Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
2019.09.16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм.
Өнөөдрийн хувьд авто болон төмөр зам, орон сууцны хороолол, газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Байгалийн түүхийн музей, цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцыг танилцуулж байна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлан хариуцсан чиглэлээрээ иргэдэд үйлчилж байна.
Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар товч танилцуулав.
2018 онд 7.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа сэргэж, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт сайжирч байгааг дурдав. Гол нь энэ өсөлтийг иргэддээ хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгнээс онцлох эшлэл:
– Иргэдээ эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг Засгийн газар бүрдүүлнэ.
– 2016 онд 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 310 мянган төгрөгт хүргэн, төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар, бусад албан хаагчийн цалинг 10 орчим хувиар нэмэв.
– Улсын хэмжээнд 2019 онд 21420 ор бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад оруулна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамралтын түвшинг 88.1 хувьд хүргэнэ.
– Газрын тос боловсруулах үйлдвэр, шинэ нисэх буудал, Улаанбаатар-Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Яармагийн гүүрийг ашиглалтад оруулж, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Сонсголон, Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарц, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам, нүүрсний экспортын төмөр зам барих зэрэг ажил эрчимтэй өрнөж байна.
– Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын барилгын санхүүжилтийг улсын төсөвт тусгасан.
– Шударга ёс тогтоох, төрийн албанд хариуцлага, сахилга батыг сайжруулах, хууль бусаар байгалийн баялаг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хариуцлага тооцох, баялгийн хуваарилалтыг оновчтой, нийтэд хүртээмжтэй болгоно.
– Татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, цалин, тэтгэврийг нэмж, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг тууштай үргэлжлүүлнэ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын тасралтгүй, хэвийн ажиллах нөхцөлийг хангах, Иргэд, олон нийттэй харилцах төвийг өргөжүүлэх, Төрийн албаны хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Цаашид хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхой болгох зорилгоор “Алсын хараа – 2045” бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж эхэлсэн. Иргэнээ сонссон, иргэдийнхээ онцлогт нийцсэн, хэрэгжих боломжтой, дэлхийн чиг хандлагад дүйцэх бодлого гаргах цаг болсон” гэв.
Цаашид яам, агентлагууд дараах хуваарийн дагуу ажлаа тайлагнаж иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлнэ.
– 2019.9.17 Гадаад харилцааны яам – Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улс, үндэстний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх
– 2019.9.18 Эрүүл мэндийн яам – Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг
– 2019.9.19 Хууль зүй, дотоод хэргийн яам – Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний танилцуулга, зөвлөгөө
– 2019.9.20 Байгаль орчин, аялал жуулчлалын яам – Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх, “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө
– 2019.9.21 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам – Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах
– 2019.9.22 Зам, тээврийн хөгжлийн яам – Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах
– 2019.9.23 Барилга, хот байгуулалтын яам – Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,
– 2019.9.24 Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам – Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах зөвлөгөө
– 2019.9.25 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам – Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын талаар мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах
– 2019.9.26 Эрчим хүчний яам – Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа
– 2019.9.27 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам – Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.