Улс төр
Бохир мөнгөнд хутгалдсан АН-д зөв хүн алга
УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ өдрүүдэд иргэд сонгогчид улс төрийн намын нэр дэвшигчид төдийгүй бодлого, үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна. Тэр дундаа улс төрийн хоёр том нам олны анхааралд байх нь дамжиггүй. Улс төрийн ууган хүчний тухайд аливаа гэмт хэрэгт нэр холбогдсон, олны дунд рейтинг нь унасан хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй хэмээн зарлаж, эхнээс нь улс төрийн хариуцлага хүлээлгэж эхэлсэн. Улмаар сонгуулийг шударга, мөнгөнөөс үл хамааралтайгаар явуулах зэрэгт үлгэр дууриал үзүүлж буй. Харамсалтай нь, АН эсрэгээрээ. Мөнгөөр бүхнийг шийдэх зорилго өвөртлөөд зогсохгүй, түүнийгээ ил тодоор зарлан, нэр дэвшигчдээсээ хэдэн зуун саяыг татан төвлөрүүлж эхэлсэн. Муу дээр муухай гэгчээр хууль зөрчин сонгуульд зэхэж буй АН-аас нэр дэвшигчдийн дүр төрх ч базаахгүй нь. Тэр дундаа шинэ үеийн төлөөлөл гэх залуучууд дунд зөв хүн алга. Энэ намд гишүүнээр элсээд ганцхан хонож буй будаг нь ханхалсан шинэ гишүүн нь О.Баасанхүү. МАХН-аас урваж, АН-д элссэн нь энэ. Зөв залуучуудын төлөөлөлд “урвагч хүн” багтахгүй нь ойлгомжтой. Дараагийнх нь Д.Сүндий. Залуу хүн карьер хөөж, улс төрд хүч үзэх эрх нээлттэй ч төрийн эрх барилцана гэдэг утгаараа юуны өмнө зөв хүн байх учиртай. Д.Сүндийгийн хувьд өдгөө “сошиал од” болсон. Гэхдээ мэдээж болж бүтэхгүйн бодит жишээ болсон. Хэдийгээр хууль хяналтынхан эцэслээгүй ч Д.Сүндийг “гэр бүлийн хүчирхийлэгч, эхнэрээ хууран мэхлэгч, зүй бусаар авирлагч” гэх тодотгол дагалдах болсон. Өөртэй нь холбоотой таагүй мэдээллийг эсэргүүцсэн ч хувь хүний төлөвшил, ёс зүй нь ямар түвшний хүн бэ гэдгийг сонгогчид хамгийн түрүүнд харж үздэгийг мартаж болохгүй. Тэр дундаа сонгуульд нэр дэвших хүсэлтэй энэ мэт залууст хатуу цензур тавихгүй бол хожим төрийн өндөр сэнтийд заларчихвал улс оронд ямар аюул тарихыг таах аргагүй билээ. АН-аас сонгуульд горилж буй дараагийн хүн Д.Мөнх-Эрдэнэ. Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байсан тэрбээр дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, дипломат дугаартай автомашиныг хятад иргэдэд худалдсан гэх хэргээр БНХАУ-ын хууль хяналтынханд шалгуулж байна гэх мэдээллийн хүрээнд олны танил болсон нэгэн. Энэ асуудалтай нь холбогдуулан түүнийг консулын ажлаас нь эгүүлэн татаж байв. Ийм л хар мэдээний хамтаар олонд танигдсан тэрбээр өдгөө АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 100 саяыг тушаасан гэдгээ мэдэгдээд байна. Намын дарга нь хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр нэмж 300-400 саяыг нэхсэнд эгдүүцсэн тэрбээр хэвлэлийн бага хурал зарлан, даргыгаа хууль шүүхийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. Гэвч харамсалтай нь АН-ын даргын санаачилсан их мөнгөний дэнчин, Д.Мөнх-Эрдэнэ мэтийн хураалгасан 100 сая бүгд хууль зөрчсөн үйлдэл. Намаараа хууль зөрчсөн учраас АН-ыг татан буулгах, улмаар сонгуульд оролцуулахгүй байх үндэслэл бүрдсэн гэдгийг хуульчдын зүгээс тайлбарлаж эхэлсэн. Байдал хэрхэн эргэхийг хэлж мэдэхгүй ч хууль бус мөнгөнд хутгалдсан АН-д зөв хүн алга. Архагууд нь ч хууль шүүхэд данстай болчихсон энэ цагт шинэ залуусынх нь төлөөлөл ийм дүр зурагтай АН-аас юу ч хүлээх хэрэггүй бололтой.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм12 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр12 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр12 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа