Улс төр
Эрх зүйн салбарын алсын хараа
Монгол Улсын Засгийн Газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулан УИХ-аар ойрын үед хэлэлцэн батлах гэж байна. Энэ төсөлд ирэх 30 жилийн хугацааны хөгжлийн бодлого чиглэлийг есөн тулгуур, 50 зорилттойгоор боловсруулснаас хууль эрх зүйн салбар, хууль сахиулах, хүний эрхтэй холбоотой хэсгийг нь анхааран судаллаа.
Хууль эрх зүй, шүүх, хууль сахиулах салбартай холбоотой 5-р зорилт “Хүн, нийгмийн амар тайван байдал” болон 7-р зорилт “Хууль сахиулах салбарын хөгжил“ гэж тодорхойлон тухайн чиглэлээр хийгдэх үйл ажиллагааг жагсаажээ. Тухайлбал, хууль сахиулах салбарын эрх зүйн орчинг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжих, ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ гэж заажээ. Гэтэл энэ зорилтод хүргэх үйл ажиллагааг харвал шинээр барилга барих, үйлдвэр байгуулах, сургалтын төв байгуулах, машин, техник авах, төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийг сайжруулах, түүн дотроо нэр заан Оюуны өмчийн газрын байр, сургалтын төв, хөгжлийн төвийн цогцолбор барилгыг барихаар оруулжээ. Эдгээр барилга, байшингийн жагсаалт хууль сахиулах салбарын хөгжил, 30 жилийн алсын хараа мөн үү.
Салбарын дэд бүтцийн хөгжил мэдээж чухал боловч дан ганц барилга, байшин, шинэ машин авснаар энэ салбарын хөгжил дэвшил тодорхойлогдохгүй. Тэр байшинд ажиллах боловсон хүчин, үйл ажиллагааны стандарт, хууль эрх зүйн орчин, хандлага, арга барилын өөрчлөлт зэрэг чухал хүчин зүйлээс хамаарна. Энэ баримт бичигт барилга байшин барих тухай биш харин хүний эрх, эрх чөлөөг хангаж, хууль дээдлэх ёсыг хангах, иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг цогц бодлогын суурь багтах ёстой.
Энэ төсөлд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний эрхийн болон эрх зүйн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлнэ гэж заасан боловч хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар дээрх барилгын жагсаалт шигээ тодорхой заасангүй. Мөн уг төсөлд жендэрийн мэдрэмжтэй бодлого, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр огт тусгагдаагүй байна. Олон улсад мөрдөж буй хөгжлийн бүх баримт бичигт хөгжлийн гол үндсийн нэг нь жендэрийн эрх тэгш байдал гэдгийг нэгэнт тогтоосон байдаг.
Энэхүү баримт бичгээс үүдэн урган гарч буй нэг асуулт нь Монгол Улсад эрх зүйн салбарын урт хугацааны бодлого байна уу. Хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр, бодлогоос харахад энэ салбарын ирээдүйн хөгжлийн бодлоготой холбоотой баримт бичиг алга. Эрх зүйн салбарын ганц бодлого болох Эрх зүйн шинэчлэлийн стратеги бодлогын баримт бичиг 1998 онд батлагдаад 22 жил өнгөрчээ. Мөн хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдснаас хойш ийм төрлийн баримт бичиг батлагдаагүй. 2016 онд батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 баримт бичигт эрх зүйн салбар болон хууль сахиулах салбартай холбоотой зорилт ороогүй байдаг.
Хууль, эрх зүйн салбарын хөгжлийн урт хугацааны бодлого байхгүйгээс болж сонгуулийн 4 жилээр энэ салбарын бодлого тодорхойлогдож ирсэн. Энэхүү байдал нь эрх зүйн бодлогын тогтворгүй байдал, бодлогын залгамж чанар алдагдахад хүргэж байгаа. Түүнчлэн бодлого байхгүйгээс урсгалаар явч ирэн нийгмийн тухайн үеийн нөхцөл, үйл явдалд хариу үзүүлэх проактив бус реактив байдлаар явж ирсэн.
Иймээс Монгол Улсад ирэх 30 жилд биш гэхэд ойрын 10 жилдээ баримтлах эрх зүйн бодлогын үндсэн чиглэл, хүрээгээ тодорхойлох шаардлагатай байна. Монгол Улсын хууль зүйн нэгдсэн бодлого ямар байх, гол дэд бүтэц болсон хууль тогтоомж ямар тогтолцоо, системтэй байх ёстой гэдэг вэ гэдгийг тодорхойлох хэрэгцээтэй байна. Шинээр гарах хууль тогтоомжийн чиг хандлага, одоо хэрэгжиж буй 500 гаруй хууль тогтоомжоо цэгцлэх, цаашид боловсронгуй болгох талаарх бодлого чиглэлээ эртхэн тодорхойлохгүй бол эрх зүйн систем нь холилдсон, орон орны хууль, тогтолцооны замбараагүй бөөгнөрөл болоход хүрч байна.
Түүнчлэн хууль сахиулах бодлогоо нийгмийн хөгжил, хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн өөрчлөлттэй уялдуулан шинэлэгээр тодорхойлох шаардлагатай байна. 100 жилийн өмнөх шигээ арван тавны цагдаагийн загвар, мөн хуучны хорих байраар энэ салбарын ирээдүйг төсөөлөх үү. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогоо эргэн харж уламжлалт сургалт, сурталчилгаанаас гадна гэмт хэрэг үйлдэгсэд, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэг таслан зогсоох чиглэлээр шинээр бодлогоо тодорхойлохгүй бол одоогийн хар тамхи, хүн худалдаалах муухай гэх мэт плакат, зурагт хуудас, сошл сүлжээний уриагаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлж таслан зогсоох боломжгүй. Мөн хуулийн салбарын боловсон хүчин, хуулийн сургалт, одоо байгаа 5,000 гаруй хуульч, Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага зэрэг салбарын чадавхийн ирээдүйг тодорхойлох шаардлагатай байна.
Аливаа улс орны хөгжил зөвхөн эдийн засгийн хөгжлөөс хамаарахгүй бөгөөд хүний эрхийг хангасан хууль эрх зүй, хууль сахиулах тогтолцоогоос хамааралтай байдаг. Ялангуяа улс орны нийгмийн хөгжил дэвшил, тогтвортой эдийн засгийн хөгжлийн нэг чухал хүчин зүйл нь хүн төвтэй эрх зүйн орчин, хэрэгжилтийг хангах хуулийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг хангах шударга ёсны тогтолцооноос шууд хамааралтай. Иймээс дэлхий дээр улс орнуудын хөгжлийн индексийн нэг чухал үзүүлэлт нь хууль эрх зүйн тогтолцоо байдаг. Хуульт ёсны зарчим, түүнийг хангах тогтолцоо хөгжлийн гол зарчим болдог. Дэлхийн хууль ёсны индексээр Монгол Улс 128 орноос 57-т жагсаж байна. Доогуур үзүүлэлтэд төрийн албаны авилгал, ил тод байдал болон хууль, тогтоомжийн хэрэгжилтийн сул байдал, шударга ёсны тогтолцооны үзүүлэлт оржээ.
Иймээс хуульт ёсны зарчмыг хангах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах чиг хандлага, арга замуудыг шинээр томьёолж, хүн төвтэй, мэдлэгт суурилсан, инновац, шинэлэг технологи нэвтрүүлсэн бодлого гаргах шаардлагатай байна. Ингэхдээ Монгол Улсын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөн, цаашид энэ салбарт шинэтгэл үргэлжлүүлэх, өргөжүүлэх, олон улсын чиг хандлага, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах нь чухал юм.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа