Нийгэм
ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖ БАЙГУУЛАХ ШАЛТГААН, ЯАГААД ОДОО ГЭЖ?

Дисковери Монголиа чуулга уулзалт үргэлжилж байна. Үдээс хойшх хуралдаан “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвийн хүрээнд өрнөж байна.
Хэлэлцүүлэгт УУХҮ-ийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр “Үндэсний баялгийн сан”, Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал Г.Ганболд “Эрдэс баялгийн бирж ба Эрдэнэс Монголын хөгжил”, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭЗХО хариуцсан захирал С.Ашидмөнх “Эрдэнэс Тавантолгой”-н бизнес хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэлээ. Уул уурхайн зах зээлийн мөчлөг өгсөх хандлагатай байгаа бөгөөд энэ ашигтай үеийг Монгол улс ухаалгаар ашиглах шаардлагатай байгааг илтгэгчид онцолсон.
Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр манай улс 4.9 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон нь 2016 оныхоос 41.6 хувиар илүү байгаа ажээ. 2016 онд нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 37.8 ам.доллар байсан бол 2017 оны мөн үед 68.4 ам.долларт хүрч өссөн байна.
“Эрдэс бүтээгдэхүүний экспорт улам өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа учраас Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаа зах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн” гэдгийг Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал Г.Ганболд онцолсон. Тэрээр “Эрдэс баялгийн бирж байгуулагдвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болохоос гадна нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно. Улсын төсөвт их хэмжээний орлого бүрдүүлж өгнө” гэлээ.
Г.Ганболд захирал одоогийн Монгол улсын нүүрсний нийлүүлэлтийн гинжин хэлхээг загварчлан үзүүлсэн нь төлөөлөгчдийн сонирхлыг татсан. Хөдөө аж ахуйн биржийн зах зээлд үзүүлсэн шууд үр дүнг харьцуулах хэлбэрээр Эрдэс баялгийн биржийн нүүрсний зах зээлд үзүүлэх шууд нөлөөг тодорхой тайлбарлалаа.
Монгол улсын Эрдэс баялгийн биржийн ирээдүйг “Олон улсад нээлттэй, хүлээн зөвшөөрөгдсөн таваарын бирж, Монгол Улсын Талын зам, БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга, Монгол Улс, Орос Улс, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах субъектын үүргийг гүйцэтгэх боломжтой” гэж тэрээр тодорхойлов.
Дисковери чуулга уулзалт маргааш үргэлжилнэ. Маргаашийн хэлэлцүүлэг уул уурхайн салбарын татвар, хууль эрх зүйн орчны шинэчлэл, Засгийн газрын дэмжлэг, орон нутаг, байгаль орчны чиглэлийн санаачилга, хөрөнгө оруулалт , томоохон компаниудыг татах чиглэлд төвлөрөх аж.
Боловсруулсан: С.Хүрэл

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

