Улс төр
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы нээлтэд цахимаар оролцлоо. УИХ-ын даргын захирамжийнн дагуу өмнө нь хуралдааны А танхимыг “Эзэн Чингис хаан” танхим, Б танхимыг “Жанжин Д.Сүхбаатар” танхим хэмээн нэрлэдэг байсан бол хаврын чуулганаас эхлээд чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг “Их хуралдай” танхим, хуралдааны Г танхимыг “Их засаг” танхим, хуралдааны В танхимыг “Үндсэн хууль” танхим тус тус гэж нэрлэхээр болжээ. Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд эдгээр таван танхимаас нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож байх юм. Мөн Байнгын, дэд, түр хорооны хуралдаан, нээлттэй сонсгол, хэлэлцүүлгүүд дөрвөн танхимд хуваарийн дагуу болно.
Хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хүрэлцэн ирсэн бол Үндсэн хуулийн цэцийн дарга болоод УИХ-аас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд цахимаар оролцов.
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байгааг онцлов.
Коронавирусийн цар тахал дэлхийн 211 улсад тархаж халдварласан хүний тоо 1.2 саяыг давж, 70 шахам мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхисныг онцлоод Монгол Улсын төр, засгаас өвчний халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган, хэрэгжүүлж, ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийллээ.
Мөн тэрбээр, энэ онцгой цаг үед ҮАБЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нягт хамтран ажиллаж, шуурхай шийдлүүдийг гаргасаар ирсэн. Чуулганы завсарлагааны үеэр парламент тасралтгүй ажиллалж байгааг дурдахын зэрэгцээ ажлын үр дүн ч гарсан гэв. Хүнсний хангамжид доголдол үүссэнгүй. Маск, ариутгалын бодисын үйлдвэрлэл, хангамж нэмэгдлээ. Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулж, 65 мянган иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг 3 сараар хөнгөлж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөц, активын ангиллын журмуудыг хөнгөлж, чөлөөлсөн багц арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Зорилтот бүлгийн зээл, хүүгийн хугацааг хойшлуулах, тохируулга өөрчлөлт хийхээр шийдвэрлэсэн гэж байлаа.
Аюулт вирус хэчнээн хүнд халдварлахыг, дэгдэлт нь хэр удаан үргэлжлэхийг, ямар хэмжээний хор хөнөөл учруулахыг хэн ч хэлж мэдэхгүй байгааг тодотгоод УИХ, Засгийн газар шинжлэх ухааны судалгаа дүгнэлт, технологийн дэвшил гол хүчин зүйл болсон энэ цаг үед асуудлыг гурван хувилбар буюу 3 өрнөлд судалж, тооцоолж, төлөвлөж ажиллаж байгааг УИХ-ын арга хэлсэн үгэндээ онцлов. Түүнчлэн тэрбээр, хаврын чуулганаар Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ дараатайгаар хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн Монгол төр төгөлдөрших ёстой гэлээ.
УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, хүн төрөлхтөн коронавирустэй дайн зарлаад байна. “Гадна талд дайн дэгдэхэд дотоодод хүч нэгтгэгддэг” гэдэг үг байдгийг сануулаад монголчууд бид улс төрийн хийрхэл, талцлаас татгалзаж, эв санааны нэгдлийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх цаг ирснийг онцлов. Ийм учраас төрийн эрх барих дээд байгууллага УИХ энэ хаврын чуулганаараа эв санаа, ойлголцол зөвшилцөл, ёс суртахууны дэвшил гаргах үйлсийг манлайлж, үлгэр жишээ үзүүлж, нэгдэн хамтарч ажиллахыг уриаллаа.
Дараа нь Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, титэмт вирусийн халдварт тахлаас нефтийн үнэ унаж, санхүүгийн зах зээл хямарч, ажилгүйдэл эрс өсч байгаа нь улс орнуудын Засгийн газруудад хүнээ, иргэдээ эрсдэл багатайгаар даван туулахад анхаарахыг сануулж байгааг онцлоод манай улсын хувьд одоогоор 10 мянга орчим хүн ажлын байраа алдаад байгааг мэдэгдэв.
Төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг уриалахын зэрэгцээ улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан тэвчиж болох бүх зардлыг танах, өвчний тархалтыг хязгаарлах, УИХ-ын сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүсч байгааг тодотгоод титэмт вирусийн халдварыг хяналтаас гаргаж, тархалтыг нэмэгдүүлбэл эрүүл мэндийн салбар нуран унах аюултайг онцгойлон анхааруулав.
Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдана.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм6 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр6 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр6 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа