Нийгэм
Монгол Улсад анх удаа бие дааж хэвлийн гол судасны цүлхэнд стент графт суулгац тавих мэс заслыг амжилттай хийлээ
Монгол эмч нар анх удаа өөрсдөө бие даан судсан дотуурх мэс заслын аргаар “Стент графт” буюу өмсгөлтэй стент суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ.
Тодруулбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй судсан дотуурх мэс засал болон зүрх судасны мэс засал, зүрх судасны эмч нарын хамтарсан баг есдүгээр сарын 30-ны өдөр хоёр ташааны тараагуур судсыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэний эмгэгт өмсгөлтэй стент суулгах мэс заслыг хийсэн байна.
Хоёр ташааны тараагуур судас хамарсан хэвлийн гол судасны цүлхэн оноштойгоор тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч нарын хяналтад байсан 63 настай эмчлүүлэгчид төлөвлөгөөт журмаар, ерөнхий унтуулгын дор хоёр гуяны тараагуур судсаар дамжуулан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнд нэхмэл полиэстр материал бүхий өмсгөлтэй стент графтийг байрлуулж, цүлхэн хагарч цус алдах хүндрэл болон улмаар амь нас эрсдэх аюулаас зайлсхийж чадсан байна.
Судсан дотуурх эмчилгээний энэхүү арга нь гол судасны цүлхэн задрах, хуурах, хүндэрч нас барахаас сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй шинэ дэвшилтэт технологи бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсад эрчимтэй нэвтэрч байгаа аж. Тус эмнэлэг энэхүү эмчилгээний технологийг Монгол Улсад, өөрийн эмнэлгийн зүрх судасны лавлагаа тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байгаа юм.Энэ хүрээнд сүүлийн 2 жил гаруйн хугацаанд эмч мэргэжилтнүүдээ гадаадын зочин профессорын удирдлага дор ажлын байрны сургалтаар бэлдэж чадавхжуулах, судсан дотуурх мэс засалд шаардлагатай нэг удаагийн эм, эмнэлгийн хэрэгслийг өндөр өртөгтэй мэс заслын хүрээнд захиалж худалдан авалт хийх зэргээр Монгол Улсад нутагшуулах чиглэлийн бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна
.
Монгол эмч нар бие даан гүйцэтгэсэн энэ удаагийн мэс заслыг Бээжингийн Нанжин Их сургуулийн эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх эмч, профессор Ли Ёонг Жун онлайнаар холбогдож, алсын зайнаас шууд зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлж ажиллажээ. Энэхүү мэс заслыг хийхэд хамтран ажиллаж, дэлхийд тэргүүлэгч брендийн чанартай эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлсэн Чоногол Трейд болон өндөр хурдны алсын зайн техник технологиор эмч нарыг холбон, мэс заслыг шууд дамжуулж дэмжлэг үзүүлсэн Лайвстрийм Монголиа байгууллагуудад тус эмнэлгийн үйлчлүүлэгч иргэд, эмнэлгийн нийт хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байв.
Олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг монгол эмч нар өөрсдөө бие даан хийх боломж ийнхүү бүрдэж байгаа бол иргэд, үйлчлүүлэгчдийг энэ чиглэлээр гадаад улс руу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангах юм.
Эх сурвалж: ЭМЯ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.