Улс төр
Элчин сайд Чай Вэньрүй Монголын төр засаг, ард түмэнд талархал илэрхийллээ
УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.02.14) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй бараалхав.
Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид барьсан Элчин сайдад УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргээд, Монголыг сайн мэддэг, Монголд олон жил ажилласан, хуучны танил хүрэлцэн ирсэнд таатай байгаагаа илэрхийллээ.
Ноён Элчин сайд, цаг гарган хүлээн авч уулзаж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшугийн мэндчилгээг уламжиллаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин 2013 онд Монгол Улсад айлчилснаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Ингэснээр манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан юм. БНХАУ Монгол Улстай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулах, гүнзгийрүүлэх бодлогыг тууштай баримталж байгааг ноён Элчин сайд хэлээд “Миний бие Элчин сайдаар ажиллах хугацаандаа төр засгийн энэхүү гадаад бодлогыг ёсчлон баримталж Монгол Улсын холбогдох байгууллагуудтай элэгсэг дотноор хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
Мөн тэрбээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний 25 жилийн ой тохиож хоёр тал жилийн туршид олон арга хэмжээг утга төгөлдөр, амжилттай зохион байгуулсан нь хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд тустай болсон гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлээр идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглээд, ялангуяа эдийн засгийн харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг чухалчилж байгаагаа ноён Элчин сайд Чай Вэньрүй хэллээ. Энэ хүрээнд чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамтран урагшлуулна гэдэгт итгэлтэй байна гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бидний мэндчилгээ, эв санааны нэгдлийг албан ёсоор уламжилж өгөхийг хүсч байна” гэв. Арваад жилийн өмнө миний бие Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед ноён Чай Вэньрүй Та БНХАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Тэр үед Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоох тунхаг бичгийг байгуулахад гар бие оролцож байсныг дурсахад таатай байна гэлээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж Монголын зүйр үг бий. Энэ цаг үед Монгол Улс, төр засаг, түүний дотор Улсын Их Хурал халдварт вирусээс иргэдээ болон дэлхий дахиныг хамгаалах, учирсан хор уршгийг богино хугацаанд даван туулахаар тэмцэж буй БНХАУ-ын ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй байна. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй энэхүү сорилт, бэрхшээлийг бид хамтдаа давж гарах болно. Тэр дундаа БНХАУ сорилт, бэрхшээлийг богино хугацаанд амжилттай давна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
ДЭМБ-аас манай улсыг эрсдэл өндөртэй орны тоонд оруулж, бэлэн байдалд байхыг сануулсан. Тиймээс өчигдөр Засгийн газар хуралдаж Монгол Улс, БНХАУ-ын хоорондох бүх боомтуудаар ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Энэ талаар “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн дагуу Хятадын талд албан ёсоор мэдэгдэж байгаа болно. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна гэв.
Элчин сайд хэлэхдээ “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин биечлэн удирдаж, Засгийн газрын тэргүүн Ажлын хэсгийг ахалж корона вирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Бид ард нийтийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг эн тэргүүнд тавьж, улсын хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн тогтолцоо бүрдүүлэн, эрчимтэй ажиллаж байна. Халдварыг дотооддоо хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнтэй байна” гэлээ. Түүнчлэн уг асуудлаар олон улсын түвшинд нээлттэй, ил тод хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлэв. Мөн Монгол Улсад нэг ч тохиолдол илрээгүйд нэн баяртай байгаагаа ноён Элчин сайд Чай Вэньрүй илэрхийлсэн.
ДЭМБ-аас БНХАУ-ын Засгийн газар олон улсад жишиг болохуйц арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг өндрөөр үнэлснийг тэрбээр дуулгав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг бүрнээ дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид шинжлэх ухааны үндэслэл, бодит байдалд нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс манай улс, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн явдалд бид туйлын их баярлаж, талархаж байна. Монголын ард түмэн гар сунган тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэлээ.
Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд брхшээл,саад учруулж буй хэдий ч хамтын ажиллагааны цар хүрээгээ хэрхэвч сааруулж болохгүй гэдгийг Элчин сайд Чай Вэньрүй тэмдэглэн хэлсэн.
Бодит эх сурвалжаас нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухай бүр хүлээн авч, нааштай үр дүн гарч байгаад баяртай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Монгол Улс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд цаашид цаг үеийн бодит нөхцөл байдалд нийцсэн, зайлшгүй шаардлагатай арга хэмжээг Монгол Улсын төр засгаас хойшлуулалгүй авч хэрэгжүүлэх болно гэлээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх чиглэлээрх Элчин сайдын санаачилгыг хууль тогтоох дээд байгуулага бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд “Та амаргүй бэрхшээл тулгарсан, онцлогтой цаг үед Элчин сайдаар томилогдон ирлээ. Хүн төрөлхтний өмнө тулгараад буй энэхүү бэрхшээл, сорилтыг бид эв санааны нэгдэлтэйгээр даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Танд ажлын өндөр амжилт хүсье” гэв.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот