Улс төр
Яагаад их гарын хулгайчдыг сонгох гэж…
Монголчууд “мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” гэж ярьдаг. Тэгвэл УИХ-ын сонгуультай жилд мөнгө төлөхгүй ч мөрөөдлийнхөө хариуд саналын хуудас дээр нэр дугуйлах “ажилтай” болох нь ээ.
Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын талаарх мэдээллийг өргөн хүрээгээр сонирхож, өвчлөл, нас баралтын тоо нэмэгдчихээгүй байгаасай гэх хүсэлтэй зэрэгцэн улстөрчид ч сонгуулийн тоглолтоо эхлүүлчихлээ. Цар тахлаар өвдчихгүй юмсан гэж биднийг санаа зовинож суухад улстөрийн намууд тоогоор наадаж байна, цаана чинь.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг дагаж, мөрдөж байгаа нэрийн дор намууд мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцсэн нэр зүүж, аудитын газарт хуульд заасан хугацаанаас нь өмнөхөн хүргүүллээ. Ингэхдээ олны анхаарлыг татахуйц хэсгээсээ аятайхан гэгч нь хэлж орхиж байна билээ.
МАН-ынханы хувьд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн хуримтлал үүсгэн орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх юм гэнэ. АН-ынхан бол ард иргэдийнхээ дундаж цалинг 3 сая болгож, толгойг нь өргүүлэх бол МАХН-ынхан 5 сая төгрөгт хүргэж тансаглуулах юм байх аа.
Өмнө нь халамжийн бодлогоор тархи угааж ирсэн улстөрийн хүчнийхэн өнөөдөр хөдөлмөрийн хөлс, үнэлэмжээр маань тохуурхаж байгаа бололтой. АН-ынхан хүүхэд бүрт 3000 төгрөг олгож байсан нь өсч 20.000 болсон. Улстөрийн сонгууль бүрийн өмнө ахмадууд, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд, оюутнуудад халамж маягаар “Эрдэнэс таван толгой”-н хувьцаанаас нь өгчихсөн гээд тоочвол багагүй мөнгө цацсан. Ёстой л байнд ч үгүй, банзанд ч үгүй гэгчээр өнөө хэдэн төгрөг нь улсад ч, иргэнд ч нэмэр болсон зүйлгүй тухайн үеийнх нь цайны мөнгө л болж хувирсан байдаг.
Энэ удаа ч ялгаа алга. Нийгмийн даатгал төлөгчид орон сууцтай болох тухай МАН-ынхан ярьж байгаа ч яг үнэн хэрэгтээ өнөөгийн нөхцөл байдлаас улбаалан 200-250 мянган ажлын байр үгүй болох гээд байгаа талаар эдийн засагчид, хувиараа бизнес эрхлэгчид хэлж байгааг анхаарах хэрэгтэй.
Олон улсын түвшинд эдийн засагчид Ковид-19 вирусын халдвар, тархалтаас үүдэн эдийн засаг огцом уруудаж, яг түүн шигээ огцом өснө хэмээн харж, тооцоолж байсан нь сар орчмын өмнө. Гэтэл байдал эсрэгээрээ болж өнөөдөр 194 оронд энэ вирус тархаад байна. Тэгэхлээр эдийн засгийн хувьд нэг түвшинд очих вий гэх эмзэглэлийг төрүүлж буй. Энэ үеийг хамтдаа даван туулах нь чухал гэдгийг ДЭМБ-аас ч анхааруулж байгаа.
Харин манай улсын хувьд өрсөлдөж л байвал өнөөдрөөс илүү маргааш хүлээж байгаа гэх итгэлээр иргэдийнхээ тархийг угаасан улстөрчдийн уралдаан гараанаасаа хөдөллөө. Уг нь улстөрчид иргэдийн сайхан мөрөөдлийг ирээдүйн итгэлтэй нь цогцлоох ёстой. Гэтэл нэгэнт хууртсаар ирсэн гэсэн шиг гурван сарын дараа эдийн засгийн хийгээд улсынхаа аюулгүй байдлыг ч тооцоолж харсан эсэх нь эргэлзээтэйгээр дээрх мөрийн хөтөлбөрийг гарган танилцууллаа. Энэ нь олон нийтийг тунгаан бодох чадваргүй хэмээн басамжилж байна гэж хардаж байгаа юм. Нөгөө талдаа дөрвөн жил төр барихаар тэмүүлж буй улстөрийн хүчнүүд цар тахлын гамшгийг дэлхий нийт даван туулсны дараах байдлаар тооцоолж мөрийн хөтөлбөрөө боловсруулж гэж ойлгогдож байна. Тэгэхлээр энэ удаа ч бас бидний мөрөөдлийг хулгайлчхаад “нэрээ дугуйл” гэх тулган шаардалтыг улстөрчид хийж байна.
Тиймээс ард түмэн удаад МАНАН-гийн их гарын хулгайчдыг сонгохгүй нь лавтай.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр46 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр47 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм44 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна