Бусад
НОМТ ЗӨРЛӨГИЙН ЗАЛУУ
Галт тэрэгний түчигнэн өнгөрөх чимээг цасан ширхэгний сэрчигнээ уусган алсарахад зөрлөгийн жижүүр эр уур манан савсуулсаар гаднаас орж ирлээ.
-Энэ тэнгэр хангайн байж байгааг чиний минь сэтгэл,Номт зөрлөгийн байшин хоёроос өөр дулаахан сайхан юм гэж алга даа алга хэмээн үглэн гутлынхаа цасыг шүүрдэж толгой өргөн эргэн тойрныг ажвал бүсгүй нарийхан банзан орыг тэгнэн нам унтжээ…
-Тэгж л таарна…Энэ зөрлөгийн өвөл хүн бүхнийг тайтгаруулж байдаг шидтэй дээ шидтэй…Би л тэгж боддог юм шүү дээ.Бусад хүнд ямар мэдрэмж төрдгийг би яаж мэдэхэв гэж Аргун өөртөө үглэн зуухны аманд суун галаа өрдөхөөр зэхлээ.-Ганцаардаж байсан өдрүүдэд энэ зуух,түлээ мөн ч хань болсон доо…Галын дөл харж мод шажигнан шатах чимээг сонсон модны бохь зажилж юм бодож суух ч бас сайхан шүү…Ингэж л хамаг уйтгар гунигаа барсан.Хүний амьдралын бүхэл бүтэн арван жил…итгэл гэдэг амьтай бас үнэтэй зүйл…Тунамалыг явсны дараа зэргэлдээх суурингийн ганц нэг эрчүүл-Дагуулж ирсэн эхнэрээ буцаагаад гүйлгэчихдэг хийморьгүй ч эр бол доо…Одоо бууж өгөөд манай суурингаас нэг юм олж ав, нэгэнт явсан хүүхэн эргэж ирэхгүй, тэр шилбэлзсэн цагаан хүүхнийг хүлээгээд өвдгөө тэврээд насыг барах юм уу гэх зэргээр даапаалж билээ. Сүүлдээ хэн нэгний яриаг сонсохоо ч больсон. Гоонь эрийг янз туршиж мэр сэр хүүхнүүд ирнэ. Тэр бүгдэд залуу яг л балай хүн мэт байсанд бухимдсан хүүхнүүд -Цаадах чинь юмгүй юм байна лээ тэгээд л гэж жиг жуг хөхрөлдөн нудралцаж байхыг сонссоон. Дэргэд байхгүй ч байгаа юм шиг сэтгэж байгаа мэт ярих нь сэтгэл санааг бүлээцүүлдэг л юм…залуу эр ийнхүү бодолд дарагдаж суутал хаалга нээгдэн өнөөдрийн жижүүрийн эр сүр бараатайхан орж ирлээ.
*********
Өртөөний авсаархан жижиг байшинд бүлээн ахуй ноёлж пүнхийсэн дулаахан. Цэвэр цэмцгэр зуухнаас нойтон түлээний чад падхийх чимээ сонстоно. Хуучин цагийн орос данханд цай даргилан буцлаж хар цайны ааг хамар ам цоргих нь өглөөнөөс хойш хэлэн дээрээ хэрчим талх тавиагүй хэн нэгэнд бол арааны шүлс асгаруулам. Цагийн зүү 13.00 минутыг заана. Аргун цаг өөд харчихаад үргэлжлүүлэн номоо дэлгэн дээш харан хэвтлээ. Аль түрүүнээс хойш ганц үг ганхийхгүй хөлөө солбин босоо модон сандалд цомцойсон Тунамал гэнэт үсрэх шахам босож задгай үсээ арагш шидлэн
-Чи босооч дээ.Үргэлж ингээд ном уншаад хэвтэж байх юм гэж шилбэлзэхэд Аргун
-Юундаа ингээд л уурлаад байдаг юм бэ дээ. Галт тэрэг ирэх болоогүй байна шүү дээ
-Тэр нь ямар хамаатай юм бэ. Би энд чинь уйдаж үхлээ. Хоёулаа ярилцья л даа.Чи надад үргэлж хайртай гэдэг биз дээ
-Үүнд чинь хайр ямар хамаатай юм бэ…Дандаа л үглэж эрх хав шиг шарвагнаж байх юм. Би тэр хот орон газарт чинь очиж амьдарч чадахгүй гэж хэллээ. Өөр юу хүсээд байдаг юм бэ дээ
-Тэгээд би энэ хүн нохойн бараа харагддаггүй газар чинь насыг барах уу айн. Ёстой үгүй шүү гэж Тунамалыг уурсаж эхлэхэд Аргун өндийн хөлөө унжуулаад номоо арагш дэлгээтэй чигээр нь тавиад босож суниалаа.
-Чи нээрээ ирсэн цагаасаа хойш л ингэж үглэж хашгирч зовоолоо. Юу дутахаараа ингэдэг хүн бэ. Хоол байна. Гэрт гадаах бүх ажлыг би амжуулчихаж байна. Өөр юу хэрэгтэй юм бэ
-Би чамайг надтай хамт хот руу явж амьдар гэж хэлээд байгаам биш үү хөөе хэмээн залуу эрийн гараас чангаахад Аргун
-Ядаргаа. . .гадуур амжуулах ажил байна. Ингэсээр байтал галт тэрэг зогсох цаг боллоо хэмээн тайван өгүүлээд гарч одлоо. Бүсгүй доош суун бархирч- Би чамайг хаяад явна даа… Заавал хэмээн орилох нь хаалга хаагдах чимээтэй замхарлаа.
*********
Зөрлөгөөс галт тэрэг хөдлөн аажуухан хурдаа нэмсээр уухчин хадат хошууг тойрч бараа тасрахад залуу эр алгуурхан эргэж алхсаар жижиг модон байшингийнхаа хаалгыг зөөлхөн татан орлоо.
-Ишш дүү минь. Амралт энэ тэрээ авдаггүй хүн үү
-Юундаа ч амрах билээ. Би чинь амралтанд байгаа мэт ганц тайван байж чаддаг газар бол миний номт өртөө юм шүү
-За та нар мэтийн залуу хүмүүс ядрахыг мэдэхгүй дээ бараг
-Дүүгийнхээ амралтыг өөр дээрээ бичүүлээд авчихгүй юу та
-Хэ цэс тэгж яаж болдог юм бэ…тэгээд л дандаа хүүхэд шиг юм ярих гээд Нарлаг инээвхийлнэ. -Заа амралт ч дүүрч авгай аваач
-Авгай юу… Авгай авсаан…
-Хм… Эргүү туучий…Одоо тэр юу гэж ирэхэв дээ. Энэ зэргэлдээх суурин энэ тэр лүү яваач чи…залуу хүн байж
-хэ хэ та олон юм яриад байлгүй ажлаа дууссан бол харьж сүүжээ амраа би энэ хавийг хараад энэ тэрийг аргацааж байя
-Гүй ээ мөн ч амар амьтан шүү. Хавийн ажилчдыг амраагаад өөрөө оронд сууж л байдаг. Заа яахав дээ. Юу сайхан дур сайхан хэмээн сандлаа шажигнуулан босож Нарлаг авгай үүд рүү зүглэн алхаж гараад сая хаалга хаагдахад Аргун гадуур хувцсаа тайлж өлгөөд түрүүчийн уншиж байгаад дэлгээтэй нь үлдээсэн номоо авч орон дээрээ гэдрэг харан хэвтээд чимээ алдарлаа.
Аргун Номт зөрлөгийн савдаг гэж хочлогдоод даруй хорин хоёр жилийг үджээ. Тэрбээр жилийн дөрвөн улиралд энэ зөрлөг бяцхан байшин хоёроосоо огт холдоогүй.Төмөр замын ажилчдын эрүүл мэндийн үзлэг нэрээр хот орсон ч хонож өнжих нь үгүй. Галт тэрэгний үйлчлэгч хүүхнүүд бүр сүүлдээ Аргуны өртөө гэж нэрлэх болжээ. Анх Тунамалтайгаа учирч нисэх шахам дэгэлзэж явах үед галт тэрэг их түргэн ирдэг байсан бол одоо их уддаг болсон мэт бодогдоно. . .ийн бодон бөвтнөх замын жижүүр эрийг харахад ямар нэгэн үлгэрийн дүр амилах мэт сэтгэгдэл хэн хүнд ургана. Жижигхэн модон байшин цасанд дарагдан сүр бараа орж үлгэрийн шилтгээн мэт болжээ.Аргун байшингийнхаа гадаах цасыг цэмцийтэл цэвэрлэж дуусаад байшиндаа орж явчихав. Хажуугийн модон орон дээр зэрэгцэн цомцойн суусан хоёр эрийг хараад зогтуслаа. Тунамалыг явснаас хойш энэ орон дээр хэн нэгэн суугаагүй унтаагүй юм шиг санагдана.-Сайн байна уу?-Бид нар зэргэлдээ сумдын байгаль орчны ажилтнууд юм л даа. Өнгөрсөн жилээс хойш хууль бус хүмүүс үүгээр байгалийн үнэт чулуу зөөгөөд байна гэсэн мэдээлэл их ирэх боллоо
-Үгүй юу л даа. Тийм ч байж магадгүй. Аль хорин жилийн өмнө л байсан бичигт чулуу хүртэл алга болсон байна лээ. Тийм л учиртай байж л даа. Албаны хүмүүсийн сонорт хүрсэн бол болно доо хэмээн үглэн Аргун аль түрүүнээс хойш зуухан дээр богшсон хар цайнаас аягалан мөнөөх эрсэд барьлаа.
*********
Улаанбаатарын нэгэн гэр хороололд хуучиравтар гантиган байшин байх бөгөөд сайн ажсан нэгэнд бол хэзээ нэгэн цагт энд тансаг амьдралтай хүмүүс амьдарч байжээ гэх бодол зурсхиймээр ажээ. Хаалганы хээ нь бүдгэрч хашааны зам бүдгэрсэн нь ойрд энд хүн амьдраагүй гэлтэй. . .
-Хашааны дааман хаалга цэлсхийн нээгдэж зэгзгэр туранхай дэгжин бүсгүй ороод явчихав. Гартаа санжигнуулсан цүнхнээсээ түлхүүр гарган байшингийн түгжээг онгойлгон яаралгүйхэн нээх нь бүсгүйн ямба төрхийг илтгэнэ. Тунамал сууцныхаа хоймор өөд очиж Библийн зузаан боть номноос адис авах мэт дүр үзүүлээд хананы модон адрыг зүглэн хувцсаа нэг нэгээр нь тайлж эхэллээ. Нимгэн торгомсог нөмрөг биедээ углаж хээтэй шаахай хөлдөө жийж гал тогоондоо очин ханын зуухандаа цай чанахаар энэ тэрийг ажина. Удалгүй бүх зүйл жин тан болж бүсгүй сандалд тухлан сэтгүүлээ ширтэн чимээ суулаа. Энэ үест гадаа үүдэнд хүмүүс дуугаралдан хаалга нээгдэж нэгэн залуухан эр орж ирлээ.
-Өө ээж. Энэ Гангаа ахыг цуглуулсан чулуунуудаа ав гэж хэлээч золтой тороод хөлөө гэмтээчихсэнгүй
-Яана аа зүгээр үү миний хүү… Ээж нь яг одоо хэлье хэмээн хоймор өөдөө очиж утсаа эргүүлдэн хэн нэгэнтэй ярьж эхэллээ.
Энэ үест Аргун мөнөөх л галт тэрэгний түчигнэн уухилан холдох чимээг чагнан зогсож байлаа. -Золиг гэж нээрээ тэр чулуу алга болдог нь тийм л учиртай байж…мөнөөх хэдэн захианууд маань бороо усанд элээгдэж алга болсон байх…тасархай ч үлдээгүй байна лээ. Чулууг нь ачихтайгаа зэрэгцээд ойролцоох хог шороог нь хамчихдаг юм уу. Түүнийгээ санахгүй бодохгүй хүлээхгүй өдөр гэж надад нэгээхэн ч үгүй. Санаад тогтож сууж чадахгүй үедээ учиргүй их уянгалуулан уншсан номынхоо мөр бадгаас хэлхээд л их захиа бичдэг байж дээ. Даанч хайрт минь олж уншихгүй юм даа. Уншаад ч дэмий байх. Нэгэнт яваад өгсөн хүний сэтгэл санааг чилээхийн нэмэр. Сүүлийн хоёр жил захидал бичихээ больсоон. Гэхдээ итгэл горьдлого тасрахгүй байна. Нэг л өдөр ирчихсэн миний орон дээр унтаж байх юм шиг санагдаад л…П… эгчийн ярьсанд ч итгэх аргагүй. Түүнийг минь явсны намар Тунамалыг том гэдэстэй дэлгүүр хэсэж явсан гэхийг сонсоод нэг хэсэг л сэтгэл дэгэлзсэн. Одоо ч бараг мартаж байх шив дээ…Аргуны энэ бодлыг зэргэлдээх тосгоны малчин залуу эрийн
-Хөөе Аргун ах аа. Би таниас гуйж авсан номоо эргүүлж авчирсан шүү гэх яриа тасаллаа.
Байшингийн хананд Виктор Цойгийн хөрөг өлгөөстэй үзэгдэнэ. Мөн Битлз, Роллинг Стоун хамтлагийнхны зураг борооны дусалд өртсөн гэлтэй халцархай хуучирчээ. Тунамал бүсгүй ширээ түшин бодлогширч хөлийнх нь эргэн тойронд цаасны хог хаягдал учир утгагүй нэвсийнэ. Түүний дэргэдэх ширээн дээр ч мөн шарласан номын хуудас бичиг нь гаргацгүй болсон цаас наалдаж бөөгнөрсөн хуудсууд хөглөрнө. Тунамал өглөөний явдлыг санах гэж хичээнэ.Тунамалын ах Гангаа бөөн уур уцаар царайтай орж ирлээ.
-Яасан ядаргаатай хүмүүс вэ? Би авахаа аваад хэрэггүйгээ орхисон шүү дээ
-Наадах чинь тэгээд юу юм бэ
-Хэн мэдэхэв. Чулуутай л хамт ачигдаж ирсэн. Алив чи үүдний өрөө рүү гэрэл тусгаж бай хэмээн ахынхаа үглэх чимээнээр Тунамал гар утасныхаа гэрлийг тусгаж ах нь түлхсээр гадаа гаргахад дундаас нь Тунамалын зураг тасран газарт уналаа.
-Өө ядаргаа чиний л новш юм биш үү хэмээн ах нь уг зүйлийг өшигчин цааш эргэж алхан хашааны хаалгаар гарч машинд суун хөдөллөө.
-Бүхэл бүтэн хорин жил нэг хүн намайг үгүйлж санаж хүлээж байна гэдэг хэн хүний санаанд багтах зүйл биш. 2000, 2001, 2002 түүнээс хойш захидал бичээгүйг бодоход ямар нэгэн зүйл түүнд тохиолдсон юм болов уу?аль эсвэл энэ чулууг ах хоёр жилийн өмнө авчирсан юм уу…Гэтэл би хэмээн бүсгүй үглэж үсээ үгтээх аядана. Хүүг нь төрүүлж эгчдээ үрчлүүлчихээд биеийн амрыг хараад насаараа хэн нэгэнтэй нийлэхгүй өөрийн жаргалыг харж явна. Энэ сүмийг байгуулах ажилд оролцоогүй бол би ч одоо Солонгост хар ажил хийж солонгос эрийн өвөр бүлээцүүлсэн ч байж мэдэх л юм…Тунамал хүнд бодлоосоо салахын тулд хүчлэн босож гал тогооны өрөөнд очиж кофе найруулж уухаар зэхлээ
**********
Төмөр замын нэгдсэн эмнэлгийн нэгэн өрөөнд Аргун эмчийн өмнөөс харан цомцойн суужээ.
-Чи чинь яасан хэцүү хүн бэ?Хичнээн удаа дуудуулж үглүүлж байж ирж эмчийн үзлэгт ордог хүн бэ?Хар энийг сүүлийн бараг таван жил нэгдсэн үзлэгт ороогүй байна. Бид таны эрүүл мэндийн төлөө ингэж хөдөлмөрлөдөг хичээдэг мэдэх үү…гэж үглэх эмчийн үгийг сонсож дууссан гэлтэй Аргун
-Одоо явчихаж болох уу… Манай чиглэлийн галт тэрэг хөдлөх нь ээ хэмээн сандал дээрээ өндөлзлөө.Эмч
-Галт тэрэг яах вэ. Үргэлж явна. Энэ шинжилгээний хариугаа
-Тэр яахав ээ. Би явахгүй бол горьгүй нь гэж өндөлзсөнөө тэсгэлгүй ухасхийн гарч гар дахь цүнхээ савчуулан гүйж Аргун галт тэрэг рүү үсрэн орж эргэж гараа даллахад эмч бүсгүй
-Хмм… Түрүү булчирхай ч горьгүй л болж дээ хэмээн үглэсээр өрөөнийхөө хаалгыг хааж байлаа.
Энэ үест эмнэлгийн өрөөнд Тунамал бүсгүй дусал тариа залгуулан хэвтэж дэргэд нь хүү нь суужээ.
-Та үнэхээр таашгүй хүн шүү. Яаж ийм зүйлийг ингэж нууж хаацайлж явж чаддаг байна аа
-Ээжийгээ уучлаарай залуу насны алдаа…
-Хмм засс залуу насных нь алдаа би тээ
-Юу гэж дээ миний хүү алив ээж нь үнжий
-Таны бүх зүйл таалагдахгүй байна. Та эдгэсэн хойноо би тайвширсан хойно л энэ зүйлийг ярилцах юм байна.Би тайвширтлаа түр гарлаа хэмээн хүү яаравчлан гарч одлоо.
Намрын навчис улаан хээ татаж нарны доогуур хөглөрнө. Аргун зөрлөгийн бяцхан суурингийн ойр орчмын хог цаасыг хамж мэлтийтэл цэмцийлгэчихээд байшиндаа орж ирлээ. Энэ үест Тунамал бүсгүй Есүс Христийн сүмийн ахлах номлогчийн ажлаа хүлээлгэж өгөөд сүмийн хаалгаар гарахад хүү нь машиндаа хүлээн сууж байлаа.
-Бүх ажил нь цэгцэрчихсэн үү ээж минь… Яаравчлахгүй бол галт тэрэг хөдлөх нь ээ
-Тийм ээ яарах хэрэгтэй. Аав руугаа ээжийгээ явуулж байгаа хүү нь сэтгэл санаа сайхан л байгаа байх. Ээж нь бол аавынх нь нүүрийг харахаас халширч байна.Бас өвдсөн ч юм уу ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон байх вий гэж зүрхшээж байна
-Би яг долоо хоногийн өмнө Номтын зөрлөг дээрэас аавыгаа харсан сайн байна лээ. Галт тэрэгний үйлчлэгч эгч надаас-Аргуны зөрлөг дээр буух уу гэж асуусан.Би балмагдаад -Аргун гэж тийм алдартай хүн үү гэтэл-Тийм ээ хүсвэл ярьж өгч болно гээд инээмсэглэж байсан…..ийм нэгэн түүхийг сонсогч би бичиж цонхоор ширтэж суухад Номт зөрлөгийн залуу галынхаа илчинд дулаацан амтат цайгаа аягалан амгалан унтаж буй Тунамал бүсгүй буюу сэтгэлийнхээ цор ганц хайр болох бүсгүйгээ дуудан сэрээж байлаа…Удахгүй галт тэрэг ирэх чимээ сонсогдоно…
Ч.Дагмидмаа
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр37 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм36 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ