СЕХ-НЫ ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асууддлыг хэлэлцэж эхэллээ.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож буй.
С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид гэж танилцуулгад дурдав.
Томилгоотой холбоотой УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат СЕХ илт эрх баригч намын талд ажилладаг байдлыг гаргахгүй байх, нэр дэвшигчдийн эрхийг тэгш хангаж, хяналтыг тэгш тавихад анхаарч ажиллахыг С.Баатаржаваас хүслээ.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг СЕХ-ны орон тооны бус гишүүнээр томиллоо.