Нийгэм
Б.Идэр-Од: Иргэн бүр өөрсдийнхөө хэмжээнд байгалиа хамгаалж чадвал ирээдүйд бид усны хомсдол, цөлжилт, зэргээс сэргийлж чадна

Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмблэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашиглагдаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Олон нийтэд бодит байдлыг мэдээллэх, усыг хайрлан хамгаалах, гамнаж сурах зөв дадал хэвшүүлэх зорилгоор БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийлээ. Тус аянаар ард иргэд тэр дундаа залуу үед чиглэсэн нөлөөллийн ажлыг түлхүү өрнүүлсэн юм. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн цахим сүлжээнд 100 орчим постер, 40 гаруй шторк, 400 гаран мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэснийг давхардсан тоогоор 7,2 сая хүн үзжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмар: “Дэлхийн дулааралд хамгийн их өртөж, эмзэгшиж байгаа орны нэг бол манай Монгол орон. Үүнээс шалтгаалан маш олон сөрөг нөлөө байгаль дэлхийд гарч байгаа. Үүний нэг нь усны хомдсдол. Бид усыг үйлдвэрлэдэггүй. Тиймээс байхгүй усыг бий болгох боломжгүй. Харин байгаа усаа нөөцлөх, арвилан гамнах, хайрлах хамгаалж сурах зайлшгүй хэрэгцээ тулгараад байна. Энэ хүрээнд хэрэгжүүлсэн аян өнөөдөр өндөрлөж байна. Залуусд тодорхой хэмжээнд нөлөөлж, эерэг үр дүнгүүд гарч чадсан гэж дүгнэж байгаа.”
Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: “Аяны хүрээнд иргэд, олон нийтэд зайлшгүй мэдэх шаардлагатай тоо баримт, улс орны нөхцөл байдаг, усны чиглэлээр авах арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэн хүүхэд залууст чиглэсэн нөлөөллийн ажлыг олон сувгаар хийлээ. Аянаас бид нэг л үр дүнг хүлээж байгаа. Энэ нь ард иргэд, тэр дундаа залуу үедээ усны хэрэглээний зөв дадлыг суулгах юм. Усыг гамнадаг болгоё, хайрлаж хамгаалж сургая, үнэ цэнийг нь ойлгуулая. Бид цэвэр усыг ахуйн хэрэглээндээ, машин угаахдаа, бие засахдаа хүртэл гамналгүй урсгаж байна. Энэ замбараагүй хэрэглээг хязгаарлах, саарал усны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хэрэглээнд хэвшүүлэх зэрэг олон ажлыг аяны үргэлжлэл болгон цаашид хийхээр төлөвлөсөн байгаа.”
Б.Идэр-Од: “Цэнхэр алт усаа хайрлая аянд дэмжигч иргэний хувьд идэвхтэй ороцлоо. Одоогоор үр дүнгийн тухай ярих арай эрт байх. Гэхдээ бид юу ч хийлгүй зүгээр сууснаас дээр эерэг өөрчлөлтүүд гарсан гэж бодож байгаа. Миний хувьд бидний тэр бүр мэддэггүй усны талаарх мэдээ, мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтэд энгийн, ойлгомжтой түгээх гэж хичээн ажилласан. Энэ хугацаанд миний анзаарч, ажигласан нэг зүйл бол бид байгаль орчин, эх дэлхийн эрүүл мэнд гэдгийг өөрөөсөө дэндүү хол гэж боддогт асуудал оршдог юм байна. Байгаль орчны яам, эсвэл экологийн цагдаагийн алба л энэ асуудлуудад анхаарч, ажиллах ёстой биш. Харин иргэн бүр өөрсдийнхөө хэмжээнд байгалиа хамгаалах, хайрлах, нөхөн сэргээх алхмуудыг хийж чадвал бид ирээдүйд усны хомсдол, цөлжилт, дэлхийн дулаарал зэргээс хамгаалж чадах юм байна. Хүн бүр үүнийг ойлгоосой, ойлгоод зогсохгүй үйлдэл хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.”
Цэнхэр алт болсон цэвэр усаа хайрлахгүй бол Монгол улс 2028 оноос эхлэн хомсдол үүсэж, 2050 он гэхэд цэвэр усны хомсдолд бүрэн орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм15 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа