Нийгэм
Селфигээр танигдсан ч хийсэн ажил үгүй
Нийслэлчүүдэд “селфи”-чин хүүхэн гэдгээр танигдсан хүн бол НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал. Мань хүн Шадивлин зусланд гарсан түймрийн өмнө селфи зураг авснаа олон нийтэд дэлгэснээр жинхэнэ од болсон.
Уг нь тэр хийсэн ажил, хэрэгжүүлж буй төсөл, түүнийхээ үр дүнгээр танигдах учиртай хүн. Харамсалтай нь хийж, хэрэгжүүлснээр маруухан түүний хувьд Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажилласан нэр зүүж яваа.
Нэр зүүж яваа гэдэг нь ч учиртай. Түүнийг НИТХ-ын төлөөлөгч болон дээрх төслийн удирдагч болоход МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нөлөө их байсан гэдэг. Тэд нэг нутгийнх учраас гол усандаа биш юмаа гэхэд амьдарч байгаа нийслэлдээ биесээ түшиж, “томроход” нь тусалдаг аж.
Тэр ч өөрийг нь өөд нь татсан намдаа хариуг нь хангалттай барихын тулд албан тушаалаа ашиглан сонгуулийн сурталчилгаанд хүчин зүтгэх ухуулагч нарынх нь урамшууллыг олгох буй бололтой. Тодруулбал, анх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4604 хүний бүтэцтэй орон тооны бус сайн дурын ажилтанг хянагчаар ажиллуулахаар бэлтгэж, 50 орчим мянган төгрөгийн цалин авч, айл өрхийн түлшний хэрэглээг хянаж ажиллана гэж мэдээлж байв. Энэ бол жил орчмын өмнө өгч байсан мэдээлэл. Үүнийхээ дагуу идэвхтэн эргүүлүүдийг өвлийн улиралд ажиллуулж хяналт тавьсан. Ингэхдээ нэг хүнд 75000 төгрөгийн урамшуулал цалин олгож байв. Харин одоо дулааны улиралд хянагч эргүүлүүдийн цалинг нэмэгдүүлэхээр яригдаж эхэлжээ. Тодруулбал 3, 4, 5, 6 дугаар сард түүхий нүүрс түлж буй эсэхэд хяналт тавих 4700 хүний цалинг нэмэгдүүлж 250 мянга болгохоор төсөвлөсөн нь хардлага төрүүлж байна. Тэдгээр хянагч нар нь ихэнхдээ гэр хорооллын хороодын хэсгийн ахлагч нар буюу МАН-ын үүрийн гишүүд байдаг. Тэгэхлээр гэр хорооллын өрхүүдийн галлагаа зогсчхоод байхад түүхий нүүрс хэрэглэгчдийг хянах эргүүлийн цалинг нэмэгдүүлэх зорилгоор МАН сонгуулийн үеийн ухуулагч нарынхаа урамшууллыг Агаар орчныг бохирдол бууруулахад хувь нэмрээ оруулагчдаар халхавчлан олгох гэж байна гэж ойлгохоос аргагүй.
Урин дулааны цагт энэ мэт башир аргаар мөнгө “зулгааж, зувчуулж” чадаж байгаа хүмүүс үүнээс өмнө бүр ч ихийг гулсуулж, гулгуулсан байх магадлалтай. Тиймээс ч төрийн өмчийн гэх тодотголтой “Таван толгой түлш” компанид аудитын шалгалт оруулах эсвэл АТГ-ынхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, мөрдөн шалгахад гэмгүй л болов уу.
Энэ зэргийн ажлыг Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өлхөн хийнэ. Учир нь тэрбээр өмнө нь ч төр, түмний төлөө бус түрийвчээ түнтийлгэхийн төлөө ажиллаж буйг нь хэвлэлийнхэн багагүй мэдээлсэн байдаг.
Тухайлбал, өөрийнхөө эзэмшдэг компани, ашиг сонирхол нэгтэй байгууллагуудаа санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглээгүй нь өдгөө АТГ-ын цахим бүртгэлд дэлгэрэнгүй бий.
Түүний танилцуулгад 2006-2016 “Жаргалан” үндэсний цогцолбор сургуульд ажилласан хэмээн бичигдсэн байдаг. Гэхдээ өөрийн нөхөр Р.Эрдэмдэлгэртэйгээ хамтран байгуулсан Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Жаргалан гурав” хэмээх цэцэрлэгийнхээ тухайгаа огт бичээгүй.
Улсын бүртгэлд бол “Жаргалан гурав” гэх хуулийн этгээдийн эзэмшигч нь Д.Мөнхжаргалын нөхөр Р.Эрдэмдэлгэр байдаг. Мөн 2015 онд Нийслэлийн Засаг даргын А/426 дугаар захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Харин 2016 оноос буюу Д.Мөнхжаргалын НИТХ-ын төлөөлөгч болсон цагаас эхлэн улсын болон орон нутгийн төсвөөс их хэмжээний татаас авдаг болжээ. Товчхондоо, Д.Мөнхжаргалын гэр бүлийн эзэмшдэг хувийн цэцэрлэг гурван жилийн хугацаанд 458.448.600 төгрөг авсан.
Мөн Д.Мөнхжаргал нөхөр Р.Эрдэмдэлгэртэй хамтран 2014 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн “АХОБ” гэх компанийг хамтран эзэмших болсон. Энэ компанийнхаа тухай АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бас л огт мэдүүлээгүй. Энэхүү АХОБ ХХК “Сансар зуслан”-г ажиллуулдаг. Тус зуслангийн толгой компани буюу “АХОБ” ХХК Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газартай 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, 4.950.000 төгрөгийн санхүүжилт, 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр дахин гэрээ байгуулж 3.935.400 төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Ийнхүү сар орчмын хугацаанд бараг тэрбум төгрөгийн санхүүжилт авчхаж байгаа юм.
Үнэндээ селфичин даргын хувьд ХОМ-тээ дурдаагүй аж ахуйн нэгжүүдээрээ төрөөс мөнгө авч сурсан шигээ иргэдийн татварын мөнгийг намынхаа ухуулагч нарт олгохоор зэхэж буй нь намдаа хариу барьж буй бэлэг гэж хардахаас өөрөөр юу гэж ойлгох вэ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа