Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

Сондгой тоо

Нийтэлсэн

-

Арнита бол түүний нууц нэр юм. Уншигч авхай та гүйцэд уншаад, жинхэнэ нэрийг нь мэдэх болно оо.
Хөгжмийн ая нүргэлэн доргих чимээнд адар таазнаас дүүжилсэн болор санжлага чичрэх шиг боллоо. Дотроосоо халамцсан галтай залуус гараа өргөн, хөлөө товшин, босож ирцгээв. Архи тамхины эхүүн үнэрт эрх чөлөө жинхэнэ утгаараа задгайрлаа. Ёстой л нэг буцалж өгөв өө.
Өчигдөр шөнө үйлчилсэн хоёр эрд хууртагдсандаа уур омог нь шатсан Арнита мөстэй мартин гурван хундагыг хөнтрөөд, бүжиглэхээр босов. Намрын зээр шиг турьхан хэдэн бүсгүйг хажуу тийш нь түлхээд, талбайн голд хага яран орлоо. Бэлхүүсээ хайвагнуулан, хөхөө тэмтрэн, алгаа дэлгэн, өөрийгөө илэн тачаадлаа. Хөгжмийн аясаар хурд нэмж, үсээ сэгсрэн, толгойгоо савлав.
“Нэг хүний жаран мянга… Хоёулаа бол зуун тавь… За тохирлоо, тооцоогоо хийчих!“ Адуу шиг залуус араатан шиг авирлаад, шөнөжин тамирыг нь барав. Өглөөдөө мөнгө ч үгүй, юу ч үгүй арай л зодож нүдсэнгүй, нулиман доромжлоод оджээ.
Арнита хорсож байгаагүйгээрээ гомдон занав. Зүхэн харааж, уураа баран, уйлж хэвтээд, үд дундын хэрд буудлаас гарсан юм.
Нүүдлийн шувууд усандаа буусан хаврын сайхан өдөр байлаа. Арнита зам даган алхалж явснаа, хажуугийн өтгөн шугуйд орж, өвдгөө тэврэн нэлээн суулаа. Чанх урагшаа бургасны завсраар голын зах харагдана.
Хотын сүрлэг өндөр барилгуудыг тольдсон өргөн тунгалаг гол мяралзан урссаар л… Хүрээ хотын түмэн хүний амьдралыг сайнтай муутай хамтад нь энэрч, тоох ч үгүй, ажиг ч үгүй мэлмэрэн урсана. Гол дагасан сэрүүн салхи сэвэлзэн үлээж, Арнитагийн дотор бага ч болов уужирлаа. Усны торгон мандлаар бөөн бөөн мөс хөвөн, хаа нэгтээ очоод, хага хага бутарна.
Цөн түрэх чимээ ер бусын байв. Усны шувуудын дуутай өнгө хоршоод, бүүр ч гайхалтай содон.
Арнита тайвширсан боловч эвгүй бодлоосоо ангижрах гээд чадсангүй ээ. Гэнэт өөрийгөө зэмлэн уйллаа. Үйлийн үрийн үүсгэлийг өөртөө тарьж яваадаа гутран гомдов. Яаж яваад ийм замыг сонгочихов оо?! Хэн нэгнийг буруутгах биш ээ! Зөвхөн өөрөө л буруутай. Сүүлдээ бүр зан болчихож!!! Зан нь гэм болж, гэм нь зан болжээ. Арга барагдаад алуулах шахав аа… За яахав…
Халааснаас тамхи гаргаад, асаагуураа хайлаа. Гоёмсог хийцтэй чамин асаагуур нь алга. “Түй… хомхой хоёр залуу… Хн…” гэж уурлангаа зуусан тамхиа хуга базаад, мөрөө давуулан арагш нь шидлээ.
Тэрээр хол ойрын бараа ширтэн, элдэв зүйлийг бодож сууснаа босоод, хотын төв рүү алхав. Нүүрний будаг нь халтайж, үс нь сэгсийсэн ч дур булаам гоо сайхан хэвээрээ…
Гунхан алхсаар төвд ирлээ.
Сургууль руугаа явах гэснээ дургүй нь хүрч, хэвтэж амрахаар шийдэв. Урьд шөнө унтаж чадаагүйг хэлэх үү? “Одоо ёстой хашир үзнэ ээ. Аятайхан хүн олно оо… Шархаа нөхнө…” гэж бодоод, зуршил болсон газрынхаа үүдэнд ирээд, хаалгыг нь татжээ.
Ширээнд очиж суугаад, гадуур хувцсаа тайлан тухлан суулаа. Ганц аяга халуун кофе захиалан, дотроо уужиртал тамхи соров. Үд дунд болохоор хүн цөөтэй харагдаж байлаа. Хаа нэг булангийн ширээнд ганц хоёроороо хүмүүс дүнгэр дангар хүүрнэлдэнэ. Намуухан ая зөөлнөөр эгшиглэж, хоолны сайхан үнэр хамар цоргилоо.
Арнита цүнхээ уудлан, халаасаа тэмтэрч үзэв. Таван зуун төгрөг… Эрхбиш кофеныхоо үнийг л төлөх юм шив.
Дургүй нь хүрэхдээ цүнхээ шидчихээд, арагшаа налан, адар ширтээд нэлээн суулаа. Үүд рүү зэрвэс зэрвэсхэн харвал, уурхинд нь орчихоор ямар нэгэн хүн орж гарч үзэгдэхгүй байлаа.
Гонхны цаад булангийн том цонхны дэргэд нэгэн хөгшин эр түүн рүү ширтэж байгааг гэнэт анзаарав. Жар орчим насны бололтой сайхь эр байн байн харан суугааг лавтайяа ажиглаад << онь овоогоо>> тааруулав.
Арнита урагшаа цэхлэн суугаад, жижиг толь гарган, уруулаа будав. Энхрий ялдам төрхөө сэргээн, үсээ илж, нүдээ тормолзуулж үзлээ. Төлөв төвшин байдлыг хичээнгүйлэн, ялдам аястайгаар цомбойн суулаа.
Өнөөх эр үйлчлэгчийг дуудаад, тооцоогоо дуусгаж байгаа бололтой харагдав. Ямар нэгэн зүйлийг хүсч яваа ганц бие эр гэдгийг Арнита юуны эс андахав?!
Өөр дээрээ ирэхээр завдаж буйг гадарлаад, огт мэдээгүй царайлан хүлээн суулаа. Яг шүү…
Хөгшин эр гонхны хажуугийн гоёмсог хашлагыг тойрон аажуухан алхсаар, Арнита дээр ирлээ.
-Сайн байна уу? Ганцаараа яваа юм уу?
-Тийм.
-Би хамт сууж болох уу?
-Болно.
Хөгшин эр хүрмээ сандал дээр тохоод, лагхийн суув. Үл ялиг амьсгаадаад, босож суух хөдөлгөөн нь цаанаа л лазан харагдаж байв.
Арнита дотроо баярлан бодов. “Ноолж үнгээд байх нь гайгүй хүн шив… Хөгшин амьтан бололтой… Бушуухан дагаж очоод, орон дээр нь унтаад өгөх юм сан. Ядаж байхад нойр хүрч байна гэдэг нь жигтэйхэн…”
Өнөөх эр үйлчлэгчийг даллангаа, Арнитагаас санал асуув. Арнита гараа тохиолдон, эрүүгээ тулан, ширээ рүүгээ шахаж суугаад:
“Ганц хундага хатуу юм авчих!” гэснээ:
– Та надад таалагдаж байна аа. Юм ярьж суугаад хамт хооллоцгооё! гэхэд өнөөх эр баярлан:
-Баярлалаа охин минь! гэснээ нэлээн юм захиаллаа.
Тэр хоёр элдвийг хүүрнэлдэн, инээж хөхрөлдөн, хоолоо идлээ. Дараа нь хатуу сархад захиалан, гурав гурван хундага татаад, тэндээс гарцгаав.
Хоногийн наян мянга бол Арнитад <<давай>>. Тэрээр мөнгөө тоолон, цүнхэндээ хийгээд, хөгшин эрийг сугадан алхжээ. Такси хурдлан давхисаар, хотын төвийн шинэхэн хорооллын өндөр байрны дэргэд ирлээ. Найман давхарт гарч, жаран тоотын үүдэнд очив.
Хөгшин эр хаалгаа нээн, арагшаа ухраад, Арнитаг урив. Цэлгэр уужим тасалгааны голд гоёмсог том буйдан тавьжээ. Орчин цагийн тохилог айл лавтайяа дөрөв таван өрөөтэй бололтой. Арнита гадуур хувцсаа тайлан өлгөөд, цонхон дээр очлоо. Гадаах орчныг ширтэв. Хаврын нойтон цас будран орж эхэллээ.
Өрөөний доторхи тансаг чамин байдлыг нэвт шувт ширтээд, буйдан дээр суулаа. Өвгөн, болор саванд өтгөн жүүс дүүргээд, өмнө нь тавив. Том тавгаар дүүргэн овоолсон төрөл бүрийн жимс дөхүүлэн, Арнитаг дайллаа.
Арнита идээг хүндэтгэн амсаад, ажилдаа яарав. Гол нь унтаж амрахаар яарчээ. Буйдангийн захад сууж байсан өвгөн рүү дөхөж суугаад, өгзөг доогуур нь гараа шургуулан чангаар атган авлаа. Үнэсэж таалахаар ойртон завдав.
Өнөөх өвгөн гэнэт сандран холдож суугаад:
-Охин минь намайг өршөөгөөрэй! Гэхдээ би мөнгө нэмж өгсөн ч болно. Би чамд үнэнээ хэлье гэв. Өвгөний ийнхүү шивнэх шахам хэлэхийг нь сонсоод, Арнита бүүр гайхжээ. Бантахдаа ширээнд дээрээс жимс авч амандаа хийв.
-Та яасан бэ?
-Ах нь хөгшин хүн. Ийм сайхан охинтой юу бодож, унтаж хэвтэх билээ дээ? Ах нь үнэн учраа хэлье. Чи ойлгож туслаарай?
-За сонсоё. Шууд хэлчих ээ!
-Хүүхэд маань чиний үеийн хархүү байгаа юм аа. Их сайхан хүү бий. Гурван жилийн өмнө осолд ороод, хоёр хөлөө өвдөгний үеэр тайруулсан. Толгой тархи нь жаахан өвддөг. Бусдаар эв эрүүл. Ээжтэйгээ явж байгаад осолдсон. Эх нь газар дээрээ өөд болсон билээ. Хүү маань сэтгэлдээ их шархалж явдаг. Гутарч гуниад, сэтгэлийн зовлонгоос өөрийгөө ангижруулж чадахгүй байгаа юм аа гэж нэгэн жигд дуугаар хөврүүлэн ярилаа.
Арнита бүүр мэл гайхаж, цэл хөхрөв. Хөгшин эр:
-Өнөөдөр өглөө хүүтэйгээ тар тур хийгээд ээ… гэснээ инээв. “ Сэтгэл гонсойхдоо ганц шил шар айраг уухаар, тэр газарт орсон юм. Гэтэл чи гаднаас орж ирж байлаа. Нүдний чинь гал буураад, цаанаасаа сөхөрч яваа юм шиг харагдав. Хэчнээн сайхан охин. Галын дөл шиг бадамласан гоолиг сайхан бүсгүй. Гэнэт би бодов оо. Энэ сайхан охиныг хүүтэйгээ танилцуулах юм сан. Ядаж танилцаад, ярьж хөөрч уулздаг байвал зүгээр юм даа. Хүүгийн минь зовлон мартагдан, өөрчлөгдөж юуны магад… Чамайг ажаад л байлаа. Эрс шулуун зантай. Өмөг түшигтэй зөв хүний төрх ажиглагдсан юм. Чи хүүд минь туслаач!!! “ гэв.
Арнита бодож сууснаа “ Нэмээд тавийг өгчих! Би нэг өдөржин, шөнөжин өнжөөд, маргааш нь арилаад өгнө шүү!” гэлээ.
Өвгөн ухасхийн босоод, арын жижиг өрөө рүүгээ орлоо. Удалгүй тавин мянган төгрөг атгаж ирээд, Арнитагийн гар дээр тавихдаа “Охин минь сэтгэлээсээ туслаарай. Хүү маань таалагдвал дараа нь ирж байгаарай!” гэв.
Арнита мөнгийг авч, цүнхэндээ хийснээ:
-За, хүү чинь хаана байна? Эмэгтэй хүнтэй эрхбиш уулзаж үзсэн залуу юм биз дээ?
-Хүү маань найз бүсгүйтэй байсан юм аа. Ослоос хойш хаячихсан! Гурван жил болж байгаа… Орхиж яваад.
-Өө тийм үү? Өөдгүй новшнууд хорвоод мөн ч олон шүү!!! гэж шүд зуун заналхийлэн хэлснээ, хатуу үгэндээ санаа зовон:
-За тэр яах вэ! Та надад зоволтгүй ээ. Би янхан ч гэлээ хүн шүү. Миний муу явдал өнгөндөө л бий. Дотроо юу тээж явдгийг хэн ч мэдэхгүй.
-Би чамд итгэж байна аа. Чи хүүгийн минь аргыг заавал олоорой гэлээ.
Арнита хонгилоор алхан явсаар буланд очлоо. Гоёмсог шилэн хаалганы үүдэнд ирээд, зөөлнөөр хэд хэд тогшив. Хариу чимээ алга аа… Дахиад гурван удаа тогшив. Яах учраа олохгүй тээнэгэлзэн зогсоноо, дахин гурав тогшив. Дотор нь ямар нэгэн хүний амьсгаадах чимээ гарч, тэрэгний дугуй шал зурах шиг боллоо. Хаалганы түгжээ тожигнон, удалгүй аяархан онгойлоо.
Арнита дөрвөн хуруу хэрийн зайтай завсраар шагайн, орчныг харав.
Ногоон ноосон цамцтай, өтгөн үстэй, өргөн цээжтэй залуу эр тэргэн дээр цаашаа харан сууж байлаа.
“Та хэн бэ?” гэж гэнэт асуумагц, Арнита бондгосхийн цочихдоо:
-Ариунсарнай гэчихэв.
-Чи яах гэж манайд ирэв?
-Чамтай уулзах гэж…
Тэрээр тэргээ цааш өнхрүүлэн аажуухан эргэж харлаа. Ногоон өнгийн ноосон цамцны хормойноос доош навчин хээтэй зөөлөн даавуугаар өвдгөө битүү хучжээ. Сахал нь нэлээн ургасан эр байв. Насны хувьд Арнитагийн үе бололтой юм аа. Өтгөн хөмсөг, дүрлэгэр алаг нүд нь хурц ширүүн төрхийг илтгэнэ. Тэрэгнийхээ дугуйг байнга чиглүүлж явдаг болоод тэр үү? Цээж нь бахим чийрэг, гарын булчин нь зангиран бүдүүрчээ. Хоёр мөр нь дээшээ овойж түхийгээд, сүртэй гэмээр харагдаж байв. Даанч хоёр хөл нь алга…
-Чи ямар зорилгоор надтай уулзах билээ?
-Чамайг ганцаардаж байгааг мэдээд… Хань болмоор санагдлаа.
-Миний талаар хэн чамд хэлсэн бэ?
-Аав чинь…
Сайхь эр чив чимээгүй цаашаа эргэн, цонхон дээрээ очив. Тэрээр цонхоор ширтэн суусаар л байв.
Даналзаж байдаг Арнита бүр <<жижгэрч >> гүйцжээ. Чухам яах ч учраа олсонгүй. Баахан мөнгө аваад, цүнхэлчихсэн байдаг? Гэтэл үйлчлүүлэгчийнх нь байж байгаа төрх… Арнита хэсэг сууснаа:
– Чи өдрийн хоолоо идсэн үү? Би чамд цай аваад ирэх үү? Өнөөх эр дуугарсангүй. Арнита ухасхийн гараад, цай хоол бэлдээд, эргэн ирлээ. Хаалгыг гурван удаа зөөлөн тогшоод орлоо.
-За… Цайгаа уу? Хоолоо ид! Аав чинь гараад явчихсан байна аа. Хоёулаа жаахан ярьж хөөрөлдье. Чи ямар нэг юм яриач дээ. Би их сургуулийн оюутан. Одоо гуравдугаар дамжаа.
Өнөөх залуу тавиур дээрх халуун цайг авч уугаад, дараа нь хоол идлээ. Нэлээн сууснаа:
-Би хүнд осолд орсон юм. Хоёр хөлгүй. Ээж маань миний гайгаар нартаас одсон. Би ээжээсээ уучлалт гуймаар байсан ч боломж алга. Хамгийн хэцүү нь энэ юм даа.
-Яасан харамсалтай юм бэ? Нэгэнт болоод өнгөрсөн асуудлыг буцаах аргагүй. Тийм учраас хэцүүгээс аль болох өөрийгөө чөлөөлөн, амар тайван байх нь чухал байх аа?!
-Чи аавтай хаана тааралдсан юм бэ?
-Цэнгээний газрын доод давхарт. Хоолны зааланд.
-Чи биеэ үнэлэгч үү?
-Би оюутан гэж чамд хэлээ биздээ! гэж дуугаа чангаруулан хэлснээ, орлого үйлчилгээгээ бодон, биеэ бариад:
-Надад мөнгө хэрэгтэй байсан юм! гэлээ
-Аав ээж чинь байгаа биз дээ?
– Аав маань хөдөө суманд байдаг. Дүү нартай хамт.
-Одоо чи хаана суудаг вэ?
-Би оюутны байранд суудаг.
Тэр хоёр бие биедээ баахан асуугдлаа. Сугалсан билетээр багшдаа асуугдах шиг асуусаар л байв. Арнита хариулсаар л байлаа. Онцлог нь түгдрэлгүй хариулах нь сайхан юм.
Харин Арнита түүнээс элдэв олон юм асуусангүй.
Өөрийгөө Өрнөх гэж танилцуулсан тэр залуу сэтгэл нь нэлээн онгойсон бололтой сууж байснаа унтахаар хэвтэв. Арнита түүнд туслан, өргөж дэмнэн орон дээр нь гаргахдаа, үнэхээр их өрөвджээ.
Хүүхэд шиг гэнэн бөгөөд итгэмтгий хонгор ааш нь мэдэгдэж байлаа. Тэрээр хажуу тийшээ харж хэвтээд, нэлээн зүйл ярив. Магад сэтгэлийг нь хөндсөн хөндүүр бодлоо тайлах мэт амандаа үглэн хэвтэж байснаа унтаад өгөв. Арнита хөлөн дээр нь хөнжил нөмөргөлөө. Өвдөгнөөс нь мухарласан үсэрхэг зузаан гуяыг нь хараад эмээхдээ, хөнжлийг нь бушуухан хучаад, өрөөнөөс гарлаа.
Буйдан дээр түрүүлгээ харан нам унтжээ. Нэг мэдэхэд өглөө болсон байлаа. Өвгөн ч алга. Арнита хананд жингэнэх цаг руу өлийн харснаа, толгойгоо маажин, ухасхийн босов. Арван нэгэн цаг гозойж байхыг хараад, мэгдэн сандрав.
“Танихгүй айлд ирчихээд, ингэтлээ унтаж хэвтдэг ямар хүн байдаг билээ?” гэж бодоод, нүүр гараа угаан, үс зүсээ янзлав.
Өрнөх тэргээ түжигнүүлэн өрөөнөөсөө гарч ирлээ. Тэрээр халуун хоол, цай , чихэр, жимс дүүрэн өрж бэлтгэсэн ширээндээ Арнитаг урив. Тэр хоёр нэлээн ярьж хөөрч, инээж хөхөрч суугаад, дараа нь Арнита сургуульдаа очихоор яаран гарчээ.
Арнита гурван хоногтоо мөнгө сайтай додигор явлаа. Гэнэт Өрнөхийг санав. Хүүгийнхээ төлөө зүтгэж явсан тэр эцгийг нь бодов.
“Охин минь сэтгэлээсээ туслаарай! Хүү маань таалагдвал дараа нь ирж байгаарай!” гэж хэлсэн үгийг санахдаа хичээлээ таслаад, тэднийх рүү зорьжээ.
Жаран тоот хаалганд очоод хонхыг нь дарлаа. Өвгөн алга бололтой. Дахин дарж үзлээ. Хариу алга. Сүүлчийн удаа ганц дарчихаад гэдрэг буцав. Өргүүр шат ирэхийг хүлээн зогсож байтал жаран тоот хаалга нээгдэв. Өрнөх хаалга тайлжээ.
Арнитаг хараад , баярлан инээмсэглээд, тэргэн дээрээ сууж байв.
-Би өмнө ирэхдээ ааваас чинь баахан мөнгө авсан юм аа. Би тэрэндээ санаа зовоод байх юм. Бас тэгээд үрчихсээн. Би чамд өртэй санагдаад байлаа
-Зүгээр ээ. Би чамтай хоносон тэр шөнө үнэхээр сайхан унтсан. Дахиад чамайг ирээсэй гэж бодож байлаа.
-Тийм үү? За, За би ажилдаа орлоо. Сүүлд нь авсан тавин мянган төгрөгөндөө бүх юмыг чинь угааж өгье. За юу!
Ингээд Арнита орой болтол бүх юмыг нь угааж өгөв. Хөгшин залуу хоёр эрийн гадуур дотуур хувцас, цамц, өмд, оймс бүгдийг нь үлдээлгүй цэмбийтэл угаагаад, тагт дүүрэн хувцас тээлээ.
Өрнөх баярлахын дээдээр баярлан, инээд хөөр болж, хоол цайгаа бэлдээд, ширээндээ урилаа.
-Ингэхэд аав чинь хаачсан билээ?
-Аав хөдөө явчихсан. Дүүгийнх рүүгээ. Арав хоноод ирэх байх.
-Чи энэ олон хоног ганцаараа байж чадах юм уу?
-Чадах байх аа.
Өрнөх инээж сууснаа “Чи аав бид хоёрын дотуур өмдийг хүртэл үлдээлгүй угаажээ” гэхэд Арнита тамхиныхаа утааг үлээнгээ ”Тэр байтугай өөдгүй хүмүүсийн дотуур өмдийг тайлж л явлаа. Та хоёрт тусалж байгаадаа баяртай байна! ” гэчихэв.
Тэд хөгжилдөн суусаар нэлээн орой болжээ. Арнита босоод “ За, би байр руугаа явлаа. Дараа ирээд, үлдсэн өрөө дарна аа” гэснээ хөгжилтэйгээр тас тас хөхрөв.
Өрнөх царайгаа хүрлийлгэн, урам муутайхан хойшоо налан сууснаа, өврөө уудлан ууттай мөнгө сарвайв. Арнита гайхан “ Үгүй, үгүй… Одоо мөнгө авахгүй шүү!”
Өрнөх хэсэг дуугүй сууснаа, хэлэх үгээ хэлж чадалгүй түгдрэн нэлээн суув. Сууж сууж, удаж удаж:
-Чи хоногийн хэдээр явдаг билээ?
-Жаран мянга.
-Тэгвэл надтай хонооч! гэж хэлчихээд нүдээ дальдчин, буруу харан суулаа. Арнита үг хэлж чадалгүй сандрахдаа, буйдан дээр лагхийн суув.
Өрнөх хөргөгчөө уудлан, ягаан өнгийн шампани дарс гаргаж хундагалав. Тэр шөнө Арнитад ер бусын гайхалтай байлаа.
Өрнөх бол үгээр хэлэхийн аргагүй сайхан эр байж ээ. Хоёр хөлнөөс бусад бүх юм нь бүрэн аж. Хүнлэг сайхан сэтгэл, ухаалаг зөв яриа, өргөн ханагар цээж, нүдэнд дулаахан харц…
За тэгээд… Ер нь сэтгэл булаам эр байв. Хамгийн гол нь Арнитаг гэсэн чин хайрын сэтгэл. Цуцашгүй хүсэл тэмүүлэлтэй, туйлын хүчирхэг эр байжээ.
Шөнө дундын салхи цонхны хөшиг сэвэлзүүлэн, дүйрмэг сарны бүдэг гэрэл өрөөнд нэвчжээ. Ширээн дээр асааж орхисон лаа хайлан урсаад, яг дуусах дөхсөн харагдана.
Арнита, Өрнөхийн хүзүүгээр тэврэн, хүзүүн дээр нь үнэсэв. Өрнөх үлгэрийн дагина шиг үзэсгэлэнтэй бүсгүйг өвөр дээрээ өргөн, озон тааллаа. Залуу хосуудын сэтгэл бие биедээ нэвтрэн уусахдаа , нэгэнт туулсан зовлонгоо гэтлэн давжээ. Баяр хөөр цалгин бие биедээ наалдан, хэвтсээр л байв. Өрнөх, Арнитагийн шонтгор хамрыг оролдон өхөөрдөөд:
-Чи яг сондгой тоо шиг хүн шүү. Содон эршүүд зантай. Үнэн мөнийн туйл.
-Чи ч бас сондгой тоо шиг зөрүүд. Гэхдээ удалгүй бууж өгдөг.
-Чи хаалга тогшихдоо гурван удаа л тоншдог. Үүнийгээ мэдэх үү?
-Тийм үү? Би өөрийгөө анзаардаггүй шүү дээ.
-Чи анх ирэхдээ миний өрөөний хаалгыг гурав удаа тогшсон. Дараа нь дахиад гурван удаа. Анита бавгар сахал дундаас уруулыг нь хайж олоод, зөөлөн хазлаа. Өрнөхийн нүд рүү тулан ширтээд:
-Тэгвэл би яах аргагүй сондгой тоо юм. Миний зан араншин, амьдрал ахуй, ер нь бүх юм сондгой юм шиг байдаг л даа. Өрнөх, Арнитагийн бэлхүүсээр чанга тэврэн өөртөө наагаад:
-Би ч бас адил. Хувь тавилангаар туулж өнгөрүүлсэн бүхэн минь сондгой.
Тэр хоёр бие биеэ хайрлан энхрийлсээр үүр цайлгав…
Арнита, Өрнөхийг унтаж байхад нь сэрээлгүй орхиод, хичээлдээ явжээ. Мэдээж ууттай мөнгийг орхиод гарсан. Гурав хоногийн дараа бүх хувцсаа аваад, нэг мөсөн иржээ.
Өрнөх бөөн баяр. Арнита буйдан түшин суугаад, түүний зузаан гуян дээр хөлөө тавин, инээмсэглэн сууж байснаа:
Сондгой тооны нийлбэр ямарт тэгширдэг юм байна лээ. Чи бод доо?
Өрнөх нүдээ эргэлдүүлэн баахан бодов.
<<Нэг дээр нэмэх нь гурав…. гурав дээр нэмэх нь тав…. долоо дээр нэмэх нь ес … тав дээр нэмэх нь нэг… >> Нээрээ бүгд л тэгш тоотой хариу гарч байна аа.
Хайрт минь, чи бид хоёрын зам нийлэх юм байна аа.
Арнита гэнэт нэгийг бодоод, сэтгэл нь зовинов.
-Аав чинь намайг уучлах болов уу?
– Аав чамайг их үнэлсэн. Аав энэ зун дүүгийнхээ гадаа гэр бариад, хөдөө байхаар шийдсэн. Төрсөн нутагтаа очно гэж үргэлж ярьдаг хүн дээ. Аав минь ээжээс хойш их ганцаардсан. Аргагүй юм. Ээж минь энэ айлыг босгодог байлаа. Аав одоо дүү нараа бараадаг дээ. Надад санаа зоволтгүй болсон.
-Би анх аавыг чинь үйлчлүүлэгч гэж андуураад, өгзгийг нь базсан шүү дээ. Өрнөх учир зүггүй баахан инээв. Удтал инээж сууснаа:
-Өгзгөө базуулаад баярласан байх даа. Овоо доо аав минь… Залуу насаа дурсаж дээ. Арнита уурлан буруу харан суув. Өрнөх, Арнитаг аргадан:
-Хоёулаа одоо өнгөрсөн бүхнийг мартана аа. Бүх зүйлийг шинээр эхэлнэ гэв.
Арнита, Өрнөхийг хүзүүгээр тэврэн:
– Би жинхэнэ хайраа олсон. Үлдсэн амьдралаа чамдаа зориулна аа. За юу? Өрнөх хариуд нь:
-Би чамд бүүр их хайртай. Хоёулаа сайхан амьдарна аа. Би чамтайгаа дандаа хамт байх болно.
Арнита гэдэг нууц нэрийг Ариунсарнай хэдийнээ мартжээ. Өнгөрүүлсэн цагийн гуниг зовлонгоо бодол дамнуулан холоо гэгч гээжээ. Хүйтэн хийгээд хатуу дурсамжийг хэн ч дахиж сөхөөгүй юм.
Ариунсарнай сайхан эзэгтэй болжээ. Хоёр хүүхдийн ээж болсон. Хотын төвөөр дөрвүүлээ алхаж явдаг гэвэл та итгэх үү?
Эр нөхөр нь хиймэл хөлтэй болоод, ажил төрөлдөө эргэн оржээ. Хэнд ч анзаарагдамгүй сайхан эр алхаж явдаг болов. Мэдээж гоолиг турьхан сарнай түүнийхээ чимэг болно.
Ариунсарнай сургуулиа амжилттай төгсгөсөн. Хоёр хүүгээ өсгөөд гэр зуур. Бас бие давхар. Аавууд нь сайн. Дүү нар нь бужигнаастай.
Хүний амьдралын жирийн өдрүүд ийнхүү гэрэлтэн бадарсаар байна даа… Удахгүй шинэ оны баяр болно бүх зүйл дажгүй.
Аливаа зүйл өөрчлөгддөг юм шүү. Гагцхүү өөрөө хүсвэл өөрчлөгддөггүй юм гэж үгүй болой.
Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр5 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр5 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр5 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм1 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим