Улс төр
Б.Асралт даргаа, Сэлэнгийн гаалийнхан 2 тэрбум төгрөгийн 2 чингэлэгийг “өшиглөчихөв” үү
Гаалийнхан төрийн бусад байгууллагатай хамтран мөнгө угааж байгаа юм биш гэх хардлагыг бий болголоо. Б.Асралт даргад энэ талаар дуулгасан боловч Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газар, хэрэг бүртгэх газрынхан мэднэ гэсэн юм. Харин тухайн газрууд нь шалгаж байгаа гэх мэдээллийг сар гаруйн өмнө өгсөн байдаг.
Асуудлыг дэлгэрүүлбэл:
2020 оны нэгдүгээр сарын эхээр Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэх “Платиниум Монгол ЧБ” ААН-ийн нэр дээр 20 тоннын нэг, 40 тоннын нэг нийт хоёр чингэлэгээр 7 болон 13 тонноор хуваан ачсан 20 тонн тамхи оруулж иржээ. Гэхдээ чөлөөт бүсийн хашаанд байгаа дэлгүүр нь үйл ажиллагаа явуулаагүй, нээгдээгүй байдаг. Яг чөлөөт бүс рүү оруулах үед хоёр чингэлэг бус нэг чингэлэгийг нь нэвтрүүлсэн байдаг. Ингээд хоёр чингэлэг тамхи хилээр орж ирсэн ч нэгдүгээр сарын 6-нд чөлөөт бүс рүү орсон гэх бүртгэл хийгдсэн хэрнээ нэг нь байгаагүй. Тухайн үед асуудлыг цөөнгүй хүн мэдмэгц алга болсон гэгдэж байсан чингэлэг нь Алтанбулаг гаалийн складанд “орчихсон” байсныг хоёрдугаар сарын 7-нд Тагнуулын газрын хоёр ажилтан, “Платиниум Монгол ЧБ”-ийн ажилтантай хамтдаа бүртгэсэн баримт байгаа юм. Одоо асуудал ямар шатанд яваа бол. Зөрчил шалгах, хууль хяналтынхан үүний араас орсон болов уу.
Ингээд та бүхэнд тухайн үед буюу хилээр хоёр чингэлэг тамхи орж ирснээс хойш сарын дараа холбогдох хүмүүс болон албан тушаалтнууд ямар тайлбар өгч байсныг хүргэе.
Энэ тухай асуудалд эхлээд Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын байгууллагынхан “Алтанбулаг чөлөөт бүс”-д ажиллагаа явуулснаар оролцож эхэлсэн. /Тухайн үедээ буюу нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнийн 04:20 цагийн үед дээрх ажилтнууд нь тухайн орчинд гарсан галаас бага насны хоёр хүүхдийг ээжийнх нь хамт аварсан тухай мэдээлэл цацагдаж байсныг уншигчид санаж байгаа байх./
“Алтанбулаг чөлөөт бүс”-ийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Хатанбаатар:
-Танай чөлөөт бүсэд “Платиниум Монгол ЧБ” гэж ААН үйл ажиллагаа явуулдаг уу?
-Байдаг. Манайд бүртгэлтэй 107 ААН бий. Тэдгээрийн 63 нь хөрөнгө оруулалт хийсэн байдаг. 30 нь зураг төслөө гаргаад байшин барилгын ажлаа эхлүүлчихсэн яваа. “Платиниум Монгол” компани 2006 онд үүсгэн байгуулагдаж, манайхтай 2019 оны зургаадугаар сарын 18-нд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах “ЧБ буюу ЧӨЛӨӨТ БҮС”-ийн эрхээ авсан. Нэг асуудал үүсээд, тэнд тагнуулын ажиллагаа явуулж байгаа гэсэн.
Бид анх Дархан-Уул аймаг дахь Гаалийн хороонд бүрдүүлэлт хийгдсэн учраас тус хорооны даргыг орлож байсан Цолмонгоос тодруулахад: “Асуудлыг дүрэм, журмын дагуу явуулсан. Албан хүсэлт илгээгээд тодруулж болно.” гэсэн юм.
Харин дээрх чингэлэгийн эзэн болох “Платиниум Монгол ЧБ”-ийн захирал Анхбаяр:
“Ороогүй гэсэн асуудал байхгүй. Бүгдээрээ ороод, гаалийн мэдүүлэг нь ч байна. Худал мэдээллийн дагуу ярьж байна. Сэлэнгийн боомтод 40 тоннын чингэлэг буулгах өргөгч байгаагүй. Тиймээс бид лацтай чигээр нь задгай машинд ачиж болохгүй байсан. Орос түнш маань шууд Дархан руу хаяглачихсан байсан. Бид илүү зардал гаргаад, дахиад Дарханы гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчээр оруулаад, хоёр машинд нэг нэг чингэлэгээ ачаад, Алтанбулаг руу орсон. 20, 40 тоннын хоёр чингэлэг шүү.” гэдэг хариултыг өгч байв. /Анхбаяр нь эхлээд өргөгч байхгүйгээс Дархан-Уул аймгийн гааль руу явуулсан гэснээ түнш нь хаягласан хэмээн яриа нь зөрж эхэлдэг./
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга М.Дамдинхорлоо:
-Энэ тухай асуудлыг хяналтандаа авсан. Одоо бол тагнуул дээр л байгаа. Манайд ерөөсөө хамаагүй болчихсон. Лац, ломбоороо хяналтаас хяналтын хооронд явдаг. Орохын хувьд мэдүүлгийнхээ дагуу 20, 40 тоннын хоёр чингэлэг орсон. /2020.02.10/
Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газрын дарга Алтангэрэл:
-“Платиниум Монгол” компанийн хоёр чингэлэг ачааны нэг нь байхгүй гэдэг асуудал яригдаж байна. Гааль бүтэн оруулсан гэж байгаа. Танайх энд ажиллагаа явуулж байгаа юм байна. Ямар шатанд яваа юм бол?
-Манайх ажиллагаа явуулсан. Чөлөөт бүсэд хууль журмынхаа дагуу тамхи нь орчихсон юм билээ. Буцаагаад хууль бусаар гаргаж зарсан байж магадгүй гээд шалгасан. Асуудалгүй байсан учраас шалгаад дууссан. /2020.02.10/
Цагдаагийн байгууллагад өгсөн гэдэг асуудал хэлдэг. Тиймээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга А.Энхбатаас тодруулахад “Манайд тийм асуудал байхгүй.” /2020.02.11/ гэдэг хариултыг өгч байв.
Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газар, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон, дэд дарга Л.Очгэрэл нартай уулзлаа. /2020.02.11/
Л.Очгэрэл: -Эзэн нь олдохгүй нэлээд юм болсон. Ямар ч байсан шалгаад, эзнийг нь олоод, тогтоогоод, тоолоод, зүгээр гарч байна гэсэн. Сэлэнгэ дэх Зөрчлийн алба хэрэг үүсгээд, шалгаад явж байгаа. Сэлэнгэ дэх байцаагчтай холбогдсон. Тэнд эзэн нь олдохгүй, ихэнхдээ хотод байдаг учраас цаг хуцааны хувьд асуудал үүсдэг. Бүгдийг нягталж дуусаад албан ёсны хариу өгнө гэсэн.
Б.Онон: -Манайх холбогдох шалгалтыг хийгээд явж байгаа. Нарийн шалга гэдэг үүргийг бид өчигдөр /II/10/ өгсөн. Үйл ажиллагаа явуулдаггүй, зөвшөөрөлгүй дэлгүүрт бараа оруулсан бол манай буруу. Зөвшөөрөлтэй хэрнээ бараа оруулчихаад зарах эсэх нь тухайн байгууллагын асуудал. Ямар ч байсан шалгаж байгаа.
Ингээд 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр “Платиниум Монгол ЧБ”-ийн нэр дээр орж ирсэн хоёр чингэлэг тамхийг эхлээд бүс рүү бүтнээр нь, бүгдийг нь тухайн өдөр оруулсан гэж тайлбарлаж байгаа ч нэг нь гаалийн скланданд байсан нь анхаарал татах асуудал биш гэж үү. Энд хэний буруутай үйл ажиллагаа яваад байна вэ? Ганц байгууллага үүнийг дураараа зохицуулаад байх боломжгүй. Сэлэнгийн гаалийнхны алдаа энд харагдахгүй байна гэж үү.
Чөлөөт бүс рүү нэвтрүүлэхдээ бараа, бүтээгдэхүүний тоо, ширхэгийг гаалийнхан хянаж, шалгаж оруулдаг. Тийм байтал сар гаруйн хойно мэдээлэл хүрч шалгаж эхэлж байгаа нь хардлага дагуулахгүй байна гэж үү. Үндсэндээ, бүхэл бүтэн Монгол Улсын гаалийн байгууллагын ажилтнууд, тагнуулын байгууллагуудын албан тушаалтнууд хамтран хууль бус үйлдлээр мөнгө угаагаад байгаа юм биш биз гэх хардлага дээрх үйл явцаас харагдахгүй байна гэж үү. Хил дээр бараа, бүтээгдэхүүн “өшиглөдөг” байдал алга болох биш бүр нарийн зохион байгуулалттай болчихсон юм биш үү. АТГ-ынханд энэ талаарх мэдээлэл очсон уу.
Энэ талаарх мэдээллийг бид дахин Гаалийн байгууллагынхан болон АТГ-ынханаас тодруулж, эргэн хүргэх болно.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр45 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр46 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм43 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна