Эдийн засаг
Д.Аюуш: Ханшийн бодлогод Засгийн газар, Төв банкны хамтын бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ

Монголбанкны Дотоод аудитын газрын захирал Д.Аюуштай ярилцлаа.
-Юуны өмнө “Хөрөнгө оруулалтыг боомилж болзошгүй” гэгдээд байгаа Валют зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол өөрчлөлтүүдийн тухай мэдээлэл өгнө үү. Та ажлын хэсэгт нь ажиллаж байсан байх аа?
-Шинэчилсэн найруулгын гурван гол өөрчлөлтийг дурдая. Нэгдүгээрт, валютын биржийн болон биржийн бус захын үйл ажиллагаа нь хяналттай боловсронгуй болж, тухайн захын оролцогчдын санхүүгийн хариуцлага дээшилж, валютын ханшийн “зохиомол” өсөлтийг арилгах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, нэгдсэн зохицуулалттай стандарчлагдсан валют арилжааны талбарт банкнаас гадна аж ахуйн нэгжүүд, Санхүүгийн зохицуулах хорооноос валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банк бус санхүүгийн байгууллага оролцох боломжтой болсон. Мөн валютын ханшид нөлөөлөхүйц нийтийн хүртээл болгоогүй мэдээллийг эзэмшигч этгээд албан тушаалтан давуу байдлаа ашиглан валютын ханш, арилжааны хэмжээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх мэдээллийг задруулах гэх мэт урвуулан ашиглахыг хориглож, ийм үйлдэл гаргасан нөхцөлд хүлээх хариуцлагыг хуульчилж өгсөн. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагч нарт шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийн урсгалыг чанаржуулж, гадаад валютын дотоодын захын талаарх мэдээллийн нэгдсэн систем байгуулах, валютын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тухайлбал, Валютын зохицуулалтын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг нэгтгэж давхардал хийдлийг арилгаж валютын нэгдсэн зохицуулалттай болгож зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлагыг чангаруулсан. Монгол Улсын хилээр бэлнээр их хэмжээгээр орж гарч байгаа үндэсний мөнгөн тэмдэгт болон гадаад валютын талаарх мэдээлэл, эдийн засгийн харьяат, эдийн засгийн харьяат бустай байгуулсан зээл, хөрөнгө оруулалт, үнэт цаасны арилжааны мэдээллийг Монгол Улсын гадаад секторын статистикт ашиглах боломжийг бүрдүүлсэн. /12, 14 дүгээр зүйл/ Энэхүү мэдээллийн урсгал сайжирснаар макро эдийн засгийн бодлого боловсруулагч, зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, зах зээл үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй гэж харж байгаа. Гуравдугаарт, валютын зохицуулалттай холбоотой Засгийн газрын хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Дөрөвдүгээрт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг дундажлан гаргахдаа зөвхөн арилжааны банкнуудын худалдах худалдан авах ханшаас тооцдог бус биржийн болон биржийн бус арилжааны нэгдсэн дүнгээс тооцож зарлах боломжийг бүрдүүлж өгсөн. Одоо ханшийг тооцож зарлахдаа Монголбанк нь банкны салбарт өмнөх өдрийн 16:00 цагаас тухайн өдрийн 16:00 цагийн хооронд хийгдсэн ам долларын мэдээг хүлээн авч “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тооцож зарлах журам”-ын дагуу зарладаг. Энэ үйл явц нь Монголбанк ханш тогтоогоод байгаа зүйл огт биш бөгөөд ханшийн мэдээллийг л олон нийтэд мэдээлж байгаа зүйл юм.
-Хуулийн төсөлд Засгийн газрын үүрэг хариуцлагыг хэрхэн тодорхой болгож өгсөн бэ?
-Төслийн 15 дугаар зүйлд Засгийн газрын үүргийг тусгаж өгсөн байгаа. Засгийн газар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэйгээс гадна Монгол Улсын өрийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн тэнцлийг сайжруулах үүргийг хүлээлгэсэн. Ингэж үүрэгжүүлж өгснөөр төрийн мөнгөний бодлого, төсвийн бодлого илүү уялдаатай байж валютын нэгдсэн нэг бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрдэнэ гэж үзсэн.
-Тэгвэл энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх явцад аж ахуйн нэгжүүдэд капитал контрол тавих гэсэн захиргаадалтын арга хэмжээ авах гэж байна гэсэн шүүмжлэл тавигдаж байна шүү дээ. Үнэхээр тийм сөрөг тал бий юү?
-Юуны түрүүнд капитал контрол гэдгийг товч дэлгэрүүлэе. Хөрөнгийн хязгаарлалт (Capital control) гэдэг нь эдийн засгийн харьяаллаас хамааруулж хил дамнасан хөрөнгийн урсгалд хязгаарлалт тогтоох арга хэмжээнүүдийг хэлдэг. Улс орнууд дараах үндсэн зорилгоор хөрөнгийн урсгалд хязгаарлалт тавьдаг. Санхүүгийн зах зээлийн төгс бус байдлыг багасгаж, нийт эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлдэг. Тогтвортой эсвэл хатуу удирдлагатай (валютын) ханшийн дэглэмтэй улс орнуудад мөнгөний бодлогын бие даасан байдлыг алдахгүй байх, мөнгөний бодлогын валютын ханшид учруулах дарамтыг багасгах зорилгоор хөрөнгийн урсгалд хязгаарлалт тавьдаг. Мөн ихээхэн хэмжээний хөрөнгийн дотогшлох урсгалтай улс орнуудад үүнээс үүдсэн инфляцын дарамттай тулгарсан, валютын ханшийн эрсдэлээс үүдэн хувийн сектор, банк санхүүгийн салбарт эрсдэл, эмзэг байдал үүссэн гэсэн хоёр тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тус хязгаарлалтыг хэрэгжүүлдэг. Үүнээс гадна Засгийн газрын төсвийн хямд санхүүжилтийг бий болгож, тэргүүлэх салбаруудыг дэмжих зорилгоор хөрөнгийн урсгалд хяналт, хязгаарлалт тавих туршлага байдаг. Өндөр орлоготой орнууд нь хөрөнгийн хязгаарлалт багатай бөгөөд ялангуяа хатуу хязгаарлалттай орон байхгүй. Харин бага орлоготой орнуудын хувьд хөрөнгийн хязгаарлалт өндөр байх хандлагатай байдаг. Тухайлбал Хятад, Энэтхэг, Филиппин зэрэг орнууд хөрөнгийн урсгалын хувьд хатуу хязгаарлалттай байдаг. Хуулийн төслийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын хилээр орох, гарах бэлэн валютад хязгаарлалт тогтоох” гэсэн заалт нь хатуу хяналттай болох нь гэсэн асуултыг үүсгээд байх шиг байна. Энэхүү заалт нь зөвхөн бэлэн валютад хамаатай. Үүнийг дийлэнх улс орон хуульчилсан байдаг. Олон орон мөнгө угаах, гэмт хэргийн эх үүсвэрийн урсгал, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг арга хэмжээ авах, татвараас бултах зэрэгтэй тэмцэх зорилгоор тодорхой хэмжээнээс дээш валют оруулах, гаргах тохиолдолд бүртгэх, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах зэрэг арга хэмжээг авдаг. Зарим улсын мөнгөн тэмдэгт гадаадад хөрвөх чадвар муу байдаг тул тодорхой хэмжээнээс дээш валютыг авч гарахгүй байх, мөнгөн тэмдэгтээ хамгаалах зорилгоор их хэмжээгээр авч гарахад хязгаарлалт тавьдаг. Жишээлбэл, АНУ, Канад, Мексик зэрэг улс орон 10,000 ам.доллараас дээш дүнтэй валют оруулж, гаргаж байгаа бол мэдэгдэх ёстой. Европын холбооны орнуудаас гэвэл Англи, Франц, Итали, Германи зэрэг 10,000 евро хүртэл бол манай урд хөрш БНХАУ-н хувьд 5,000 ам.доллар буюу 20,000 юаниас ихийг гаргаж байгаа бол мэдэгдэх ёстой гэх мэт. Хуулиар бэлэн валютын орох гарах урсгалын мэдээллийг бүрдүүлэх гэж энэхүү заалтыг оруулсан бөгөөд төсөл дэх “хязгаарлалт” гэдэг үг өөрчлөн найруулагдаж байгаа.
-Мөн стратегийн ордод хөрөнгө оруулагчдын гүйлгээг Монголбанкаар дамжуулах, Төв банк нь арилжааны банкны үүрэг гүйцэтгэх мэтээр яригдаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?
-Тус хуулийн төсөлд тусгагдсан 10 дугаар зүйлийн 4 дэх заалтаар Монголбанк Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой, стратегийн хөрөнгө оруулагч эдийн засгийн харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны үндсэн дээр валютын данс нээж болно гэсэн байгаа. Энэ нь Монголбанк шууд арилжааны банкны үүрэг гүйцэтгээд банкуудтайгаа өрсөлдөөд унана гэсэн үг биш юм. Мэдээж Монголбанкны хувьд тодорхой хэмжээний эрсдэлийг дагуулж байгаа. Гэхдээ Монголбанкны зүгээс энэ эрсдэлийг удирдах боломжтой гэж харж байгаа. Энэ бол хууль санаачлагч, УИХ-ын шийдвэрлэх хүрээний асуудал юм.
-Валютын захын зохицуулалтад төрийн байгууллагуудын оролцоо хэтийдсэн байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх алхам болохоор байна гэж шүүмжилж байна шүү дээ?
-Төр оролцож зохицуулсан заалт бус харин иргэн, хуулийн этгээдийн эрхийг нь нээж өгсөн заалт одоогийн үйлчилж байгаа хуулиас илүү орсон шүү. Тус хуулийн төслийг боловсруулахад ОУВС-аас зөвлөх үйлчилгээг үзүүлж Gomiluk Otokwala (LEG) болон Thorvardur Tjoervi Olafsson (MCM) нар ажилласан. Хуулийн үр нөлөөллийг тооцох судалгааг мэргэжлийн хөндлөнгийн баг хийсэн. Хөндлөнгийн шинжээчид тус төсөл Үндсэн хууль болон бусад хуультай нийцтэй байна гэсэн дүгнэлт өгсөн. Хуулийн төсөлд аливаа этгээдийн гэрээ хэлэлцээр хийх эрхэд халдсан хязгаарласан зохицуулалт байхгүй. Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байгаа.
-Зохицуулалтыг өргөн цар хүрээтэй авч үзсэн нь өнөөг хүртэл маргаантай байгаа улстөржилтийн үндсэн шалтгаан болоод буй валютын ханшийг хэн зохицуулах ёстой вэ гэдэг дээр тодорхой дэвшил гарна гэж үзэж болох уу?
-Эдийн засгийн онолд тогтсон ойлголтуудын нэг бол боломжгүйн гурвалжин хэмээн нэрлэгдсэн мөнгөний бодлогын сонголтын диаграмм байдаг. Онолын дагуу ханш инфляц хоёрыг зэрэг барихын тулд хөрөнгийн урсгалыг хязгаарлах хэрэгтэй эсвэл хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгавал инфляц, ханш хоёрын аль нэг нь зах зээлийн зарчимаар тогтоно. Монгол Улсын хувьд ханшийг эдийн засгийн үзүүлэлтүүдтэй нийцтэйгээр тогтоон, хөрөнгийн урсгалыг нээлттэй байлгах сонголтыг аль хэдий нь хийсэн орон. Төв банкны тухай хуулийн 22 дугаар зүйлд “Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж томьёолсон. Ярилцлагын эхэнд дурьдсанчлан хэрвээ өргөн баригдсан төсөл дэх Засгийн газрын үүрэг хасагдчихгүй л бол Төрийн мөнгөний бодлого, Төсвийн бодлого илүү уялдаатай байж валютын нэгдсэн нэг бодлого хэрэгжих бодит боломж бүрдэнэ гэж харж байна. 1990 оноос хойш ханш хөдлөхөөр л Монголбанк ханшаа барь гэж шахаж ирсэн. Гэтэл ханшийг Монголбанк интервенц хийгээд барьдаггүй. Харин ч сөрөг үр дагаварт хүрдгийг нийтээрээ өнөөдөр амсаад сууж байгаа. Ханшийн бодлогод Засгийн газар болон Төв банкны хамтын бодлого ажиллагаа маш чухал.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм9 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм10 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм10 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо