Нийгэм
“Тэнэмэл” арга хэмжээ эхэллээ
Тус цагдаагийн хэлтсээс орон гэрээсээ дайжсан, тэнэмэл амьдралаар амьдардаг иргэдийг бүртгэлжүүлэх, үндэс захиргаа болон ах дүү, төрөл саданг тогтоох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, гэмт хэрэг зөрчилд холбогдох болон хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Тэнэмэл” хэсэгчилсэн арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүллээ.
Хариуцсан 10 хороодын нутаг дэвсгэрт тэнэмэл байдлаар амьдардаг нийслэлийн харъяат 64, хөдөө орон нутгийн харъяат 17, нийт 81 иргэний гарын дардасын хээг авч, өндөр, жин, сорви болон шивээс зэрэг содон шинж тэмдэгийг фото зургийн аргаар бэхжүүлж авсан.
Мөн энэ үеэр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан 1 иргэнийг олж тогтоон, харъяаллын дагуу шилжүүллээ.
Арга хэмжээ цаашид үргэлжлэн явагдах бөгөөд дээрх иргэдийг нийгэмшүүлэх, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах, зөв амьдралын хэвшил дадалтай болгох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран шат дараалсан ажил зохион байгуулан ажиллаж байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.