Улс төр
Монгол Улсын Их хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх түр журам баталжээ
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Монгол Улсад шинэ короновирусын цар тахал илэрсэн учир УИХ-ын үйл ажиллагаа дэгээрээ явагдах боломжгүй болж, шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан мэдээлэл өгч байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 46 дугаар захирамжийн хавсралтаар “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх түр журам” баталж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулахаар болсныг дурдав.
УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурал нь Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж байна гээд өнөөдөр 12.00 цагаас УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулахаар бэлтгэл хангасан. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана.
2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэлнэ. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Үүний дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар хуралдуулах дэгийн дагуу зохион байгуулж явуулна гэлээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар дэлхий дахинд тархаад байгаа шинэ короновирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын үед хэвлэл мэдээллийн ажилтнууд УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх, Төрийн ордонд ажиллах, мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэх харилцааг түр хугацаанд зохицуулах зорилгоор УИХ-ын даргын захирамжаар баталсан журмын гол зохицуулалтаас танилцуулсан юм.
УИХ-ын Тамгын газар хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын хугацаанд сэтгүүлчид ажиллах түр цэгийг Төрийн ордны хоёрдугаар давхрын фойенд байгуулжээ. УИХ-ын чуулган, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаа, хуралдаанаар хэлэлцсэн болон хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрийн талаар тухай бүр д нь түр цэгт хэвлэлийн хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллээр хангах бөгөөд УИХ-ын дэд дарга, гишүүд, Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хэвлэл мэдээлэлд мэдээлэл, ярилцлага өгөхдөө зөвхөн энэ цэгийг ашиглахаар зохицуулжээ.
Хэрэв УИХ-ын гишүүд тухайлсан хэвлэл мэдээллийн байгууллагад албан өрөөндөө ярилцлага өгөх бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн удирдлагад урьдчилан мэдэгдсэний дагуу тус хэлтэс болон Төрийн ордны хамгаалалтын алба хамтран зохион байгуулах юм байна.
Мөн зайлшгүй шаардлагаар сэтгүүлчдийг заасан цэгээс бусад байршилд нэвтрүүлэх тохиолдолд үйл явдлын цаг хугацаа, оролцох сэтгүүлчдийн тоог урьдчилан товлож зохион байгуулах, хуралдааны танхимуудад цахимаар явагдах чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны явцыг мэдээлж, сурвалжлах боломж, нөхцөлийг хангах зорилгоор Төрийн ордны нэгдүгээр давхрын сэтгүүлчдэд зориулсан өрөөг хүртээмжтэй ашиглуулах, уг өрөө болон хоёрдугаар давхрын фойенд нэмэлт төхөөрөмж байршуулах зэргээр хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын үед хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордонд ажиллах боломжийг хангах арга хэмжээг Тамгын газар авч хэрэгжүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн хэвлэлийн хуралд оролцох, мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга авахдаа хязгаарлалтын дэглэм, тусгайлан тогтоосон бүсийн дүрмийг баримталж ажиллахыг хүсээд, журмын хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хэвийн ажиллах боломжоор хангана гэдгээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга илэрхийллээ.
Харин Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа мэдээлэлдээ, УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдааныг цахимаар хэвийн явуулах техникийн бэлтгэлийг бүрэн хангаад байна.
Хуралдааныг цахимаар явуулахтай холбогдуулан шаардлагатай программ хангамжийг боловсруулж, техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан гэдгийг дурдаад энэ талаарх холбогдох мэдээллийг өгсөн юм.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр7 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр7 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа