Бусад
Үрийн заяа
Нүдний шилнийхээ дээгүүр хэсэг харж сууснаа хуучны төмөр хүрээтэй шилээ ширээн дээр хайш, яйшхан тавиад босч, үл ойлгогдох хэдэн үг амандаа бувтнаснаа, халаасандаа гараа хийн хойш урагш алхлаа.
“Юу гэж хэлэх бол” гэхээс Булган тэсч ядан, сандал дээр займчин суухдаа Содов эмчийн хөдөлгөөн бүрийг нүд салгахгүй дагуулан харж байв.
-Ээж чинь гадаа байгаа юу… Эмчийн цаанаа л ёозгүй энэ асуултад:
-Манай эгч хамт ирсэн… хэмээн түгшсэн өнгөөр хариулахыг анзаарав бололтой Содов эмч ширээнд сууснаа:
– Үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Эгчтэй чинь уулзаад эмчилгээг хэлээд өгье. Чи түр гарч бай… гэлээ.
Хоёр сар гаруй эмнэлэгт хэвтэж хийлгэсэн эмчилгээний үр дүнг харуулах шинжилгээнийхээ хариуг сонсохоор эмчтэйгээ уулзсан бүсгүй дуугүйхэн гарлаа. Булганы эгч Энхмөрөн зөрөөд оржээ.
Эгчийгээ хүлээх зуураа “Мөнхөөд үнэнээ хэлж мөнгө гуйя… Бээжин явж эмчлүүлье” хэмээн бодож зогстол эмч нь:
-Ороод ир… хэмээн дуудав.
… Эмнэлгээс гэр хүртлээ эгч нь дуугарсангүй. Дүүгээсээ нулимсаа нууж ядан, шуухитнана. Таатай хариу гараагүй нь илт… Харин Булган:
-Би заавал эдгэрнэ ээ. Та юундаа уйлаад байгаа юм бэ… Дүү нь зүгээр болно, хараарай… хэмээн аргадах, аашлахыг хослуулан хэллээ.
-Савны хавдар үсэрхийлж нэлээд хүндэрчээ. Хагалгаа хийх гэхээр даахгүй болов уу. Нэг хэсэгтээ эрүүл агаарт гаргаж, сайхан амраагаад үзье… гэсэн эмчийн үгийг “Дүү минь тэсэхгүй болж… Цаашид удахгүй нь бололтой” хэмээн ойлгосон Энхмөрөнгийн сэтгэл тавгүйрхэн, тайвширч чадахгүй байв.
Гэртээ очиж дүүдээ сайхан хоол, цай хийж өгөөд, эгч нь ажил руугаа явжээ.
Ээжийнхээ дөрвөлжин улаан авдар, эгчийнхээ хувцасны шүүгээ… гээд дотно харагдсан бүхнийг онгойлгож, онгичин үзэж, хэсэг сатаарсан Булган нэг мэдэхнээ нам унтсан байлаа.
“… Мөнхөөтэй хамт ногоорон цэлийх, уудам тал дундуур машинаар давхиж явлаа… Тэд хоорондоо элдвийг хуучлах нь тун таатай… “Ихэр хүүхэд гарвал ингэж тэвэрнэ” гэхэд Мөнхөө “Ёстой сайхан ээж болох нь ээ” хэмээн хэлээд инээлээ…” Ийн зүүдлээд сэрэнгүүтээ Булган гар утсаа авснаа буцааж тавив…
Босч жаахан холхисноо дахиад л ээжийнхээ улаан авдрыг онгойлгон, онгичжээ. Гоёлд өмсдөг байсан ээжийн нь үйтэн хуар дээл, бас хүүхдийн нэлээд хуучирч, элэгдсэн хоёр бойтог, баривчийг баадангаас гаргаж ирэв. Бодвол, “Бид хэд бараг бүгдээрээ дамжуулан, өмссөн эд байх даа” хэмээн бодоод, үнэрлэж үзсэнээ буцааж хийлээ.
“… Будаг нь халцарсан энэ улаан авдарнаас болж ээжийгээ нэг уйлуулчихаж билээ” хэмээн багынхаа нэгэн явдлыг Булган эргэн дурсав.
… Ганцхан хоногийн дараа шинэ он гарах гээд айл бүхэн хөл хөдөлгөөнтэй, угаалга цэвэрлэгээ хийж байсан үе. Хичээлээсээ тарж ирсэн охин ч унд, цайгаа уучихаад гэрээ цэвэрлэж, хог шороогоо ухав.
Польшийн шаргал өнгийн ханын шүүгээний дэргэд навтайсан, час улаан авдар муухай ч юм шиг харагдаад байж. Дотор нь байсан ээжийнхээ бүх нандин зүйлийг авч шүүгээнд хийгээд, авдрыг тагтан дээр гаргажээ.
Орой ажлаасаа ирсэн ээж нь хоолой зангируулан, нулимс унаган байж:
– Эмээ чинь намайг айлын эхнэр болоход өгч байсан эд, энэ улаан авдар чинь. Та нарт гай болоод байвал хаана ч хамаагүй таван ханатай гэрээ бариад, ээжийнхээ өгсөн авдартайгаа цуг байх минь… хэмээн гомдоллож билээ. Түүнээс хойш ээжийнхээ улаан авдрыг нүд үзүүрлэхээ больсон юм. Бурхан болсноос нь хойш энэ авдар улам гоё, дотно санагдах болжээ. Ээжийн хайр, энэрэл ингэж үгүйлэгдэж, тэр хүний агуу их асрал, элбэрэл ийн үлддэг байх нь гэдгийг энэ үед л ойлгов.
Ажлын нь газраас том охин Энхмөрөнд хоёр өрөө байр өгчээ.
-Хашаа, гэртээ үлдэнэ… гэж ээж нь жаахан зөрүүдэлсэн ч хоёр охиныхоо ятгалгаар улаан авдартайгаа шинэ байранд нүүж ирсэн юм санж.
… Булган сайхан дурсамжууддаа умбан сэтгэл нь сэргэжээ. Тэрээр гэрэл зургийн цомгоо дэлгэн үзлээ… Нэг ангиас оюутан болсон залуус намар хичээл эхэлсний дараа цаг товлон уулзах нь олонтаа. Энэ үед ангийнхаа Мөнхөөг хараад Булган өөрийн эрхгүй баярлана… Тэгсэн атлаа харц тулгарахаараа ичингүйрээд, бараг буруу харах нь холгүй сонин байх болжээ. Гэвч түүний энэ байдлыг Мөнхөө мэдсэн шинжгүй… Ийн явсаар өөрсдийн хичээл сургуулийн мөр хөөсөн оюутнууд таван жилийн ард гарав.
Их сургууль төгссөн Мөнхөө ромбо, диплом гардангуутаа Сэлэнгэ рүү томилолт аваад, яваад өгчээ…
Ажлын талбарт очсоноос гурван жилийн дараа ангийнхан нь уулзахад Мөнхөө хоёр хүүхдийн аав болчихсон, харин Булган орь ганцаар байсан юм. Гэрлэсэн гэдгийг олон жилийн өмнө сонсч мэдсэн мөртлөө тэр өдөр Мөнхөөд гомдох шиг болж, бага зэрэг ууж, жаахан халамцангуутаа Булган:
-Би чамайг ямар их харж… Дотроо яаж хайрладаг байсан гээч… хэмээн олон жил хадгалж, нууж явсан үнэнээ хэлж, сэтгэлээ онгойлгоод авав.
-Чамайг би ямар их дагаж, харуулддаг байсныг чи мэдэх үү… Ийм хөөрхөн тэгээд бас нэлээд их зантай энэ охин намайг яаж тоох вэ дээ… гэж боддог байсан… Сургуулиа төгсөх дөхөх тусам миний зүрх цээжиндээ багтахаа болиод, зөвхөн чамайг боддог байлаа. “Хонхны баяр”-аас хойш чиний бараа, царайг харах гэж танай байрны дэргэдэх талбай дээр очиж, өдөржин сагс тоглоно… Даанч чамаас айгаад, дуудаад уулзчихаж ч чадалгүй буцна… Маргааш нь дахиад л тэр талбай дээр өнжинө шүү дээ…
Мөнхөөгийн энэ яриаг хажууд нь суух Доржбат тодотгон, бараг өнгөт болгон ярьснаар тэр хоёрын ил гаргаагүй ч сэтгэлдээ тээж явсан хүүхэд насны гэгээхэн хайрын түүх сөхөгджээ.
Энэ уулзалтын дараахан, нутаг буцахынхаа өмнө Мөнхөө утсаар ярив.
-Одоо ч чамтай ярих гэхээр зүрхний цохилт нэмэгдээд байна шүү хэмээн хошигноход:
-Минийх бүр зогсчих шиг болох юм… гэж Булган хариу барьжээ.
Үүнээс хойш Мөнхөө, Булган хоёр байнга утсаар ярьдаг. “Бие биедээ туслах сан” гэж тэмүүлдэг улам дотно найзууд болсон юм.
… Зургуудаа үзэж, өвдөх өвчингүй дэрвэж явсан үеэ харахад үнэхээр сайхан санагдав. Гэлээ ч “Өвдлөө… өвдсөн гээд өрвийж суухгүй шүү…” хэмээн бодоод эргэлзэж, тээнэгэлзэлгүй Мөнхөө рүү залгаж, утсаар ярилаа.
-Улаанбаатарт ажлаар ирээд хэд хонож байна. Чиний утас руу зөндөө залгасан… гэх найзынхаа дууг сонсоод Булган бүр уужрах шиг болов.
-Найз нь эмнэлэгт хэвтсэн. Бас утасныхаа дугаарыг сольсон гэдгээ хэллээ. Тэд ярианы эцэст уулзахаар тохиролцлоо.
Товлосон газраа очиход Мөнхөө ирээд сууж байв. Тэд хоол унд идэж, халуун дотно яриа өрнүүлэв…
Булган өөрийн биеийн байдлыг хэлж:
-Өвчний өмнө өвдөг сөхөрмөөргүй байна… гэв. Мөнхөө түүний яриаг анхааралтай сонсч, дотроо Түмэнхүүг зэмлэж суулаа.
… Хурим хийж, Түмэнхүүтэй нэг гэрт орсноос хойш хоёр жил гаруй болсон ч үр хүүхэд гараагүйн улмаас явган хэрүүл тасрахаа больжээ. Халамцуу ирэхээрээ гар хүрч, хэлэх хэлэхгүй үгээр доромжлох нь хэрээс хэтэрсэн байна. Тэр бүгдийг тэвчихийн аргагүй болж, түүнээс салж, гэрлэлтээ цуцлуулжээ…
Урхагт өвчнөөс илүү гүн шарх үлдээж, одоо ч сэтгэлийг өвтгөж байгаа тухай ярихдаа нулимсаа үзүүлэхгүйг хичээх бүсгүйг хараад:
-Муу ханьтай байснаас байгаагүй нь дээр… Миний найз сэтгэл санаагаа өөдрөг байлгаад, биеэ сайн эмчлүүл… Найз нь юугаар туслах вэ… гэж Мөнхөөг хэлэхэд Булган дуугарч чадсангүй… Гэхдээ түүний энэ үг эмчилж, эдгэрүүлсэнтэй адил илааршуулах шиг болжээ…
… Энэ оройн уулзалтаас хойш Мөнхөө олон эмчтэй уулзаж, зөвлөгөө авчээ. Эцэст нь “Ардын эмчилгээ л үр дүнтэй юм байна” гэх шийдэлд хүрэв. Тэр тухайгаа Булгантай санал солилцоод, түүнд хөдөө очиж, амьдрахыг зөвлөлөө. Бүсгүй ч дуртай зөвшөөрчээ. Тэрээр хөдөө, хөдөөдөө говьд очиж амьдрахаар шийдэв. Яагаад гэвэл “Говьд ургадаг эмийн ургамал энэ төрлийн өвчнийг илааршуулна” гэж уламжлалт эмчилгээний чиглэлээр ажилладаг нэг бус эрдэмтэн зөвлөснийг Мөнхөө илүү онцолсон байж.
… Эмнэлгээс гарч ирснээс хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Булган Дундговь аймгийн Гурвансайхан сумыг зорилоо. Том, жижиг чемодан, хөнжил пүүгээнээс өөр хогшилгүй түүнийг эгч Энхмөрөн, Мөнхөө хоёр хүргэж өгөв.
Сарын өмнөөс Мөнхөө энэ нутгийг судалжээ. Тэр байтугай, танил, найз нөхдөөрөө дамжуулан ярьж, орон байрыг зохицуулсан байлаа.
Булганыг галлагаатай, тохилог нэг өрөө байранд оруулав. Сумын мал эмнэлэгт нэг орон тоо байсан нь ХААИС төгссөн бүсгүйг мэргэжлийн ажил нь хүртэл хүлээж байсан мэт.
Гурав хоноод эгч, найз хоёр нь буцах үед Булган хөршийнхөнтэйгөө танилцчихсан, малын эмчээр ажиллах тушаал нь бэлэн болчихсон ер нь л суурьшиж, төвхнөөд авсан байлаа.
Эгч, Мөнхөө хоёрыгоо үдэх гэж Булган нэгэн шинэ танилынхаа машинд суугаад сумаас нэлээд зайтай орших “Их газрын чулуу” хэмээх улсдаа байтугай дэлхийд гайхагдах үзэсгэлэнтэй газар очлоо.
Эгц дээшээ тогтоцтой, шовх, шовх улаан, хүрэн өнгө голлосон хадан уулс… Үнэхээр биширмээр… Байгалиас заяасан энэ цогцыг харахад Гандирсын хот ч гэж хэлж болмоор санагдав. Бүжиж буй хатны дүрстэй хадан цохионы өөдөөс хоёр биеэ түшин зогсох мэт сүрлэг уул ханьсан дүнхийх. Нутгийнхан түүнийг “Юндэн, Нансалмаа хоёр” хэмээн нэрлэнэ. Ийм сайхан сүрлэг бас давтагдашгүй уулын бэлээс эгч, найз хоёрыгоо үдсэн Булган инээгээд хоцорчээ.
Хангайд төрж, хотод өссөн бүсгүйд говьд хаврын хавсаргатай урт өдрийг өнгөрүүлнэ гэдэг тийм сайхан байсангүй. Малаас айж шившгээ тарихгүйг хичээвч ерөнхийдөө хөндий хол санагдана. Гэвч ажлаа сайн хийх гэсэн тэмүүлэл, малаа малчинтай нь зүсэлж, нэрлэдэг сумын зоотехникч Сугар-Эрдэнэ хоёрынхоо ач дэмээр хэнд ч гологдохооргүй дадлагажаад авчээ. Анх ирснээ бодвол тэрээр говьд идээшиж дасав.
Сэтгэл, санаа өөдрөг болоод тэр үү, Булганы бие өвдөж, зовиурласангүй.
Энэ сумынхан урдаа барьдаг төдийгүй аймаг, нийслэлээс хүмүүс зорьж ирдэг, нутагтаа алдартай бариач Рулам гуай Булганыг байнга үзэж, бариа хийнэ… Хорь гаруй хоног бариулаад завсарлаж, говийн хатаасан бударгана хандалж ууна… гээд эмчилгээ тасраагүй. Хэвтэрт ортол шаналгадаг зовиур энд ирснээс хойш алга болсон нь Булганыг улам сэргээн, тэнхрүүлж байлаа…
Рулам гуайн зөвлөснөөр зуны эхэн сард шинэ эмчилгээ хийхээр болов… Сугар-Эрдэнийн авчирсан жижиг дөрвөн ханатыг аваад “Өөш манхан”-ыг зорьжээ. Рулам гуай, Булган хоёр нарийн эмчилгээндээ орохоор яваа нь энэ.
Бороо хур татруу, аагим халуун шатна. Их говьд сунаж тогтсон торгон улаан элс байгалийн нарны элчийг өөртөө шингээгээд нүцгэн хөл тавих аргагүй байх.
Худаглаж ухсан нүхэнд бүсэлхийгээ далд ортол элсээр битүү хучин сууна. Цаг хэртэй суухад бүх бие нэвт хөлөрч, усан хулгана адил болно. Эндээс гараад хойд дэвсэг дээр байх торгон элсэн дээр хэвтэн, гаднаасаа зөөлөн шарлага хийн, наранд биеэ ээнэ.
Элсээр төөнүүлэх эмчилгээний хажуугаар Гурвансайхан уулаас түүж авчирсан “Газрын хаг” ургамлын хандыг өглөө, оройд бүлээнээр ууна. Эмчилгээний үеэр Рулам гуай Булганыг хүүхэд шиг асарна.
Эмчилгээ яг дундаа орох үеэр ажлын газрынхан нь:
-Шинэ шөл хийж уугаарай… гээд шүдлэн хонь өгч явуулжээ. Сумаас Сугар-Эрдэнэ байнга ирж, эргэж тойрч байв.
Сарын сувилал дуусч, сумандаа ирсэн оройгоо Булган, Мөнхөөтэй утсаар ярихад:
-Рулам гуай, та хоёрын тухай Сугараагаас байнга асууж, бүгдийг сонсч байлаа. Тийм сайхан нутаг, усанд очоод эмчилгээ сайхан зохиж байгаад найз нь баярлаж байна… гэв.
Зуны сүү, саалийн цаг өнгөрүүлээд Булган хот руу явлаа. Хотод арав гаруй хонохдоо говийн тэр жижигхэн суурин сумыг, Рулам гуайг санаж, Самдан өвгөний халуурч, туулга хийлгэсэн хэдэн хонь, ямаанд хүртэл санаа зовон, арагшаа яарч байв.
Улаанбаатараас ирэхэд үнэхээр салхи нь хүртэл дотно, зөөлөн санагдан Гурвансайхан суманд ингэтлээ идээшин дассанаа илүү сайн мэдэрчээ.
Хотын чихэр, жимс, дарсаар айл, саахалтынхан, ажлынхнаа дайлав. Оройжин дуулж, хөгжилдсөн хүмүүс гэр гэрийн зүг явахад Сугараа тэднийд үлдлээ.
Сугар-Эрдэнэ тэр орой Булганд сэтгэлтэй болсноо хэлж, ханилан суух саналаа тавив…
Тэр оройноос хойш нэг их удалгүй ханхайрч эзгүйрдэг гэрийн хоймор нь дүүрээд иржээ. Сумын төвийнхөн ч жиг жуг гэлцэн, ярианы сэдэвтэй болох нь тэр.
-Ёстой нүдээ олсон дурлал гэж энэ байх даа… Энэ хоёр яг тохирно…
-Манай Сугараа чинь хотын ийм сайхан хүүхэн хүлээгээд, баргийн бүсгүй рүү тоож хардаггүй байсан юм биш үү…
Тэр хоёрыг хоорондоо ижилдэн дасч, ханилан суухаар шийдсэнд олон хүн талархаж, ам уралдуулан магтаж байхад хажуугаар нь аар саархан хар, бараан үг хавчуулаад авах нь ч байх.
-Эхнэр, хүүхэдгүй явж, явчихаад эцэст нь эрүүл, саруул юм олоод авч чадахгүй… Манай зоотехникч гэж лундаагаа гээсэн хүн юм гээч…
-Хүүхэд төрүүлдэггүй хүүхэн олох гээд ийм олон жил ганцаар явсан юм байх даа… Сугараа ч, тэгээд хажиг, зожиг болж билээ дээ. Хүүхэдтэй болох тухай боддог ч үгүй байж мэднэ шүү…
… Цаг хугацааг ухрааж, уяж болдоггүй юм хойно Булган гурав дахь жилдээ сувиллыг зорив.
Энэ удаа Сугар-Эрдэнэтэйгээ суудал зэрэгцэн машины урд тухлаад, Рулам гуайтайгаа гурвуул давхисаар Өлзийтийн хөндийг гатлан “Өөш манхан”-д ирлээ…
Ээлжийнхээ амралтыг тааруулсан нөхөр нь энэ удаа хамт байж, эхнэрээ асарч тойлохын хажуугаар өөрөө сайхан амраад авчээ.
Сувиллаас ирэхдээ Булган хоолонд дургүй болж, бие нь тавгүйрхэж эхэллээ. Эмчид үзүүлж, жирэмсэн болсноо мэдээд баярласан бүсгүй гарч ирэнгүүтээ::
-Би ийм азтай эмэгтэй шүү дээ… хэмээн хэлээд, ханийгаа тэврэн авч баярын нулимс унагаав.
Эхнэрийнхээ хөөр, баярын нулимсыг арчин суусан Сугараа ч баярласан гэж жигтэйхэн…
Эмнэлгээс гараад сумын баруун хойд дэнж дээр цомцойх цагаан байшинг зүглэн алхаж явахдаа Булган эгчтэйгээ утсаар ярьж, сайхан мэдээгээ дуулгажээ.
-Баяр хүргэе… Сайн хань, сайхан нутаг түшиж авсан юм чинь, миний дүү одоо алзахгүй ээ. Эгч нь төрөхийг дөхөхөөр амралтаа аваад очно…
Энхмөрөн тэр өдөржин хөл нь газар хүрэхгүй шахам хөөрцөглөв. Түүний хэдхэн хоногийн өмнөх зүүд биелсэн мэт санагдахад өөрийн эрхгүй гайхаад байлаа. Гайхахын учир нь эгч дүү хоёрын зүүд яг биеллээ олсонд байв.
“Ихэр хүүхэд тэвэрлээ” гэж хэдэн жилийн өмнө Булган зүүдэлсэн гэж ярьж байсан. Гэтэл би саяхан зүүдэндээ ээжтэйгээ уулзсан. Ээж минь “… Дүүгээ сайн асраарай, миний охин. Манай Булган чинь ус уух тавилантай хүн байгаа юм. Усан ихэр байсан болохоор төрөх гэж нэлээд удсан… Одоо айлтгүй. Тэднийх их өнөр, сайхан айл болжээ…” Ээж ингэж хэлсэн. Сэрэнгүүтээ би баярлаад “Нээрэн, манай Булган ус уух тавилантай юм гээч… Тэр аймшигт өвчин илааршиж, эрүүл болно гэдэг ховорхон тохиол…” хэмээн бодож байлаа. Гэтэл дүү минь бүр жирэмсэн болжээ. “Үр хүүхэд төрүүлдэггүй…” гээд өөдгүй тэр эрд мөн их доромжлуулсан даа, муу дүү минь”. Энхмөрөн дүү рүүгээ дахин залгаж, өөрийн зүүдээ ярьж , энэ тухай бодлоо хэллээ.
-Тэгэлгүй яах вэ, эгч минь. Эх, үрс хүйн холбоотой гэдэг биз дээ. Ээж минь бидний дэргэд байхгүй ч гэсэн бурханы тэр орноос байнга харж, хамт байгаа шүү дээ. Би эдгэрсэн нь, надад үр хүүхэд гаргах тавилан байгаа нь бүгд ээжийн минь илгээж байгаа буян хэмээн сургамжилжээ.
-Миний охин ухаантай, буянтай амьтан байгаа юм… гээд ээж нь бага охиноо дандаа магтдаг байсныг санаад Энхмөрөн дүүдээ улам ихээр баярлав.
Эмнэлгээс дуу, шуутайхан орж ирсэн Сугар-Эрдэнэ:
-Миний эхнэр жирэмсэн… Бид хоёр удахгүй хүүхэдтэй болох нь… гэж Рулам гуайд хөөрцөглөн дуулгалаа. Рулам гуай тэр хоёрын яриаг сонсоод:
-Миний охиныг бурхан нааш нь илгээсэн болохоор эдгэрэлгүй яах вэ… Эмээ нь итгэлтэй байсан… Яагаад гэвэл чи энэ муу өвчнийг тоохгүй, өөрийгөө ялж байсан. Элсээр шарсан эхний өдөр дагжтал чичрээд, халуурч байсан хэрнээ:
-Зүгээр ээ… гээд инээх аядахад чинь цаанаасаа нэг юм хэлээд, хүч тэнхээ оруулаад байгааг би анзаарсан л даа. Та нар минь их сайхан амьдарна аа… гээд тахилынхаа дээд талд байрлах шар баринтагтай судраар хоёуланд адис хүртээлээ…
… Тулгар биетэй эхнэрээ хөдөө явахыг Сугараа хоригловч эс дийлнэ…
Ажлаа түүртэлгүй хийсээр яваад Булган нярайлж, ихэр хүү төрүүлэв. “Сугараагийн өвөө ихрийн өрөөсөн болохоор удам дагаж…” гэж бодсон ч “Хэдэн жилийн өмнөх зүүд маань зөн, совин байж” гэдэгтээ итгэн, Булган ихэд билигшээлээ.
… Үрийн заяа түшсэн говь нутгийнхаа элсэн эмжээрээр гоёсон намхан довцог, толгодыг харж нэлээд удаан зогссон бүсгүй гэртээ орж, хоёр хүүгийнхээ духыг үнэрлэв.
Ж.Жаргал
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр17 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр15 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр14 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо