Улс төр
АН-ын “зодоон”
АН-ын “зодоон” АН-ынхан эв түнжин муутай байна. Намын томчууд нь С.Эрдэнэ даргаас “дүрвэж”, бие даан нэр дэвшихээ нэгэнт мэдэгдэв. Сонгуульд өрсөлдөх сонирхолтой нэр дэвшигчдээс эхний ээлжийн дэнчин гэх 100 сая төгрөг авахаар болсон нь намын дотоод уур амьсгалыг “эвдсэн”. Учир нь Үндэсний бодлогын хорооны зарим гишүүд С.Эрдэнийн 100 саяын схемийг хүлээн авах боломжгүй гэдгээ эхнээсээ мэдэгдээд буй. Сүүлийн үед АН-ын удирдлагууд хоорондоо түнжин хагарч, дотроо хүчтэй хуваагдаж эхэлсэн нь илт. Яг энэ үеэр экс Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргасан нь гал дээр тос нэмсэн хэрэг боллоо. АН-ын зарим нөхөд М.Энхсайханыг УИХ-ын гишүүн асан З.Энхболдын захиалгаар улс төрийн хоригдол болгохоор зүтгэж байна хэмээн ил тод хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэв. Тодруулбал, Парламент телевизийн “Сэдвийн гүнд” нэвтрүүлгийн үеэр хотын дарга асан Э.Бат-Үүл “М.Энхсайханыг сонгуульд нэр дэвшихвий гэж болгоомжилж цагдан хорьж байна гэж би харж байна” гэв. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт “Энэ хүнийг таслан сэргийлж байгаа үндэслэл нь өөрөө хөгийн байна” хэмээн М.Энхсайханыг өмөөрөв. Үүний дараа МУГЖ Д.Сосорбарам ярихдаа “Монгол Улсын шүүх өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын дохиураар ажиллаж байгаа” гэж хатуухан шүүмжиллээ. С.Баярцогт, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар М.Энхсайханыг сонгуульд бие дааж нэр дэвших эрхийг хуулийн аргаар хаан боогдуулах үйл ажиллагааны ард З.Энхболд байгаа гэсэн агуулгатай ярилцлага өглөө. Ийнхүү АН лидерүүдийн “дайралт” З.Энхболд, С.Эрдэнэ нарыг чиглэлээ. Ирэх сонгуульд бие даан өрсөлдөхөө мэдэгдсэн хотын дарга асан Э.Бат-Үүл хэлэхдээ “АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй бүлэглэл, ардчилалд маш их аюул учруулж байна. Тиймээс З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэнд өрсөлдөнө” гэдгээ шулуухан хэллээ. Хариуд нь УИХ-ын дарга асан З.Энхболд Э.Бат-Үүлийг “MCS” захиалгаар хөдөлж байгаа хэмээн жиргэсэн юм. Харин экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг анх үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас нь дарга болтлоо дэвшсэн намаасаа хөөгдсөн учир бие даан нэр дэвшинэ гэсэн доголон нулимстай мэдэгдлийг өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Экс Ерөнхий сайд ардчиллаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө өрсөлдөж буйгаа онцлов. Дараагийнх нь нэр дэвшигч бол АН-ын дэд дарга, анхны эмэгтэй генсек Б.Дэлгэрмаа байв. Түүнийг яагаад ийм сонголт хийсэн нь таавар хэвээр байна. Сонгуулийн өмнөхөн АН-д ширүүн зодоон болох нь. Намын лидерүүд нь бие дааж, АН-ын хүчийг сулруулж, сонгогчийн саналыг хуваах магадлал нэмэгдэв. Сонгууль хаяанд ирсэн энэ цагт АН-ын дотроосоо “чулуу” нүүлгэж эхлэв. Тэр дундаа АН-ын дарга С.Эрдэнэ болон З.Энхболд руу чиглэсэн тус намын гишүүдийн “гомдол”,”шүүмжлэл”, “үзэн ядалт”-ын “чулуу” М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гарснаас хойш улам бүр ширүүсэв. С.Өрлөг
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр13 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр13 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа