мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож, шинээр үйлдвэр барих ажил эхлүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, сайжруулсан түлш түгээх, нөөцлөх агуулахын зориулалт бүхий газрын зөвшөөрөл найман байршилд олгосон аж. Эдгээрээс эхний ээлжид гурван байршилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар агуулах барихаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн “Таван толгой түлш” компанийн стандартад нийцсэн сайжруулсан түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус үйлдвэр “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худагийн уурхайн угаасан нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж буй юм.