Улс төр
Р.Саруул: Сошиал орчинд эх сурвалжгүй тархсан мэдээллээр МАН-ын нэр хүндэд халдахыг завдлаа
МАН УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж, 15 тэрбум төгрөгийн зардал бүхий судалгаа хийж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбоотойгоор өөрийгөө хуульч гэж танилцуулсан Амгаланбаатар гэгч өчигдөр АТГ-т хандлаа. МАН тойргийн судалгаа хийхийн тулд гишүүдээсээ мөнгө татсан уу, сонгуулийн зардлыг хэрхэн бүрдүүлж байна вэ. Энэ талаар МАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруулаас тодрууллаа.
-МАН нэр дэвшигчдээсээ мөнгө татаж, тойргийн судалгаа хийлгэсэн. Улмаар сонгуулийн зардлаа босгож байна гэж үзээд нэгэн хуульч АТГ-т хандлаа. Судалгаа хийх нэрээр нэр дэвшигчдээс мөнгө татсан зүйл бий юү. Хуулийн байгууллагад өгч шалгуулах хэмжээний асуудал мөн эсэхэд та тайлбар өгнө үү?
–Юуны өмнө ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, бусдын бусармаг үйл ажиллагаанд татан оролцож, ашиглагдаж байгаа иргэн төдийгүй хуульчийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. МАН УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж нийт 15 тэрбум төгрөгийн өртөг зардал бүхий судалгаа хийсэн зүйл огт байхгүй. Судалгааны зардал цуглуулж байна гэх намын ажил хэргийн нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй, илт худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор бидний зүгээс хууль, хяналтын байгууллагад нь албан ёсоор шалгуулж байгаа.
-Тэгэхээр МАН нэр дэвшигчдээс ямар ч байдлаар мөнгө хураагаагүй гэсэн үг үү?
–Нэгдүгээрт, МАН нэр дэвшихээр горилж буй хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө хураасан зүйл байхгүй. Хоёрдугаарт хуульч хүн гэхэд эргэлзээтэй тайлбар өгч байгаа харагдлаа. Адаглаад ямар хуулийн хэддүгээр зүйл, заалтаар АТГ-т хандаж байгаа нь тодорхой бус. Мөн ҮАГ, СЕХ-ноос баталсан нэг тойрогт дунджаар 400-500 сая төгрөг зарцуулах зардлыг МАН хэрхэн яаж босгох гэж байгаа нь ойлгомжгүй байна гэж ярьсан. Гэтэл МАН ээлжит сонгуульд оролцох батламжаа хэдхэн хоногийн өмнө СЕХ-ноос гардаж авсан. Тэр өдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлсэн. Хуульч хүн гэхэд хуулийн мэдлэг хомс байна. УИХ-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлыг хэрхэн, яаж босгох талаар тодорхой заасан байдаг. Энэ нь хандив. Иргэнээс тав, хуулийн этгээдээс 20 хүртэлх сая төгрөгийг нэг удаа хандиваар авч болно гэж заасан. Тиймээс У.Хүрэлсүхийн мэдэгдсэнчлэн МАН хуулиар зөвшөөрсөн хүрээнд сонгуулийн санхүүжилтээ босгоно гэдгийг илэрхийлчихсэн.
-МАН судалгаа хийх зорилгоор нэр дэвшигчдээс 50 сая төгрөг татсан гэх мэдээлэлтэй холбоотой жагсаалтад үндэслэн хуулийн байгууллагад хандлаа. Үүнийг хэрхэн ойлгох вэ?
-Сошиал орчинд тархсан буюу анхдагч эх сурвалжгүй, зориуд зохиомлоор хуулийн этгээдийг буюу МАН-ын нэр төрд халдсан байж болзошгүй мэдээ, мэдээлэлд үндэслэсэнд харамсаж байна. Хуульч хүн гэхэд асуудалд дэндүү хөнгөн хуймгай хандлаа. Ер нь сонгууль дөхсөн энэ өдрүүдэд МАН улс төрд зөв зүйтэй хэмжээ хязгаар тогтоох гэсэн хандлагын эсрэг зарим улс төрийн нам бусармаг, худал гүжир гүтгэлэгтээ хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулж байсан бол эцэстээ хуульчдыг оролцуулж байгаа нь туйлын харамсалтай байна. Үүнд олон зуун саяын асуудал яригдаад байгаа зарим улс төрийн нам хүчин бий. Энэ бол иргэний сонгох сонгогдох эрх чөлөөг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл байталх энэ талаар тухайн улс төрийн хүчин дарга, гишүүд нь ил далд яриад байхад энэ асуудлыг шалгуулахаар дуугараагүй мөртлөө хуульчийн өөрийнх нь хэлж байгаагаар сошиал орчинд гарсан эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийн мөрөөр Монгол Улсын улс төрийн ууган хүчний нэр хүндэд халдах гэж оролдож байгаад харамсаж байна. Яахав тухайн хуульч өөрийн санал санаачилгаар биш МАН-ын зүгээс улс төрд тогтоох гээд байгаа зөв жишгийг няцаах гэсэн, хуучин гаж тогтолцоог авч үлдэх гэсэн бүлэг этгээдийн бусармаг үйл ажиллагааны золиос болж байж магадгүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл, эд нар эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагыг бусармаг үйл ажиллагаандаа татан оролцуулж байсан бол хуульчдыг хүртэл татан оролцуулж байна шүү дээ. Дахин хэлэхэд, МАН хуульд заасан хэмжээ хязгаараас давуулж, хуульд заасныг зөрчиж хандив татвар цуглуулсан асуудал огт байхгүй. Судалгааны зардал гэж яриад байгаа 15 тэрбум бол сошиал орчинд зохион байгуулалттайгаар тарааж байгаа, МАН-ын нэр төрд халдах гэсэн оролдлого. Тийм ч учраас МАН хууль хяналтын байгууллагад хандсан, шалгуулж байгааг албан ёсоор хэлье.
–Сонгууль зохион байгуулахад заавал зардал гарна. Нэр дэвшигчдээс татаас авахгүйгээр санхүүжилтээ яаж босгох гээд байгаа юм бэ гээд байгаа шүү дээ?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулийн наймдугаар бүлэгт сонгуулийн зардлыг хэрхэн босгох, бүрдүүлэх талаар тодорхой заасан. Тодруулбал, сонгуулийн зардлыг намын болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, хандив гэсэн үндсэн гурван эх үүсвэрээс бүрддэг. МАН-ын дарга энэ тухайд албан ёсны мэдэгдэл хийснийг та бүхэн санаж байгаа байх. Хуулиар тогтоосны дагуу буюу УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн намууд сонгуулийн зардлын дансаа нээгээд, түүнд орлогоо төвлөрүүлэх эрх нь нээгдчихсэн. Тийм ч учраас МАН хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54.1-д заасанчлан иргэн тав, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөгийг хандиваар өгч болдгийн дагуу сонгуулийн зардлаа босгоно. Энэ бол хуулиар хүлээн зөвшөөрсөн хэмжээ, хязгаар.
-Хуульч хүний хувьд үндэслэлгүй мэдээлд тулгуурлаж, хөнгөн хандлаа гэж байна. Тэгэхээр үүний цаана сонгууль угтсан улс төр өрнөөд байна гэсэн үг үү?
-Бид бодохдоо энэ хуульч өөрийн санал санаачилгаар бус МАН-аас улс төрийн сонгуультай холбоотойгоор зөв жишиг тогтоох гэсэн манлайллыг няцаах гэсэн бүлэг этгээдийн бусармаг үйл ажиллагаанд орж, ашиглагдаж байна уу л гэж харж байна. Түүнээс хуульч хүн хуулийн байгууллагад хандахдаа сошиал орчинд, ямар ч эх сурвалжгүйгээр тархсан мэдээллийн дагуу арай ч асуудалд ингэж хөнгөн хандмааргүй юм.
-Амгаланбаатар хуульч АТГ-т хандахдаа АН-ын 100 саяыг ил тод байгаа учраас зөв зүйтэй гэж тодотгосон. Гэтэл бусад хуульч өөр тайлбар хийдэг. Энэ тухайд та харин ямар дүгнэлт хийх вэ. 100 саяыг хурааж буй энэ үйлдэл хуулийн дагуух ажиллагаа мөн үү?
-Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэний баталгаатай эдлэхээр заасан үндсэн эрх, эрх чөлөө гэж бий. Үүнд төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх гэж байдаг. Мөн үүнтэй холбоотой Үндсэн хуулийн 14.2-т хүнийг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан. Энэ зүйл, заалтыг хамгаалахын тулд төрийн бодлогын хэмжээнд Эрүүгийн хуулийн 14.1-д ялгаварлан гадуурхахтай холбоотой гэмт хэргийг тодорхойлон хуульчилж өгсөн. Тодруулбал, хүнийг боловсрол мэдлэг, яс үндэс, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж, үндсэн эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр АН-ын явуулж буй ажиллагаа нь наанадаж Дорж Дондог хоёрт Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөгөө мөнгөөр худалдаж ав гэж тулгаж байна шүү дээ. Дорж 100 сая төгрөггүй бол Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг нь хаачихаж байгаа юм. Энэ асуудалд хууль хяналтын байгууллага анхаарч ажиллаж байгаа болов уу гэж итгэж байна. АН бол 100 саяыг хурааж байгаагаа ил тодоор зарлаад яриад байгаа. Үүнийгээ дэнчин, татвар, хандив гэх зэргээр янз бүрээр л яриад байгаа юм. Гэтэл дэнчин гэдэг ойлголт хуульд байхгүй. Хандив гэвэл Улс төрийн намын тухай хуульд энэ талаар тодорхой заасныг дээр хэлсэн. Иргэн, хуулийн этгээд тухайн улс төрийн хүчинд хандивыг жилдээ хоёроос илүүгүй удаа өгөх зохицуулалттай.
–Нөгөө талаас АН-аас 100 саяыг тушаасан горилогч цөөнгүй бий. Энэ мөнгийг хэрхэн босгосон талаар ч ярьж эхэлсэн. Найзуудтайгаа хоол идэж сууж байгаад 100 саяыг босгосон хүн байхад уяач найзуудаасаа авчихсан ч хүн байна. Гэтэл СЕХ-ноос нэр дэвшигчдийг албан ёсоор тодруулсны дараа хандив цуглуулж эхлэх заалттай. Тэгэхээр АН-аас горилогчид ч бас хууль зөрчөөд байх шиг?
-Ер нь Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Энэ эрх шүүхэд бий. Одоохондоо энэ тухайд шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас баттай хэлэхэд хэцүү. Ямар ч байсан Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч СЕХ-нд бүртгүүлсний дараа хандивын дансаа нээх ёстой байдаг. Тухайн дансанд хувь хүн тав, хуулийн байгууллага 20 сая төгрөг л хандивлах боломжтой. Гэтэл нэр дэвшигчид тодроогүй, хандивын дансаа нээгээгүй үед хуульд төдийлөн нийцэхгүй харагдаад байгаа юм. Ерөнхий агуулгаараа хуульд төдийлөн нийцэхгүй ажиллагаа л даа. Хамгийн гол нь Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой. Энэ баримт бичигт нийцүүлэхгүйгээр 100 сая төгрөгтэй бол АН-аас нэр дэвш, үгүй бол цаашаа гэж байгаа нь цэвэр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1-д заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн шинжтэй үйлдэл.
М.Өнөржаргал
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр14 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа