Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

ҮЙЛИЙН ҮР

Нийтэлсэн

-

Сум нутагтаа салхи шиг хөдөлгөөнтэй эр гэгдэж явсан Хариг Бадам өөрийг нь дуудуулсныг сонсоод Гүдэс Цүлтэм ихэд гайхжээ. Хагас жилийн өмнө Хариг Бадамыг зэргэлдээ сумын хоёр эртэй панз үсэргэн ууж суугаад гэнэт цус харваж үхлүүт байна гэх зайгуул үг дуулдаж төд удалгүй өнөөх чинь сэхээд өрөөл татуу болчихож хэмээх яриа хойноос нь хөвөрч билээ. “Гоё сайхан бүхнийг эдэлж явсан ганган эр байж билээ. Гэм нь гар хатуутай хүн дээ” гэж мориныхоо явдал дунд Гүдэс Цүлтэм элдвийг бодсоор нар тонгойх алдад Бөөргөний аманд зусч буй тэдний гэрийн гадаа хүрч иржээ. Цүлтэм хорин жилийн тэртээ амьтан хүний хараа булаасан хонгор үрээгээ алдсанаас хойш Хариг Бадамтай үг солих байтугай хаа яваа газарт нь тааралдчихгүйг хичээн мөр бултуулах болсон ажээ. Тэрээр морио зэлнээс уячихаад уяатай банхарын хөв хөв хуцахыг ч анзааралгүй гэр өөд газар ширтэн сөөг сөөг алхсаар явж оров. Хоймор Хариг Бадам зүүн хөлөө урагш жийчихсэн хажуулдас хийн суух ажээ. Түүний хагас атгаатай зүүн гарын хуруунууд хатаж хорчийгоод хэрээний сарвуу шиг махигар болсныг Цүлтэм зэрвэс харлаа.
-Сайхан зусч байна уу? гээд Цүлтэмийг хөөргөө сунгахад Хариг Бадам түүнийг нь аваад шүрэн толгойг нь үнэрлэх аядсанаа хар залуугийн зангаар их л шимтэнгүй эргүүлж тойруулж хараад буцаан өгөв.
-Сайхан л зусч байна. Алив миний охин нөгөө шимийн юмнаас чинь байгаа биз дээ гэж амаа мурчийлган хэлээд цээжээ хэржигнүүлэн хэдэнтээ ханиалаа.
-Ай хөөрхий гэж. Нэг мэдэхэд хүний гарт орчих юм даа. Би ч яахав, үйлийн үрээ мэрж сууна. Танайх хуучин зусландаа буугаа юу? гэж Бадам зовиуртайгаар хэнгэнэн дуугарахад охин нь түүн рүү нэг л жигтэй сэртэсхийлээ.
-Тэндээс өөр хаа буухав гэж Цүлтэм янз муутай өгүүлээд хүүхний хоёр гардан барьсан мөнгөн аягатай сархадыг авч дээгүүр нь хөвөх тосыг үлээгээд гүд гүд залгилав. Тэр хоёрын яриа нэг л эвлэж өгөхгүй байсаар хоёр литрийн хуванцар савтай нэрмэлийн ихэнхийг Гүдэс Цүлтэм ганцаар уугаад дуу нь чангарч, халамцаад ирэв. Охиныхоо хялалзах нүдийг сэм хариулж байгаад Бадам хоёр ч тагш архи уучихжээ. Явган ширээн дээрх аягатай нэрмэл рүү Цүлтэм гөлрөн харж байснаа:
-Чи ч цагтаа шуугиулж явсан даа гэж хэлээд Бадам өөд толгой өргөн:
-Хэдэн сараар алга болж байгаад ирэхдээ тэгэхээс тэгэх гэсэн юм шиг манай гэрийн урдуур баахан адуу туугаад өнгөрдөг байж билээ. Одоо санах нь ээ гөөмөн сайхан адуу байж шүү гэв.
Тэгмэгц Бадамын чихэнд морьд янцгаах нь сонсогдож, ус гүйсэн цэхэр нүдний нь угт оч гялалзаад ирэв. Тэрээр дан тэрлэгний цаанаас хэрзгэр цээжээ түхийлгэж ирээд:
-Харанхуй шөнө шидэмсний тасархай ч олоод харчихдаг уулин нүдтэй, даарч өлсөх, эцэж цуцахыг ч мэдэхгүй хэдэн өдөр морин дэл дээр дарцаглан давхичихдаг, ай мөн чиг идэр залуу байж дээ. Би чинь ихэнхдээ Сүхбаатарын Асгат, Завханы Тэсээс адуу авчирдаг байлаа гэж таахалзмар аядав. Тэгснээ:
-Хуучин цагаар бол шилийн сайн эр байхгүй юу гэж нэмэхэд тэдний яриаг чагнан зүүн орон дээр суух охин нь тэсэлгүй жуумалзжээ.
-Яг л тийм дээ гэж Цүлтэм түүний амыг дагуулаад:
-Зунд таргалахгүй, зудад үхэхгүй мал нь урд хөндийг дүүргээд л бэлчиж байх буян юм даа гэж толгой сэгсрэв. Үүнд нь бүр хөөрсөн Бадам:
-Намайг хүмүүс Хариг л гэдэг. Эрийн сайнаар өөрөө хураасан юм. Өөрөө үрээд дуусгана аа. Яадаг юм, хэдэн малаа арван жил хаяа түшсэн гурван малчиндаа тараагаад өгчихсөн. Гэхдээ ганц үрээ хүний дор оруулахгүй явуулах ухаан надад бий гэж охин өөдөө хошуу дэвсээд:
-Өсгөнө үү, үрнэ үү өөрөө мэднэ биз. Энэ насанд нь лав хүрнэ гээд авдар руугаа хяламхийж ёроолд нь далдхан нуусан хадгаламжийн дэвтрээ санан маадгар мишээлээ. Хүүхэн орон дороос дахин савтай нэрмэл гаргаж ширээн дээр тавиад:
-Аав одоо уухгүй шүү. Бие чинь дийлэхгүй гэж анхааруулаад хоол хийхээр эргэнэгээ ухаж төнхөв. Цүлтэм сүүмгэр нүдээр хүүхэн рүү харснаа:
-Ингэхэд танай хүргэн хаачаа вэ? гэж асуулаа.
-Хоёр хүүхдээ дагуулаад хот явсан. Намайг дуурайж панз үсэргэдэг бололтой юм. Чадахаасаа чадахгүй нь их дээ гэж Бадамыг дуугарахад охинд таагүй байгаа нь илт нүдээ эргэлдүүлэн жарваганав. Цүлтэм өөд Хариг Бадам харцаараа дохиход цаадах нь хүүхнийг буруу харах хооронд аяганд нь архинаас хийлээ. Бадам аягатайгаа бушуухан аваад залгилав. Тэгээд амаа арчаад мөрөө ганхуулан хөдөлгөж:
-Ганжуур, Данжуур байлаа ч
Бишрээ нь үгүй Торой
Хутагт хувилгаан байлаа ч
Мөргөө нь үгүй Торой хэмээн гэнгэнэж, дуулмар аядав.
-Зая бандида хутагт өөрийн биеэр залран ирж Торой бандид зангиа зүүж өгсөн юм гэнэ лээ. Ёстой л жинхэнэ шилийн сайн эр байж дээ гэж Хариг Бадам бувтнав.
-Эртний сайн эрчүүл чинь Шилийн Богд дээр гарч андгай тавьдаг байсан гээ биз дээ. Чи бодвол очоо л байлгүй хэмээн Цүлтэмийг өгүүлэхэд Бадам толгой гудайлгаад:
-Шилийн Богдыг зорих бүрт заавал нэг саад тохиолдоод ер очиж чадаагүй. Хэдэнтээ алсаас барааг нь харж сүслээд буцсан юмдаг. Тал газар хаанаас ч харсан майхан шиг манхайж байдаг хайрхан. Өнгөрсөн жил хүргэнтэй хамт явтал наана нь машин эвдрээд аргагүй буцсан. Одоо бодох нь ээ Шилийн Богд намайг хүлээж авахаас л дургүйцсэн байх гэж Бадам гансрав. Тэгээд дээш өлийж:
-Чи шилийн сайн эр Ухаа Балжирын тухай хууч домог дуулж байсан уу? гэж Гүдэс Цүлтэмээс асуулаа.
-Нэрийг нь сонсож байснаас цаашгүй.
-Түүнийг Дарьгангын бүх шилийн сайн эрсийн тэргүүнээр сонгох гэхэд ноёдууд шилийн хар хулгайч гээд зөвшөөрөөгүй гэдэг. Мань эр хэрэгт гүтгэгдэж өшрөхдөө Бандида гэгээний хийдийн бурханыг хулгайлж хайлуулаад цул мөнгө болгон хэрчээд наймаа хийж хөлжсөн хүн юм гэсэн. Өөрийн арга заль, эр биеийн хүчээр өчнөөн адуу нутаг дамнан тууж ядуу ардуудад тараасан буянг нь ганц удаа хийсэн тэр хулгай баллаж орхисон юм даа. Ухаа Балжиртай адил би ч бас нэг удаа хазаар гүйлгэх аядаж нүгэл хураасан хүн дээ гээд санаа алдав. Охин нь түүний ярьсанд гайхахдаа дүрлийн ширтлээ.
-Залуу явахад сайн морь, сайхан эдлэлийг нүднийхээ өмнүүр өнгөрөөж тэсдэггүй байлаа. Сэтгэлд орчихсон л бол үнээр зодож байгаад ч хамаагүй өөрийн болгодог байв гэж Хариг Бадам бахархангуй яриад гэнэт уйтгарт автаж:
-Даан ч хүн гээч амьтны сэтгэл ханахгүй юм даа. Чамд сайхан хонгор үрээ байж билээ. Таван тарган агтаар арилжчих гээд байхад өгөөгүй дээ гэж Хариг Бадам эртний явдлыг дурсав.
-Аан тэр үү. Адуун дундаас алга болчихсон шүү дээ. Хээрийн боохой зооглосон биз гэж бодоод өнгөрсөн хэмээн Гүдэс Цүлтэм харамсангуй дуугарав.
-Би гүйлгэчихсэн юм аа гэж өвгөн намуухан хэлээд Цүлтэм өөд хулалзахад угийн шударга зантай түүнийг өрвөлзөөд босоод ирэх вий гэж охин сүнсээ зайлтал айжээ. Тэгтэл цаадах нь тоосон шинжгүй тайван гэгч архиа балгалж аагийг нь пүү гэж үлээв. Царайд нь мишээл тодорч нуг нуг хөхөрснөө:
-Би чамайг авсан болов уу гэж битүү хар төрөөд л байсан юм. Авч явсныг чинь хараагүй болохоор гөрдөж даан ч чадаагүй. Уг нь ч зөв хүнээ сэрдсэн байж гээд сэтгэл ханасан байртай гуяа алгадан уртаар амьсгал авлаа. Энэ мөчид түүний цээжний мухарт олон жил хадгалагдсан хорын бодол нь оргүй сарнин оджээ.
-Баруун аймагт аваачаад арван агтаар арилжчихсан юм. Чи хө, үнэд нь тооцоод манай малчин Хугас Дампилынд очиж азарга адуу аваарай. Чамайг очно гээд тэднийд тавьчихсан байгаа гэж Бадам өгүүлээд нэрмэл өөд толгой зангалаа.
Удалгүй тогоотой хоол буцалж аяга дүүрэн борцтой лавшааг охин нь Хариг Бадамд өглөө. Өвгөн ихэд дуутай сорж, тамшаалан идэх нь хажууд суугаа Гүдэс Цүлтэмд ч түвэгтэй санагджээ. Баахан ичсэн охин эцэг рүүгээ нэг, Цүлтэм өөд нэг ээлжлэн харж зовнингуй инээмсэглэлээ. Өвгөн аягаа долоогоод тогоо руу өнгөлзөн:
-Дахиад идье гэвэл охин талаас арай дээхнүүр хийж өгөв. Цүлтэм ч бас нэмүүлэв.
-Сайхан хоол байна. Болсон, охин минь гэж хэлээд тэрээр хоосон аягаа ширээн дээр тавьлаа. Хариг Бадам хоолоо идчихээд дахиад нэг аягыг нэмж цохиод тогоо руу нүд унагахыг ажигласан Цүлтэм гайхширч орхижээ. Тэрээр “Жар гарчихаад залуу зандан үе шигээ сайн цохиж байх чинь. Аргагүй бие сайтай хүн юм даа. Мань мэт нь цус харавсан бол юун энэ Бадам шиг босч ирэх, газар дээрээ чад болчихсон байгаа” гэж бодож суулаа. Хариг Бадамын гараас аягыг булаах нь холгүй охин шүүрч авахад Гүдэс Цүлтэм дотроо ихэд ундууцаж үг хэлье юу гэж санаснаа арай гэж биеэ барив.
Үдэш болсон хойно Хариг Бадам:
-За, хө давсагаа суллая гэж бувтнахад Цүлтэм:
-Би ч бас тэгье байз гээд өндийлөө.
Бадам унь тоолон өрөөлдөж алхсаар хаалга зүглэжээ. Гэрээс янцагласаар гарахад Цүлтэм түүнийг сугадаад харанхуйд тэмтчин зүүн урагш алхав. Гэрээс нэлээд холдсоны хойно:
-Болно болно гэж Бадам гүвтнээд тэнгэр өөд ширтэн түүнийг урин дуудах мэт анивалзах одод руу харан сүүрс алджээ.
-Хормой сөхөж байгаач гэж Бадамыг шивнэхэд Цүлтэм түүний дээлийн хормойноос атган дээш шуув. Хариг Бадамын морь харах нь саржигнан сонсдох авай. Тэгэх мөртөө унгас алдах ажээ. Гүдэс Цүлтэм тэрхэн зуур “Үг унагалгүй хорин жил болчихоод ганц ирэхдээ дээлийнх нь хормойг бариад шээлгүүлж зогсох гэж. Ёстой л хүний төөрөг гэж энэ байх даа” хэмээн ганихран боджээ. Тэгээд түүнийг сугадан гангар гунгар ярьсаар гэр өөд сажлав.
Гүдэс Цүлтэм өвгөний орны өмнүүр газар дэвссэн гудсан дээр дээлээ нөмрөн хажуулдахаар хэвтлээ. Бадамтай элдвийг хүүрнэж байгаад давсанд таг явжээ. Шөнө дунд гэнэт хөл дор нь нэг юм тожигнох шиг болоход Цүлтэм цочин сэрлээ. Яах аргагүй хөлийн харалдаа нь төмөр хяхтнах мэт чимээ гарах ажээ. Тэрээр өндийж суугаад хоолой зассанаа:
-Хэн бэ? гэж сөөнгөдүү өнгөөр аяархан дуугарвал охины хэвтэж буй орноос гар чийдэнгийн гэрэл мэлсхийн туслаа.
Гэнэт ассан хурц гэрэлд аргалын дөрвөлж дээр тавьсан тогоотой хоолноос Хариг Бадам гараараа самардан идэж суухыг хараад айсандаа Гүдэс Цүлтэм золтой л орилчихсонгүй.
-Хүүе, аав гэж охин дуу алдаад дээлээ хальтхан нөмрөөд түүн рүү ухасхийлээ.
-Өлсөөд өө гэж Бадам ердөө тоосон шинжгүй дуугарах ажээ.
-Уучлаарай Цүлтэм гуай. Харавснаасаа хойш аав маань хэчнээн идсэн ч сэтгэл нь цадахаа байчихсан юм. Мэдрэлийн өвчин гэнэ лээ хэмээн охин үглэсээр өвгөнийг сугадан босгоод оронд нь хэвтүүлжээ.
Эргээд хэвтсэн боловч Гүдэс Цүлтэмийн нойр хулжиж үүр цайтал хөрвөөв. Түүний толгойд Хариг Бадамын хэлсэн “Үйлийн үрээ мэрж сууна” гэсэн үгс бодогдоод ер болж өгсөнгүй.

Жогноогийн Бямбасайхан

Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр5 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр5 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр5 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм1 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим