Улс төр
Б.Баттөмөр: Монгол улс ОУВС-тай цаашид хамтарч ажиллах шаардлагатай
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨРТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг баталлаа. Үүнтэй холбогдуулан ОУВС-гаас өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийхдээ тэтгэврийн зээлийг тэглэснээрээ хоёр талаас хийсэн гэрээг зөрчсөн, инфляц өсөх сөрөг үр дагавар гарна гэж мэдээлсэн. Эдийн засагч хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Эдийн засгийн утгаар нь аваад үзвэл зөв шийдвэр биш. Иргэддээ зориулсан арга хэмжээ гэдэг утгаар нь бид дэмжсэн. Гэхдээ Засгийн газар ийм арга хэмжээ авахаасаа өмнө ОУВС-тай тохирох ёстой байсан болов уу. УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр хэд хэдэн эрсдэл байна, үүний нэг нь ОУВС-тай хийсэн тохиролцоогоо нягталж, тохирох хэрэгтэй гэдгийг би хэлсэн. Бид ОУВС-гийн “аргамжаа”-нд байгаа шүү дээ. “Аргамжаа”-ны уртын хэмжээнд л явах хэрэгтэй. Үүнээс цаашаа явбал ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах эрсдэлтэй. Энэ хөтөлбөрөөс гарна гэдэг бол Монгол Улс цаашаа улс, эх орноо авч явж, чадах эсэх асуудал үүснэ. Гэтэл яг өнөөдрийн байдлаар авч явж чадахгүй байна. Яахав Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний гадаад үнийн өсөлтөөс шалтгаалж эдийн засагт тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байгаа нь үнэн. Нүүрс, зэсийн үнэ харьцангүй өсч байна. Сүүлийн үед алтны үнэ нэмэгдэж байна. Мөн Сангийн яамны идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд өр, зээлийг барагдуулах зэрэг авах ёстой арга хэмжээг тухайн үед нь авч, олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласнаар эдийн засагг эерэг үр дүн гарч байгаа.
Гэхдээ энэ үр дүнг үүрдийнх юм шиг санаж болохгүй. Тиймээс ОУВС-тай хамтарч ажиллах шаардлагатай. Монголчуудын нэг алдаа нь хүнтэй тохирчихоод түүнээсээ буцдаг явдал. Үүний нэг жишээ нь ОУВС-тай хийсэн тохиролцоогоо зөрчсөн явдал юм. УИХ-ын чуулган, байнгын хороо болон намын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засагт сөрөг өөрчлөлт гарахгүй, ханш, инфляцид нөлөөлөхгүй гэж үзсэн. Валютын ханш 15-17 төгрөгөөр, инфляц 2.5 хувиар нэмэгдэнэ гэж тооцсон. Миний тооцоолсноор үүнээс илүү нэмэгдэхээр байгаа юм.
Монгол Улсын төсөв 11.9 их наяд төгрөг. Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэхэд 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр байгаа. Энэ нь Монгол Улсын төсвийн орлогын ес орчим хувьтай тэнцэнэ. Энэ хэмжээний орлого эдийн засагт нэмэгдээд ороод ирнэ гэдэг бол хүссэн ч хүсээгүй ч инфляцид нөлөөлнө гэсэн үг. Монгол Улсын хөрөнгө оруулалтын 100 төгрөг тутмын 74 төгрөг нь импортыг дэмжиж байгаа. Шууд иргэдэд бус ч банкинд очиж байгаа. Нөгөө талаараа банкны чанаргүй активыг чөлөөлж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаа юм. Банкны үйл ажиллагаа сайжирна гэдэг зээлийн хүүг бууруулах, улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх талтай.
-Улсын төсвийн есөн хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр тэтгэврийн зээл тэглэж, халамж хэлбэрээр тараах бус бүтээн байгуулалтад зарцуулах боломж байсан гэдгийг зарим эдийн засагч хэлж байна. Нөгөө талдаа ахмадуудад чиглэсэн дорвитой шийдэл гэж дүгнэх хэсэг ч байх шиг байна?
-Аливаа асуудлын дараа юмыг цэгнэж ярьж, мэргэн болох амархан. Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсны дараа маш олон санааг иргэд, судлаачид ярьж байна. 900 тэрбум төгрөгөөр эдийн засгийн өсөлт болон экспортыг дэмжих, импортыг орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан бол илүү үр ашигтай. Гэтэл 1990, 2000 оны эхэн үед тэтгэвэрт гарсан ахмадууд маань өнөөдөр хамгийн бага буюу 300 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Эдгээр ахмадуудын амьдрал хүнд байна шүү дээ. Яахав үр хүүхдүүддээ зээл авч өгсөн байх. Гэхдээ үр хүүхдэдээ өгч байна гэдэг өөрийнхөө хэрэгцээг л хангаж байна гэсэн үг. Энэ утгаараа Монголын төрөөс ийм арга хэмжээ авч байгааг буруу гэж үзэхгүй байна. Энэ бол зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн хугацаан дахь шинэ шийдэл. Гол нь зохицуулалтуудыг нь маш сайн хийх ёстой. Тиймээс нэгэнт гарсан шийдвэрийн хойноос буруу, зөв гэж ярилгүй, урагшаа харж ажиллах ёстой.
-ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай юу. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ОУВС-тай анхнаасаа хамтрах шаардлагагүй байсан гэсэнтэй санал нийлэх үү?
-Улстөрчид өөр өөрийнхөөрөө мэдэгдэл хийж болно. Гэхдээ тооцоотой зөв ярих хэрэгтэй. Хариуцлагатай хүний амнаас хариуцлагатай үг гарч байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрт манай улс зургаа дахь удаагаа хамрагдсан байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс өөрийгөө авч явжчадаагүй. ОУВС-гийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусна. Тиймээс энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай.
-Валютын ханшийн өсөлт өндөр байна. Ялангуяа, манай иргэдийн хамгийн их хэрэглэдэг ам.доллар, юанийн ханш их өсөлттэй байна. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллах шаардлагатай вэ?
-Энэ бол хөгжлийн бодлоготой холбоотой. Монгол Улс яаж хөгжих вэ гэсэн хөгжлийн бодлого, загвар нь тодорхойгүй байна. Баялгийн менежмент ч тодррхойгүй байна. Тухайлбал, Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжчихээд худалдааны хуульгүй байна. Хэн дуртай нь гадагшаа гарч худалдаа хийдэг. Үндэсний болон импорт орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмждэггүй. Дээр дурдсан Монгол Улсын хөрөнгө оруулалтын 100 төгрөг тутмын 74 төгрөг нь гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлдэг. Нэг үгээр хэлбэл, ам.доллар, юань болж байна. Тиймээс худалдааны хууль гаргах ёстой. Дотооддоо үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг гаднаас авахыг хориглох хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг гаднаас авч болно, гэхдээ өндөр татвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо зах зээлийг хамгаалдаг, импорт дэмжсэн хэрэглээг багасгах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын 100 төгрөг тутмын 74 төгрөг нь ам.доллар, юань болоод гадагшаа гарчихаж байгаа манай улсын хувьд гадаад валютын эрэлтийг хангаж чадахгүй байгаа учраас ханш өсч байгаа юм. Мөн ченжүүдийн үйл ажиллагааг цагцлэх хэрэгтэй.
-Оюутолгойн гэрээний асуудал ямар шатанд явна вэ. Гэрээгээ сайжруулах хэлцэл хийж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Оюутолгойн төслийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг ажиллаад, УИХ-ын тогтоол гаргаад өгчихсөн. Оюутолгойн хувьд Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээ нь алдаатай байна гэдгийг гаргачихсан учир энэ алдааг засах шаардлагатай. Маш өндөр өртгөөр энэ том төслийг явуулж байна. Үндсэндээ гурван хувийн хүүтэй зээлийг гаднын банкуудаас босгож, есөн хувийн хүүтэйгээр бүтээн байгуулалтыг босгож байгаа юм. Тэгэхээр бидний ярьж байгаа 2048 онд үр ашгаа авах нь хойшлохоор болчихож байна гэсэн үг. Тиймээс гэрээг засаг шаардлагатай. Засч чадахгүй бол Дубайн төлөвлөгөөг дахиж авч үзэх үүрэг даалгавар өгсөн. Миний сонссоноор ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, яамдын төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Ажлын үр дүнг 2-3 сар болоод УИХ, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах учиртай. Одоогоор эхний мэдээлэл ирээгүй байна. Яриа, хэлэлцээ хийж байгаа болов уу гэсэн хүлээлттэй байна. Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулбал хэмжээгээрээ дэлхийн гурав дахь том төсөл болох юм. Гэтэл гуравхан сая хүн амтай Монгол Улсад энэ ордоос хүртэх өгөөж байхгүй байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалт чухал. Гэхдээ хөрөнгө оруулалт үр ашигтай байх ёстой. Тиймээс УИХ-ын тогтоолд 86 зүйл, заалттай УИХ-ын тогтоолыг өгсөн. Тиймээс Засгийн газар хэр хэмжээнд ажиллах вэ, ямар үр дүн гарах вэ гэсэн хүлээлттэй байна.
-Оюутолгойн хувьцааны үнэд өөрчлөлт орсон гэх юм. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Засгийн газар, Оюутолгой хоёрын үл ойлголцлоос хувьцааны үнэ тухайн үед унасан. Харин сүүлийн үед дахиж унаагүй, харин ч өсөлттэй байна. Ер нь Оюутолгой дээр маш сайн ажиллах шаардлагатай. “Оюутолгой” компанитай Монгол Улсын Засгийн газар есөн гэрээ байгуулсан байдаг. Үүний хоёр нь үйл ажиллагаатай нь хамаагүй. Үлдсэн долоон гэрээг аваад үзэхээр Монгол Улсын эрх ашиг хангагдаагүй байгаа юм.
-Монгол Улсын Үндсэн хуупийн өөрчлөлтийг тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлнэ. Үндсэн хуульд стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудын дийлэнх нь ард иргэдийн өмч байна гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Оюутолгойтойн хувийг нэмэгдүүлэх асуудал үүсэх үү?
-Монгол Улсын Үндсэн хуульд стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудын дийлэнх нь Монгол Улсын иргэдийн өмч байна гэж заасан. Ер нь 1992 онд баталсан Үндсэн хуульд ч энэ санаа байсан. Харамсалтай нь хэрэгжүүлээгүй. 2048 онд хөрөнгө оруулалтаа нөхөөд, түүний дараа Монгол Улс 16 хувийг худалдаж авах эрхтэй үлдсэн. Тиймээс УИХ- ын тогтоолд АМНАТ-ийг нэмэх, эсвэл бүтээгдэхүүн хуваах гэрээ хэлцэл хийх, гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг тавьсан байгаа. “Оюутолгой” компанитай гэрээ, хэлэлцээ байгуулж байгаа хүмүүс Үндсэн хуулийн энэ заалтыг анхаарах байх. Ер нь XXI зуунд хөрөнгө оруулалтын гэрээ ямар байх ёстой юм тэр түвшинд л хүргэх ёстой. Стратегийн ач холбогдол бүхий ордоос гадна Монгол Улсад сайн төслүүд байна. Дээрээс нь XXI зууны элемент буюу ховор металь зэрэг үр ашигтай байж болох төслүүдийг төрийн өмчит компани болгох хэрэгтэй. Салхитын ордыг төрийн өмчит компани болгосноор 430 орчим мянган хүний асуудлыг шийдэж байна. Тиймээс баялгийнхаа менежментийг зөв хийж, төрийн өмчтэй компани байгуулах хэрэгтэй. Ингээд үр шимийг нь Монгол Улсыг хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, хөгжлөө дэмжих, ажлын байр бий болгох, ядуурлаас гарах чиглэлд ашиглах шаардлагатай. Ер нь Монгол Улсын хөгжлийн бодлого өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Зарим гол үзүүлэлтээрээ 1990 оны түвшингээс уначихсан байна. Монгол Улсын нэг хүнд ногдож байгаа ДНБ-ий хэмжээ 3900 ам.доллар. Сүүлийн 15 жилийн хугацаанд өссөнгүй. Тиймээс хөгжпийн зөв бодлого, Төрийн маш сайн зохицуулалттай явах ёстой. Тиймээс төрийн өмчтэй компаниуд байгуулаад хуримтлалыг нь нэмэгдүүлэх замаар ард түмнийхээ амьдарлыг өөд татах нэгдүгээр арга зам байна. Хоёрдугаарт, төрийн өмчтэй компаниудыг хөрөнгийн зах зээлд хувьцааг нь гаргах замаар дунд, урт хугацаанд олон нийтийн болгох ажлыг хийх хэрэгтэй.
М.Энхцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө