Улс төр
Ш.Сайхансамбуу: МАН төр барих эрхгүй
УИХ-ын гишүүн асан С.Сайхансамбуутай ярилцлаа.
–Монголын төрийг удирддаг алдартай 30 гэр бүлийн талаар та юу хэлэх вэ?
-29, 30 ч бай тэр нь хамаагүй тэд тодорхой. “Бороо гоулд” –аас орж ирэх 70 тонн алтаа Монгол алдсан. Нэг л хүн хожсон тэр нь Сү.Батболд. Мөн Оюу толгойг Бороо гоулдын замаар оруулах гэж зүтгэсэн С.Баяр тэргүүтэй нөхөд тодруулбал гардан гүйцэтгэгч нь С.Баярцогт дагалдан гүйцэтгэгч нь Л.Гансүх Д.Зоригт. Энэ хоёр даалгавар гүйцэтгэсэн. Толгойлогч нар нь шоронд ороогүй. Мөн Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ, зүгээр байсан Н. Алтанхуягийн засгийн газрыг унагааж, тоглоомын засгийн газрыг байгуулсан гээд төрд их гай хийсэн хүн дээ. Ч.Сайханбилэг тоглоомонд нь орчихсон. Бас Оюу толгойг найруулсан нэг том оффшорчин байдаг. Монголыг хорлож байгаа нэг л хүн бий тэр хүний заавраар С.Баяр хөдөлдөг.
-Монголыг хорлож байгаа тэр хүний нэрийг нэрлэж болох уу?
-Дараа нэрлэнэ. Одоо нэрлэхээр шүүхээр тогтоогдоогүй байхад гээд олон юм ярьж магад. Одоо энэ хулгайч нарын хэрүүл дундаас нэг өөрчлөлт гарах байх. Тэр үед тэр хүн хамгийн түрүүнд гарч ирж баригдах байх.
–Өнөөдрийн энэ улс төрийн нөхцөл байдал хаашаа явчихав аа?
-Манайх шиг бохир улс төр их ховор. Өөрсдөө дүрмээ зохиож, улс төрөө түүндээ тааруулж хийж байгаа учир аргагүй. Татвар төлөгчдийн мөнгөө зохион байгуулалттай хувааж цөлмөөд л, гурван хувийн хүүтэй зээл аваад л. Би 2008 онд улс төрд ороод анхныхаа бүлгийн хурал дээр л ямар муухай зүйл хийдгийг шударгаар хэлж байсан хүний нэг. Тэр үед С.Баяр, Ц.Нямдорж нар ” Дөнгөж шинээр улс төрд орж ирчхээд битгий олон юм яриад бай” гэж хэлж байсан. Эд улс төрд орсон юм байж, гутлаа сольж чадахгүй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй байхад нь харин би тусалж, мөнгө өгч явсан хүн. Авилгачидтай нэг дор сууж байна гэж хэлээд прокурорт эрүү үүсгүүлж байлаа. Би үнэн л хэлсэн байгаа биз. Улс төр луйвар болжээ гэж бодож байсан. 1990 онд надаас гуйж явсан хүмүүс намайг 2008 онд улс төрд орход ааш зан, алхаа гишгээ хэлж байгаа үг тэс өөр болсон байсан. Оюу толгойг эсэргүүцэж бас бус олон асуудал дээр санал нийлээгүй учраас намайг зохион байгуулалттайгаар энэ намаас хассан.
–Тухайн үед тантай хамт эсэргүүцэж санал хэлдэг гишүүд байгаагүй юм уу танай намд ?
-Ц. Даваасүрэн Б.Бат-Эрдэнэ гишүүд байсан. Хоёулаа сайд болоод л эсэргүүцэж үг дуугарахаа больдог юм билээ. Их аюултай зүйл болсон бас нэг юм бий.
–Ямар аюултай зүйл болсон гэж. Ярьж болно биз дээ?
-Үндсэн хуульд долоон өөрчлөлт нэмсэн. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж энэ их буруу зүйл. Төрийн гурван өндөрлөгт хамаг эрх мэдлийг хуваагаад өгсөн. Бүх том албан тушаалуудыг өөрсдөө оруулж ирдэг. Тэр нь дан хуйвалдааны булхай луйврын хүмүүс. Үндсэн хуульд байгаа хийг л ашиглаад байдаг. Томилогдсон сайд нар нь дурын мөнгөө хувааж иддэг. Эндээс л ЖДҮ үүссэн шүү дээ.
–Хуулиа мэргэжлийн өндөр төвшинд, зохих хүрээнд яагаад хэлэлцэж баталж болдоггүй юм бол оо. 76 хуулиа батлах гэж лобби хийсээр байгаад ямар ч боловсруулалтгүй хууль гаргачих юм? Уг нь тэдний үндсэн ажил хууль батлах?
-Лобби биш бүүр зохион байгуулалттай хийнэ. Яаж мэдсэн юм гэхээр би Оюу-толгойн гэрээн дээр л мэдсэн. Тэр үед засгийн газарт40, 57 гэж хоёр тогтоол баталж өгсөн байдаг. 40-р тогтоол зургаан заалттай нэг ч заалт нь биелээгүй гэж Ч.Улаан сайд чуулган дээр ярьж байсан. 57–р тогтоол дөрөвхөн заалттай. Хамгийн гол заалт нь одоо байгаа Ашигт малтмалын хуульд зохицуулж энэ гэрээг хийсүгэй гэж заасан. Тэгээд л анх орж ирсэн үеэс л буцаасан. Нэлээн хэд буцаж байх хооронд нөгөө чухал. Одоо байгаа “Ашигт малтмалын хуульд нийцүүлж хийгээрэй” гэсэн заалтыг өөрчилсөн байсан. Тэгэхээр аймшиггүй чин зоригтой улс байгаа биз. Хуулийг янзтай өөрчилнө шүү дээ.
– Хуулийг гол засаж, залруулж, найруулдаг хүн нь Ц.Нямдорж гишүүнийг гэж яриад байдаг л даа? Бүгд л засдаг юм биш үү?
–Хуулиар тоглодог хүн шүү дээ. 1992 оноос хойш монголын хуулийг гартаа барьж байгаа хуульч. Хууль зассан гэдэг хэргээр Үндсэн хуулийн цэц дээр буруудаад, УИХ-ын даргыг нэг жил хийгээд, огцорч байсан хүн. Ц.Нямдорж их олон дүрд хувирч чаддаг хүн. Яг хачиг хувалз л гэсэн үг. Сүхбаатар жанжин Луузанг хэлдэг дээ буриад, халх, казак, дөрвөд гээд олон дүрд хувирдаг гэж. Яг тийм л хүн. Сонгуулийн дараа 49 хувь гээд олон юм яриад байсан сайд болоод л таг болсон. Сайд, УИХ-ын гишүүн хийгээд байхаар барьж хорих боломж гарахгүй байна шүү дээ. Монгол Улсыг самарч байгаа хүний нэг дээ.
–МАН-ын идээ бээр дээд цэгтээ хүрлээ. Цаашид яах бол?
-МАН 32,33 хуваагдаад сууж байгаа нь өөрсдийн нь буруу. Одоо энэ намд бизнес эрхэлдэггүй хүн байхгүй. Одоо энэ залуучууд нь кноп дарагсад, цүнх баригчдад би төгөлдөр хуурч гэдэг нэрийг өгсөн хүн шүү. Яг л төгөлдөр хуур дарж байгаа юм шиг л кноп дардаг. С.Баярын хамтарсан Засгийн газрыг би стандарт бус засгийн газар гэж хүртэл бичиж, ярьж байсан. Манай 45 гишүүн дургүй байсан. 2011 онд чуулган дээр УИХ-ын зарим гишүүдийг хулгайч нар, Үндсэн хуулийн цэцийг манаач биш мануухай гэж хэлж байсан. Тухайн үед хулгайч нарыг би хоёр ангилж байсан. Нэгдүгээрт татвар төлөгч нарын мөнгийг ажил хийсэн нэрийн дор нэг хулгай хийж байна. Хоёрдугаарт бизнесменүүдийг асар их дарамталж мөнгө авч байна, үүнийгээ болиоч ээ гэж хэлж байсан.
-МАН-ын дотоод хагарал юунаас, хэзээнээс эхлэх болов?
-2016 оны сонгуулийн дараа 65 суудал авснаас эхэлсэн. Бүгд сайд болох гэж дайрсан. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат аа чи дуугүй байгаарай би чамайг хэн ч биш байхад энэ намд 90 оноос хойш явсан шүү гээд үг дайгаад байна аа даа. Энэ чинь нэг юм хэлээд байгаа юм. Одоо миний Ерөнхий сайд болох цаг болсон гээд. Тэгж байтал М.Энхболд, хэн ч мэдэхгүй Ж.Эрдэнэбат гэгчийг Ерөнхий сайд болгосон. Ингээд хууччуул нь уурлаж гол хагарал нь эндээс эхэлсэн. Мөн уяач нөхрийг Хөдөө Аж Ахуйн сайдаар, Арьс судлалын эмчийг Эрүүл мэндийн сайдаар тавьсан асуудал нь сандал ширээ булаацалдах дуртай нөхдийн уурыг хүргэсэн гэсэн үг.
–Үеийн үед л чуулганы ирц гэж нэг айхтар эд байх юм аа. Чуулган ирц хүрсэнгүй, хойшлов гээд л УИХ-ын даргын алх тас. Гадаадын зарим оронд гишүүдтэйгээ хариуцлага тооцдог олон арга байдаг юм билээ. Манайх заримаас нь туршиж үзсэн гэвч болоогүй. Одоо бас ирц хүрэхгүй төрийн ажил тэр чигтээ гацаанд орчихлоо?
–Дордохын долоогийн нэг нь энэ ирцний асуудал. 51 гишүүн ирж байж ирц бүрддэг байсан юм. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр гишүүдээ цуглуулж чадахгүй болоод 51 байсныг 39 болгосон. Гэхдээ тэр 39 дотор чинь ирэхгүй гишүүд бас байгаа. Гар хөл болдог хэдхэн гишүүд байдаг. Тэд л кнопоо дараад хариу бэлгээ авдаг. Жишээ нь сайд, эсвэл дэд сайд, тендэр, шагналын орон тоо гэх мэт. Ямар ч үүрэг байхгүй.
–МАН-ын сандал ширээний асуудал цаашид хэрхэн өрнөх бол. Бүүр идээ бээрээ шахаад цэвэрших үү, эсвэл түр зууртаа эвлэрсэн жүжгээ тавих уу?
-Шинээр орж байгаа гишүүд нь үл бүтэх хүмүүс. Шинэ гишүүн чи дуугүй байгаарай гэдэг нь эхний удаа юм идэх болоогүй ээ хэд сонгогдож байж болно л гэсэн үг шүү дээ. Тэгээд хуучин гишүүд нь уурлаад, чи болоогүй байна ядаж над шиг хоёр, гурав сонгогдчихоод эхэл гэдэг. МАН эвлэрэх ямар ч боломжгүй болсон. Харин удаан тэслээ шүү дээ. Одоо цаг нь…
–Төрийн албан тушаалыг мөнгөөр худалдаж болох уу? МАН-ын 60 тэрбумын асуудал өнөөдөр нийгэмд хүчтэй шуугиан дэгдээгээд авсан. Хариуцлагатай албан тушаалтан нь ч хүлээн зөвшөөрч байгаа харагдсан?
-200 сая төгрөг өгөөд сайд болсон юм аа гээд хэлэх хүн байхгүй. Бизнес гайгүй хийсэн хүн энэ 76 дотор ховор. Эзэн холбогдогч нь гараад ирвэл тодорхой хэрэг. Гол нь яаж батлах вэ гэдэг асуудал байна.
-Улс төрийн нөхцөл байдал хурцдах уу цаашид?
-Миний бодлоор хурцадна. Асуудал их байна. Хоёр том нам хоорондоо маш муу. Бие биенээ үзэхгүй. МАН дотроо хоёр хуваагдсан. АН мөн адил зөндөө асуудалтай. Бас л хэд хэд хуваагдаж байх шиг байна. Оны дараа асуудал ноцтой болох байх аа. Нам ажлаа хийхгүй байна. Бодлого ярихгүй зөвхөн сандал ширээ л яриад бие биенээ ухаад төнхөөд байна шүү дээ? Нам бол бүлэглэл болсон. Монголын ард түмэн одоо энэ хоёр намд итгэхээ больсон байна. Одоо өөр цаг ирж байна. Шинэ нам гарна. Улс төрийн циклээр энэ хоёр намыг солих цаг болсон. Цикл нь 30-40 жил байдаг. Тэр цаг нь ирлээ. Ард түмний тэвчээр дээд цэгтээ хүрч байна шүү. Шинэ улс төрийн хүчин гарч ирнэ, 2020 онд. МАН-ыг магтвал зодуулахаар байна шүү дээ.
–Монголын төрийг яаж эрүүл саруул байлгах ёстой вэ. Төрийн гол ажил иргэддээ чиглэсэн байх ёстой?
-Төрийн гол үүрэг нэгд иргэдээ эрүүл байлгах. Энэ бол нэг номерын ажил. Зардал чирэгдэлтэй байсан ч зүтгэх. Хоёрт Цэцэрлэгээс нь авахуулаад иргэдээ боловсролтой болгох. Гуравт орон сууцтай болгох. Дөрөвт ажлын байртай болгож өгөх ёстой. Энэ дөрвөн зүйлийг л хийдэг Ерөнхий сайд байх ёстой. Даанч хийдэг Ерөнхий сайд алга. Төр үүнийг л сэтгэж боддог байх ёстой.
–Монголын улс төрд хүчтэй лидер байна уу?
-Хүчтэй лидер байхгүй. Энэ хоёр намд лав алга. Ямар ч ёс суртахуун байхгүй байна шүү дээ.
-ЖҮД-чин гэсэн сэтэр нэмэгдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаар таны бодол. Үнэхээр энэ хүн шударга ёсыг тогтоож намаа цэвэрлэж шинэ сайхан намыг бий болгож төрийг төвхнүүлэх гээд байгаа юм уу?
-У.Хүрэлсүхийг би сайн мэднэ дээ. Ийм тогтворгүй сэтгэлтэй хүн яаж Ерөнхий сайд хийх юм. Шударга дүрд тоглож байгаа хулгайч хүн шүү дээ. УИХ-ын өмнө номхон зогсоод, ажлаа тайлагнаж байх ёстой. Гэтэл яаж байна, одоо УИХ-ыг удирдаж байна шүү дээ. УИХ-ын дээр даам гарчихсан явж байна. Бүх бодлого нь буруу, зөв хийсэн зүйл юу байгаа юм. Бензины үнийг бууруулна, хүүхдийн мөнгө нэмнэ гэсэн яасан. Намаа хоёр хуваачихлаа, энэ хүн.
–ЖДҮ-ийн талаар та юу хэлэх вэ. Энэ Засгийн газраа тогтоохын тулд хийсэн арга мөн үү?
–Би санал нэг байна. У.Хүрэлсүхийн л хийсэн ажил шүү дээ. Засгийн газраа авч үлдэх гэж хийсэн. ЖДҮ-ийн анхны хэлбэр нь хадгаламж зээлийн хоршоо шүү дээ. Эхлэлээ тэд ингэж хийсэн улс. Дараа нь бас нэг аймшигтай зүйл хийж байгаа. Хүн амины хэрэг. Хүн амины хэрэг хийж байгаа ийм намыг сонгуульд оруулаад яах юм. Яаман дотроо хүн амины хэрэг хийгээд л сууж байна шүү дээ. Шударга ёс тогтооно гэсэн яасан тэр Ерөнхий сайд.
-“Нарантуул худалдааны төв” таны анхны хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн газар?
-Би ард түмэнтэйгээ хамгийн ойр байгаа хүн. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг барьж байна шүү дээ. Яагаад гэвэл түрээс нэмэхэд л бүх барааны үнэ өснө. Үнэ өсөхөөр 21 аймагт бараа бүтээгдэхүүн нугарч очно. Иймд түрээсийн үнийг нэмэх тал дээр хэзээнээсээ би дургүй хүн. Нарантуул худалдааны төвийг 1993 онд би өөрийн гараар босгосон. Жинхэнэ хөлс хүчээ дайчлан өдий зэрэгт хүргэсэн.
-“Нарантуул худалдааны төв”-д хэчнээн түрээслэгч үйл ажиллагаагаа явуулж байна?
-Ойролцоогоор 500 гаруй түрээслэгчтэй байх. (инээв )Улирлаасаа шалтгаалаад янз бүр байдаг. 20-30 мянган хүн өдөрт үйлчлүүлдэг.
“Нарантуул худалдааны төв”-ийг олон улсын жишигт хүрсэн худалдааны төв болгож болохгүй юу? Ядаж эрээн хотын зах шиг
-Солонгосын зураг төслийн компаниар орчин үеийн шинэ захын зураг төсөл хийлгэсэн байгаа. Гэхдээ тийм болгочихвол барааны үнэ өсөж яг л супермаркет шиг болно шүү дээ. Олон улсын жишигт аль ч оронд задгай зах байж л байдаг. Би Нарантуул худалдааны төвөө уламжлалт маягаар авч явах хүсэлтэй байдаг хүн.Түрээсийн үнэ өнөөдрийн байдлаар 60-150 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Урд нь хоёр ч удаа галд шатаалгасан. Битүү том байр чинь эрсдэл ихтэй. Гал гарахад хүмүүс баяр хүргэж байсан. Баяр хүргэе гэж. Хүн гэдэг амьтан их муухай шүү.
–Сүүлийн жилүүдэд баян хоосны ялгаа нэлээд байх шиг байна уу даа?
-Асар их байна. Өөрсдөө дүрмээ зохиогоод, өөрөө өөрсдөдөө зориулж хууль батлаад ойрын хүмүүстээ мэдээллээ тараагаад, баяжсан хүмүүс саарал ордноор дүүрэн байна. Төрийн өмчийг 1996 оноос хойш л идлээ шүү дээ. Эндээс л баян хоосны ялгаа их үүссэн. Цөөхөн баяжсан хүмүүс нь одоо 30 гэр бүл боллоо шүү дээ. Үүнийг чинь Ерөнхийлөгч хэлээд байгаа юм. 2002 онд “Ардын эрх сонин”-д би ярилцлага өгч байсан ирээдүйд цөөхөн хүмүүсийн гарт энэ улс орох юм байна даа гэж. Өнөөдөр яг л тийм байгаа биз дээ?
–Та Үнэн ба зөв намыг байгуулаад яваад байна уу? 2020 онд сонгуульд оролцох уу? Хэдэн гишүүнчлэлтэй байна.
-35 мянган гишүүнтэй. 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан. 2020 онд сонгуульд оролцоно.
П.Оюунсувд “Ардчилал таймс” сонин
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Улс төр
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улс төр
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.
Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.
Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.
Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.
Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.
Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.
Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.
Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.
Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.
Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.
Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.