Улс төр
Сөрөгт биш эерэгт фокуслаж байгаад баярлалаа
Өчигдөр уржигдархан хэсэг залуусын төлөөлөл “Битгий давар” гэх үг барьж гудамж талбайд зогслоо. Тэдний үйлдэл цэвэр улс төрийн ашиг сонирхолтой байв. Учир нь гартаа барьсан самбартаа “ЖДҮ”, “Авлига”, “Хулгай”, “Хуйвалдаан” гэсэн илт улс төрийн хүчин рүү чиглэсэн үгс бичиж гудамж талбайгаар алхав. Яваандаа ямаа чарлуулан, гудамжаар нэг үймээн самуун дэгдээж, хүүхэд хөгшдийн амгалан тайван байдлыг алдагдуулав. Өөрсдийнх нь санаагаар бол сөргөөр ч гэсэн нийгэмд шуугиан дэгдээж, анхаарал татах санаатай байсан бололтой.
Жагсагчид 18-20 насны залуучууд байсан гэж цахим сайтад бичжээ. Тэд лав энэ үгийг өөрсдөө бодож олоогүй нь лавтай. Монголчуудын хэлдгээр “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” тийм их эрч хүч, хүсэл мөрөөдөл оргилж явдаг залуучууд үзэл бодлоо “худалдах” хэмжээнд доройтлоо гэж үү. Сошиалд энэ жагсаалын талаар иргэдийн сэтгэгдлээс харахад тэд аль хэдийнэ хэрсүүжжээ. Энэ нь нөгөө талаараа олон нийт сөрөг мэдээлэлд фокуслаж, энергиэ алдахыг хүсэхгүй болсон сайн талыг тодхон илтгэж байна.
Сошиалынхан “Битгий давар”-ыг тоож стресстсэнгүй. Бүр эсрэгээрээ урлаг соёлын одууд, иргэдийн төлөөлөл эгзэгтэй цаг үед галын фронтод ажиллаж байгаа эмч нартаа, Засгийн газрын эзнээ олсон шийдвэрүүд, “Лантуун дохио”-ТТБ-ын сайн үйлсийн аянд баярлаж байгаагаа илэрхийлж байна. Нийгэмд сөргөөсөө илүүтэй сайн сайханд анхаарал төвлүүлэх хандлага бий болжээ. Баярлалаа гэдэг үгний ид шид их. Сэтгэл судлаач доктор Лаура Трисегийн онолоор хүн бүр бусдаас талархлын үгийг хүлээж байдаг гэнэ. Энэ үгийг хэлснээр урам зориг авч, ажлын бүтээмж нэмэгддэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс нийгэмдээ нэг ч гэсэн лаа асаахын тулд сөрөг мэдээлэлд биш эерэгт, алхам тутамдаа хайртай дотнынхондоо, хамт олондоо талархлаа илэрхийлж байя. Баярлалаа гэх богинохон атлаа хүчтэй үгээр сошиал ертөнцийг давлагаалуулъя.
С.Өрлөг
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны есдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
Улс төр
Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй болгосноор Үндэсний баялгийн сангийн хууль бодитоор хэрэгжинэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дарга Н.Учралд байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй түгээх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгох бэлтгэл ажлыг хангах чиглэл өгсөн.
Энэ чиглэлийн дагуу ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг оруулахаар бэлдэж байна.
Сайд Н.Учрал энэ хүрээнд өчигдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ЗГХЭГ, Сангийн яам, ТӨБЗГ, Хөрөнгийн бирж, Төрийн бүтээмжийн үндэсний хороо болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нартай хуралдав.
Тэрбээр хуралдааны үеэр “Төрийн өмчийн компаниудын Засаглалыг сайжруулж, олон нийтэд ил тод болгож ард түмний хяналтад оруулах, улс төрөөс ангид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежменттэй болгох шаардлагатай. Шаардлагатай бол төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Гадаадын мэргэшсэн компанийг оруулж менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ авна. Тэгж чадвал Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж ард түмэн баялагтаа эзэн болно” гэдгийг онцлов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.